ЯДУУ АМЬДРАЛ ТЭНД Л БАЙНА

2021 оны 4-р сарын 7 өдөр

З.Алтаншагай арван жилийн сургуульд байхдаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг хүүхэд байжээ. Түүний аав цэргийн хүн байсан учир аавынхаа мэргэжлийг өвлөхөөр зорьж. Гэтэл спортын багш нь Онцгой байдал ч гэсэн эр хүний алба шүү гэж зөвлөснөөр энэ цагийн эгэл баатруудын эгнээнд жагсах болсон гэнэ лээ. Энэ л эрэлхэг албанаас энхийг сахиулах ажиллагаанд оролцож цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн тухай нь түүнтэй хэсэгхэн хөөрөлдлөө. 
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 
-Сайн байна уу? Намайг З.Алтаншагай гэдэг би Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч цолтой. Дорнод нутгийн унаган хүү. 
-Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Онцгой байдлын албанаас Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон болохоор таныг онцлосон юм. Ер нь танай албанаас энхийг сахиулах ажиллагаанд явдаг юм уу?  
- Тийм. Би 2019.09.25 –2020.10.03-ны хооронд Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагааны 9 дугээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн. Суданыг Африк болон Арабын ертөнцийн хамгийн том улс гэх юм билээ. Газар нутгаараа дэлхийд 16-д ордог гэсэн. Суданд нэг жил долоо хоносон. Эхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албанаас цөөн тооны албан хаагч оролцдог. Тухайн жил энхийг сахиулах ажиллагаанд хамрагдах сонгон шалгаруулалт зарлахад аймгаасаа би тэнцэж Таван толгойд хээрийн бэлтгэлд гарсан. Таван толгойн бэлтгэл сургуулилтад ямар байхаас шалтгаалж энхийг сахиулах үйл ажиллагаанд тэнцэх эсэх нь шийдэгддэг юм билээ. Гурван сар бэлтгэл хийсний эцэст Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорьсон доо. 
-Африк тивд хөл тавьсан анхны сэтгэгдлээс хуваалцаач? 
-Дорнод аймгийн Онцгой байдлын албанаас хоёр ч хүн өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Ажлынхаа ах нараас болон найз нөхдөөсөө энхийг сахиулах ажиллагааны тухай сонсож мэдэж авсан болохоор орчин нөхцөл, үүрэг гүйцэтгэх талаар тодорхой ойлголттой байсан. Анх хөл тавихад төсөөлснөөс илүү халуун агаар угтсан. Яаж амьсгална даа гэж бодож билээ. Онгоцны буудал дээр яг ачаагаа авах гээд зогсоход л хөлс урсаад хувцас норсон.  Маш халуун улс гэж сонсож байсан ч биеэрээ мэдрэх сонин юм билээ. Өдөртөө 40-45 градус халуун. Түүнээс илүү ч халдаг гэсэн. 
-БНӨС улсын хаана байрлаж ямар үүрэг гүцэтгэж байв? 
-Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд 9 дэх ээлжний цэргээ явуулахад миний бие багтсан. Манай ээлжинд 850 гаруй цэрэг эрс үүрэг гүйцэтгэсэн. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсаас гадна Хятад Энэтхэг, Гана гээд олон орны залуус үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Монгол цэргүүд дүрвэгсдийн хуарангийн хамгаалалтыг хариуцдаг. Бид 24 цагаар ээлжлэн харуулд гарна.  БНӨСудан улс газрын тосны асар их нөөцтэй. Байгалийн баялгаа булаацалдаж омог аймгууд нь хоорондоо дайтна. Хойд, өмнөд Суданы самуунаас дүрвэсэн иргэд Нэгдсэн Үндэсний Байгууллагын дүрвэгсдийн хуаранд ирдэг.Миний сонссоноор дүрвэгсдийн хуаранд 113000 хүн амьдардаг гэнэ лээ.  Дүрвэгсдийн хуаранд эмнэлэг, цагдаа гээд иргэдэд зориулсан үйлчилгээ цөм бий.  Нэгдсэн Үндэсний Байгууллагаас дүрвэгсдэд зориулсан хүнс, хувцас, тусламжийн бараа байнга ирдэг.  Тэр бараа таваарын хамгаалалтад мөн Монгол цэргүүд явна. Тэнд гудамжинд нэг нэгнээ дээрэмдэх, амь насыг хөнөөх нь энгийн үзэгдэл. Яг л хуульгүй юм шиг орон. Бага насны хүүхдээс эхлээд иргэд нь буу мөрлөн явах нь байдаг л үзэгдэл. Яагаад гэвэл тэнд хэн хэзээ хаанаас дайрч хохирол учруулахыг таашгүй учир өөрийгөө хамгаалахын тулд зэвсэглэдэг. Би Пинтүү хотод байрласан. Пинтүү хотоос 100 гаруй км-ийн зайд Арвай гэж бааз бий. Арвай бааз Париан хотын ард иргэдийг болон холгүй орших НҮБ-ын нисэх онгоцны зурвасын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн.  
-Дайралтад өртөж байв уу? 
-Намайг үүрэг гүцэтгэх хугацаанд тийм зүйл тохиолдоогүй.  Манай цэргүүдийн хамгаалж байсан  НҮБ-ын ажилтанг хулгайлах оролдлого хийсэн байсан. Тэр дайралтыг зогсооход Монгол цэргүүд онцгой гавъяа байгууллаа гэж талархаж байв. НҮБ  Монгол цэргүүдийг  тэсвэр тэвчээртэй, нөхцөл байдлыг үнэлэх чадвартай, авхаалж самбаатай шилдэг нь гэж үнэлдэг. Тиймээс аливаа уулзалтад явахдаа Монгол цэргүүдээр хамгаалуулах дуртай байдаг юм билээ.  Мөн манай цэргүүд үерийн усанд мотоциклтойгоо живж байсан гурван иргэнийг аварсан гэсэн.   
-Өдөр бүр үүрэг гүйцэтгэж байхад ямар дүр зураг үзэгддэг вэ? 
-Монголчууд бид ядуу байна л гэдэг. Яг ядуу амьдрал тэнд л байна. Их төлөв хар арьстнууд зонхилно. Залуус нь ажилгүй. Гэрэл гэгээ, байшин барилга, тохь тухтай орон сууц хөгжил гэдэг зүйлийг ярих ч юм биш. Ард иргэд нь өтгөн шингэн дээ холилдсон бөөр бөөрөө нийлсэн урцанд амьдардаг.  Тэр оромжинд нь хүнд хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйл тун ховор.  Шалбааганд л амьдардаг гэсэн үг. Хүүхдүүд харуулын цэгт их ирнэ, Монголоо Монголоо гээд дуудна. Тогтоол усны дээд талд хүмүүс хувцсаа угааж байхад доод талаас нь ууж байх жишээний.  Амьдрал үнэхээр хүнд. Эмэгтэйчүүд нь модны үндэс, ургамал түүж хоолоо залгуулна. Хээр талд амьдардаг хүмүүс нь ганц нэг малаа хариулж явахдаа буу үүрсэн харагддаг.  Борооны улиралд хувингаар цутгаж байгаа юм шиг бороо орно. Үер их бууна. Үерийн ус нь зам хуулаад аваад явах энүүхэнд. Эзгүй талд нь харин хүнтэй чацуу өндөр өвс ургадаг юм билээ. Халууны улиралд нөгөө өндөр өвс нь хатаад юу ч үгүй алга болчихно. Шаварлаг хөрстэй болохоор олон салаа зам байхгүй. Зорьсон газраа хүрэх тогтсон хэдхэн замтай. Миний очсон Бүгд Найрамдах Өмнөд Судан улсаас миний сэтгэлд ийм л дүр зураг үлдсэн дээ. Нийслэл Уганда хот нь Нил мөрний хөвөөнд оршдог, аялал жуулчлал хөгжсөн үзэсгэлэнтэй газар гэсэн. 
-Очсон улсаасаа юутай ирэв? 
-Гэртээ Африкийн газрын зурагтай таваг авчирсан. Би анх удаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болохоор бүх л зүйл сонин содон байлаа. Мэргэжлийн туршлагатай цэрэг эрстэй хамт байсан болохоор хүндрэлтэй зүйл тохиолдоогүй. 
-Аврагч хүнд байх ёстой чанар? 
-Хамгийн түрүүнд мэргэжлийн ур чадвар хэрэгтэй. Хоёрт, самбаачлах ухаан чухал. Усчин, гал сөнөөгч, өндрийн аврагч гээд өөр өөрийн онцлогтой.  Би бол өндрийн аврагч. Үсрэе гэсэн хүн бол шууд л үсэрчихнэ шүү дээ. Үсрэхийг завдсан хүнийг аврах нь бидний үүрэг. Өндрийн аврагч сэтгэлзүйч, ярих ур чадвартай байх хэрэгтэй. Нэг л хөл алдахад энэ хорвоогоос нэг хүн халина. Тэр хүний амийг аварч авч үлдэнэ гэдэг мэргэжлийн ур чадварын л асуудал. Аврах ажиллагаа бол багийн ажил. Аврах багийг ахалж байгаа хүн, бэхэлгээ хийж буй хүн, аврах ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа гээд хэн нь ч бай жаахан л буруу үйлдэл хийхэд ажиллагаа бүхэлдээ бүтэлгүйтэж өөрсдийгөө эрсдэлд оруулж мэднэ. Би Онцгой байдлын албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Үе үеийн аврагч ах нараасаа суралцаж л явна даа.
-Мэргэжлийнхээ юугаар их бахархдаг вэ?
-Баярлалаа гэдэг үг сонсох л хамгийн сайхан.  Та нар хоцорч ирлээ, ингэх тэгэх байсан юм гэж хэлэх хүн байдаг. Аврагчид хэзээ ч хойшоо сууж хожигдож очъё гэж боддоггүй. Бид чинь ээлжинд гарахдаа энэ эрсдлийг үүрнэ гээд гарын үсгээ зурдаг хүмүүс шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Б.ОДМАА
 

  • Туяа
  • 310
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313