ЖИЖИГ ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУ ХӨДӨЛГӨХ ХҮН

2021 оны 6-р сарын 14 өдөр

Тэр үргэлж яаруу явах. Ямар сайндаа нэг удаа яарч яваад машинд шүргүүлчихээд шүргэсэн машиных нь жолооч айж мэгдэн “ахаа, эмнэлэг явах уу” гэхэд нь “юу яасан эмнэлэг, хүн яарч явахад” гээд гүйгээд алга болсон гэдэг. Бас нэг удаа ажлынхаа фургон машинаас гэрийнхээ үүдэнд үсрээд буутал траншейны нүх рүү уначихаж. Дээрх тохиолдлуудад түүнээс өөр хүн бол холбогдох байгууллагад нь хандаж, эмнэлэг дуудаж сүйд болох байтал “Тээглэсэн юм чинь урдуур хөндөлсөөд” гээд хувцасныхаа шороог  гүвсэн болоод цааш одохов дээ. Тэр яг л ийм хэмнэлээр ажил, амьдралаа амжуулж явдаг хүн. Тэр гээд байгаа нь Бямбаагийн Ганболд болохыг уншигч та бараг л гадарласан байх. Тэрээр Дорнодын Улаанзагалмайн хороог 22 жил удирдсан. Тийм болохоор Ганболдыг  Улаанзагалмайгаас салгаж ойлгоход бэрх. Амьдралынхаа гуч гаруй жилийг тэр хүмүүнлэгийн үйлсэд зориулж явна. 

ГАВЬЯАТ БОЛСОН ХҮМҮҮЖИЛ
Б.Ганболд даргаас -Та Улаанзагалмайд анх яаж хөл тавьсан бэ? гэвэл -Би 1998 онд Дорнодын Улаанзагалмайн тамгыг хүлээж авсан. Монголын Улаанзагалмайн байгууллагын хувьд хүнд цаг үе байлаа. Бүх зүйлийг “тэг”-ээс эхэлсэн дээ. Үйл ажиллагаагаа  олон нийтэд таниулах гэж дөрвөн жил зүтгэсэн. Тэгсэний дараа манай байгууллагаар хүн орж гарахтайгаа болж билээ. Энэ байгууллагад анх хөл тавихад гэрийн суурь хүмүүжил маань их нөлөөлсөн. Манай аав, ээж тэрэнд тэгж туслах юмсан, энийг ингэж дэмжих юмсан гэсэн хүний төлөө сэтгэлтэй  хүмүүс байлаа. Ээж минь 40 жил БОЭТ-д ажилласан эмч хүн. Чойбалсан сумын Хүн эмнэлгийн анхны даргаар ажиллаж, удирдах албан тушаалыг олон жил хашсан. Миний аав Орос, Болгар хэлтэй. Аймгийн төвийг тойрсон зөвлөлтийн цэргийн ангиудыг хүнсээр хангадаг, ОХУ, Эрхүү, Улаан-Үд, Чита руу бараа бүтээгдэхүүн гаргадаг Хүнсний комбинатын хангамжийн мэргэжилтэн байсан юм. Хүүхэд гэдэг чухамдаа эцэг эхийн толь шүү дээ. Аав ээж минь намайг загнаж зандрахаас илүү зааж, сургаж үлгэрлэж өсгөсөн. Би ч мөн адил хоёр хүүгээ учирлаж, ойлгуулж хүмүүжүүлэхийг хичээдэг. Одоогийн хүүхдүүд тийм брэндийн цүнх, ийм брэндийн гутал гэж их ярих юм. Бид оюунаараа брэнд байх ёстой. Уншсан ном, үзсэн харсан зүйл, харьцааны соёл, биеэ авч явах чадвар чинь өөрөө бидний брэнд шүү дээ. Хүн эд материалаар гоёхоос илүү, мэдлэг боловсролоороо гоёх ёстой гэж боддог. Миний хоёр хүү БНСУ-д доктор, магистрын зэрэг хамгаалахаар сурч байна. Би сэтгэлээрээ баян хүн. Хүүхдүүдээ хэнийг ч ялгаварлахгүй хүн болгонтой тэгш, сайхан харьц.  Гадна харагдах байдлаар нь хүнийг дүгнэж болохгүй. Гаднаа мянган сайхан харагдавч хөө шиг хар сэтгэлтэй хүн байхад, ядруу дорой харагдавч сүү шиг сайхан сэтгэлтэй нэгэн байдаг гэж захидаг юм” гэлээ. Хүний төлөө гэсэн түүний гэр бүлийн хүмүүжил нь Монголын Улаанзагалмайн анхны Гавьяат болгосон биз ээ. Тэрээр “Миний хийсэн жаахан хөдөлмөрийг төр товойлгон үнэлсэнд хязгааргүй баярлаж байна. Төрдөө үнсүүлээд илүү олон хүнийг баярлуулах ёстой юм байна. Илүү ихийг хийж бүтээж, илүү олон хүнд итгэл найдвар түгээх ёстой юм байна гэдэг үүрэг авлаа гэж ойлгосон” гэх.

УЛААНЗАГАЛМАЙ ХҮМҮҮНЛЭГИЙН Ч, ХҮМҮҮЖЛИЙН Ч БАЙГУУЛЛАГА
Б.Ганболд Дорнодын Улаанзагалмайн хороог хүмүүжлийн байгууллага болгосон. Эдний хамт олон аймгийнхаа боловсролын байгууллагатай нягт хамтран ажилладаг. Энэ нь юун дээр анзаарагдаж байна гэхээр бид хүүхдүүдээ өсвөрийн улаанзагалмайн гишүүн болоход за хандив нэхэх нь дээ гэж хүлээж авах биш өргөн агуулгаар нь харах хэрэгтэй юм байна. Өөрөөсөө хуваалцах гэдэг чинь бусдыг хүндэлж, хайрлаж, дэмжиж тусалж чаддаг зан чанар, өгөх ухаан юм. Дорнодын Улаанзагалмайн хороо багачуудыг багаас нь өгөх ухаанд сургаж буй юм билээ. Хүүхдийг багаас нь хүмүүнлэг, энэрэнгүй зан төлөвт суралцуулах олон арга тэдэнд байна. “Атга будаа” аянд оролцсон хүүхэд Улаан загалмайгаар дамжуулан бусдад тусалж, бусдыг хайрлаж сурч байна. “Улаанзагалмайг хэн сайн мэдэх вэ” гар зургийн уралдаанаар бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн боловсролоо ахиулж, авьяас чадвараа нээж байна. Хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачлагатай оролцсон хүүхдүүдийг урамшуулснаар бусдад үлгэр дууриал болох манлайлах чадварт суралцуулж байна. Бид ингэж харж чадвал өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдгийг мэдэрнэ. Хүүхдээрээ дамжуулан Улаанзагалмайч болсон эцэг эх олон гэнэ. Үнэхээр өнцгөө зөв барьж авчээ. Дорнодын Улаанзагалмайн хорооны боловсролын байгууллагатай хамтран ажилладаг энэ туршлага Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймагт хэрэгжиж үр дүнгээ өгчээ. Өнгөрсөн жил Монголын Улаанзагалмайн түүхэнд анх удаа Дорнодын Улаанзагалмайн хороо сумын нэгжээ байртай болгосон байна. Дашбалбар, Баяндун сумын иргэд өөрийн хөрөнгөөрөө сумандаа Улаанзагалмайн байр барьсан нь эдний хамт олны том дэвшлийн нэг.  Энэ жил Цагаан-Овоо сум Улаанзагалмайн байртай болохоор төлөвлөсөн гэх. Олон олон хүүхэд хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж хүмүүжих нь гарцаагүй.   

БҮГД ХАМТЫН ХҮЧ
 Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Улаанзагалмайн хороогоор орох бүр гялалзаж гялтганан өнгө нэмсэн харагддаг. Энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл гэсэн энэ байгууллагын үндсэн зарчим ханан дээр нь дурайна. Улаан загалмайн даргын өрөөнд ороход наашаа суу, юу уух вэ? гээд уриалгахан угтаж ажлаа л ярина. Б.Ганболд дарга миний мэдэхийн л сүүтэй цай ууж, тамхи баагиулан, үг яриа нь ар араасаа ундарсан ийм л хүн. - Танайх орж ирэх бүр гоё болсон байх юм аа? гэвэл – “Нэн тэргүүнд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй.  Ингэж гэмээнэ тэд ажилдаа, дуртай, сэтгэлтэй хандана. Ажлын байр ая тухтай, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, дэг журамтай бол ажил хийхэд урамтай шүү дээ. Ер нь тэгээд өөрийн асуудлыг шийдээгүй байж өрөөлийн асуудлыг шийднэ гэж үгүй. Манай ажилчид надтай хамт дээд тал нь 18 жил, багадаа л 8 жил ажиллаж байна” гэх. Нээрэн ч ажилчид тогтвор суурьшилтай байна гэдэг байгууллагын урагшлах хүч, амжилтын үндэс юм даа.  Тэрээр “Ганболдын сайных гэж юу байх вэ, бүгд хамтын хүч. Улаанзагалмайн хүч нь гишүүд дэмжигчид, сайн дурынхны  сэтгэл шүү дээ.  Тэдний өгөөмөр сэтгэлээр бидний ажил улсдаа жишиг болон үнэлүүлж байна. Өнөөдөр биднээс гарсан сайхан сэтгэл ирээдүйд үр хүүхдэд минь буян болдог бичигдээгүй хууль бий” гэх.  Тэр өдөрт 20-30 хүнтэй уулзана. Хоол хүнсгүй болсон, орон гэр нь шатсан, гадагшаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай гээд төрөл бүрийн асуудлаар Улаанзагалмайд хандана. Тэр болгонд Улаанзагалмайн хороо нуруугаа харуулсан удаагүй. Дорнод аймгийн Улаанзагалмайн хороо жилдээ аймгийн төсвөөс 10 сая төгрөгийн дэмжлэг авдаг. Энэ арван сая төгрөгөө буцаагаад 100 сая болгож олон нийтэд түгээдэг. Ковид-19 вирус гарснаас хойш улс орны нийгэм, эдийн засагт асар их өөрчлөлт гарсан. Дэлхийг нөмөрсөн энэ аюулт цар тахалтай найман настай балчраас 80 настай буурай хүртэл тэмцэж байна. Монголын Улаанзагалмайн нийгэмлэг хүнд хэцүү цагт 2560 мянган айл өрх тус бүрд 60 мянган төгрөгийн хүнсний багцын тусламж хүргэсэн бол  Дорнод аймгийн Улаанзагалмайн хороо 1050 айлд 112 сая төгрөг, 10 өрхөд одоо таван ханатай Монгол гэрээр тусламж үзүүлжээ.  “Аймгийн Засаг дарга хүмүүнлэгийн үйлсэд зориулж 37 сая төгрөгийн фургон автомашин манайд гардуулсан. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн альфард машин бэлэглэсэн. Энэ жил манайх машины даллагатай байгаа. Намайг голын эргээр зугаалаад хэсч тэнэдэг бол юу гэж ингэтлээ итгэл хүлээлгэх билээ. Ажлаа аятайхан хийж байгаа болохоор хөдөөгийн малчдад хүрч ажиллаарай. Цас зуд байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдоход иргэдэд тус дэм болоорой гэж үйл ажиллагааг минь дэмжсэн хэрэг” гээд Б.Ганболд дарга хоёр машинтай болчихсон маадгар сууна билээ. 

ЖИЖИГ ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУ ХӨДӨЛГӨХ ХҮН
Улаанзагалмайн байгууллагын үйл ажиллагаанд хил хязгаар гэж үгүй. Тэд яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал, арьс өнгө, хэл соёл үл хамааран тусламж дэмжлэгээ түгээдэг. Дорнод аймгийн Улаанзагалмайн хорооны гадаад харилцаа үнэхээр үлгэр жишээ сайн хөгжсөн. Монголын Улаанзагалмайн 37 хороод дотор Дорнод аймаг шиг зургаан улстай гадаад харилцааны хамтын ажиллагаатай хороо үгүй. Гаднын улс орнуудаас тусламж дэмжлэг авна гэдэг нарийн ухаан. Б.Ганболд даргад хүнд итгэл төрүүлэх авьяас бий. Тэр гадаадад зочлохдоо хэзээ, хэнтэй, ямар асуудлаа, яаж  ярихаа эртнээс бодож төлөвлөдөг гэнэ лээ. За тэгээд харилцаа тогтоосон улс орноосоо ганзага хоосон ирнэ гэж үгүй дээ. Өөрөө чирээд, өрөөлөөр дамжуулаад ар өвөртөө хийгээд тусламж дэмжлэгээ аваад л ирэх. Тухайн улс орнуудын өгсөн хандивыг эзэнд нь хүргэж, эргээд тайлагнадаг нь дахин харилцах итгэл бий болдог гэнэ лээ. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэдэг энэ. Тэр давхардсан тоогоор дэлхийн 70 оронд хүмүүнлэгийн ажлаар зочилжээ. Өвөрмонголын Өөртөө Засах орны Ерөнхийлөгчтэй нэг ширээнд тохой залган сууж хоол идэж, Хятадын Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн даргатай гар барьж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой Олон улсын хуралд зэрэгцэн сууж явсан том эрхэм. Биднийг ярилцаж суух зуур тэр Солонгос улс руу ясны хавдартай 6 настай охин, 35 настай залууг хөнгөлөлттэй үнээр хагалгаанд оруулах тухай асуудлыг шийдэж амжлаа. Дорнодын Улаанзагалмайн гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд олон хүн дотооддоо хүртэж чадахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадсан. 2019 онд Булган сумын малчин айлын хүүхдэд 100 сая төгрөгийн хагалгааг үнэгүй хийлгүүлжээ. Өнгөрсөн жил Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2 их эмчийг БНСУ-д 45 хоног үнэ төлбөргүй сургалтад хамруулсан. Аймагтаа өвдөгний үе солих гэмтлийн тасаг байгуулсан. БОЭТ-д Швейцар улсаас 10 эмнэлгийн ор хандиваар авчирч байна. Хамгийн сүүлд гэхэд Хятадын удирдагч Ши Жинь Пиний санаачилсан “Нэг бүс, нэг зам” хамтын ажиллагааны хүрээнд Бээжин, Хөх хотоос нарийн мэргэжлийн эмч нар ШББХ-ны Алтан-Эмээлд ирэхэд Дорнод аймгийн 580 өвчтөнг илгээж оношлуулан 58 хүнд нүдний болор солих хагалгааг үнэ төлбөргүй хийлгэсэн байна.
      Хоёр жилийн өмнө манай аймагт Олон улсын Улаан загалмайн үнэлгээний баг иржээ.  Энэтхэг, Веьтнам, Мали, Молдав, Хятад, Япон улсын төлөөлөл багтсан баг  Дорнод аймгийн Улаанзагалмайн хорооны ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Дөрөв хоног ажилласан тэд, “Бид танай байгууллагыг шалгахдаа их зүйлийг сурлаа” гээд буцжээ. Түүгээр ч зогсохгүй манай оронд зочилж туршлагаа хуваалцаарай хэмээн урьсан гэх. Энэ мэт Дорнодын Улаанзагалмайн хороо гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр...

“УЛААНЗАГАЛМАЙН” ГАНБОЛД
Би түүнээс -Та ядарч байна уу? гэж асуухад  - Надад ядарна гэсэн ойлголт байхгүй. Би аливаа асуудалд стрессддэггүй. Асуудлыг хуримтлуулахгүй дор нь шийдээд цаашаа явдаг. Ингэж тархиа хөнгөн байлгах хэрэгтэй. Энэ олон жил ажиллахдаа би нэг удаа ч ээлжийн амралт авч байгаагүй. Нэг удаа Флиппинд явж байгаад нуруунаас дошоо бие мэдээгүй болж, тэр даруй Монгол руугаа ниссэн. Онгоцноос буугаад нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэлээ. “Юун хагалгаа, би тийм юм хийлгэхгүй, хүүхдүүдээрээ шарил зөөлгөнө гэж байхгүй шүү нутаг буцна” гээд  гэртээ ирсэн. Тэр дариугаа Хайлаар хотын Улаанзагалмайтай ярилаа. “Та одоо хүрээд ир” гэж байна. Бага хүү маань намайг аваад онгоцоор Хайлаар явсан. Тэнд 10 хоног эмчлүүлээд хөл дээрээ боссон. Миний нутгийн маш олон аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд  намайг хурдан эдгээрэй гээд сэтгэлийн хандив санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тэгэхэд өөрийгөө би үнэхээр Улаанзагалмайн ажлыг хоёргүй сэтгэлээр хийсэн байна гэж бодож билээ. Хайлаарын Засгийн ордон танаас бид нэг ч төгрөг авахгүй гээд эмчилгээний бүх зардлыг дааж, эрүүл саруул, эрч хүчтэй ажиллаарай гээд бэлэг хүртэл өгсөн. Би Хайлаараас суга таягтай ирээд АНУ-д НҮБ-ын чуулганд оролцсон. Тэнд очоод хоёр хоноод таягаа хаяад ирсэн дээ. Түүнээс хойш одоо хүртэл өвдөөгүй. Тэгэхэд л өвчтэй байж хэд хоног амарсан байх. Би энэ байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа завшиж амиа бодож довоо шарлуулж явсан бол хүмүүс надад тийм сайхан халуун сэтгэл гаргахгүй байсан. Өвчин зовлон намайг аваад л явах байсан байх” гэж тэр ярив.

Багахан хугацаанд бид их зүйлийн талаар ярилцаад тэр аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралтай гээд надаас өрсөж өрөөнөөсөө гараад гүйлээ. Энэ л Улаан загалмайн Ганболд буюу.  

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 436
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313