100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ХАРГУЙ

2021 оны 7-р сарын 18 өдөр

       БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Алба, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооноос хариуцан зохион байгуулсан “100 жилийн яруу алдар - Зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгыг зургадугаар сарын сүүлийн 7 хоногт зохион байгууллаа. Хятадын талаас Солонго мэдээллийн төв, Хятадын Төв радио телевизийн "СRI Онлайн" сайт, Синьхуа нет, ӨМРТ-ийн “Талын дуу хоолой” радио зэрэг зургаан хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон бол Монголын талаас МҮОНТ, 107.5 ФМ радио, zindаа.мn, мglnеwѕ.мn зэрэг 21 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов.
        Сэтгүүчид долоо хоногийн хугацаанд хувьсгалын суурин газар, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, экологийн хамгаалалт, орчин үеийн хөдөө аж ахуй зэрэг сэдвийн хүрээнд ӨМӨЗО-ы Баяннуур хот, Үхай хот, Ордос хот, Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Яргай хот зэрэг Өөртөө Засах хоёр Орон, таван хошуу, шянь, дүүргийн 12 цэгт сурвалжилга хийж, нийт 2500 гаруй километр аяллаа. Энэ жилийн хувьд “СОVID-19” цар тахлын улмаас хоёр орны сэтгүүлчид аяны дөрөө нийлж чадаагүй ч Монгол Улсын сэтгүүлчдэд алсын зайнаас буюу цахимаар оролцох боломжийг бүрдүүлэн очсон газрын сонин сайхныг хуваалцаж, уулзсан хүмүүстэйгээ дэлгэцийн цаанаас газар дээрээс нь нөхцөл байдалтай танилцах боломж олгож явсан нь энэ удаагийн хамтарсан сурвалжилгын хамгийн онцлог тал болж байлаа.
100 жилийн түүхэн ул мөрөөр
        Бидний сурвалжилгын гол сэдэв “100 жилийн яруу алдар - Зузаан найрамдлын гэрч” байсан юм. ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа энэ нандин цаг үед сэтгүүлч бид 100 жилийн тэртээх ХКН анх байгуулагдах үеийн цаг үеийг эргэн санахаар хувьсгалын ул мөрийг гэрчлэн үлдээсэн түүхэн газрууд болох Ордос хотын Отогийн өмнөд хошууны Дахилтын ажлын хорооны хуучин буурь болон Дахилтын хувьсгалт түүхийн музей, Борбалгасны Коммунист интернационалын Зам харилцааны станцын үзэсгэлэнгийн танхимтай танилцлаа.  1936 оны 10 дугаар сард ХКН-ын Үндэстний цөөнхийн ажлын хороо нь Дахилт ажлын хорооны үндсэн дээр ХКН-ын Отог хошууны ажлын хороог байгуулжээ. Отог хошууны ажлын хороо нь Дахилтад байрлаж байсан болохоор Дахилт ажлын хороо гэж нэрийдэх болсон. Дахилт, Адуун худаг, Ямаалай, Хулсан нуур, Дүн Хао зэрэг намын үүрийг хамардаг бол 30 гаруй намын гишүүнтэй. Тэд намын үндэстний бодлогыг идэвхтэй сурталчилж, Монгол, Хотон, Хятад үндэстнүүдийн ахан дүүсийг Японы эсрэг тэмцэхэд нэгтгэж, намын гишүүдийн нууц ажиллагааг боловсруулж, намын ажил хэргийг явуулж байв. Дахилт хуучин буурь нь Дахилт хувьсгалын стратегийн сууринг Өвөр Монголын газар нутагт үлдээсэн гайхамшигт ул мөр, мөн ахмад үеийн хувьсгалчдын хувьсгалын оюун санааны ачаалагч, ундарга юм. Энэхүү суурингийн өрөө бүрийн үзүүлэн нь түүхийн лугшилтыг мэдрүүлж, эд зүйл бүр нь хувьсгалын түүхийг санагдуулж, атга шороо нь ч энд болж өнгөрсөн хувьсгалын домгийг хүүрнэнэ. "Дахилт нь тал нутгийн Янь Ань". Дахилт хуучин бууриар айлчилбал Дахилт стратегийн суурингийн сүлд сүнсийг жинхэнэ ёсоор нь мэдэрнэ. Дахилт ажлын хорооны хуучин буурь нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах гол нэгжүүдийн гурав дахь бүлэгт сонгогдож, одоогийн байгаа Дахилт ажлын хороог хуучин буурийн суурин дээр сэргээн байгуулав. Энэ газарт Хятадын Коммунист Намын олон зуун үндэстний боловсон хүчин цугларан, шороон бор байрандаа Монгол үндэстний олон салбарын хүмүүсийг байнга хүлээн авч уулзан, Японы эсрэг намын үндэстний нэгдмэл фронтын санал шийдвэр болон хувьсгалт үйл ажиллагааны нөхцөл байдлыг идэвхтэй сурталчилж байв. Дахилт нь Янь Аний хувьсгалын гал бамбараас оч авч тал нутгийн үндэстний чөлөөлөх замыг гэрэлтүүлсэн билээ. Борбалгас Коммунист интернационалын Зам харилцааны станцын үзэсгэлэнгийн танхим нь Ордос хотын Отогийн Өмнөд хошууны Борбалгас суурингийн Их цайдам багт байрладаг. 42.700 кв.м талбайг хамрах үзэсгэлэнгийн танхим, Ян Баошаний /Мөнх-Очир/ хуучин байр, дурсгалын хөшөө, цэцэрлэгийн сийлбэр, үзэсгэлэнгийн коридор зэрэг таван томоохон хэсгээс бүрддэг. "Үнэнч шударга ба хариуцлага" сэдвээр Мөнх-Очироор төлөөлөл болгосон Ахмад үеийн харилцаа холбооны нууц ажилтнуудын олон улсын харилцаа холбооны шугам, намдаа үнэнч, намын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн баатарлаг үйлсийг төвлөрүүлэн харуулсан байна.
Ядуурлыг бууруулсан мэргэн жор
        Хятад улс дэлхийд хамгийн том цар хүрээтэй, хамгийн өргөн далайцтай, хамгийн олон хүн амыг хамарсан ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулж, босож зогсон баян чинээлэг болох явцаас хүчирхэг болох агуу үсрэлтийг тосон авч билээ.  Ядуурлыг бууруулахдаа улсаас тэтгэх биш нээн хөгжүүлэх арга хэмжээг авдаг. Үүнээс гадна хувийн ААН-үүдтэй хамтран ажиллах, цахим худалдаа хийх зэрэг аргаар иргэдийг ядуурлаас гаргасан юм. Жишээлбэл бидний сурвалжилгын үеэр танилцсан Хангин хойд хошууны Маньхүй суурингийн Хайлүн морины аж үйлдвэрийн хүрээлэн, Сань Даочяо суурингийн Жүн Чэн сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршоог энд дурдах ёстой. Хангин хойд хошууны Маньхүй суурингийн Хайлүн морины аж үйлдвэрийн хүрээлэн 2016 оны 10 дугаар сард 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалтаар боссон бол 1600 метр квадрат талбай бүхий хашаа саравч, 10000 мү талбай бүхий спортын талбайтай. Одоогийн байдлаар 176 адуутай. Үүнээс Английн цэвэр цусны үүлдрийн адуу, Нидерланд адуу, Араб адуу зэрэг импортын 16 адуутай, спортын морь үржүүлэх, сайжруулах, хурдан морины бэлтгэл, өрсөлдөөнт тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээлэнгийн зорилго нь ядуу буурай амьдралтай нутгийн иргэдийг хүрээлэнд ажиллуулах, адуу тэжээх, өсгөх ажилд гар бие оролцон орлогоо нэмэгдүүлэх боломж олгожээ. Мөн суурингийн ядуу буурай 42 өрхтэй амьдралыг нь тэтгэх гэрээ байгуулж тэтгэмж олгон нөхөн олговрын хэмжээ нь ядуу буурай өрх бүрд 2018 онд 2000 юань, 2019 онд 3200 юань, 2020 онд 3200 юань болтол өсгөсөн буянтай үйл хэрэг болж байгаа нь бахархмаар байлаа.  Баяннуур хотын Хангин Хойд хошууны Сань Даочяо суурингийн Жүн Чэн сүүний үнээ тэжээн үржүүлэх тусгай хоршоо нь өдөрт 680 үнээг гурван удаа сааж, үнээ бүрээс дунджаар 35 кг сүү буюу өдөрт нийт 29 тонн сүү авдаг байна. Саасан сүүгээ шинэ дээр нь Өвөр Монголын И-Ли компанид хүргэж нарийн боловсруулсан бүтээгдэхүүн болгодог. Хоршоо нь Сань Даочяо суурингийн Хэ Пин тосгонд байрладаг ба тосгоны оршин суугчидтай хамтран ажиллаж, иргэдийг хувьцаа эзэмшигчид болгон өөрсдийн гэсэн аж ахуйн нэгжтэй болгожээ.  Ниншягийн Хотон үндэстний Өөртөө Засах Орны Яргай хотын Минь Нин суурин нь Яргай хотын өмнөд хэсэгт, Хулан уулын зүүн талд 210 квадрат километр талбайг эзлэн оршдог. ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн зүгээс 1996 онд "Ерөнхий хоёр нөхцөл байдал"-ын стратегийн үзэл баримтлалын дагуу ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлж, Фү Жянь муж, Ниншяг дэмжин ядуурлыг бууруулахаар тогтсон бол Ши Жиньпин дарга тухайн үед Фү Жянь муж, Ниншяг дэмжин ядуурлыг бууруулах ажлын хэсгийг даргалж, Минь Нинь хотын ядуурлыг бууруулах ажилд хамтран ажиллах урт хугацааны түүхэн хуудсыг нээсэн байдаг. 20 гаруй жилийн хугацаанд хоёр мужийн хамтын хүчин зүтгэлээр Минь Нин суурин нь Хатан голын сав газрыг ухан суваг татаж, үржил шимгүй газрыг засан сайжруулжээ. Мөн орон сууц, зам барих, цөлжилтөөс сэргийлэх, үйлдвэрийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор иргэдийг уриалан ажиллаж, хамтдаа шинэ сайхан орчин байгуулахаар ажиллажээ. Минь Нин суурингийн хүн нэг бүрд ногдох орлого нь 1997 онд 500 юань байсан бол 2018 он гэхэд 12988 юаньд хүрч, 26 дахин өсөв. 8000 хүн амтай байсан муж өнөөдөр болоход 66 мянган хүн амтай болжээ. Хятадын ядуурлыг бууруулсан үлгэр жишээ энэ нутагт Хэмэй цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэрээс харагдана. Минь Нин ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны механизмын тэтгэлгээр Хэмэй цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэр байгуулагдаж, цахим худалдааны шинэ загварыг бүрдүүлэн, суурингийн шинэ эрч хүч болж байна.
        Цахим худалдаагаар ядуурлыг бууруулах үйлдвэр нь ихэвчлэн цахим худалдаанд тулгуурлан энэ нутгийн нэртэй бүтээгдэхүүн болох нохойн хошуу, жимсний хатаамал, цагаан будаа зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Одоогийн байдлаар тус үйлдвэрт Юаньлүн тосгоны 52 иргэн ажиллаж байгаа бол үүнээс 90 хувь нь нутагтаа үлдсэн эмэгтэйчүүд юм. Ажилчдын 90 хувь нь бага сургуулийн боловсролтой хэдий ч "Хурдан гар", "Тик ток" зэрэг АПП ашиглан шууд нэвтрүүлгээр дамжуулан цахим дэлгүүр ажиллуулах, бүтээгдэхүүнээ боож савлах, түргэн хүргэлтээр явуулах зэрэг ажлыг хийж, хүн нэг бүрийн сарын орлого нь дунджаар 2400-3000 юаньд хүрчээ.
Цөлийг “алт” болгосон гайхамшиг
        Хятад улсын дэлхийд хувь нэмэр оруулсан нэгэн томоохон үйл хэрэг бол яах аргагүй цөлжилттэй тэмцсэн амжилт. Өнгөрсөн зууны дунд үеэс Төр засгаас цөлжсөн нутгийн оршин суугчид хамтран цөлжилттэй тэмцэхээр хатуу шийджээ. Тухайлбал тэд салхинд тэсвэртэй модыг олноор тарьж, элстэй газрыг газар тариалангийн талбай болгохын тулд усны суваг шуудуу барих болсон байна. Тэдний хагас зуун жил гаруйн хугацааны уйгагүй тэмцэл, хүчин чармайлтын үр дүнд цөлжилтөд нэрвэгдсэн газар ургамал ногоо, ой мод бүхий баянбүрд болон хувирч, оршин суугчдынх нь аж амьдрал ч сайжирчээ. Өөрсдийн гараар бүтээсэн энэ ойн үр шимийг нутгийн оршин суугчид хүртэж, жимс жимсгэнэ, мөөг гэх мэтээр өрхийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй худалдан борлуулах замаар орлогоо нэмэгдүүлэх болжээ. Эдгээрийн төлөөлөгч жишээ болох Ү-Хай нуурын гайхамшиг, цөл газар ургуулсан усан үзмээр дарс хийж алдаршсан дэлхийн брэнд Ханьсэнь дарсны хүрээлэнтэй газар дээрээс нь танилцах боломж сэтгүүлч бидэнд тохиосон юм. 2013 оны 07 дугаар сард Хатан гол Бөхай усан ашиглалтын цөөрөм ашиглалтад орсноор Ү-Хай нуур тогтсон юм. Ү-Хай нуур 118 кв.км талбайтай, Улаанбух элсэн цөлтэй хаяа нийлэн цөлтэй, нууртай гайхамшигт сайхан үзэмжийг бүрдүүлсэн байдаг. 2017 онд Ү-Хай нуурын чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын аялал жуулчлалын бааз Улсын 4А зэрэглэлийн үзэмжийн баазаар үнэлэгдсэн байна. Ү-Хай хот нь Ү-Хай нуурыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлал болон “Аялал жуулчлал” стратегийн шаардлагыг дурдан гаргаж, дөрвөн улирлын аялал жуулчлалын арга хэлбэр, арга замыг идэвхжүүлж, аялал жуулчлалын төслүүдийг тасралтгүй хөгжүүлэн, Ү-Хай нуурын олон улсын салхин тэшүүрийн спортын тэмцээн, Ү-Хай нуурын мөс цасны аялал жуулчлалын наадам, Ү-Хай нуурыг тойрсон олон улсын марафоны тэмцээн, Ү-Хай нуурын автомашины аялал жуулчлалын наадам зэрэг спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж, хотын нэр нөлөөг өсгөжээ.    Ханьсэнь дарсны хүрээлэн нь 2008 оны эцсээр байгуулагдсан. Эзлэх талбай нь 247 га бөгөөд Европ хэв маягтай гоёмсог барилгатай. Энэ нь зөвхөн цөлийн өвөрмөц онцлог бүхий усан үзмийн мод тарих бааз биш юм. Өндөр чанартай дарс үйлдвэрлэлийн бааз бөгөөд дарс үйлдвэрлэх чөлөөт хөдөө аж ахуй, дарсны соёлын аялал жуулчлал, орчин үеийн соёлын салбарын тавцан болжээ. 2011 онд “Хятадын 3А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз” хэмээн нэрлэгджээ. 2014 онд Өвөр Монголын Ханьсэнь усан үзмийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнг байгуулж, улсын зэрэглэлийн үзмийн дарсны мэргэжилтэн, улсын дарс шүүмжлэгч гишүүд, улсын зэрэглэлийн дарс амтлагч, хүнсний аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн, судлаач зэрэг хүмүүсийг хамарсан 45 хүнтэй технологийн инновацын багтай болжээ. 10 гаруй жилийн турш Ханьсэнь технологийн инновацын багийн судлан гаргасан Ханьсэнь цөлийн органик дарс нь улсын дотоод, гадаадын мэргэжилтэн хийгээд хэрэглэгчдэд санал нэгтэй хүлээн зөвшөөрөгджээ. Мөн Ази, Европ, Америк гурван тив, 12 улс орон (Франц, Их Британи, Герман, Америк зэрэг) нийт 25 төрлийн олон улсын үзмийн дарсны мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож, 106 төрлийн шагнал хүртжээ.
Технологиор тэтгэгдсэн орчин үеийн хөдөө аж ахуй
        Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 06 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш Ордос хотын Отогийн өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин Хичээлтийнд хүрч, ноолуурын гарцыг нэмэгдүүлж буй арга технологитой танилцлаа. Энэхүү арга технологи нь даруй өвлийн улиралд илүү хүйтэн байх тусам ямаа зузаан бөгөөд урт ноолууртай болж, урин дулаан улирал болоход гууждаг гэсэн нийтлэг ойлголтыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл ноолуурын гарц нарны гэрлийн тусгалтай урвуу пропорционал хамааралтай гэсэн үг. Энэхүү байгалийн хуулийг мөрдөн дагасан ямааг тэжээн үржүүлэх арга техникийг “Нарны гэрлээр зохицуулсан ноолуурын ямааны тэжээн үржүүлэх техник” гэж нэрлэсэн байна. Жил бүрийн 05 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүрийн 09:30 ± 30 минутаас 16:30 ± 30 минутад ямааг хээрээр бэлчээрлүүлнэ. 16:30 ± 30 минутаас дараагийн өдрийн 09:30 ± 30 минут хүртэл ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх тусгай саравчинд хашаална. Энэ хугацаанд ямаа наргүй орчинд байдаг. Энэ арга нь бэлчээрийн дарамтыг мэдэгдэхүйц бууруулах үндсэн дээр ямаа бүрийн ноолуурын гарцыг 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой юм. Мөн үйлдвэрлэлийн гүйцэтгэл, өсөлт хөгжил, хээлтүүлэг, шинэ төрсөн ишигний жинд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Отогийн өмнөд хошууны хувьд тус аргыг Хичээлтийнх шиг 200 шахам малчин айл ашиглаж, орлогоо нэмэгдүүлж амьдралаа дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ бидний ажлыг дэмжин сурвалжилга өгөхөөр малчин Хичээлтийнд ирсэн мэргэжилтэн Х.Баясгалангийн арав гаруй жилийн турш судалж туршсан өөр нэгэн арга технологийг энэ нутагт ашиглаад их амжилттай байгаатай танилцлаа. Энэхүү арга нь дасан зохицох чадвар сайтай нутгийн ганц хөврөлт эм хонийг олон хөврөлтэй, дөрвөн улиралд ороо ордог жижиг сүүлт хоньтой эрлийзжүүлж гаргасан f1 үеийг эх мал болгон ашиглаж, дараа нь гадаадын цэвэр үүлдрийн махны чиглэлийн эр хоньтой эрлийзжүүлэн f2 үеийн хурга гаргаж авчээ. Энэхүү загвар хонийг жилд нэг хөврөл, нэг хургатай байдаг гэх үндсэн ойлголт ба нэг удаа зардаг уламжлалт аргыг өөрчилсөн юм. Энэхүү арга нь цөөн тооны малаас олон төл тосох, өвсний ургалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн үр ашиг, бүтээгдэхүүний чанар, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн, малчдын амьжиргааг сайжруулжээ. ХКН байгуулагдсанаас хойших 100 жилийн хугацаанд анхны үүрэг зорилгоо ямагт мөрдөж, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээж, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх, улс орны цэцэглэл хөгжил, чинээлэг нийгмийг байгуулахын төлөө тэмцсээр ирсэн. ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн хөгжил дэвшлийн төлөө цуцалтгүй мэрийж, шаргуу тэмцэж, чинээлэг, хамтын хөгжил цэцэглэлтийн замаар алхаж байна. Хятад улс хүн төрөлхтний түүхэнд олон амжилт гайхамшгийг бүтээсэн, бүтээсээр байх болно...

http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 397
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313