Энэ удаагийн дугаарын зочноороо аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Намхайн Энхболдыг урилаа.
Бид аль эртийн танил боловч түүнтэй хийсэн анхны ярилцлагаа уншигч танд хүргэж байна. Түүний ажил дээр очиж сургалтын танхимд нь бидний яриа өрнөсөн юм. Шинэ албанд томилогдсоныхоо дараа ийм танхимтай болж ажилтнуудынхаа ажиллах орчинг орвонгоор нь шинэчилж амжжээ, янз нь.- Сайхан танхимтай болж шүү дээ. Ажилтнуудынхаа ажиллах орчинг сайжруулахаас ажлаа эхэлж гэж ойлгож болох нь ээ?
- Урд нь агуулах маягийн байсан энэ өрөөг засч янзлаад Сургалтын танхим болгосон. Манай ажлын шаардлага юм даа, стандарт, хэмжлийн сургалт сурталчилгаа тасралтгүй явуулж хүмүүсээ шинэ мэдлэг мэдээллээр байнга сэлбэж байх нь. Өнгөрсөн жилд 5-6 удаагийн сургалтыг зохион байгуулсан.
-Та чинь энэ албанд яг хэдийд томилогдлоо?
-2015 оны есдүгээр сарын 02 нд. Өмнө хашиж байсан ажлаа 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгч байсан.
-Удаан хугацаагаар ажилгүй байж шүү дээ, бараг гурван жил шахам?
-Яах вэ, энэ хугацаанд зүгээр суугаагүй ээ. Эхнэр бид хоёр нэг фермтэй болоё гэж их эртээс ярьдаг байсан юм. Тэр санаагаа гүйцэлдүүлж, өөрийгөө ажилтай байлгасан болохоор цаг хугацаа өнгөрснийг бараг ч анзаараагүй дээ. Хуучин ажлынхан, найз нөхдүүд байнга ирж, уулзалддаг байсан болохоор ч тэр үү.
- Тэгээд фермээ байгуулчихсан уу?
- Ахмадын сувиллынхаа наахна фермээ байгуулсан. Ажлаа өгчихөөд дулаан оруулаад хавар тийшээ Дадал, Баян-Уулаар явж хэдэн үхэр цуглуулсан. Газар нь бэлэн байсан болохоор хэдэн мод чулуу босгож хашаа хороо бариад эхэлсэн дээ. Одоогоор 20-иод үхэртэй, сүүгээ “Найнги”, ахмадын сувилал, “Итгэл иэвээлт”-д нийлүүлдэг. Одоо ажилтай болохоор тэр бүр очиж завдахгүй, амралтын өдрөөр аргал хөрзөн янзлахаас хэтрэхгүй байх шив дээ.
- Энхболд, ямар мэргэжилтэй вэ?
- Би хөдөө аж ахуйн инженер-механикч хүн шүү дээ. Энэ ажилд томилогдоход шалгуур үзүүлэлт нь инженер байх ёстой гээд хэд хэдэн хуулийн зохицуулалтаар тэнцэж томилогдсон.
- Өмнө нь Хөдөлмөрийн албаны даргаар хэсэг ажилласан байх шүү, тийм ээ?
- Төрийн ажил ч гэлээ, намын харьяаллын юм явж л байдаг хойно. 2001-2005 онд Одбаяр даргын үед Хөдөлмөрийн албаны даргаар томилогдож байсан. 2004 оны сонгуулийн дараа 2 нам хамтарсан Засгийн газар байгуулж Орон нутгийн Хөдөлмөрийн алба, халамжийн төвүүдийг нэгтгэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болгож бүтцийн өөрчлөлт хийснээр Очирын Энхболд бид хоёр Даваа ахад \\одоо Шинь Шиньд ажиллаж байгаа\\ 2005 оны хоёрдугаар сарын 22 нд ажлаа хүлээлгэж өгч байсан. Тэгэхэд ажилгүй удаан суугаагүй ээ. Сар гаруйн дараа Жанлав дарга дуудаж хот тохижилтын чиглэлийн ОНӨҮГ байгуулах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсныг танилцуулаад даргаар нь ажиллах санал тавьсан. Тэр саналыг хүлээж аваад “Чойбалсан хөгжил” Орон нутгийн өмчит газрыг шинээр байгуулж, даргаар нь томилогдож байсан.
- Ингэхэд төрд хэдэн жил зүтгэв ээ, төрийн хүн байна гэдэг их тэвчээр тэнхэл, хүнтэй ажиллах арга эв гээд амаргүй байх шүү?
- Сургуулиа дөнгөж төгсөөд Хэрлэнгийн сангийн аж ахуйд засварын инженер, Ерөнхий инженерээр нийтдээ 6 жил ажилласан. 1992-2000 оныг дуустал хувийн компани байгуулж ажиллаж байгаад 2000 оны сүүлээр Намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар орж аймгийн Хөдөлмөр зохицуулалтын албаны даргаар томилогдож 2005 оны 2 сар хүртэл ажилласан. “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргаар 1,8 жил, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар 6 жил, одоо энэ ажилдаа жил гаруй хугацаанд ажиллаж байна гэж бодоход 20 жил юм уу даа.
- Ажлыг авч өгч, халагдаж солигдож үзсэн ёстой л “зуд үзсэн” хүн гэдэг шиг л?
- “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын даргаар 2005 оны4-р сарын 6 ны өдөр томилогдож, 2 цэвэрлэгч, 4 самосваль, ачигч энэ тэр гээд арваадхан хүнтэй Нийтийн аж ахуйн газраас “өрх тусгаарлаж” байсан. “Чойбалсан хөгжил” гэдэг нэрийг өгч, тэр үед Мэлс ахаар лого хүртэл зохиолгож, хүнээс 60 мянган төгрөг зээлээд тамгаа хийлгэж ажлаа эхэлсэн түүхтэй.
Хөдөлмөр, халамжийн газрын тухайд дээрээсээ босоо удирдлагатай байж байгаад хэвтээ болж аймгийн Засаг даргын мэдэлд ирэхэд би төрийн ажилтны шалгалт шүүлэг өгөөд 2007 оны 01 –р сарын 07 ны өдөр эргээд энэ газартаа ирсэн. Удалгүй удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотод боллоо. Дээд газрын дарга Баярсайханы хувьд яагаад ч намайг таатай хүлээж авахгүй шүү дээ.
- Яагаад?
- Өөрийн нь томилсон хүнийг халаад аймгийн Засаг дарга өөр хүн тавьчихаар яав ч таатай санагдахгүй л дээ. Гэлээ гээд яахав дээ, нэгэнт хэвтээ удирдлагатай болсон болохоор хүлээн зөвшөөрөхгүй гээд. Гэхдээ би Баярсайхан даргад өнөө хэр баярлаж явдаг юм аа. Миний ажлыг их сайн дэмжсэн. Хөдөлмөр, халамжийн газар өөрийн гэсэн байр савгүй миний мэдэхийн арваад удаа “бууриа сэлгэсэн” газар. Тийм болохоор энэ асуудлыг Баярсайхан даргад тавьж, ёстой гэрлийн хурдаар мөнгө төгрөг нь шийдэгдэж төдхөн өөрийн гэсэн шинэ байртай болсон. Энд голлох үүрэгтэй оролцсон хүн бол газрыг нь шийдэж өгсөн Жанлав дарга, мөн тухайн үед Хэрлэн сумын архитекторч байсан Лхагвасүрэн нарыг дурдахгүй байж болохгүй.
- Төр солигдоход төрийн ажилтнуудыг халдаг сольдог байдлыг ер нь юу гэж боддог вэ?
- Яг төрийн ажлыг хийж явахад намчирхах асуудал гаргах хэрэггүй л дээ. Би аль ч намын хүмүүстэй ажиллаж байсан, намын харьяаллаас нь болоод халж солиод байсан тохиолдол байдаггүй юм. Урдах оноосон ажлаа л хийгээд явдаг. Тэгтэл яадаг юм бэ бүү мэд, намайг Намхай даргын хүүхэд Ардын намынх гэж хараад байдаг юм уу, юу юугүй л аваад шидчихдэг ш дээ. \\инээв\\
- Хөдөлмөр, халамжийн газарт ажиллаж байхад “би нэг ийм л зүйлийг хийж бүтээсэн хүн дээ” гээд өөрөөрөө бахархах ямар ажлуудыг амжуулав?
- Өөрийн гэсэн шинэ байр савтай болж, төвхнөж тохижуулсан. Төрийн байгууллагуудаас анх удаа нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ажлаа аваад удаагүй Хэнтий рүү явдаг юм. Тэндээс ахмадын сувилалтай болох санааг олж ирсэн. Тэгээд 2009 оны 4 дүгээр сард шүү дээ. Баян-Уул руу явж Засаг дарга нь тэр үед Ганбат дарга байсан \\ одоо аймгийн орлогч\\, ярилаа. Танай шатсан ойг цэвэрлэх ажилд нийтийг хамарсан ажлын зардлаас 10 сая төгрөгийг шилжүүлье. Энэ мөнгөний талаа рнь ой цэвэрлэх ажлаа хий, үлдсэнээр нь 6 байшингийн торх бэлдүүлээч гэсэн нь их дуртай хүлээн зөвшөөрсөн. Сумын залуус өөрсдөө энд авчирч, хэдхэн хоногийн дотор 6 байшин босоод ирсэн. Газрын тухайд аав тэр газрыг зааж өгсөн юм. Дээхэн үед тэр хавьд дарга нарын зуслан гардаг байсан юм билээ. Нийтийг хамарсан ажлын зардлаас “Ахмадын сувилал” байгуулахаар боллоо гээд байшингаа торх байхад нь Жанлав даргад танилцуулж, харуулсан. Засаг дарга хэзээ амжуулчихав гээд ихэд гайхаж, үүнийгээ өвөл, зуных болгооч гэдэг санааг хэлж байсан юм. Сувиллын нээлт болох өдөр хоног ойртоод байдаг, дан ганц торхоор босоод болчих биш, хаалга үүд, хана тааз, цонх, дээвэр гээд мөнгөний асуудал босоод ирлээ. Хувийн орон сууцныхаа ордерыг банкинд тавьж 6 сая төгрөгтэй болж аваад зүтгэчихсэн. Тэгсний хүчинд 2009 оны 6 дугаар сарын 25 нд нээлтээ хийсэн. 200 орчим зочид оролцож, анхны 20 сувилуулагчаа хүлээж авч байлаа. Тэр үед ӨМӨЗО-ы Шинэ баргынхан манай аймагт айлчлах таарч, тэд сувиллын нээлтэд оролцож 1000 юань бэлэглэж, “жижиг” Шинээ 300 мянган төгрөг гээд ахмадуудаа гэсэн халуун сэтгэлээр чамгүй мөнгө цугларсан. Түүнийг нь эргүүлээд сувиллынхаа тохижилтод зарцуулж байлаа.
- СМУ-гийн хашаан дахь ахмадын сувилал бас таны “автортой” ажил уу?
- Хүн тэгээд нэг ажлын ард гарахаараа улам цаашлаад байдаг юм билээ. Зуны сувилалтай болоод ирэхээр өвлийн сувилалтай яаж болохов гээд. 2010 оны зун Ерөнхий сайд Санжийн Баяр ирснийг санаж байгаа биз дээ. Бүрэлдэхүүнд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга ирдэг юм. Манай газрын дарга Нацагдолгор бас ирж таарч, ийм аятайхан боломж олдсон дээр дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тагнуулын газрын хуучин байрыг Ахмадын өвлийн сувилал болгоё гэдэг санаагаа хэлж, тэр үед аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр байсан. Эрх мэдэл бүхий хүмүүсийг тэр дор нь уулзуулж, асуудлыг шийдүүлж чадсан. Тэгээд 2011 оны 1-р сард төсөвт 8 орон тоо шинээр батлагдсанаар сувиллын үйл ажиллагаа жигдэрсэн гэж хэлж болно.
- Хэсэг ажилгүй суухдаа нартай өдөр ажилтай болно доо гэсэн хүлээлт байсан л байлгүй?
- Ганц нэг ажлын санал ирж байсаан. Хөдөө аж ахуйн инженер болохоор тэр үү, энэ салбарт санал тавихад нь. “Би нэг л зарчим барина, хүний ажлыг булааж авахгүй ”гэдгээ удирдлагуудад хэлсэн. Дараа нь одоогийн энэ албыг Бадамсүрэн дарга санал болгосон. Өмнөх даргын нь хувьд насны амралтандаа гарахад жил гаруйн хугацаа дутуу байсан ч бас бус учир шалтгааны улмаас шууд ажил хүлээлцүүлэх тухай яриа болсон. Ямартаа ч удирдлагуудтай ойлголцоод хүлээе гэдгээрээ хүлээгээд өмнөх даргыг өндөр насанд нь хүргээд энэ ажилд ирсэн.
- Өлзийтөмөр даргын хувьд энэ албанд удсан байх шүү?
- Хэмжил зүйн мэргэжлээр сургуулиа төгсч ирээд мэргэжилтнээр 6 жил ажиллаад нийтдээ энэ салбарт 35 жил ажилласны 29 нь даргаар ажилласан он жилүүд байдаг юм билээ.
- Ёстой “рекорд” болохоор үзүүлэлт юм биш үү?
- Тийм юм билээ. Манайхан Өлзийтөмөр даргадаа 60 насны төрсөн өдрөөр нь хүндэтгэл үзүүлээд гавьяаны амралтанд нь үдсэн дээ.
- Танай хамт олон шинэ удирдлагаа хэр хүлээж авав?
- Ийм хүн ирэх гэж байна гэсэн мэдээллийг эрт авчихсан, бараг судалчихсан байсан юм шиг байна лээ. Мэргэжилдээ эзэн болсон туршлагатай ажилтнууд, сайхан залуучуудаас бүрдсэн хамт олны дунд орж ирсэн. Улсын 3 шалгагч, 2 шинжээч, стандартын гээд бүгд залуучууд. Манайхыг стандарт, хэмжил зүй гэсэн хоёр салаа нэгж гэж ойлгож болно. Урд нь ажиллаж байсан газартаа ажиллах орчныг нь сайжруулж аль болох хүмүүсийнхээ ая тавыг бодолцож ирсэн болохоор энд ч ялгаагүй хуучин тавилга хэрэгслийг нь шинэчлэхээс эхлээд засвар залаа хийх хэрэгтэй гэдэг нь шууд л анзаарагдсан. Тэгээд энэ бүх аж ахуйн ажлын хажуугаар салбар нэгжтэйгээ холбоотой хууль тогтоомжуудыг судлах гээд нарийн төлөвлөгөө гаргаж аваад орж явчихсан.
- Хийдэггүй хүн байдгаас биш бүтдэггүй ажил байдаггүй гэж?
- Тэгэлгүй яахав. Цаг хугацааны хувьд аймгийн төсөв хэлэлцэх үе таарч тооцоо судалгаагаа гаргаж 9,2 сая төгрөг батлуулж чадсан. Гэхдээ энэ мөнгийг хүлээж суулгүй, дэлгүүрүүдийн “хар” дэвтэрт тэмдэглүүлээд эхнээс нь ширээ, сандлаа шинэчилж, барилгын материалаа татаж засвараа ч эхлүүлсэн.
- Хоёулаа ажил нэлээн ярилаа. Уншигчид маань Энхболд гэдэг хүн хаана төрж өсч, ямар орчинд төлөвшив гээд сонирхож магад?
- Миний ээж насаараа боловсролын байгууллагад ажилласан багш хүн байсан. Эхээсээ бид зургуул. Тэр үедээ олон хүүхэдтэй, дундаж амьдралтай, цалингаас цалингийн хооронд л амьдралаа залгуулдаг жирийн сэхээтэн айл байсан даа. Аав, ээж минь хэдэн хүүхдээ бүгдийг дээд мэргэжилтэй болгож гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн.
- Та чинь айлын бага нь болж байна уу?
- Тийм. Хамгийн том нь Цогоо ах, удаах нь Цолмон, Энхбаяр гээд Энхтуяа, Туяацэцэг эгч. Тэд маань бүгд л төр, хувийн хэвшилд ажиллаж амьдралаа залгуулаад хүний дайтай л явна.
- Танайхныг Намхай даргын хүүхдүүд гэдгээр хүмүүс нэлээн таньдаг байх шүү?
- Миний аав Чойбалсан суманд төрж өссөн хүн. “Онцгойгийн” Гантөмөрийн аавтай төрсөн ах дүүс, эхээс гурвуул. Багаасаа өнчирч, бага, дунд сургуулиа нутагтаа дүүргээд Багшийн сургуульд хотод очиж суралцсан гэдэг юм. Сургуулиа төгсөөд Матад сумаас ажил, амьдралын гараагаа эхэлж, гайгүй сайн ажиллаж байсан юм болов уу, удалгүй Төмөр замын сургуульд хичээлийн эрхлэгчээр дэвшин ажилласан байдаг. Аав маань хожуухан Улсын Багшийн дээд сургуулийн түүх-газар зүйн ангийг төгсч, 35-тайдаа Намын Төв Хорооны томилолтоор Дорнод аймгийн Ардын депутатууын Хурлын гүйцэтгэх захиргааны Хариуцлагатай нарийн бичгийн даргаар нутагтаа ирсэн. Тэр үед надаас бусад нь төрчихсөн, би болохоор хуучин Спорт заалны урдах 4 айлын орон сууцанд байхад төрсөн гэдэг.
- Айлын бага гээд жаахан танхи уу?
- Эрх танхи юм байхгүй ээ. Олны жишиг л өссөн. Харин намайг төрөхөд аав маань дарга болчихсон байсан болохоор энэ олон хүүхдүүдээс эмнэлгээс машинаар гаргаж авсан ганц хүүхэд нь би юм гэнэ лээ.
- Аав тань Хариуцлагатай нарийн бичгийн даргаар их олон жил ажилласан байх шүү?
- Одоогоор бол Тамгын газрын дарга юм уу даа. Дээрээс нь аймгийн соёл, боловсролын салбарыг гардан хариуцна. Энэ албыг 1963-1980 он хүртэл яг 17 жил хашсан байдаг. 1980 онд аймгийн намын хороны даргаар С.Эрдэнэ, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Д.Баатархүү гээд шижигнэсэн залуу дарга нар томилогдон ирж, аавыг Чойбалсан хотын намын хорооны даргаар томилж 1980-1988 он хүртэл ажиллаж байгаад 60 насандаа гавьяаныхаа амралтад гарсан. Ааваараа бахархдаг нэг зүйл бол Монгол Улсын хил тогтоох комиссын даргаар ажиллаж, 7 салбар комиссын нэгийг нь толгойлж, Тарваган дахын овооноос Соёлз уул хүртлэх 735 км газарт 111 тэмдэгт босгосон гэдэг. Өмнө нь тэмдэгт гэж байхгүй, хилийн хэлэлцээр, газрын зураг хоёроор хил тогтоож явсан юм билээ. Тэр үед 90 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 9 сар явж энэ ажлын ард гарсан гэдэг. Үүний тод баталгаа Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй үнэмлэх байдаг юм.
- Энэ гавьяатай хүний удам хойчийг залгамжилж авч явна гэдэг нэр төрийн хэрэг юм даа?
- Ааваараа бахархах зүйл олон байдаг юм аа. “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгний хамгийн анхных болох 001 дугаартай үнэмлэхийг гардаж, орон нутгаасаа хамгийн анхны “Чойбалсан хотын хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн гээд. Одоо бол дээрх цол тэмдэг, өргөмжлөл тоогоо алдсан байх. Гэхдээ аливаа юмны анхдагч байна гэдэг сайхан л даа. Хүүхдүүдийнх нь хувьд Энхбаяр ах маань саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Яг тэр үеэр Цогоо ах Дээд шүүхийн Ерөнхий зөвлөлийн том шагнал хүртсэн. Аав, ээж минь тэнгэрээс биднийгээ харж баярлаж байгаа даа л гэж боддог юм.
- Бидний энэ зэрэгтэй яваа нь аав, ээжийн минь буян заяа юм даа. Гэрийн хүмүүжил гэдэг том юм насан туршийн зам мөрийг тодорхойлдог шиг санагддаг.
- Тийм шүү. Би аавдаа баярлаж явдаг нэг зүйл бол намайг дээд сургуулиа төгсөөд ирэхэд шууд өөрийн төрсөн нутаг болох Чойбалсан суманд хуваарилуулж байсан. Аймгийн төвд өссөн хөдөөгийн амьдралыг огт мэдэхгүй амьтан анх суманд очиж ажил, амьдралын гараагаа эхэлж байлаа.
- “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг аавд нэг бодол байж дээ?
- Булган суманд очъё гэсэн нь зөвшөөрөөгүй юм аа. Суманд очвол шууд инженерээр томилогдоно, Сангийн аж ахуйд очвол ямар ч байсан дээрээ “толгойтой” байж юм сурах нь илүү гээд Хэрлэнгийн сангийн аж ахуйд хуваарилуулсан гэдгийг нь бүр хожим мэдсэн. Тэгээд ч аавынхаа төрж өссөн нутгаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн миний хувьд амьдрал тэгш сайхан л явна.
- Энхболдынх гэдэг айл Чойбалсан суманд гал голомтоо бадраасан байх нь ээ?
- Тэгэлгүй яахав. Намайг төгсч очсоноос хойш 2 жилийн дараа Дариа маань сургуулиа төгсч Чойбалсан сумын банкинд хуваарилагдан очиж байсан. 1989 оны тэр намар танилцаад анхны охин Уянгаа маань 1990 онд төрсөн. Намхай өвөө, бид хоёр жинхэнэ Чойбалсан суманд төрсөн гэж “гайхуулдаг” хүн бий. Охин маань одоо хүний эхнэр, хүүхдийн ээж болсон. Бага охин бас хүнтэй сууж зээ хүү төрүүлж өгсөн. Хүүхдүүд маань бүгд л сайн сайхан амьдарч байна даа.
- Маршал Чойбалсангийн морьтой хөшөөг босгож Тусгаар тогтнолын талбайд байрлуулахад хүчин зүтгэсэн хүний нэг бол яах аргагүй Та?
- Маршалын 120 жилийн ойд зориулж хийсэн том ажил юм даа. Энэ хөшөөг босгоход аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, хотын захирагч П.Мөнхтөр, аймгийн ИТХ-ын дарга асан Р.Зоригтбаатар нар маш их дэмжлэг үзүүлсэн. Хотын төв талбай болох “Тусгаар тогтнол”-ын талбайд Маршалын морьтой хөшөө яагаад байж болохгүй гэж. Тэгээд ч хотоо энэ түүхэн хүний нэрээр нэрлэсний утга учир юу билээ гээд тал талаас нь бодолцсон. Түүхэнд янз бүрээр яригдаж бичигддэг ч яах аргагүй Тусгаар тогтнол гэж юу юунаас эрхэм чухлыг ойлгуулж, бидэнд өгсөн өнөөгийн жаргал, тэр гавьяаг нь мартах учиргүй юм. “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэж Маршалын хэлсэн маш гоё үг бий шүү дээ.
- Үнэхээр сайхан үг. Энэ сайхан үгээр ярилцлагаа жаргаая гэж бодлоо. Тантай ярилцахад таатай байлаа.
- Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилтыг хүсье.
Стандарт хэмжил зүйн газрын тухайд “жин хэмжүүрийн газар” гэсэн хуучин ойлголтоос олон нийт хараахан салаагүй энэ үед түүнтэй ярилцлаа. Тэрээр энэ албанд томилогдсоноос хойш стандарт гэж юу болох, хэмжил зүй гэж юу вэ, тэр нь хүний амьдралд ямар чухал болохыг олон нийтэд ойлгуулах гэж хичээж явна. Наад зах нь эмнэлгийн даралтын аппаратуудыг зөв, буруу зааж байгааг энэ газар хянаж шалгаж, баталгааг нь өгдөг юм байна. Цаашлаад дэлгүүр хоршоо, баар, ресторан, зочид буудал, үсчин, гоо сайхан гээд та бидэнд өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг газрууд бүгд нарийн стандарт горимтой. Төрийн зүгээс үүнийг мөрдүүлж хяналт тавих нь энэ хамт олны үүрэг ч гэлээ үйлчлүүлэгч бид энэ талын мэдлэг мэдээлэлтэй байж стандарт шаардлагыг хангуулж ажиллах нь зөв юм гэж ойлгогдсон.
Хэнд ч анзаарагддаггүй, ажил нь чимээгүйхэн явдаг энэ газарт шинэ “салхи” орлоо. Энхболд дарга аа, танай хамт олонд улам их амжилтыг хүсье.
Б.Туяа