ЗҮҮН БҮС НУТГИЙГ ӨНДГӨӨР БҮРЭН ХАНГАНА

2021 оны 3-р сарын 28 өдөр

"Нутгийн тус" ХХК-ийн захирал Дугарсүрэнгийн МӨНХЦЭЦЭГ:

Манай улсын хэмжээнд тахианы аж ахуй ердөө гарын таван хуруунд багтдаг. Эдгээрийн нэг нь “Дорнод Өндөг” брэнд бүтээгдэхүүн. Анх арван хэдхэн тахиатайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан тус байгууллага өдгөө 7000 тахиа тэжээж байна. Хүний цуцашгүй хөдөлмөр, хичээл зүтгэл гэдэг юуг бүтээж, юунд хүргэж болдгийн нэгэн тод жишээ энэ юм. Орон нутагтаа баялаг бүтээж буй тус компанийн захирал Дугарсүрэнгийн Мөнхцэцэг манай сонины “Бүтээгч Дорнодчууд” буланд уригдав.
-Ямарваа нэг шинэ зүйлийг эхлүүлэхэд санаа маш чухал шүү дээ. Таны хувьд бизнесийнхээ санааг анх юунаас олж авсан бэ?

-Манайх чинь өндөгний бизнесээ эхлэхээс өмнө буюу 1998 оноос хүнсний ногоо тарьдаг байлаа. /одоо ч тарьдаг/. Тэр дундаа байцаа голлон тарина. Тухайн үед Орос руу бараа солилцоо гэж их явна. Тэнд очоод байцаагаа сонгиноор солилцоно. Орос хүүхнүүд өндөг шарж өгч дайлна. Тэгсээр би гэдэг хүн  чинь өндөгний амтанд нь орчиховоо. /инээв/ Ийм гоё амттай хэр нь түргэн болдог хоол бас байдгаа гээд тэгж л анх өндөг шарж идэж сурсан даа. Тэр үе чинь социализмын үе байсан болохоор өндөг бүү хэл өргөн хэрэглээний хүнсний зүйл ховор. Үүнээс үүдээд тахианы аж ахуйтай болох анхны сэдэл санаа төрсөн. Тэгж байтал урдаас маш их хэмжээгээр хүнсний хямд ногоо орж ирсэнээр бид ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэлтэй болсон тул өндөгний бизнесээ эхлүүлэхээр шийдсэн.
-Ногоочин хүн тахианы аж ахуй шууд эрхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлтэй олотоо тулгарсан байх? Эхлэлийн түүхээсээ хуваалцаач?
-Хашаандаа арав гаруй тахиа тэжээж түүнийгээ өсгөж үржүүлж эхэлсэн. Тэгж явсаар 2500 тахиатай болж 2014 онд “Дорнод Өндөг” брэндээ бий болгох орон нутагтаа өндөг нийлүүлэх ажилдаа орсон байдаг юм. Мэдээж энэ хугацаанд хүндрэлтэй зүйл их байсан ч хүнд хэцүү гээд шантарч цуцаж байсангүй. Би “Бэрхшээлийн ард бэлэг” гэсэн үгэнд дуртай. Надад ирсэн бэлэг бол “7500 тахианы ферм”. Аливаа бизнес эхлэл нь хэцүү байдаг ч эцсээ хүртэл саад тотгор, асуудал гарч ирдэг. Тухайлбал; дэгдээхий байх үеэс нь эхлээд л сайн тордож чанартай хоол тэжээлийг зөв цагт нь тогтмол өгч байхгүй бол тагтаа шиг давжаа болох тохиолдол гардаг. Тахиа маш бээрэмтгий амьтан учраас тасалгааны дулаан маш чухал. Тогтмол нэг хэмийг барьж чадаж байлаа ч ялангуяа сэрүүний улиралд хаалга нээх бүрт хүйтэн агаар ороход л идсэн хоол тэжээлээ тэр дор нь сангас болгоод гаргачихна. Нэг өдөрт гэхэд л  3 сая төгрөгний тэжээл зарцуулдаг атал шим тэжээл, эрдэс аминдэмээ авч чадалгүй тэр дор нь ялгадас болгоод байвал юу болох билээ. Тахиа бол хамгийн сайн чанарын хоол тэжээл шаарддаг амьтан. Идэж уух, байрны хүйтэн, дулааны хэмийг нь яг тааруулж байж л ашиг тусаа арвин өгнө шүү дээ. Өндөг нь өөрөө маш эмзэг, амархан гэмтдэг болохоор тээвэрлэлт дээрээ маш болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй.  Эцсийн савлагаанд ороод хэрэглэгчдийн гар дээр хүрэх хүртэл санаа амардаггүй л гэсэн үг. 
-Өндөгнийхөө чанар дээр яаж анхаардаг вэ? Үүлдэр  угсааг нь сайжруулж шинэчилдэг үү?
-Тэгэлгүй яахав, бид ОХУ-аас “Лованн Браун Классик” үүлдрийн сайн чанарын өндөглөгч тахиаг 2 жилд нэг удаа оруулж ирж үүлдэр угсааг нь сольдог. Өмнөх онд гэхэд  2500 дэгдээхий авсан. Дэгдээхийг өндөглөгч тахиа болгоход дунджаар 4 сар тэжээнэ. Яагаад 2 жил тутамд сольдог вэ гэхээр тахианы өндөглөх чадвар энэ хугацаанд идэвхтэй байдаг.
-Хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг учраас эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал нэн тэрүүнд тавигдах байх. Энэ тал дээр танай компани хэрхэн ажилладаг вэ?
-Үйлдвэрээс ирэхдээ дэгдээхийнүүд вакцин тарилгад хамрагдсан байдгаас гадна бид витамин, шим тэжээлийг зохих хэмжээнд нь  нэмэлтээр өгдөг. Манайх хамгийн сайн чанарын Улаан тахианы угсаатай учир энэ тал дээр асуудал байхгүй гэж хэлж болно. Тахиануудынхаа эрүүл мэндийг өөрийн эрүүл мэндээс илүү чухалчилдаг гэхэд хилсдэхгүй. /инээв/
-Аймгийнхаа хүн амд хүрэлцэхүйц хэмжээний өндгийг нийлүүлж чадаж байна уу? Өдөрт хэчнээн шинэ өндөг авдаг вэ? 
-Хоногт 7000 өндөг авдаг ч энэ нь аймгийн нийт хүн амын 10 хувийг л хангаж байна гэсэн үг. Бидний ойрын зорилт бол 20-25 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа. Дээр хэлсэнчлэн тахиа 2 жил л өндөглөх чадвартай байдаг тул шинэчлэлийг үргэлж шаардана. Хамгийн анх “Ольхон” супермаркет манай өндгийг тосч авсан. Одоогоор “Хишиг”, “Ольхон”, “Афта”, “Номин”, “Айсвн” гэх томоохон сүлжээ дэлгүүрээс гадна нарийн боов, бялуу хийдэг хоёр гурван үйлдвэрт өндгөө нийлүүлдэг. Цар тахал гээд хөл хорио тогтоож хил гааль хаалттай байсан болохоор Шинэ жил, Цагаан сараар хотод өндөг тасарлаа гээд  шуугиж байхад Дорнодынхон өндгөөр тасраагүй. Тэр үеэр хотод ширхэг өндөг 600-800 төгрөгт хүрч байхад манай өндөг 400-450 төгрөгний үнээ хэвээр нь барьсан. Тиймдээ ч өндөг өдөртөө сэв хийтэл дуусч байсан. Корона гээд ажлын байрны цомхотгол болж зарим аж ахуйн нэгж байгууллага үүдээ хаасан. Харин манай компани үнэхээр чөлөө завгүй ажиллаж  ажлын байраа хадгалж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаадаа баяртай байдаг.
-Танай компани хэчнээн ажилчинтай вэ? Тэдний нийгмийн асуудалд хэр анхаарч байна?
-Удирдан чиглүүлж байгаа хүн нь зөвхөн компанитай холбоотой зүйл дээр л ам ангайдаг тийм  амин хувиа хичээсэн үзэлтэй байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм бол тэр байгууллага удаан оршин тогтнохгүй. Компани гэдэг хамт олны хүчинд босч тэдний хичээл зүтгэлийн үр дүнд өргөжин тэлэх, эсэхүл үйл ажиллагаа нь доголдох нь шууд хамааралтай. Одоогоор арваад хүнийг ажлын байраар хангаад байна. Ажлын байр тус бүрт хоёр ээлжээр ажилладаг учраас нэг нь хувийн шалтгаанаар ирэх боломжгүй тохиолдолд нөгөөх нь  нөхөж ажиллана. Манайхан ч энэ байдалдаа дасацгаасан. Хүүхдээ үзүүлнэ, хөдөө гадаа явах боллоо гэхэд өөрсдөө зохицоод л нэгнээ нөхөөд ажиллачихна. Харин хөдөлмөрийн хөлсөнд нь тохирсон цалин, ажил амралтыг нь зөв зохицуулах нь надаас хамаарах асуудал юм. Хүний эрхэнд халдахгүй, зөрчихгүй гэсэн үзлийг баримталдаг. Улиралд нэг удаа ажилчдаа ээлж ээлжээр нь сувилалд амраах тухай төлөвлөж байгаа. Манай байгууллагад 7 жил тасралтгүй ажилласан нэг ажилтан бий. Энэ дашрамд өдийг хүртэл манай байгууллагын түүхийг бүтээлцэж буй хамт олондоо талархаж буйгаа илэрхийлье.
-Энэ жилийг Аймгийн ЗДТГ-аас ЖДҮ-ийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхэлж буй байгууллагад 3 хувийн зээл олгоод эхэлсэн. Танай байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор зээлд хамрагдах  бодол байна уу?
-Бизнес эрхэлж буй бүх хүнд энэ нь маш үр өгөөжтэй сайшаалтай хэрэг байлгүй яахав. Үйл ажиллагаагаа идэвхжүүлэх гэхээр санхүү дээр гацалт үүсдэг болохоор дээрх мэдээллийг анх сонсоод үнэхээр талархалтай хүлээж авсан. Жишээлбэл; Хосолсон фермийн аж ахуйн газраа гэхэд л эмэгтэй удирдагчтай байгууллагыг дэмжих зээлээс 90 сая төгрөг авч, хурааж хуримтлуулсан хэдтэйгээ нийлүүлэн босгосон ш дээ. Тухайн үед энэ маш том дэмжлэг болж компанийг хэдэн шатаар ахиулах гол түлхэц болсон. Одоо яригдаад байгаа 3 хувийн зээлд хамрагдахаар бичиг баримтаа бүрдүүлээд гүйж л явна.
-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Та 1998 оноос өдийг хүртэл хүнсний ногоо тариалж газар эхийнхээ шимийг хүртэж явна. Мөн давхар тахианы аж ахуй эрхэлдэг. Таныг ясны хөдөлмөрч хүн гэж хэлнэ. Энэ эцэж цуцашгүй, хичээнгүй чанар тань юутай холбоотой юм бэ?
-Баярлалаа, хүнээс ил цагаан магтаал сонсож чаддаггүй хүн дээ би./инээв/ Өвөө, эмээ дээрээ өссөн минь зөв төлөвшлийг надад суулгаж өгсөн болов уу.  Өвөө эмээ маань намайг ерөөсөө ч загнаж ширүүн үг хэлж үзээгүй. Бүх зүйлийн мөн чанарыг зүйр үгээр ойлгуулдаг  байсан. Нэг ажил хийж байгаад түр орхичихлоор “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал”, “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг ч юм уу. Тэр хэлсэн зүйр үг бүр нь миний сэтгэлд хоногшиж үлдсэн дээ.
-Эмээ, өвөөгийн сургаалийг өвлөж авч үлдэнэ гэдэг сайн чанар. Та залуу бизнес эрхлэгчдэд ямар заавар, зөвлөгөө өгөх вэ?
-Хүн ажилд өөрөө гологдоно уу гэхээс биш хүн ажлыг голно гэж байж болохгүй. Үнэхээр хийе, бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй хүний үйл хөдлөл, харц нь хүртэл сэтгэлд мэдрэгддэг. “Санаа зөв бол заяа зөв” гэж гоё үг бий. Хийж байгаа ажилдаа хүн зөв сэтгэлээр хандаасай гэж хүсэх байна даа. Заавал удирдах албан тушаалаас эхлэх албагүй шүү дээ. Зөв сэтгэлтэй ажиллахад ажил төрөл цаанаасаа бүтнэ, тэр хэрээр үр шимийг нь хүртэнэ.
-Та үр хүүхдүүддээ ч ингэж зааж сургадаг байх. Гэр бүлийнхээ тухай яриа дэлгээч?
-Миний хань насаараа Аймгийн холбоонд ажилласан хүн. Тэтгэвэртээ гараад л шууд тахианы аж ахуйн бизнес рүү хамтдаа ханцуй шамлан орсон. Биеэ дайчламтгай, тун хичээнгүй хүн. Анх ногоо тарихыг надаар заалгаж байсан хүн удалгүй надад багшлах ахэмжээний болж ирсэн шүү. Компанийн арын бүх хүнд хүчрийг миний хань л үүрнэ. Бид гурван охин, ганц хүүтэй. Тахианы аж ахуй эрхэлдэг газарт малын эмч зайлшгүй шаардлагатай тул нэг охин маань энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Хоёр охин Хөдөө аж ахуйн дээд сургуулийг  төгссөн. Хань бид хоёр тэтгэврийн насныхан. Дараагийн залгамжлагчид маань энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн байх ёстой гэсэн үүднээс хүүхдүүд бараг бүгд хүнс, хөдөө аж ахуй чиглэлээр сурч мэргэжил эзэмшсэн.
-Мэргэжил боловсрол гэснээс та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Яг л мэргэжлийн ажлаа хийж байна даа. Би 1981 онд Дорнод аймгийнхаа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хөдөө, аж ахуйн техникумыг төгсөж Худалдаа бэлтгэлийн трестэд Ногооны зооринд агро техникч, няраваар анх ажилласан. Сумдаас болон аж ахуйн нэгжээс ирсэн ногоог хүлээн авч дэлгүүрүүдэд хуваарилна. Дараа нь “Шүр” захын ногооны зооринд ч ажиллаж байсан. 1998 оноос л хувиараа хөдөлмөр эрхэлж ногоо тарьж эхэлсэн дээ.
-Та ажил хөдөлмөр эрхлэх ид насаа харамсах зүйлгүй өнгөрөөсөн байна. Харин одоо амрах цагтаа амарч, аялаж зугаалж чадаж байна уу?
-Бараг үгүй дээ, Би аялах үнэхээр дуртай. Тэр дундаа Монгол орноороо аялахыг илүүтэй хүсдэг. Миний сэтгэлд үлдсэн аяллын ихэнх нь Монголын маань уул, ус, хөшөө дурсгал. Нэг удаа Өвөрхангай аймгийн баруун хойд захад орших “Төвхөн хийд”-ийг зорив оо. Яг хийдийн орой дээрээс алсыг ажиглаж байхад “Уул нь алсаас дүнхийн харагдаад, ус нь холоос номин үзэгдээд” гэдэг дууны үг эрхгүй санаанд бууж байсан шүү. 2018 онд ханьтайгаа Европын орнуудаар аялаад ирсэн. Аялал бидэнд амралт, шинэ адал явдал юм даа.
-“Нутгийн тус” компанийн “Дорнод Өндөг” гэх брэнд бүтээгдэхүүн долоо дахь хавартайгаа золгож байна. Дахиад долоон жил өнгөрөхөд ямар хэмжээнд хүрсэн байх бол. Танай компанийн алсын зорилго юу вэ?
-Нэгэн “гэнтийн бэлгийг” энд задлахад тун удахгүй манай компани Зүүн бүс нутгийг өндгөөр хангах тулгуур аж ахуй болно гэдгийг бахдалтай хэлмээр байна. Түрүүн хэлсэнчлэн тахианы аж ахуйтай аймаг тийм ч олон биш. Одоо гэхэд гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалт хамгаалалт нь бүрхэг өчнөөн өндөгнүүд энэ тэндээс орж ирсээр байна.  Манай аймаг чинь Зүүн бүсийн тулгуур төв, тэгвэл өндгөөр ч гэсэн тулгуур аймаг нь больё л доо. Эрүүл өндөг, чанарлаг хүнснээс хэн татгалзах билээ. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэгчлэн нутгийн брэнд бүтээгдэхүүнээ улсад хүлээн зөвшөөрүүлэх хүч дан ганц манайхаас шалтгаалах зүйл биш учир Дорнод зон олны минь итгэл, сэтгэл, дэмжлэг бидэнд дээдийн тус юм шүү. Манай бүтээгдэхүүнийг сонгодог  Та бүхэндээ “Дорнод” сониноор дамжуулан талархсан сэтгэлээ уламжлъя.
-Өндөр зорилгыг өмнөө тавьсан танай байгууллагын ажил үйлс тэгш сайхан байх болтугай.

Т.Энхнаран
 

  • Туяа
  • 483
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313