ХАЛДВАР ХУВЬ ХҮНИЙ УХАМСРААС ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ

2021 оны 4-р сарын 21 өдөр

“Ковид-19 цар тахлын дэгдэлтийн хүнд үед тархвар судлаач эмч нарын үүрэг оролцоо нэн их. Тэр хэрээр  хариуцлага өндөр алба. Манай аймагт энэ мэргэжлийг эзэмшсэн, мэргэшсэн цөөхөн эмч бий. Тухайлбал, аймгийн МХГ-т Д.Гэрэлтуяа, БОЭТ-д П.Оюунмаа, Б.Ганганцэцэг, Г.Ганцэцэг  нар ажиллаж байна. Тархвар судлаач нар халдварт өвчний үед хүн амын дундах өвчний тархалтыг тогтоох, эрсдэлтэй хүчин зүйлийг судлах, хянах, хавьтлыг тогтоох зэрэг мэдээ мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж,  шийдвэр гаргах түвшинд нотолгоонд суурилсан мэдээллээр хангадаг. Угтаа тэд эрүүл мэндийн салбарын “мөрдөн байцаагч” юм” гэж БОЭТ-ийн Халдвартын тасгийн эрхлэгч Д.Оюунбилэг хэлж байсан.  “Дорнод” сонин энэ удаа Эрүүл мэндийн салбарын “мөрдөн байцаагч”-ийг онцоллоо. Завгүй ажлынхаа  хажуугаар сэтгэлээ уудлан ярилцсан П.Оюунмаа эмчийн ярилцлагыг дэлгэе.  


-Сайн байна уу?  Олон зүйл нуршилгүй шууд ярилцлагаа эхлэе. Дашбалбар сумруу томилолтоор яваад иржээ. Тэнд нөхцөл байдал ямар байна?
-Дашбалбар суманд тав хоног ажиллалаа. Тэнд өвчлөлийг илрүүлэх, батлагдсан тохиолдлын хавьтлуудад дахин шинжилгээ хийх, үйл ажиллагааг мөшгөх судалгааны ажлыг хийсэн.  Дашбалбарынхан тэг зогсолтыг утгаар нь хийж байна. Эмнэлгийн ажилтнууд батлагдсан тохиолдлын хавьтал болсон учир зарим нь тусгаарлагдаж, зарим нь эмнэлэгтээ амьдарч ажиллаж байна. Тус суманд эмнэлэг,  ШТС-аас өөр ямар ч үйлчилгээний байгууллага ажиллахгүй байгаа. Эмнэлгийн үйлчилгээг гэрээр үзүүлж, эмч дуудлагад явж ирээд ариутгал халдваргүйтгэлээ хийж дараагийн дуудлагадаа гарах жишээтэй.  
Хоёрт, шатахуун авч буй иргэд нэг нэгээрээ заасан журмын дагуу үйлчлүүлж байна. 
Гуравт, хүнс худалдан авах иргэд хүнсний дэлгүүр рүү утсаар захиалгаа өгч сумаас холгүйхэн тодорхой цэгт хүнсээ хүргүүлнэ. Хүнсийг тухайн цэгт хүнсний дэлгүүрийн хүн хүргээд буцсаны дараа захиалагч очиж авна. Ингэхдээ гурван айлын хүнсний захиалгыг хол хол байрлуулна. Хүнсээ авах иргэд ээлж дараагаар очиж авна. Маш нарийн зохион байгуулалттай “тэг” зогсолтыг хийж байна.  Нэг нь өвдөхөд бүгд өвдөх магадлал өндөр. Дашбалбар сумын хоёр цагдаа сумаа баруун, зүүн жигүүр гэж хуваарилан авч  тойрч хяналт тавина. Мөн сумын дээгүүр дрон нисгэж хянаж байна. Хөл хориог дэг журамтай зохион байгуулснаар өвчлөлийг тогтоож чадсан. 
- Та хэдэн жил эмчээр ажиллаж байна вэ?
- 26 жил
- Тархвар судлаач эмч гэдэг мэргэжлээр дагнаад хэдэн жил болж байна?  
-Би 2009-2010 онд SARS-N1H1 өвчин гарах үед томуугийн төслөөр халдвар судлагч эмчээр суралцаж мэргэшсэн. БОЭТ-ийн ариутгал халдваргүйтгэл, сүрьеэ, халдвартын тасагт халдвар судлагч эмчээр ажилласан. Одоо Бэлгийн Замаар Дамжих Халдварын халдвар судлагч эмчээр ажиллаж байна. Халдвар судлагч эмч халдварт болон халдварт бус ямар ч өвчний тархвар зүйг нь судалдаг онцлогтой. Бид зөвхөн халдварт өвчний үед ажилладаг юм биш. Тухайлбал зүрхний өвчнөөр хэдэн настай, нийгмийн ямар гаралтай, хаана амьдардаг хүмүүс өвдөж байна. Энэ өвчнийг яавал улам тархуулахгүй, урьдчилан сэргийлж болох вэ? гэдгийг тайлбарладаг хүмүүс.  Ковидын үед бид өвчин ямар замаар дамжиж байна, яаж урьдчилан сэргийлэхэв,  хэрхэн барьж тогтоохов гэдгийг судлан тайлбарлаж зохион байгуулж байна. Бусад эмч нар өвчнийг шууд эмчилдэг бол халдвар судлагч эмч урьдчилан сэргийлэх арга замыг судалгаагаар гаргаж ирдэг. 
-БОЭТ-д одоогоор халдвар судлагч хэдэн эмч байдаг вэ?
-Гурав байна. Г.Ганцэцэг эмч ариутгал халдваргүйтгэл, Б.Ганганцэцэг эмч дотоод эрсдэл, зохион байгуулалтын асуудал хариуцна. Би сүүлийн 9 жил бэлгийн замын халдварт өвчний халдварын тархалт дээр ажиллаж байна.    
- Өнгөрсөн гуравдугаар сард Дорнодын эмч нар ХӨСҮТ-д Ковидын халуун цэг дээр очиж ажилласан. Энэ багийг та ахлаж ажиллав уу?  
-Гуравдугаар сарын 19-ний өдөр бид өдөр тутмын л ажлаа хийгээд сууж байлаа. Өглөөний 09 цагийн үед  БОЭТ-ийн удирдлагаас утасдаад: -Улаанбаатар хотод ХӨСҮТ-д ажиллахаар боллоо. Хувийн бэлтгэлээ хангаад 11 цагт бэлэн бай гэсэн. Тангараг өргөсөн эмч хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд хэзээд бэлэн байх ёстой байдаг. Манай багт би,  Халдвартын их эмч Оюунханд, Лабораторийн их эмч Туяацэцэг, халдвартын сувилагч Нэргүй, Эрүүл мэндийн газрын жолооч Сэргэлэнбаатар нар багтаж бид Улаанбаатарыг зорьсон. Бид ХӨСҮТ-д очсон даруй вакцинд хамрагдаж шууд ажилдаа орсон.   ХӨСҮТ-ийн шуурхай штабын удирдлагын багийн удирдлага дор батлагдсан тохиолдлын гэрийн хяналт, ойрын хавьтлуудын биеийн байдлыг үнэлж эмчилгээний зөвлөгөө өгөх, эмнэлэгт хүргэж зөөвөрлөх ,ойрын хавьтлуудаас шинжилгээ авах ажлуудыг хийж ажилласан. Би батлагдсан тохиолдлууд, гэрийн хяналтад байгаа хүмүүстэй утсаар холбогдож судалгаа авах ажлыг хийж байв. Бидэнтэй хамт 16 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид ХӨСҮТ-д ирж ажилласан. Аймгуудаас ирсэн эмч нар 16 баг болж найм наймаараа хуваагдан хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж байлаа. Манай эмчлэгч эмч, сувилагч, жолооч гурав  машинтайгаа батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд дээр  очиж шинжилгээ авна. Өвчтөн хөнгөн хэлбэрээр өвдсөн бол эмчилгээний цомгийг нь өгч гэртээ үлдэх өргөдлийг нь авна. Манай баг хамт олон өдөрт 250 км, нийт ажиллах хугацаандаа 5680 км зам туулсан байдаг юм. Манай жолооч ямар ч алдаа дутагдалгүй, үүргээ хариуцлагатай сайн биелүүлсэн. Зарим аймгуудын машинд техникийн гэмтэл гарч байсан. Гэсэн ч тэд үүргээ саадгүй гүйцэтгэж л байлаа. ЭМГ-аас  хот хооронд өвчтөн зөөдөг бүрэн тоноглогдсон түргэний машинаа өгч явуулсан нь бид ажил үүргээ гүйцэтгэхэд их дэм болсон. Бид Улаанбаатарт сар ажиллахад зарим аймгуудын эмч нар өвдөж, ажиллах боломжгүй болж байлаа. Манай лабораторийн эмч Туяацэцэг ХӨСҮТ-ийн вируслоги лабораторт ажилласан. Ажиллах хугацаандаа маш их туршлага хуримтлуулсан. Мянга сонсохоос нэг үз гэж үг бий. Энд мэдээ сонсоод суух, халуун цэгт үүрэг гүйцэтгэх асар ялгаатай. Тиймээс бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой “улаан шугам”-н дээр ажиллаж туршлага хуримтлуулж ирсэн. Төв газрын эмч нарыг орон нутгийн эмч нараас илүү гэсэн ойлголт хэн хүнд бий. Бид ч гэсэн ХӨСҮТ-д ажиллахаар явахдаа сүрдэж л байлаа. Гэтэл бид эн зэрэгцэн ажиллаж байлаа. Ерөнхийдөө бид нэг дүүрэгт харьяалалтай батлагдсан тохиолдлын нэрсийн жагсаалттай ажилдаа гардаг.  Гэвч нэрсийн жагсаалтад байгаа хүн хаяган дээрээ байхгүй өөр өөр дүүрэгт байх жишээтэй. Гэтэл бид 100 хувийн ажлын гүйцэтгэл гаргахын тулд  харьяаллын, харьяаллын биш гэж ялгалгүй хүрч үйлчилдэг байв.  Манай ээлж буусан гээд хүн үлдээхгүй.  Жишээ нь хөдөөнөөс ирсэн нэг эмэгтэй “эерэг” гэдгээ мэдэхгүй хамаатнуудынхаараа явчихжээ. Тэгээд батлагдсан хариу гарахаар нь байгаа айлдаа тусгаарлагдаж. Нөгөө айл нь бараг л граждаа тусгаарлачихсан аж. Ариутгал халдваргүйтгэл хийсэн хэр нь гэртээ орохгүй машиндаа хонож айдастай байлаа. Нөгөө эмэгтэй өөр дүүрэгт харьяалагдаж байсан учир бид дүүрэг хариуцсан эмчид нь хүлээлгэж өгсөн боловч эмнэлэгт хүргэгдээгүй  байж. Бид өөр дүүрэг бидний ажил биш гэж хойш тавьж хүнд орхилгүй тухайн эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн.  Манай харьяалалын дүүргийн эмнэлгийн ор дүүрч батлагтсан тохиолдлыг хүлээн авах боломжгүй үед өөр дүүргийн эмнэлэгт өвчтөнөө хүргэнэ.  Шинэ тусгаарлах байр гарч иртэл хүлээнэ. Эмнэлгийн ажилтан хүрэлцэхгүй ажиллаж буй хүмүүс нь илүү цагаар ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байлаа. 
-  ХӨСҮТ-д эмч нарын ажиллах орчин нөхцөл, ажлын ачаалал, хүчин чадал гээд газар дээрээ ямар байна вэ? Монгол улс энэ цар тахлын ард гарах боломж байна уу?
-Эмч нар цаг минут болгонтой уралдан ажиллаж байна. Бид тэнд илүү хөдөлгөөн хийх завгүй хоёр нарны хооронд ажиллаж байгаад ирсэн.  Гэтэл олон нийтийн дунд эмч нар ковидын шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж зарсан гэх мэдээлэл сошиал орчинд түгж, цалин мөнгийг овоолж аваад суудаг юм шиг ойлголтууд байна. ХӨСҮТ-д эмч нар илүү цагийн цалингүй шөнийн 12 цаг хүртэл ажиллаж байна.  Халдваргүйтгэлийн битүү цагаан хувцастай дотор 24 цагт ажиллаж, өдөрт нэг л удаа хооллоно. Эмч нар төрийн хангамжинд, тарвалзаж туйлаад байгаа юм ерөөсөө байхгүй. ХӨСҮТ-д ажиллаж байх үед ЭМЯ-ны сайд биднийг хүлээж авч уулзсан. Тэр үед би өөрийн ажилласан нөхцөл байдалтайгаа уялдуулан шаардлагатай шийдэж болох асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Дэлхий хүртэл сүрдэн чичирч байгаа энэ өвчнөөс улс эх орон минь ангижрахад хүн бүхэн тэр тусмаа тангараг өргөсөн эмч бид нар санаачлагатай ажиллах ёстой.
- Ковидыг тогтоохын тулд мэргэжлийн байгууллагууд хөл хорих шаардлагатай гэдэг. Харин олон нийт хөл хорионд дургүй, яах ёстой юм бэ?  
-Коронавирус агаар дусал, хавьтлын замаар халддаг. Барьж тогтоох хамгийн зөв арга нь хөл хорио. Анх илэрч байснаа бодвол ковидын шинж тэмдэг хүчтэй хурц хэлбэрээр илрэхээ больсон. Хүүхдүүд болон залуус ковидын шинж тэмдэг илрэхгүйгээр өвдөж байна. 37 гаргаад бага зэрэг халуурна,  хамар хуурайшиж, шархирч, хуурай ханиалгана. Хоёроос гурав хоногийн дараа амт үнэр мэдрэгдэхгүй болно. Харин өндөр настай болон, чихрийн шижинтэй хүмүүс ковидоор хүндээр өвдөх магадлал өндөр байна. Тэдэнд өвчний шинж тэмдэг илүү хурц илэрдэг.  Тиймээс энэ өвчнөөс салъя л гэвэл хэсэг бүлгээр хөл хорио тогтоогоод үр дүнгүй. Хэн өвдөөд хаагуур явсаныг мэдэхгүй учир бүх нийтээр нь л хөл хорио тогтоож тархалтыг зогсооно. Хятадын Ухань бидэн шиг зэрэглэл тогтоогоогүй. Хүмүүсийг гадуур явуулаагүй. Хатуу хөл хорио тогтоосны үр дүнд хоёрхон сарын хугацаанд тархалтыг хумиж авсан.
- Таны хувьд ковидоос урьчилан сэргийлэн ажилд гар бие оролцжээ гэж ойлгож болох уу?   
-Монгол улсад дотоодын тохиолдол батлагдсан цагаас эхлэн манай аймаг орох, гарах хөдөлгөөнд  хяналт тавьсан. Ковидоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд мэргэжлийнхээ чиг үүргийн дагуу анхнаас нь гар бие оролцсон. Хөлөнбуйр, Баянтүмэн сумын постуудад удаа дараа ажиллалаа. Ажиллах хугацаандаа хяналтын цэгийн талбай, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж гээд олон асуудалд саналаа тусгаж шийдвэрлүүлсэн. Ковидын голомттой бүсээс аймгийн төвд ирсэн иргэн гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа янз бүрийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Ер нь л хүний амьдрал л хойно хүүхэд нь өвдөх, халуурах, төрөх, даралт нь ихсэх гээд дуудлага өгнө. Тэр болгонд ариутгал халдваргүйтгэлийн цагаан хувцсаа өмсөөд л татан авалтын эмчээр явна шүү дээ.  2020 оны нэгдүгээр сард  аймгийн Засаг даргын захирамжаар цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил явагдаж  хилийн боомтуудыг хаах ажилд мэргэжлийн байгууллагынхан томилогдсон. Тухайлбал би Баянхошуу боомтыг хааж, хилийн цаана байгаа иргэдээ оруулах, тосны машинуудыг хил нэвтрүүлэхгүй зогсоож  ариутгал халдваргүйтгэл хийх, асуумж судалгаа авах, халдварт өвчний үед боомтын бэлэн байдлыг хангуулах, Газрын тосны 21-р талбайд цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах ажилд ханцуй шамлаж л явлаа.  Тэр үед  хамт ажилласан тагнуул, цагдаа, хилийн цэргийн байгууллагын ажилтнуудын чадварыг үнэхээр биширсэн. Манайхан маш чадварлаг юм билээ.  
-Энэ бүх хугацаанд хийсэн дүгнэлт гэвэл?
-Өвчин зовлон тохиолдоход хүний төрөлх чанар харагддаг. Хүн гэдэг угаасаа тодорхой хүрээний  хязгаарлагдмал нөхцөл байдалд төрөлх зан авираа гаргадаг.  Өглөөний 06 цагаас шөнийн 02 цаг хүртэл хэдэн зуун хүнтэй утсаар ярихад нэг зүйл ажиглагдсан. Нас хэвийсэн хүмүүс маш дураараа, хүлээцгүй, авиртай. Би л болж байвал болно гэдэг сэтгэлгээгээр хандах хандлага байна. Бид ямар ч насны хүмүүстэй яг ижилхэн өнгө аясаар ярьдаг. Ахмадууд орой эсвэл өглөөний цагаар ярилаа, юу яриад байгаа юм, мэдэхгүй,  тэгээд яах гээд байгаа юм, манай хүүхэдтэй яриад  асуу гэхчилэн ихэвчлэн бухимдалтай.  Залуус бол өөр. Эгчээ би түүгээр үүгээр явсан. Тэнд тэдэн минут болсон. Тэр тэрэнтэй уулзсан. Тэр надтай уулзчихаад шинжилгээ өгөхгүй байна. Одоо тэнд байгаа гээд үнэн сэтгэлээсээ ханддаг. Хяналтын пост дээр ажиллаж байхад ч гэсэн яг л ийм хандлага харагдсан. Таны асуудал ингээд боломжгүй байна. Та одоо тийм зүйл хийх хэрэгтэй гэхчилэн тайлбарлахаар ахмадууд өөдөөс загнана, танил тал руугаа утасдана.  Залуучууд болохоор өө за тэгвэл хүлээж байя, одоо яахуу ямар боломж байна гээд хүлээцтэй ханддаг. Шинэ үедээ маш их талархаж байгаа.  Халдвар хувь хүний ухамсраас хамгийн их хамаатай шүү.
-Баярлалаа танд ажлын амжилт хүсье.

Б.Одмаа 
 

  • Туяа
  • 294
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313