ХҮҮХДИЙН ХҮЙНИЙ ЛУГШИЛТЫГ МЭДРЭХ ХАМГИЙН САЙХАН

2021 оны 6-р сарын 7 өдөр

БОЭТ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч бага эмч Оюунсүрэнгийн ХАНДСҮРЭН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншснаар “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан олон зуун үрсийн “Хүйн ээж” гэх хүндэт нэрийн эзэн болсон эх баригч бүсгүйг энэ удаагийн дугаартаа онцлов. Хүний “давхар амь” хариуцна гэдэг асар их хариуцлагаас гадна мэргэжлийн ур чадвар, мэдрэмж зориг шаардана. Тиймээс эх баригч хүний ажил мэргэжлийн амтлаг агаад исгэлэнг илүү мэдэхийг зорилоо.
-Дөнгөж амаржсан эхийн үрээ харж байгаа  харц ямар уяхан, ямар энхрий зөөлөн байдаг бол. Тэрхүү эгшнийг дэргэдээс нь харахад өөрт тань ямар мэдрэмж төрдөг вэ?
-Үнэн гэх бүхий л зүйл тэр харцанд оршиж байгаа юм шиг санагддаг. Өөрөө эх болсныхоо дараа л энэ мэдрэмжийг илүү гүн ойлгосон. Эх хүн бүрт энэ мэдрэмж хамгийн үнэ цэнэтэй, хамгийн дурсамжтай байдаг болов уу.
-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?
-АШУИС-ийн салбар сургууль болох Дорноговийн анагаахад 2006 онд Эх баригч бага эмчээр суралцсан. 2009 онд төгсөж ирсэн жилээ БОЭТ-ийн Сэхээний тасгаас ажлын анхны гараагаа эхэлж байлаа. Оюутны ширээний араас дөнгөж ирсэн хүнд Сэхээний тасагт ажиллахад сэтгэл зүйн хувьд хүндхэн санагдсан шүү. Энэ тасагт өөрийн ухаангүй, өвчний байдал хүндэрсэн хүмүүс ирнэ.  Тэр үед улсын баяр наадам болж байсан болоод  ч тэр үү осол аваарт өртсөн, гэмтэж бэртсэн хүмүүс их. Тасагтаа дөнгөж орж ирээд тусламж үзүүлж байхад газар дээрээ хүн өөд болохыг үзээд “Би ямар хүнд мэргэжил сонгочихсон юм бэ” гэж халширч, тарианыхаа өрөөнд ороод сэмхэн уйлаад гарч ирж байсан үе зөндөө. Гэхдээ “Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон учраас надад ухрах гарц байхгүй. Би урагшлах л ёстой” гэж өөрийгөө хурцлаж байлаа. Сэхээний тасагт хоёр сар гаруй ажиллаад Төрөх эмэгтэйчүүдийн тасагт шилжсэн. Тэр цагаас өдийг хүртэл 12 дахь жилдээ ажиллаж байна даа.
-Эх баригч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу байв?
-Хүүхэд байхын эмнэлгийн хүн л болно гэдэг байсан. Наймдугаар ангид байхад өвөөгийн маань бие  өвдөж эхлэхэд айл гэрт нэг эмнэлгийн хүн байх  хэрэгтэй  гэсэн бодол намайг энэ мэргэжил рүү улам ойртуулсан. Их эмч болно гэсэн зорилго тавиад өөрөө бие дааж хими, биологийн хичээлээ нүдсээр байгаад конкурсдсэн. Хувиараа сонгох гээд орсон чинь их эмчийн хуваарь дуусч дараагийн бүх мэргэжил нээлттэй болчихсон байсан. Тэгсэн ээж намайг Гаалийн байцаагчийн ангид оруулах гэж ятгасан ч “эмнэлгийн хүн” болно гэж нэгэнт шийдсэн хүн чинь ээжийн саналыг огт авч хэлэлцээгүй шд. /инээв/ Их эмч болж чаддаггүй юм бол бага эмч болъё гээд эх баригч бага эмчийн ангийг сонгосон. Одоо бодоход тухайн үед эмээгийн маань хэлсэн “эх баригч хүн цаанаасаа төрчихсөн байдаг  юм” гэдэг үг яг биеллээ олсон юм шиг санагддаг. Үнэхээр хүний хувь тавилан, зурсан зураг гэж байдаг бол  тэр үед их эмчийн анги миний өмнүүр таслагдсан юм шиг ээ. 
-Мэргэжлийнхээ итгэл үнэмшлийг хэзээ олж авч өөрөөрөө бахархах, бахдах сэтгэл төрж байв?
-Тэгтлээ бахдаж онгирох бодол төрж байсангүй ээ. Хоёрын хоёр хүний амь хариуцна гэдэг амаргүй. Харин жил гаруйн өмнө мэргэжлээрээ бахархах мэдрэмж төрсөн. Яагаад гэхээр, би чинь шинэ хүнийг энэ хорвоо дээр анх гардаж мэндлүүлж байна шүү дээ. Хүүхэд төрнө гэдэг тэр чигээрээ аз жаргал. Дөнгөж төрсөн нярайд ямар ч муу муухай үгүй цэвэр ариун. Хүүхэд хорвоод чанга дуу хадаан  мэндлэхэд тэр орчны бүх муу бүхэн  үргэчих шиг санагддаг. Надад наалдсан муу бүхэн хүүхдийн тэр цээл цангинасан дуугаар ариусчихдаг байх. Эрч хүч, энерги, аз жаргал  бүхнийг мэргэжлийнхээ сайхнаар  өдөр бүр орчноосоо мэдэрдэг. Өдөр ирэх бүр ажилдаа улам хайртай болсоор л. 
-Ажлаа дурлаж хийнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж, амьдралын аз жаргал. Мэргэжлээрээ ажиллаад хэдийнэ 12 жил өнгөрч. Энэ хугацаанд мэргэжлийн ур чадвараа хэрхэн дээшлүүлсэн бэ?
-Эх баригч хүн ажиллаж байх хугацаандаа тодорхой хэмжээгээр мэргэжлээ дээшлүүлж чадвараа ахиулж “Ахлах”, “Тэргүүлэх” зэргийг авсан байх ёстой. Гэхдээ заавал ч биш л дээ. Миний хувьд 2017 онд Ахлах зэрэг авсан.  Ажилласан жил наймаас дээш байх, Эрдэм шинжилгээний ажил хийсэн байх, бакалаврын зэрэгтэй байх гэхчлэн хэд хэдэн гол шалгуур үзүүлэлт бий. 2017-2018 онд Эх баригчийн мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курсэд сууж дээд мэргэжил эзэмшсэн. Учир нь тухайн үед Анагаахад бакалаврын зэрэг гэж байгаагүй, дипломын анги  л гэж байсан. Дипломын анги нь тусгай дундаар төгсдөг. Тиймээс би ажиллаж байх хугацаандаа дахин суралцаж бакалаврын зэргээ авч үргэлжлүүлэн тухайн жилдээ Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд эх барих мэргэжлээ дээшлүүлсэн. Эх барих мэргэжил онцлогтой. Оюутан байхдаа нарийн мэргэжлийг эзэмшсэн гэж үздэг учраас мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цааш суралцдаг. Миний хувьд мэргэжлийнхээ сурах шаардлагатай бүхнийг дуусгасан гэж хэлж болно.
-Тэргүүлэх зэрэгт хүрнэ гэсэн зорилго байгаа юу? 
-Мэдээж зорьсон зорилго бий. Ахлах зэргийн шалгуур дээр эрдэм шинжилгээний ажлыг арай олон сэдвээр хамгаалсан байх ёстой л доо. Би одоогоор судалгааны хоёр ажил эхлүүлсэн. Нэг нь дуусах шатандаа явж байна. Энэ жил манай Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн 90 жилийн ой тохиож буй. Ирэх 7,8-р сард болно. Энэ үеэр эрдэм шинжилгээний ажлууд зохиогддог. Би БОЭТ-ийнхөө Эрдэм шинжилгээний багийн гишүүнээр ажилладаг. Ойрын төлөвлөгөө гэвэл судалгааныхаа нэг  сэдвийг ойн өдрөөрөө хамгаалах бодол байна.
-Одоогоор хэчнээн эхийг амаржуулж хэдэн нярайг эрүүл саруул эх барьж аваад байна вэ?
-Ойролцоогоор 800-д хүрсэн байх. Тоо бол тийм ч чухал үзүүлэлт биш. Гол нь эх, хүүхдийг эрүүл, саруул, эсэн мэнд амаржуулах. Өдийг хүртэл ажиллахад эх, хүүхэд эндсэн тохиолдол гарч байгаагүйд битүүхэн баяртай явдаг.
-Дутуу төрөлтийн талаар мэдээлэл өгөөч? Энэ асуудал юунаас голчлон үүсдэг вэ? 
-Их төлөв эхийн биеийн байдлаас шалтгаалдаг. Төрөх цагаасаа өмнө ураг орчмын шингэн гэж ярьдаг “ус” гарах нь дутуу төрөлтийг үүсгэх номер нэг шалтгаан. Тухайлбал; хүүхэд усан дотроо амьдарч, тэндээсээ өөрт хэрэгцээтэй бүхий л эрдэс, амин дэм, хүчилтөрөгчийг авдаг байтал ус байхгүй болчихоор дотроо эндэх маш том эрсдэлтэй. Хоёрдугаарт, эхэд эрхтэн тогтолцооны янз бүрийн эмгэг байвал энэ нь араасаа хүндрэлийг дагуулдаг. Дутуу  төрөлтөд энэ мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг учир яг үүнээс шалтгаалсан гэж хэлэхэд хэцүү. Эхийн ус түрүүлж гарна гэдэг  өөрийнх нь бие физиологи, сэтгэл санааны байдлаас болдог. Яг жирэмсний саруудад нөхөр болон халамжлагч нь  тухайн эхийн сэтгэл санааг маш тогтвортой тайван байлгаж, шаардлагатай хүнс тэжээл, амин дэмээр тэтгэж байх нь эх, ураг хоёрын эрүүл төрөхөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Энэ тал дээр аавууд маань мэдлэг, мэдээлэл сайтай байгаасай гэж хүсэх байна. Бид  интернетийн орчноос хүссэн мэдээллээ авч чадаж байхад энэ тал дээр анхаарлаа хандуулаад бага ч гэсэн судлах хэрэгтэй.
-Нэгэнт аавуудыг дурдсаных төрөхийн өрөөнд нөхөр нь хамт байж болдог тухай сонссон юм байна?
-Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад тухайн хүн өөрөө  хүсэх юм бол нөхрийг нь дэргэд нь байлгах бүрэн боломжтой. Харамсалтай нь тийм тохиолдол ховор. Нөхөр нь эмч ч юм уу тийм тохиолдолд зоригтой ордог болохоос биш энгийн хүмүүс зориглож орж чаддаггүй. Мэдээж төрөхөд тодорхой хэмжээний цус гарна. Энгийн хүмүүс үүнийг хүндээр хүлээж авдаг. 
-Манай аймгийн хувьд жирэмсэн эх төрөхөд тулгардаг ямар асуудал байна? 
-Төрж байгаа эхчүүд тэмбүү өвчин туссан тохиолдол олон гардаг. Бэлгийн замын халдварт өвчтэй эхийг аль болох төрүүлэхгүй, наана нь заавал эмчлэх шаардлагатай. 
-Эх баригч мэргэжлийн хэцүү нь юу вэ?
-Нойргүйдэлд өртөмтгий болдог. Бид сарын 30 хоногийн талд нь ажилладаг гэсэн үг. Энгийн сонсоход маш завтай, чөлөөтэй мэт санагдаж байгаа ч бодит байдал дээр ажлын цагийн төлөвлөлт өөр. Жишээлбэл, би өглөө найман цагт ажилдаа ирээд орой 16 цагт буудаг.  Маргааш нь 16 цагт ажлаа аваад өглөө 8 цагт бууна. Яг ийм л циклээр ажиллана. Нэг шөнийн нойр тогтмол солигдоно. Бас эм, эмнэлгийн хэрэгсэлд харшламтгай болно. Энэ нь хүн хүн дээр өөр өөр шалтгаантай. Эх барьж байх үед цус үсрэх тохиолдол гардаг. Үүнээс үүдээд нүүрний арьс харшилтай болох ч гэдэг юм уу, арьсны янзан бүрийн асуудал үүсдэг. 
-Манай аймагт эх, хүүхдийн эндэгдэл хэр байна вэ?
-Сүүлийн 10 жилийн байдлаар төрөлтийн эндэгдэл  байхгүй. Хоногийн төрөлт таваас буухгүй байна.  Төрөлт залуужих хандлага бий болсон. 18, 19 настай давтан төрөгч ихэссэн.  
-Хийсвэрээр төрөхийн хүндрэл болоод төрсний дараах зөвлөгөө өгөөч?
-Зүгээр байсан гэдсийг зүсүүлнэ гэдэг хэцүү. Алхахад тодорхой хэмжээгээр оёдол хөндүүрлэнэ, хүүхдээ удаан тэврээд суухад нуруу нугасаар нь өвдөнө. Өөрөөрөө төрөх хийсвэрээр төрснөөс амар шүү дээ. Бие нь хөнгөн, шингэн байна.  Одоо бол хийсвэрээр төрөх эхчүүд нэмэгдэх болсон. Энэ нь нэгдүгээрт, хүүхдээ том тээж байна. Хоёрдугаарт, өмнө  хийсвэрээр төрдөг ээжүүд дахиж хийсвэрээр төрдөг. Төрсний дараа ээж олон янзын  гормоны өөрчлөлтөд ордог учраас маш сайн унтаж амарч тайван байх хэрэгтэй. Сэтгэл санаа нь тогтворгүй стрессдсэн үед хөхний сүүнд өөрчлөлт орох шинж тэмдэг илэрдэг. Амралт маш чухал. Дээрээс нь шингэн юм сайн уух хэрэгтэй. Багадаа зургаан сар гэр бүлийн хайр халамж, анхаарал  төрсөн эхэд нэн шаардлагатай байдаг. 
-Шинэхэн ээжүүд хүүхдээ амлуулах тал дээр туршлагагүйтэж асуудал үүсдэг. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд юу зөвлөх вэ?
-Ээжүүдийн хамгийн их алддаг зүйл нь уурагаа хөхүүлэхдээ халширдаг. Хөхөн дотор сүүний хэчнээн мянган суваг бий. Уурагаа маш сайн хөхүүлж чадвал тэр сувгууд нь  нээгдээд сүү сайн орно. Уураг хөхөлтийн хоёр хоногийг давчих юм бол болоод л явчихна. Ангир уураг гэдэг өөрөө хүүхдэд маш их ач тустай. Хүүхдийн дархлаа тогтоход сайн нөлөө үзүүлдэг.
-Мэргэжлийнхээ хамгийн дурсамжтай, хөгжилтэй түүхээс яриач?
-Анхны эх барьсан маань санаанд бууж байна. Тэр өдөр маш ачаалалтай ажилласан, 12 хүүхэд төрсөн байдаг юм.  Шинэ болохоор надаар эх бариулахгүй ш дээ. Тэгсэн гурван эх зэрэг төрөх болов оо. Хүн хүч дутагдаад яалт ч үгүй надад аль нэгийг нь амаржуулах үүрэг ноогдсон. Тэгтэл манай төрсөн эгчийн хамгийн сайн найз надад таарлаа. Хэдий таньдаг ч гэлээ анхны гардан эх барилт болохоор сандарлаа. Аль болох сандарлаа дарж, багш нарынхаа заасан бүхнийг санаж ажилласан. Төдөлгүй хөөрхөн охин чарлаад л гар дээр ойчсон. Ээж нь бэлгэшээж миний нэрний Ханд-ыг авч охиндоо Рэнцэнханд гэж нэр өгсөн гэдэг. Хүүхдийн хүйг чимхэж лугшилтыг мэдрэх нь хамгийн сайхан мэдрэмж. Дахин нэг бяцхан зүрх цохилж байна гэж бодохоор өөрийн эрхгүй огшиж хайр оргилох шиг.
-Эх баригч хүний суралцах ёстой бүхнийг гүйцээсэн гэсэн. Чадварлаг эх баригчийн гавьяа шагнал эн дүйхүйц байх нь ойлгомжтой? 
-2017 онд “Шилдэг эх баригч” болж тэр жилдээ МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрээ мялаасан. 2019 онд Байгууллагын аварга, дараа жил нь ЭМЯ-ны Жуух бичгээр шагнуулсан. Энэ онд   “Шилдэг эх баригч”–аар шалгарсан. Одоо Аймгийнхаа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарч 21 аймагт Залуучуудын хөгжлийн баг гэж үүсгэж байгаа. Энэ нь нийгэм рүү чиглэсэн эерэг нөлөөллийн ажлыг салбар салбарын 25 шилдэг залууст хариуцуулан цааш ажил хэрэг болгох юм. Энэхүү төсөлд байгууллагаа төлөөлж оролцохоор болсон. Завгүй болсондоо баяртай байна. Залуу хүн чөлөө зав их байна гэдэг уйтгартай. 
-Ажил мэргэжлийн сэдвээс жаахан хөндийрч таны хүүхэд нас, гэр бүлийн тухай ярилцлагаа үргэлжлүүлье?
-Хүүхэд нас маань хөдөө өвөө, эмээ дээрээ Баянтүмэн суманд өнгөрсөн. Үнээ саадаг, хурдан морь унадаг хүүхэд байлаа.  Эхээс хоёул. Ганц эгчтэй. Би эмээгийн эрх шар охин нэртэй байсан. Ухаан суух хүртэл эмээ маань миний нөмөр нөөлөг, түшиг болж ирсэн. Анх Дорноговьд Их сургуульд хөтөлж хүргэж өгсөн хүн бол эмээ. Тэр үед унаа тэрэг ховор. Бид ачааны том машинд суугаад очиж байсан. Эргээд бодоход үнэхээр хөөрхөн дурсамж санагддаг. 
-Эх хүний ач буян гэдэг захгүй тэнгэр адил. Ээжийнхээ ачийг хариулж чадсан гэж боддог уу?
-Эх хүний тээж төрүүлсэн ачийг хэзээ ч хариулж бардаггүй юм шиг ээ. Үр хүүхэд нь зөв явааг харна гэдэг ач хүргэж байгаа хэрэг шүү дээ. Танай сониноор дамжуулан “Ээждээ хайртай” гэдгээ хэлье.
-Оюутан ахуй цагаа дурсахад хамгийн түрүүнд юу санаанд ордог вэ?
-Би их хэнээтэй сурагч байсан /инээв/. Сургууль, дотуур байр гэсэн хоёрхон маршруттай. Урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Дорноговьд анх очиход Эрдэнэбаатар гэдэг багш хүлээж авсан. Байгалмаа, Ариунзаяа гээд “эх барихын” хоёр сайхан багш бий.  Чадварлаг,туршлагатай багш нарынхаа удирдлага, дор сургуулиа онц сайн дүнтэй төгссөн дөө. Одоо ч багш нартайгаа холбоотой байдаг.
-Найз нөхдөөсөө үргэлж сонсдог үг. Хандсүрэн гэдэг бүсгүйг үүгээр л төсөөлдөг гэдэг ч юм уу?
-Манай  найзууд “тас тас хөхрөөд Хандаа ирж байна уу” гэдэг.  Үргэлж инээж явдаг эрч хүч нь дундрашгүй бүсгүй шүү гэдэг үгийг л хамгийн их сонсдог.
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. Монголын үрс маш олон болтугай гэсэн гэгээн үгээр ярилцлагаа өндөрлөе. 

Т.Энхнаран
 

  • Туяа
  • 629
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313