ТОДОРХОЙ ХУГАЦААНД ТУСГААРЛАН АЖИГЛАХ Л ХАМГИЙН САЙН АРГА ЮМ БАЙНА

2021 оны 6-р сарын 30 өдөр

Дорнод аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Мягмарсүрэнгийн БАДАМСҮРЭН: 

Өнгөрсөн шөнө манай аймагт Коронавируст халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Залуу сайхан эмэгтэй байна билээ. Аюулт өвчин зэрэгцэн алхаж байна бидэнтэй. Хоёрхон сарын өмнө бид ногоон төвшинд амьдарч байсан. Ганцхан сарын өмнө голомтгүй бүс нутаг байсан. Харин өнөөдөр эерэг тохиолдол 400 давлаа. Бид юу хийх ёстой юм бэ, цаашид яах юм цаг үеийн нөхцөл байдлыг талаар аймгийн Онцгой комиссын даргатай ярилцсан юм.

-Өнөөдрөөс сум, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Олон нийт таатай хүлээж авахгүй байна. Цаг үеийн энэ асуудлаар ярилцлагаа эхэлье? 
-Тийм ээ. Коронавируст халдвар хүн амын дунд тархсан бүс нутаг тухайлбал нийслэл Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй аймгуудад халдварын тохиолдол нэмэгдсэн. Үүнтэй яг адил халдварын голомттой аймгийн төвөөс сумд руу зорчих хөдөлгөөнөөс улбаатай хөдөө сумдад халдвар нэмэгдэж байна. Сумдын хүн амыг эрсдлээс хамгаалж зорчих хөдөлгөөнд хязгаарлалтыг хийж байгаа юм. Манай аймгийн 14 сумаас 11 сумын Онцгой комисс зорчих хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хязгаарлана гэдэг бол зогсооно гэсэн үг биш шүү дээ. Эрүүл мэнд, буяны ажил, үндсэн хаяг, ажлын байран дээрээ очихыг зөвшөөрсөн. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо тариалах, уул уурхай, газрын тосны ашиглалт, эрчим хүч, барилга, зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, харилцаа холбоооны засвар үйлчилгээ, хүнс, шатахуун, мал мах, шуудан карго, барилгын материал, цахилгаан бараа, техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл тээвэрлэлтийг зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл хүний тэвчиж болох хөдөлгөөнийг л хязгаарлаж байгаа юм. Хоёрт, төрийн үйлчилгээг цахим болгохоор ажиллаж байна. Манай аймаг гэхэд иргэдийн хэдийнэ мэдэх болсон 70584647 утасны дугаараар цахим бүртгэлийн системийг бий болголоо. WWW.70584647.mn бүртгэлийн систем өргөн хүрээнд ашиглаж болохоор хийгдсэн болохоор ковидыг даван туулсны дараа ч бид энэ сайтаа төрийн үйл ажиллагаандаа ашиглана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг шат ахиулсаар байна. Бид анх иргэдэд ашиглахад хялбарыг бодож Дорнод Шуурхай штаб гэсэн фэйсбүүк хаяг нээсэн. Гэтэл ижил нэртэй хуурамч хаяг нээж иргэдийг залилах тохиолдол ч гарч байсан. Одоо иргэд WWW.70584647.mn сайт руу хот хооронд болон сум хооронд зорчих хүсэлтээ илгээгээд хэвшиж байна. Бид иргэдийг хяналттай зорчихыг л хүсч байгаа юм. Та хаашаа хэдүүлээ явах гэж байна түүнийгээ л бүртгүүлээд зорчоорой. Тархвар судлал гэдэг бол ямар хүнтэй хавьтал болсон, ямар маршрутаар зорчсоныг тодорхойлдог юм байна. Бид цаашид цахим бүртгэлийн системийг улам бүр боловсронгуй болгож хөгжүүлэх учиртай. 
-Хязгаарлах, хорих нь хамгийн зөв арга мөн үү? 
-Ковид-19 бол шинэ төрлийн вирус. Дэлхий нийт энэхүү цар тахалтай хэрхэн яаж тэмцэх талаар суралцаж, өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаагаа сайжруулж л байна. Бид ч мөн адил. Өмнө нь томуу, сүрьеэ зэрэг хүний халдварт өвчин, мөн шүлхий, боом гэхчлэн малын халдварт өвчний үед ажиллаж байснаас өөр туршлага багатай. Шүлхий гарлаа гэхэд тухайн хот айлыг тойруулж хяналтын цэг гаргаж 14 хоног малыг нь өөр айлын малтай нийлүүлэхгүй тусгаарладаг. Вакцин хийгээд 28 дахь хоног дээрээ дахин вирус илрэхгүй бол эрүүл болсон гэж үзээд хөдөлгөөнийг нээдэг. Өнөөдөр Ковид-19-ийн халдвар гарлаа гэхэд нууц үе нь 14 хоног. Энэ хугацаанд заавал илэрнэ. Тэгэхлээр 14 хоног дээр дахин нэг 14 хоног ажиглаж нийт 28 хоногийн хугацаанд халдвар бүртгэгдэхгүй бол “Ногоон бүс” болно гэж үзэж байгаа юм. Бид хэчнээн ногоон төвшинд шилжихийг хүсч байгаа ч өргөн тархалттай бүс нутгаас зөөвөрлөгдөж ирээд байгаа учир ногоон төвшинд шилжиж чадахгүй байна. Яагаад хүн, мал адилхан ийм хугацаа заадаг вэ гэхээр амьд бие организмд вирус нэвтрэн орсон л бол тодорхой хугацааны дараа заавал шинж тэмдэг илэрдэг, өвчилдөг юм байна. Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу эхний тусгаарласан өдөр болон постоор орж ирсэн эхний өдөр шинжилгээ авна, зургаа дахь хоног, 13 дахь хоног дээр дахин шинжилгээ авна. Хэзээ халдвар авсан, тухайн хүний биеийн онцлогоос хамаараад аль нэг шинжилгээгээр нь илэрдэг юм байна. Хэрвээ бидэнд болон иргэдэд маань байр сууц, хөрөнгө санхүүгийн боломж бололцоо байдаг бол халдвар тархсан бүс нутгаас ирсэн иргэдээ гадаад орнуудаас ирэхэд нь зориулалтын тусгаарлах байранд тусгаарлан ажигладагийн нэгэн адил 7-14 хоног тусгаарлаад, хэрвээ тухайн хүнээс тандалтын шинжилгээгээр халдвар илэрвэл эмнэлэгт эмчилж эдгээгээд л, бүх худалдаа үйлчилгээ бизнес хэвийн явагдаад байх боломжтой. Гэвч иргэдийнхээ амьдралын бололцоонд тулгуурлаад Улсын Онцгой комиссын шийдвэрээр гэрт нь тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд тухайн иргэн ирэхдээ өгсөн шинжилгээгээр халдвар илрээгүй ч нууц үеийн хугацаанд нь хамт нэг гэрт тусгаарлагдаж байсан хүүхдүүд, гэр бүлийн гишүүд нь олноороо халдварт өртөж байна. Аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын нэлээд хувь нь халдвар тархсан бүс нутгаас ирээд гэрийн тусгаарлалтанд орсон гэр бүлийн гишүүнээсээ буюу гэр дотроосоо халдвар авсан байдаг. Мөн нийт батлагдсан гурван тохиолдол тутмын нэг нь хүүхэд байгаа нь хамгийн харамсалтай. БНХАУ-ын Ухань хотод анх энэ өвчин гарахад ковшоор шороо овоолж далан босгоод замуудаа хааж байсан. Айлын хаалгыг модоор хадаж, төмрөөр гагнаж байсныг бид харсан. Энэ цар тахлыг хумьж авах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байна.
-Ковид салахгүй юм байна. Тийм бол цаашдаа бид ямар нөхцөл байдалтай амьдрах вэ гэдэг асуулт гарч байна ? 
-Эрдэмтэд, судлаачид сүргийн дархлаа гэдэг зүйлийг ярьж байна л даа. Сүргийн дархлаа гэдэг нь нийт хүн амын 70-аас доошгүй хувь нь дархлаа тогтсоноор үлдсэн гучин хувь нь хамгаалагдана гэж үзэж байна. Статистик тоогоор Дорнод аймаг 83000 хүнтэй. Түүний 31,0 мянга нь арван найм хүртэлх насны хүүхэд, үлдсэн 52,0 мянган хүн 18-аас дээш насных. Өнөөдрийн байдлаар вакцины 2-р тунд хамрагдсан 43000 хүн байна. Манай аймгийн 58000 хүн вакцинд хамрагдаж байж бид сүргийн дархлаатай болно гэсэн үг. Энэ өвчний вирус яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй учир цаашдаа бид халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдсөөр байх шаардлагатай болж байна. 
-Вакцин хийлгээгүй үлдсэн хүмүүсийн ихэнх нь миний тариулахыг хүсч байгаа вакцин ирээгүй гэж байна. Бидэнд сүргийн дархлаа тогтоох хэмжээний вакцин хангалттай бий юу? 
-Манай аймаг Вероцелл вакциныг насанд хүрэгчдийн тоогоор татан авсан. АНУ-д үйлдвэрлэгдсэн Файзер вакцин 1600 хүн тун хуваарилагдаж ирээд байна. Файзер вакцинд манай аймагт одоогоор дөрвөн зуу орчим хүн хамрагдсан байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жирэмсэн ээжүүд өөрсдөө хүсвэл Файзер вакцин хийлгэж болно. 16, 17 настай хүүхдүүд Файзер вакцинд хамрагдаж байна. Манай аймагт 16,17 насны 2,0 мянга гаруй хүүхэд бий. Астразенека вакциныг 1000 орчмыг татан авна. Мөн манай аймгийн “Итгэл-Ивээлт” эмнэлэг Спутник вакцин татан авахаар Оросоос оруулж ирж буй хувийн компанитай гэрээ байгуулсан. Одоогоор хараахан татан авалт хийгээгүй байна. Иргэд тохирох вакцинаа сонгох сонголт бий. Эрсдлээс сэргийлэх хамгийн чухал хоёр зүйл бол вакцин, даатгал мөн л дөө. Гэхдээ л энэхүү халдварт вирусээс сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөх нь л хамгаас чухал болоод байна.
-Энэ жил Дорнод аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Манай аймаг наадам хийх үү? 
-Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуульд улс, аймаг, сумын наадам 7-р сарын 11,12-ны өдрүүдэд болно. Тэгш ойтой аймгийн наадмыг долдугаар сарын 11,12-оос өөр хугацаанд хийх юм бол Засгийн газар хугацааг нь товлоно гэсэн байдаг. Манай аймаг Засгийн газарт Дорнод аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болон, Зүүн бүсийн хурд баяр наадмыг долдугаар сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулах саналтай байгаагаа хүргүүлсэн. Аймгийн баяр наадам хэзээ хийхээс хамаарч сумын наадмын тов гарна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас аймаг, сумдад наадам хийх эсэх тухай шийдвэр эхлээд гарна, хэрвээ хийхээр болвол дараа нь тов гарна.
-Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа юм байна ш дээ? 
-Мэдээж, коронавирусын халдварын тархалтын байдлаас шалтгаална. Наадам хийгээсэй гэж хамгийн хүсч буй хүмүүс нь уяачид, бөхчүүд, харваачид. Тэд дараа жилийн наадамдаа бүтэн нэг жил хөдөлмөрлөдөг. Би хувьдаа Монголынхоо өв соёлыг авч яваа энэ хүмүүсийг дэмждэг. Мал маллах хүн, малчин өрх олон болоосой гэж хүсдэг. Тиймээс малчдаа бүх талаар нь дэмжинэ. Өргөн агуулгаар нь бид харвал Монголын уудам тал нутаг бидний нүүдэлчин өв соёлоос бий болж бидэнд өвлөгдсөн зүйл. Нүүдэлчин өв соёлын эзэд нь малчид. Малчин залуусын дурладаг зүйл нь морь уях. Малчдад, уяачдад наадам хийхгүй байх нь хэцүү байгаа. Аймгийн хувьд халдварын тархалтыг хумьж чадвал наадам хийж яагаад болохгүй гэж. Хүн амын дундаас халдварын тохиолдол бүртгэгдсээр байвал наадам хийх боломжгүйг иргэд маань маш сайн мэдэж байгаа шүү дээ.
-11.00 цагийн мэдээллийг сонсох бүр өнөөдөр яасан бол гэдэг зовинол иргэдэд бий болсон. Та бол иргэдээс өмнө сонсож дотроо тунгааж байгаа байх? 
-Орой унтахдаа, өглөө сэрэхдээ эерэг тохиолдол бага байгаасай л гэж боддог. Энэ маш хурдан хүндэрдэг, үхэлд хүргэдэг аюулт өвчин. Иргэд маань энэ цар тахалд өртөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Аймгийн ерөнхий тархвар судлаач, тархвар судлаач нар халдварын цар хүрээг тогтоох, голомтыг хумих тактикаа тогтоож хэрэгжүүлж ажиллана. Эрүүл мэндийн байгууллага энэ өвчинтэй хэрхэн яаж тэмцвэл үр дүнтэй байх арга замыг боловсруулж, урьдчилан сэргийлэх болон өвчилсөн иргэдийг эмчилж эдгээх ажлыг хийнэ. Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналтын байгууллагууд тус тусын тодорхой чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана. Мэргэжлийн байгууллагуудаас гадна бусад төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд бүгдээрээ автозамын, алсын хяналтын постууд, гэрийн тусгаарлалт, ажиглалтад хяналт тавих, ачаа тээвэр, буяны ажилд хяналт тавих ажилд, Шуурхай штабын утасны дуудлагын баг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх багт гээд дайчлагдан илүү цагаар хичээн ажиллаж байна. Мөн аймгийн Улаанзагалмайн хороо, Иргэний нийгмийн байгууллагууд дэмжин туслаж хамтран ажиллаж байна. Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлж тэмцэж эхэлсэн цагаас эхлэн нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт маань орон нутгийн байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа харамжгүй үзүүлсээр байна.  Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг даргын хувьд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Эрүүл мэнд, Онцгой, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул зэрэг мэргэжлийн байгууллагууд болон сумдын Онцгой комиссуудын уялдаа холбоог хангах, хөрөнгө санхүү, удирдлага, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг цаг алдалгүй түргэн шуурхай оновчтой гарган ажиллах ёстой. Манай аймгийн дээрх мэргэжлийн байгууллагууд, сумдын Онцгой комисс, аймгийн төвийн багийн Засаг дарга, түүний ажлын алба болон бусад төрийн байгууллагын удирдлага, алба хаагчид энэхүү цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай сайн ажиллаж байгаа шүү. Хамгийн гол нь багийн ажиллагаа сайтай байгаа. 
-Аймгийн Онцгой комисс уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу? Иргэдийн хамгийн их бухимдал төрүүлдэг Хөлөнбуйр сумын постон дээр ачаалал хэр их байна. 70584647 утсаа авдаггүй. Хүсэлт явуулахаар зөвшөөрдөггүй, хариу хэлдэггүй гэсэн гомдол их байдаг? 
-Бид бүтцээр ажилладаг. Аймгийн Онцгой комисс 20 гаруй гишүүнтэйгээр хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу хамтын шийдвэрүүдийг гарган ажилладаг. Харин аймгийн Онцгой комиссын дэргэдэх 9-11 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн Шуурхай штаб нь эхэндээ өдөр бүр хуралдаж аймгийн хэмжээнд зорчих хөдөлгөөний хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан. Энэ нь эрсдэлтэй, зардалтай, цаг хугацаа алдаж байсан болохоор цахим системд шилжүүлсэн. Бидний хувьд энэ цар тахлын үед ажиллах нь шинэ тутам зүйл байсныг нуух аргагүй. Тиймээс хаа хаанаа суралцаж, засаж залруулаад явж байгаа. Цахим бүртгэл рүү иргэд нэг хүсэлтээ маш олон удаа илгээж байна. Шуурхай штабын дөрвөн утас руу дөрвүүлэн рүү нь ээлжлэн залгадаг. Тэнд суугаад хариулж байгаа хүний хариултад нь итгэдэггүй. Энэ нэг талаараа өдий хүртэл бидний иргэдэд өгч ирсэн төрийн албаны ойлголт, мэдээлэлтэй холбоотой ч байж болзошгүй. Тиймээс иргэдэд мэдээллийг цаг алдалгүй, тодорхой, ойлгомжтой хүргэх ёстой юм байна. Хаа сайгүй айдас дунд байгаа учир аймаг руу нэвтэрч байгаа хүн болгоныг анхааралдаа авахгүй бол болохгүй. Цар тахал дотоодод бүртгэгдсэний дараа эрүүл мэнд, онцгой, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт гээд мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хуралдаж тал талаас нь ярьж шийддэг байсан бол одоо туршлагажсан. Одоо аймгийн Шуурхай штабын гишүүн бөгөөд мэргэжлийн агентлаг байгууллагын удирдлагууд Шуурхай штабт 24 цагаар ажиллаж зохицуулалт хийн бие даан асуудлыг дор бүр нь шийдвэрлэдэг болсон. Гэхдээ энэ тийм ч амар ажил биш. Аймгийн Шуурхай штабт өдөрт 400-500 хүсэлт ирдэг. Нийслэл, бусад аймгаас Дорнод аймагт ирэх, явах 200 гаруй, аймаг дотроо сумд хооронд зорчих 200 гаруй хүсэлт байх жишээтэй. Нэг хүсэлт ирэхэд сум, багийн Онцгой комисс нь зөвшөөрч байна уу? Тусгаарлагдах хаяганд нь хэдэн хүүхэд байна, гэр бүлийн гишүүд нь ажлаасаа чөлөө авч хамт тусгаарлалтын дэглэм мөрдөх боломжтой эсэх гээд сайтар судлах шаардлагатай байдаг. Ингээд буцаагаад иргэнд хариу өгдөг учир нөгөө дөрөв таван зуун хүн дундаас бухимдах хүн гараад л байдаг юм. Бид иргэдээ маш сайн ойлгож байна. Иргэн та ч мөн Онцгой комиссын ажлыг ойлгоорой. Одоо Хөлөнбуйр сумын постон дээр хонож байгаа машин байхгүй. Хот хооронд болон сумдад зорчих зөвшөөрөгдсөн хөдөлгөөний хүсэлт түргэн шуурхай шийдэгдэж байгаа. 
-Аймаг руу нэвтрэхдээ хүсэлт илгээх ёстойг мэдэхгүйгээс шууд давхиад ирдэг. Ирээд хүсэлтээ илгээгээд Хөлөнбуйр сумын постон дээр хүлээдэг тохиолдол бий ? 
-Багануураас гарах Хэрлэнгийн гүүрэн дээр манай аймгийн Цагдаа, Онцгой байдлын албан хаагчид томилогдон ажилладаг болсон. Тэд Дорнод аймаг руу зорчих иргэд, жолооч нарт зөвлөгөө өгч байгаа. Та Дорнод аймаг руу зорчиж байгаа бол ингэж хүсэлт гаргана, хүсэлтээ илгээгээд зорчино уу гээд урьдчилан хэлж зөвлөж байгаа учир Хөлөнбуйр сумын постод хүрээд ирэхэд нь хүсэлтийнх нь хариу гарсан байх жишээтэй. Энэ мэт ахиц дэвшлүүд гарч байна. 
-Хүмүүс тусгаарлагдах дургүй. “Би өвдөөгүй, би эрсдэлгүй, би тусгаарлалтад байхгүй. Улаанбаатараас цаашаа баруун аймгууд руу аялж зугаалаад байхад Дорнод тусгаарлаад байх юм” гэдэг. Манайхаас өөр аймгууд голомттой бүсээс ирэхээр тусгаарладаг юм уу? 
-Аймгуудын Онцгой комиссын дарга нар хоорондоо утсаар ярьж туршлагаа хуваалцана л даа. Өнөөдөр би Баян-Өлгий аймгийн Засаг даргатай холбогдсон. Баян-Өлгий аймаг гэхэд аялагчдыг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргасан байна. Дархан хот орж ирж байгаа бүх хүнээс түргэвчилсэн тест авч байгаа гэнэ. Ковид-19 -ийн эсрэг вакцины давтан тун хийлгээд 14 хоносон бол тусгаарлахгүй байх тухай Улсын Онцгой комиссын журам үйлчилж байсан. Гэтэл манай аймагт батлагдсан тохиолдлын гуравны нэг нь буюу 100 гаруй хүн вакциныхаа давтан тунг хийлгэж 14 хоносон хүмүүс байсан. Бодит байдлаас харахад Ковид-19 -ийн эсрэг вакцины давтан тун хийлгээд 14 хоносон ч халдвар авч байна. Харин хөнгөн өвдөж байна. Халдвар тээгч болж бусдад халдааж байна. Дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байгаа, мөн дархлаа тогтож амжаагүй байгаа хүүхдүүд, жирэмсэн ээжүүд, өндөр настнууд маань нэгэнт халдварт өртвөл ноцтой хүндрэх аюултай учир бид тэрхүү иргэдээ хамгаалах ёстой. Ярианыхаа эхэнд хэлсэн. Тусгаарлан ажиглалтын дэглэм бол бусдыг халдварт өртүүлэхгүй байх, нийт хүн амыг эрсдлээс хамгаалах хамгийн сайн арга юм байна. 
-Корона вирус илэрснээс хойш бидний амьдралын хэвшилд асар их өөрчлөлт орлоо. Ялангуяа хүмүүсийн амьдрах чадвар, амьжиргааны эх үүсвэрт огцом өөрчлөлт гарч байна. Энэ тал дээр таны бодол? 
-Аливаа зүйл сайн, саар хоёр талтай. Цар тахлын нөлөөнд муу тал их бий ч тэр дундаас сайн зүйлийг олж харах хэрэгтэй, сургамж авах хэрэгтэй. Өвчин үнэхээр иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Ялангуяа өдрийн орлогоор амьдралаа авч явж буй иргэд хүнд байдалд байна. Бид аль болох бусдаас хараат биш байх ёстой юм байна гэдгийг илүү их мэдэрлээ. Улс орон, өрх айл амьдралаа авч явахын тулд үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгч байх ёстой юм байна. Мал аж ахуй, тахиа шувуу өсгөх, газар тариалан, хүнсний ногоо тариалах, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, олборлолтоос боловсруулалтад шилжих гээд хийж бүтээж чадах салбартаа хийх л ёстой байна. Мөн цар тахал нүүрлэсэн энэ цаг үед хамгийн гол анхаарах зүйл бол одоо байгаа ажлын байраа хадгалж үлдэх болоод байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийг хийж бүтээсэн зүйлээ зах зээлд борлуулах чиглэл рүү нь түлхүү анхаарч, орлогыг нь нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэхэд анхаарч ажиллана. 
-Баярлалаа. Ярилцах сэдэв өргөн ч өнөөдөртөө энэ сэдвээр өндөрлөе. 
-Баярлалаа Та бүхний ажилд амжилт хүсье.

Б.ОДМАА

  • Туяа
  • 1505
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 3 )

Mrs Lmz [127.255.255.255] 2022-11-04 15:21:03

Сайн байцгаана уу... Миний гэр бүл болон миний бахархал болсон доктор Коллинзийн дүрд би талархал илэрхийлмээр байна, тэр миний нэг бөөрийг өвчтөндөө маш их хэмжээний доллараар худалдаж авсан. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн и-мэйл хаягийг интернэтээс олж харан, түүнд талархаж, бөөрийг нь ямар ч дарамтгүйгээр худалдаж авсны үр дүнд хэрхэн санхүүгийн хувьд аврах болсон тухайгаа дэлхий дахинд хэлж байсан тул би шууд цахим шуудангаар хүсэлт гаргасан. Долоо хоног хүрэхгүй хугацаанд эмч надад шаардлагатай бүх анхаарал халамжийг үзүүлсэн бөгөөд би бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгө шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд зүүд шиг байсан тул доктор Коллинзтой холбоо барихыг уриалж байна. дамжуулан; Хэдэн сарын өмнө минийх шиг таны санхүүгийн гайхалтай байдлыг даван туулахын тулд doctorcollins3@gmail.com. Би эцэст нь томрохдоо үүнийг хийнэ гэж амласан. (doctorcollins3@gmail.com) WhatsApp_Дугаар +27783198318. Би бол Blexx. Тайландаас газар

Mrs Lmz [127.255.255.255] 2022-11-04 15:21:02

Сайн байцгаана уу... Миний гэр бүл болон миний бахархал болсон доктор Коллинзийн дүрд би талархал илэрхийлмээр байна, тэр миний нэг бөөрийг өвчтөндөө маш их хэмжээний доллараар худалдаж авсан. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн и-мэйл хаягийг интернэтээс олж харан, түүнд талархаж, бөөрийг нь ямар ч дарамтгүйгээр худалдаж авсны үр дүнд хэрхэн санхүүгийн хувьд аврах болсон тухайгаа дэлхий дахинд хэлж байсан тул би шууд цахим шуудангаар хүсэлт гаргасан. Долоо хоног хүрэхгүй хугацаанд эмч надад шаардлагатай бүх анхаарал халамжийг үзүүлсэн бөгөөд би бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгө шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд зүүд шиг байсан тул доктор Коллинзтой холбоо барихыг уриалж байна. дамжуулан; Хэдэн сарын өмнө минийх шиг таны санхүүгийн гайхалтай байдлыг даван туулахын тулд doctorcollins3@gmail.com. Би эцэст нь томрохдоо үүнийг хийнэ гэж амласан. (doctorcollins3@gmail.com) WhatsApp_Дугаар +27783198318. Би бол Blexx. Тайландаас газар

ESUIGEN [41.231.5.35] 2021-07-13 13:47:01

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313