МАНАЙХ МОНГОЛ УЛСДАА БЕТОН ДЭРНИЙ ХОЁР ДАХЬ ҮЙЛДВЭР НЬ

2021 оны 4-р сарын 28 өдөр

Манай сонины “Бүтээгч Дорнодынхон” чэлленжийн энэ удаагийн дугаарт Энхболдын Мөнх-Эрдэнэ уригдлаа. Тэрээр Хэрлэн сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийг 2005 онд төгссөн. Ам бүл 5-уулаа амьдардаг. “Дорнод ган хийц” компанийн гүйцэтгэх захирал. Э.Мөнх-Эрдэнэ Төмөр зам хэмээх том айлд хөдөлмөрийн хүмүүжил олж орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж яваа залуу хүн. Удам судрыг нь хөөвөл түүний аавыг Дорнодынхон андахгүй. Онц тээвэрчин, Осолгүй манлай  жолооч Бямбадоржийн Энхболд гэдэг. Аав минь дөрвөн төрийн нүүр үзэж, үе үеийн аймгийн Засаг дарга нарын жолоочоор ажилласан шударга, хөдөлмөрч хүн байсан даа гэж тэрээр дурсана лээ. Ингээд залуу үеийн “Бүтээгч Дорнодынхон”-ы төлөөллийг уншигч танд танилцуулъя.  
-Та ямар мэргэжилтэй вэ? Таны ажлын туршлагаас хоёул ярилцлагаа эхэлье?
-Би Төмөр замын ЗММ ашиглалтын инженер мэргэжилтэй. Төмөр замын хүнд даацын механизм, төмөр замын арчлалт, замыг даацжуулах тогтворжуулахад чиглэсэн бүхий л хүнд даацын тусгай зориулалтын вагон, техник төхөөрөмжүүд болон барилга уул уурхайн хүнд даацын техник оператор, баазын зохионбайгуулалтыг хийнэ гэсэн үг. 2009 онд Төмөр замын дээд сургуулийг төгсөөд “Улаанбаатар Төмөр зам” ХНН-д буюу Дорноговь аймгийн Сайншанд хотод 2015 он хүртэл ажилласан. Залуу хүний хүсэл тэмүүллээр хувийн хэвшилд хөл тавьж “Дорнод ган хийц” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, үйл ажиллагаагаа эхлээд долоон жил болжээ. Манай компани орон нутагтаа татвараа төлдөг орон нутгийн компани.
- Танай компани ямар үйлдвэрлэл явуулдаг юм бэ?
-Манай байгууллага анх 2012 оноос төмөр замын төмөр бетон дэрний  үйлдвэрийг Дорнод аймагт байгуулах талаар төсөл боловсруулж, техник эдийн засгийн судалгаа шинжилгээний ажлуудыг хийж, 2015 оноос үйлдвэрийн засвар, үндсэн тохируулгуудыг хийснээр 2016 оны 10-р сард анхны дэр бетоноо үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 хүний ажлын байртай, 4-н төрлийн хэв загварын дэр бетон үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулж байна.  Төмөр замын бетон дэр зөвхөн төмөр замд л ашигладаг мэргэжлийн бүтээгдэхүүн л дээ. Хоёр жилийн өмнөөс бид үйл ажиллагаагаа өргөтгөн зам, барилгад ашиглагдах бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж эхлэсэн. Дорнод аймгийн барилгын компаниуд зам, барилгын бетон хийц эдлэлүүдээ Улаанбаатараас авдаг, тээвэрлэлтэд мөнгө их зарцуулдаг байсан. 700 км-ийн цаанаас өндөр өртгөөр ирдэг байсан зам барилгын бетон хийцүүдийг бид орон нутагтаа үйлдвэрлэснээр орон нутагт барилгын материалын өртөг багасаж, ажлын байрыг шинээр бий болгох, дагуул материалын үйлдвэрлэлүүдийг дэмжих, хамтран ажиллах зэрэг олон давуу талтай. Зам барилгад ашигладаг маш олон төрлийн хэв загварын бетон хийц бий. Та бидний мэддэг барилгын кольцо, ялуу, лотки, дээврийн хучилтын нүхтэй хавтан, замын түмбэ,  км-ийн шон, гүүр, хоолой, хиймэл төхөөрөмж байгууламжийн хийц эдлэлүүд  гээд тодорхой үндсэн стандарт загвар бүхий бетон хийцүүдийг манайх үйлдвэрлэх боломжтой.  
-Шинэ тутам бизнес эрхлэхэд  залуу хүнд зориг гаргах шаардлага байсан байх? Төмөр замын бетон дэрний үйлдвэрийг орон нутагт байгуулах ажил хэзээнээс эхлэв?
-УИХ-ын 2010  оны Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай 32 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор Монгол улс нийтдээ 3600 гаруй км төмөр замын трасстай болох зорилго тавьсан юм. 2013 оноос Хөөт-Бичигт,  Чойбалсан-Хөөт, Баруун-Урт-Сайншанд, цаашлаад, Таван толгой-Зүүн баян, Тавантолгой-Гашуунсухайт гэсэн том бүтээн байгуулалтын маршрут батлагдсан. Төмөр зам шинээр барихад хамгийн их эрэлттэй зүйл нь төмөр замын дэр бетон байдаг. Улс эх орон ийм том бүтээн байгуулалтыг эхлэхэд төмөр замчид бид гар бие оролцох ёстой.  Манай улсын төмөр замын дэр шпал мод байдгийг та бид мэднэ. Модон дэр хурдан элэгддэг, байнгын арчлалт засвар шаардлагатай, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Дэлхий нийт ногоон байгууламжийг хайрлаж хамгаалж байхад бид модоо огтолж төмөр замд ашиглана гэдэг хэдийнэ дэлхий дахинд хоцрогдсон асуудал болоод байна. Энэ нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа хэрэг. Модон дэрийг  ашиглах хугацаа 8 жил байдаг бол, бетон дэр 40-50 жил ашиглагддаг. Бетон дэр байнгын арчилгаа засвар үйлчилгээ шаардахгүй. Хөдөлмөр, хөрөнгө хэмнэдэг. Галт тэрэгний хурд болон даац нэмэгдүүлэх давуу талтай. Эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй гэж үздэг. Энэхүү олон талт давуу чанаруудыг судалж  Төмөр замын дэр бетоны үйлдвэрийг байгуулах, барихдаа Зүүн бүсийн хөгжлийн тулгуур Дорнод аймагт байгуулах талаар манай удирдлага хамт олон хэлэлцэж шийдвэрлэж байсан юм.
-Төмөр замын дэрийг бетоноор хийх туршлага Монголд бий юу?
-Байлгүй яахав.  1990 онд УБТЗ-ын харьяа Хөтлийн бетон дэрний үйлдвэр байгуулагдаж байсан. Тус үйлдвэр 31 жилийн хугацаанд нэг сая гаруй бетон дэр үйлдвэрлэсэн гэдэг тоо бий.  Хөтлийн бетон дэрний үйлдвэр нь зөвхөн УБТЗ-ын харьяа замын дэрийг ханган нийлүүлэх, солих, шинэчлэх ажлыг хийдэг. Жилд ойролцоогоор  20-40 хүртэлх км замын дэрийг бетон болгож даацжуулж байна. Монгол улсын нийт төмөр замыг бетон дэртэй болгоно гэдэг нэг хоёр жилийн ажил биш юм.  Асар их хөрөнгө, хүч, хөдөлмөр, цаг хугацаа, бүтээн байгуулалт шаардагдана.  Улаанбаатар төмөр зам ХНН нь салбар, салаа нийлсэн 2500 гаруй км төмөр замтай буюу өнөөдрийг хүртэл модон дэрийг тодорхой хэсэгтээ ашиглаж байна. Бид УБТЗ ХНН-тэй хамтарч ажиллаад тасралтгүй 5 дахь жилдээ ороод байна. Халхголын дайны үед Орос ах нараас зүүн хязгаар нутагт бэлэглэсэн 238 км бие даасан төмөр зам бидэнд бий. Манай компани жилд  10-15 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэн УБТЗ-ын Баянтүмэн тасагт нийлүүлж байна. Баянтүмэн тасгийн төмөр замын 10 хувь нь бетон дэртэй, 80 гаруй хувь нь модон дэртэй гэсэн тооцоо судалгаа байдаг. Баянтүмэн тасгийн төмөр замыг бүрэн бетон дэртэй болгож даацжуулах шаардлага хаяанд ирээд байна. Улс орон хөгжиж төмөр зам, авто замын тээвэр тэр хэмжээгээр нэмэгдэж буй тул замын тогтвортой найдвартай байдал хамгийн чухал үзүүлэлт болно. Цаг хугацаа өнгөрөх тусам хөгжлийн хурд нэмэгдэнэ. Юмс хурдан шинэчлэгдэж, өөрчлөгдөнө, дэвжиж дээшлэнэ гэдэгт итгэдэг.
-Танай компани Монгол улс хэвтээ, босоо төмөр замын тэнхлэгтэй болох их бүтээн байгуулалтын ажилд оролцож байна уу?
-Манай компани 2019 оноос Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. 300 гаруй аж ахуйн нэгж, 3000 гаруй залуус дунд бид орж ажил үүргээ гүйцэтгэж байгаадаа баяртай байгаа.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил одоогоор  96 хувьтай дуусах шатандаа явж байна. Ирэх долдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм билээ. Бид гэрээний дагуу цаг тухайд нь бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр бүх л хүчээ дайчлан ажиллаж байна. Энэ том бүтээн байгуулалтад сэтгэл зүрхээрээ зүтгэж буй хамт олондоо талархал илэрхийлье. Манай үйлдвэр Хөтлийн бетон дэрний үйлдвэрийн дараах Монгол улсын хоёр дахь бетон дэрний үйлдвэр. Энэ хугацаанд бид Улаанбаатар хотод салбар үйлдвэртэй болсон. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад биднээс гадна “Улаанбаатар бүк” ХК, “Монгол технологи инженер” ХХК төмөр замын бетон дэрний үйлдвэр, Хөтөлийн бетон дэрний үйлдвэр оролцож байгаа. Бид цаашид үйлдвэрийнхээ чанар стандарт, бүтээмжийг дээшлүүлж, энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор арвин их туршлага хуримтлуулж байна гэж дүгнэж байгаа.

-Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллахдаа та нөхдөөр бахархаж байсан. Танай үйлдвэрт идэр насны залуус ажилладаг гэж сонссон?
-Тиймээ. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Зам тээвэр Хөгжлийн Сайд Л.Халтар ирж манай үйлдвэртэй танилцсан. Тухайн үед ажил ид оволзож байлаа. Манай залуусын ажлын бүтэц зохион байгуулалтыг үзэж танилцаад талархал илэрхийлж, бидэнд урам өгсөн. 2015 онд үйлдвэр анх ашиглалтад ороход манайх 10 монгол ажилтантай, 12 хятад мэргэжилтэнтэй байлаа. 2017-2019 онд монгол залуусаа хятад мэргэжилтнүүдийг дагалдуулж дотоодын боловсон хүчнээ бэлдсэн. Өнөөдөр 66 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, туршлагажуулах зорилгоор олон ажил хийдэг. Дорнодын залуусыг зөв чиглүүлж, хөгжүүлж чадвал сийрэг толгойтой, суурь сайтай, шийртэй залуус шүү дээ.  Бид залуусаа илүү ихэд сургах сонирхолтой. Тухайлбал, орон нутагт хүнд машин механизмын сургалт явагддаггүй. Тиймээс бид дотроо дадлагажуулах, сургалт явуулах ажлыг зохион байгуулдаг. Манай компанид хөдөө сумдаас мэргэжилгүй олон залуу ирдэг. Мэргэжил мэдлэггүй гээд тэднийг цаашаа түлхдэггүй. “Зориод ирсэн хүнд нуруугаа бүү харуул” гэж үг бий. Сургаж дадлагажуулаад аль болох ажилтай болгохыг зорьдог. Би залуустаа “Монгол улс хөгжиж байна. Цаг үе үүнээс ч өөр болно. Хүнд үзүүлэх юмтай бол. Хожим чамд хэрэгтэй. Хүний амьдралд юу эс тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Нэг л өдөр энэ компаниас гараад явлаа гэхэд хаа нэгтээ ажилд ороход үзүүлэх мэргэжлийн үнэмлэх чамд хэрэгтэй” гэж хэлдэг. Үйлдвэр байгуулагдахад л хамт ажиллаж эхэлсэн залуус 6 жилийн дотор өөрийн гэсэн байр, унаатай болчихсон сайхан л амьдарч байна.
- Төмөр зам эрчүүдийг хөдөлмөрт сургаж хүмүүжүүлдэг газар шиг санагддаг. Та яагаад төмөр замын мэргэжил сонгосон бэ?
- Хүүхэд байхдаа Төмөр замчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Төмөр замтай амьдралаа холбоход миний авга  Ганболд ах маань их нөлөөлсөн. Авга ах маань Орос улсад тухайн үеийн Ленинградын Төмөр замын сургуульд 10 жил суралцаж төгссөн төмөр замчин хүн байсан. Зах зээлийншуурганд арилжаа наймаа эрхлээд мэргэжлээрээ удаан ажиллаагүй юм. Манайд ирэх бүртээ Төмөр зам гэж сайхан хамт олон бий. Миний дүү төмөр замын мэргэжил эзэмшээрэй гэж захидаг байсан юм. Намайг 10 жилийн сургуулиа төгсөх жил Төмөр замын дээд сургуулийн 6 хуваарь ирсэн.  Би яг зургаа  дахь хүүхэд болж тэнцэж билээ. Төмөр зам боловсон хүчнээ бэлтгэхдээ дороос нь бүх ажлыг өөрийнх нь гараар хийлгэдэг тогтсон журмын дагуу ажлынхаа анхны өдрийг замчнаас эхлүүлж байлаа. Сургуулиа төгсөөд Сайншандын төмөр замд хуваарилагдсан. Ажлын анхны гараа минь хүнд хүчир байсан ч мөр зэрэгцэн зүтгэж буй нөхдөө харан урагш тэмүүлдэг байлаа. Ажил амьдралыг минь зөв залж сургаж хүмүүжүүлсэн мэргэжил нэгт ахан дүүсдээ чин сэтгэлээсээ талархаж явдаг. Галт тэрэгний аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлдэг хүмүүс замчид байдаг. Тиймээс замчдыг төмөр замын “судсыг барьж буй” хүмүүс гэдэг. Миний хувьд замчнаас хүнд даацын машины оператор, туслах машинч, механизатор, машинист, механик гээд шат алгасалгүй дээш өгсөж ажилласан. Өнөөдөр ч мөн хувийн хэвшилд Төмөр замын дэр бетон үйлдвэрлэлд мэргэжлийнхээ ажлыг хийж явна. Ажил амьдралынхаа анхны гарааг УБТЗ ХНН гэх их айлын нэг гишүүн болж эхлүүлсэндээ баярладаг. Залуус биднийг сургаж, боловсруулж, мэргэшүүлж байсан ажил амьдралын багш ах нартаа талархаж явдаг юм. Илүү ихийг сурч мэдэх шинэ зүйлд өөрийгөө сорих хүсэл эрмэлзлэлээр ажлаа сольсон доо. 
-Баярлалаа 
Танд амжилт хүсье.

Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн” аав ээж  хоёрыгоо шүтдэг гэв. “Зүүн бүсийн тулгуур төв болсон Дорнод аймагт маань тун удахгүй Төмөр замын их бүтээн байгуулалтын ажлууд өрнөх нь гарцаагүй. Манай хамт олон үйлдвэрийнхээ хүчин чадал, мэргэжлийн чадвараа дээшлүүлж илүү туршлагажиж тэр бүтээн байгуулалтуудад бэлтгэж байна даа” хэмээн залуу хүний хийж бүтээх ирмүүн хүсэл тэмүүллээр ярив. 

Б.ОДМАА 
 

  • Туяа
  • 467
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313