БИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЭД ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛТОЙ АМЬДАРНА ГЭСЭН ҮГ БИШ

2021 оны 6-р сарын 21 өдөр

Сүүлийн хэдэн өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийн газрын асуудлаар олон нийтийн сүлжээгээр талцлаа. Учир мэдэх хүмүүс Ундармаа гэх  энэ эмэгтэйг дэмжсэн пост олныг олж харав. Гөлгөөгийн Ундармаа гэх энэ суга таягтай бүсгүй нийгмийн идэвхтэй. Аав нь түүнийг “Чи нэг харахад аймгийн баруун захад, нөгөө харах нь зүүн захад явж байх юм. Ямар их явах юм, гэртээ байгаач дээ” гэдэг байж. Тэр хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжлийн хоцрогдолд орохгүйн тулд өөрийгөө ийн дайчилж хичээж амьдарсаар ирсэн. Манай нийгмийн нэгэн төлөөлөл болох  түүнтэй илэн далангүй ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Ажил нь сайн уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв баригдах талаар сошиалаар нэлээн юм боллоо. Бидэнд тодорхой ойлголт өгөөч?
-Сайн, сайн  байна уу? Зориод ирсэн явдалд маш их баярлалаа. Азийн хөгжлийн банкны 5,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төв 2021 онд манай аймагт баригдах юм. Энэ Сэргээн засах төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүхий л төрлийн сэргээн засах эмчилгээ хийдэг, 0-6 насны хүүхдүүдийн хөгжлийн хоцрогдлын эрт илрүүлэг хийх, портэйз буюу хиймэл эрхтэн бэлдэх гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх л үйлчилгээ явагдах онцлогтой бүтээн байгуулалт. Барилга бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан орц, гарц нь налуу замтай. Ариун цэврийн өрөөний суултуур нь хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан олон улсын стандартад нийцсэн байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай маш олон хүн энэ төвөөр үйлчлүүлэх боломжтой. Манай улс, манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтэц хангалтгүй байдаг. Олон улсын стандартад нийцсэн энэ төв баригдсанаар бусад байшин барилгууд дагаад өөрчлөгдөж энэ төрлийн иргэдэд үйлчлэхийн тулд ийм шат, бариул хийх ёстой юм байна гэсэн өргөн ойлголтыг авах байх. Бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвтэй хамт  хөгжлийн хоцрогдлын талаарх шинэ ойлголтыг хөрсөнд суулгах учиртай юм. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгохоосоо өмнө тухайн хүүхэд оюун санаа, бие махбод, чадварын хувьд ямар төвшний хоцрогдолтой байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үүний үндсэн дээр хүүхдэд тохирсон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж сургана. Япон, АНУ-д хэрэгжсэн Портеж гэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил ахина. Хөгжсөн хүний амьдралын төвшин дээшилнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засах төв нь өргөн утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын төв юм. Бидний уулздаг, санал бодлоо солилцдог, бие биенээсээ суралцдаг, хамтдаа хөгждөг орчин байх болно.
-Залуучууд Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн мод зүлгийг устгах гэлээ гэж эсэргүүцээд байна уу даа?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засах төв барихдаа Найрамдал цэцэрлэгт хүрээлэнг устгах гэж байгаа юм шиг ойлголтыг иргэдэд өгч, залуусыг турхирсан нь маш харамсалтай. Барилгын ажил хийгдэх талбай болон хашаажуулалт хамгаалалтын бүсэд нийт  хорь гаруй ургаа мод таарч байгаа юм билээ. Эдгээр модыг мэргэжлийн компани нь шилжүүлэн суулгах юм. Хамгийн чухал нь бид хөгжилд ойр байх уу, үгүй юу гэдэг асуудал. Сэргээн засах эмнэлгийн үйлчилгээ авдаг болно гэхээр манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүдэнд цог бадарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засагдана, эцэг эхчүүд нь ажлын байртай болно, тэр хэрээр амьдралын төвшин  дээшилнэ. 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд байнгын сэргээн засах эмчилгээнд хамрагдах ёстой байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Би өөрийнхөө туулсан амьдралыг яръя л даа. Би хөгжлийн бэрхшээлтэй болсон цагаасаа хойш нэг гараа таван удаа, хөлөө хоёр удаа, нөгөө гараа хоёр удаа хугалж байсан. Бидэнд зориулсан дэд бүтэц хүртээмжгүйгээс бэртэж гэмтэх тохиолдол олон. Энэ бүхэнд сэргээн засах эмчилгээ үйлчилгээ шаардагдана. Хүний амьдрал алга урвуулахын төдий өөрчлөгддөг. Хэнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Миний дүү осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Одоо 37 настай хэр нь 16 настай хүүхэд шиг харагддаг. (Уйлав) Осолд орсныхоо дараа сэргээн засах эмчилгээ бүрэн хийлгэж чадаагүй учраас биеийн байдал нь дээрдээгүй. Энэ мэт сэргээн засах эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг цаг тухайд нь аваагүйгээс гарсан хүндрэл бэрхшээлтэй хүн манайхны дунд олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засах төвөөр аймгийн бүх л хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлнэ. Малчин айлд байгаа тэргэнцэртэй иргэнийг ч бид мартах ёсгүй.
-Та хэдэн наснаасаа таяг тулсан бэ?
-Би ой зургаан сартайдаа полиомиелит саа гэдэг өвчнөөр өвдсөн. Тухайн үед Сүхбаатар аймагт тэр муухай өвчнөөр арван нэгэн хүүхэд өвдсөнөөс цөөн хэд нь амьд үлдсэн гэдэг. Эмнэлэг өвчний оношийг олохгүй, хүүхдүүд  эхнээсээ эндэж, эхлэхэд аав минь намайг аваад Улаанбаатар хот руу явсан юм билээ. Хотод ирээд миний дөрвөн мөч  сул тавьчихсан, ухаангүй байсан гэдэг. Улаанбаатарт очоод шээс өтгөний шинжилгээгээ Орос улс руу илгээж  полиомиелит саа гэдэг өвчин болохыг оношилсон. Ингээд долоо нас хүртлээ хэвтрийн байдалтай байж найман наснаасаа таяг тулж явдаг болсон. Миний хүүхэд нас эмнэлгээс ер салаагүй.  
-Бидний амьдарч байгаа цаг үе техник технологийн хөгжлийн үе. Таны туулж ирсэн энэ зовлонг бусад хүүхдүүд бүү туулаасай?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийг бариулаад өгөөч гээд тэмцээд байгаа учир шалтгаан ердөө л энэ. Аз жаргалтай хүүхэд насаа над шиг орон дээр хэвтэж битгий өнгөрүүлээсэй. Сая болсон үйл явдлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх Аймгийн Засаг даргатай уулзсан. Тэд өөрт тохиолддог зовлон бэрхшээлийнхээ тухай ярьж уйлж байна лээ. Би 1998 онд Хэрлэн сумын тавдугаар сургуулийг төгссөн. Миний бага насанд тэргэнцэр суга таяг ховор ээж минь сургууль руу намайг үүрээд  явна. Багш сургуулийн хашаанаас анги руу үүрч оруулна. Хүүхэд л юм хойно найз нөхөдтэйгээ ангиасаа гарч орохыг хүснэ. Спорт заал, ариун цэврийн өрөө рүү ангийнхан минь намайг үүрч оруулна. Шалны модоор таяг хийгээд түшнэ. Стандартын бус юм чинь таягнаасаа болоод олон удаа халтирч унасан. Гар хөлөө гэмтээнэ, дахиад эмнэлэгт хэвтэнэ.  Тэр цагаас хойш өдий хүртэл амьдрахдаа жил бүр сэргээн засах эмчилгээнд хамрагдаж, рашаан сувилалд тогтмол явж , эмнэлэгт  дургүй болтлоо хэвтсэн. Түүнийхээ хүчинд өдий зэрэгтэй амьдарч явна. Миний хоёр гар, баруун хөл саажилттай, зүүн хөл л эрүүл. Сайхан анги хамт олон, багш, найз нөхдөөр хүрээлүүлсэн болохоор ганцаардаж үзээгүй. Намайг хүүхэд байхад нийгэм өөр байсан. Одоотой харьцуулахад хүмүүс нэг нэгнээ хүндэлдэг, тусалдаг, дэмждэг, үүрээд явдаг байлаа.  Өнөөдрийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бусдаас өөр гэж ялгалгүй хамтдаа хөгжихийг эрхэмлэх болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүхдүүдтэй нэг сургуульд сурснаар таны хүүхэд бусдад тусалж дэмжлэг үзүүлдэг хүмүүнлэг хүн болж өснө. Найзыгаа хайрласнаар бусдыг хайрлах ухаанд суралцана.   
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэм ямар тусламж дэмжлэгийг үзүүлж байх ёстой юм бэ?
-Олон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гурван зүйлийг маш чухалд үздэг. Нэгд, дэд бүтцийн хүртээмж. Энэ нь зам, гарц, тэмдэг тэмдэглэгээ гэх мэт. Тухайлбал 100 хувь хараагүй хүн ганцхан тод өнгө ялгадаг учир барилга байгууламжийн шат гарцыг тод шар өнгөөр тэмдэглэдэг байх нь. Хоёрт, хандлагын хүртээмж. Энэ бол мэдээж тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай энэ иргэдэд олон нийт хэрхэн хандаж байгаа хандлагыг хэлж байгаа юм.  Өнгөрсөн хэдэн өдөр болсон үйл явдлаас харахад манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хандах хандлагын хүртээмж “тэг” байгаа юм байна гэж ойлгосон. Гуравт, мэдээллийн хүртээмж. Телевизүүд мэдээ мэдээллийн хөтөлбөр, зар сурталчилгаагаа дохионы хэлний орчуулгатай хүргэдэг болсон байна. Энэ нь мэдээлэл тэгш хүртээмжтэй байгааг харуулж байна гэсэн үг.
-Манай аймагт хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна вэ?
-Манай аймагт 4215 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1000-аад хүүхэд бий. Үүнээс хүүхдийн эрүүл мэнд,  нийгмийн хамгаалал, боловсролын салбар зөвлөлөөр байнгын асаргаа нь тогтоогдсон 500 гаруй хүүхэд байдаг. Аутизм болон Дауны өөрчлөлттэй хүүхдүүдэд тусгай хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй.
-Та ямар сургууль төгссөн бэ?
-Би арван жилийн сургуулиа төгсч Монгол Улсын Их Сургуулийн Антропологийн анги авсан. Тухайн үед аав минь чамайг Улаанбаатар хотруу ганцааранг чинь явуулж чадахгүй гээд суралцаж чадаагүй. Дараа жил нь Монгол Мэдлэгийн Их Сургуулийн Монгол-Англи хэлний ангид дөрвөн жил сурсан. Ингээд Улаанбаатар хотод ажиллаж амьдран өөрийгөө чадавхижуулах олон улсын төсөл, хөтөлбөрт сургалтад хамрагдсан.  Шашин, нам гээд амьдралынхаа турш өөрийгөө хөгжүүлэх бүх боломжид чадах чинээгээрээ хичээж оролцож ирсэн.
-Одоо хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ямар ажил эрхэлдэг билээ?
-2016 онд би аймгийн ХХҮГ-т олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. Иргэдэд аймгийн ХХҮГ-аас асууж тодруулах олон асуулт байдаг. Иргэдийн цаг завыг  хэмнэх, төрийн үйлчилгээг хүндрэлгүй, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор 70582255 нээлттэй утас ажиллуулж эхэлсэн. Энэ утсан дээр би суудаг байсан.  2019 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын Яам, Жайка олон улсын байгууллагатай хамтарсан Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын сургалтын сургагч багш болж одоо сургалт хөгжил хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Сүүлийн үед Портеж эрт боловсролын хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх төсөлд хамрагдан суралцаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны асуудал хүнд байдаг. Та энэ асуудлыг өөрийнхөө хувьд шийдэж чадсан харагдаж байна. Бусдад юу гэж зөвлөх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр гэдэг хэцүү зүйлийг туулсан. Аав маань бурхны орондоо явж айлын том охины хувьд ээж, дүү хоёроо түшиж тулах шаардлагатай болсон. Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаад нутагтаа ирж ажил хийе гэсэн хүсэлдээ хөтлөгдөж олон газраар орж гарсан. Намайг ажилд авах хүсэлтэй байгууллага байгаагүй ээ. Гэхдээ би шантраагүй. Намайг ажилд авсангүй, над шиг хүнд ажил олдохгүй юм байна гэж гомдоллоогүй. Тэр хүмүүсийн хэрэгцээ шаардлага нь өөр байсан биз гэж бодоод өөрөө өөртөө ажлын байр бий болгосон. Гэртээ тараг бүрж, савлаад хүнсний дэлгүүрүүдэд тарааж борлуулдаг байлаа. Гэрийнхэн минь болиоч өөрийгөө битгий зовоо чамайг тэжээх боломж нь байна гэхэд нь би зүгээр суухыг хүсээгүй. Үүний дараа “Янмал” Монгол оймсны нэрийн дэлгүүрийг ажиллуулсан. Улаанбаатар Дорнодын хооронд оймсоо өөрөө  чирч ирнэ. Монгол оймсны дэлгүүрээ таван жил ажиллуулсан. Одоо төрийн албан хаагч болох гэж,  төрийн байгууллагад тэнцэхийн тулд өөрийгөө боловсруулсаар явна. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн юунд ч битгий шантраасай, үргэлж хөгжил рүү тэмүүлж байгаасай гэж хүсдэг. Манай аймагт нийгмийн идэвхтэй 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ тоог дор хаяж 1000 болгох юмсан. 1000 хүн нийгэмд идэвхтэй амьдрахад бидний орчин нөхцөл тэс өөр болно. Халамж харж амьдрах биш, хүн шиг хөдөлмөрлөж хамтдаа хөгжиж амьдрах нь миний хүсэл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид мэдлэг, ур чадвар, боловсролоо дээшлүүлье. Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдъя. Нийгмийн идэвх оролцоотой байя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөгжих ямар боломж байна. Түүнийг бий болгохын төлөө цаашдын ажил хөдөлмөрөө зориулах болно.
-Та өдийг хүртэл юу мөрөөдөж амьдарсан бэ?
-Миний хүсэл мөрөөдөл хязгааргүй ээ. \инээв\ Ялгаварлан гадуурхалтгүй нийгэм байгаасай л гэж хүсдэг. Ялгаварлан гадуурхалт гэдэг хүний шар үс босом, огиудас хүрэм хамгийн муухай мэдрэмж. Тийм мэдрэмжийг хэн ч битгий мэдрээсэй гэж хүсдэг.
-Таны амьдралд тохиолдсон хамгийн сайхан итгэл найдвар гэвэл?
-Том охиноо төрүүлээд дөчин цаг унтаагүй охиноо хараад үнсээд л байсан. Би байнгын хэвтрийн дэглэмтэй байж том охиноо тээсэн. Хүүхдээ тээх, төрөх  явцад эмч эмнэлгийн ажилтнууд надад анхаарал халамж маш сайн тавьсан. Үнэхээр ялгаварлан гадуурхалт гэдгийг мэдрүүлээгүй. “Ундармаа чамд гурав дөрөв дэх төрөлт гэж бий шүү.  Чи олон хүүхэдтэй болох бүрэн боломжтой шүү” гэж итгэл өгч байсанд баярлаж явдаг.
-Хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй таны төлөө хэлж байна гэж бодож чи хэрэггүй ээ, зүгээр байж бай гэх мэтээр аливаа хүсэл сонирхлыг чинь хязгаарлах  тохиолдол байдаг байх. Харин та хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд өөртэйгээ адил хүмүүст юу хэлэх вэ?
-Яг үнэн. Хүмүүс миний төлөө надад санаа зовсондоо “тэгээд яах юм, ингэх хэрэггүй” гэж хэлдэг. Түүнийг нь ч би мэднэ. Гэхдээ бид хөгжил дутуу гээд хүнээс дутаж амьдрах ёстой гэсэн үг биш шүү дээ. Тухайлбал, миний амьдралынхаа турш хамгийн их сонссон үг гэвэл  “Хэрвээ би чиний оронд байсан бол гэртээ л хэвтэж байх байсан”.  Үгүй ш дээ. Амьдрал ийм сайхан байхад яагаад үхлээ хүлээж байгаа юм шиг зүгээр л хэвтэх гэж. Гутарч гунилаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, сэтгэлийн тэнхээгээрээ даван туулж,  би юу хүсч байна, юу хийж чадах билээ, юу хийвэл хөгжих вэ гээд ирээдүйд итгэлтэй амьдрах ёстой. “Чи хэнээс ч хамаагүй нэг хүүхэдтэй болчих. Хүүхэд чинь чамайг аваад явчихна даа” гэж мөн ч олон хүн надад хэлсэн. Тэр болгонд яагаад би халуун дулаан элэг бүтэн амьдралтай болж болохгүй гэж. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй гэхээрээ өрх толгойлж, ядуу зүдүү хэн нэгнээс хараат амьдрах ёстой юм бэ. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхэд насаараа ээж ааваасаа болж бусдаас дутуу амьдрах юм гэж бодон өөрийгөө хурцалж ирсэн. Хүмүүсийн хэлсэн шиг амьдрахгүйн төлөө хичээсэн. Өөртөө сэтгэл хангалуун, эрхэлсэн ажилтай, үр хүүхэд, хань ижилтэй төвшин амьдрах л бидний хүсэл. Бид хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжлийн хоцрогдолд орох ёсгүй.
-Аав, ээж тань таныг зөв сайхан хүмүүжүүлсэн шиг санагдаж байна.  Ямар хүмүүс байдаг вэ?
-Миний аав Гөлгөө гэж  МУИС төгссөн биологийн багш хүн байсан. Ээж минь УБИС-ийг Физик-Математикийн багш мэргэжлээр төгссөн, Хэрлэн сумын тавдугаар сургуульд 32 жил багшилсан хүн бий.  Аав, ээж хоёр минь хоёулаа багш, тэр үеийн сэхээтэн хүмүүс л дээ. Аав минь хүүхэд байхаас л энэ модыг ингэж тарьж ургуулдаг. Тэр шувуу ингэж дуугарч, үүрээ ингэж засч нүүдэллэдэг гээд танин мэдэхүйн сонирхолтой зүйл их ярьдаг хүн байлаа. Миний аав дөчин долоонхон насандаа зүрхний шигдээс өвчнөөр хорвоог орхисон. Хамгийн сүүлд аймгийн Мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчаар ажиллаж байлаа. Найз нөхөд олонтой, дуутай шуутай их нийтэч хүн байсан даа.  Ээж минь энэ амьдралынхаа турш яг л миний найз шиг бүх л зүйлд хажууд минь байсаар ирсэн, даруухан Монгол эмэгтэй бий. Би хөгжлийн бэрхшээлээсээ болоод ч тэрүү их дураараа өссөн. Аав л намайг дарна. “Яаж амьд үлдсэнээ санаарай чи” гэдэгсэн.
-Ярилцсанд баярлалаа амжилт хүсье.

Б.Уранчимэг

 

  • Туяа
  • 610
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313