“ЦАГДАА ТАНД БАЯРЛАЛАА” ГЭДЭГ ҮГ БИДЭНД ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГИЙГ ӨГДӨГ

2021 оны 3-р сарын 21 өдөр

Коронавирусийн цар тахал дэгдэж, хүнд цаг үетэй нүүр тулснаас хойш тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж,  өндөр ачаалал үүрч яваа хүмүүс бол яах аргагүй Цагдаагийн байгууллагын алба хаагчид. Энэ цаг үеийн том төлөөлөл болохын нь хувьд “Дугаарын зочин”-оор Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Т.Ганзоригийг урьж ярилцлаа. 

-Сайхан хаваржиж байна уу, Та. Ажил нь тавтай биз дээ?
-Сайн байна уу. Тарган сайхан хаваржиж байна уу.
-Шинэ оны эхний улиралд тантай ярилцаж байгаадаа ихэд бэлгэшээж байна. Сүүлийн гурван жил дараалан ажлаараа улсад тэргүүлэн, олон аварга төрж гарсан танай хамт олонд юун түрүүн баяр хүргэж, амжилт хүсье. Мөн 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны  “Шилдэг удирдах ажилтан”-аар шалгарсанд тань давхар баяр хүргэе.  
-Баярлалаа. Байгууллагын дарга удирдлага, алба хаагч хэний ч хувьд шагнал бол үргэлж хамт олны хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Энэ бол аймаг орон нутгийн удирдлага, ард иргэдийн халуун дэмжлэг, миний хамт олны хамтын ойлголцол,  алба хаагчдын хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Манайхаас Цагдаагийн ерөнхий газрын ажил мэргэжлийн “Шилдэг алба хаагч”-1, бусад харьяа албадын аварга, оны онцлохоор  3 алба хаагч шалгарсанд баяртай байна. 
-Өнгөрсөн жилийн хувьд Коронавирусийн халдвар тархсантай холбоотой Цагдаагийн алба хаагчдын хувьд өндөр ачаалалтай ажилласан. Энэ үед Дорнодын цагдаагийн байгууллага хэрхэн ажиллав гэдгээс яриагаа эхлэх үү? 
-Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг хэрэгжүүлэхээр аймаг сум сууринаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих, иргэдийг тусгаарлан ажиглах цэг, бүсэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэсээр байна. Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ амгалан тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу эрүүл мэндийг нь сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлж байна. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд 5 обьектод 285 иргэнийг тусгаарлан, гэрийн ажиглалтанд 9182 хүнийг ажиглах хугацаанд гадна орчинд аймгийг тойрсон 54 постонд 352 алба хаагч, 26 тээврийн хэрэгсэлтэй хэв журам сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.  Цагдаагийн байгууллага Шинэ төрлийн коронавируст /covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд бүсчлэн хаах зураглал, төлөвлөгөөг гаргаж улсын хэмжээнд анх удаа тус ажлыг амжилттай зохион байгуулан ажилласныг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон аймаг орон нутгийн удирдлага, иргэд олон түмэн маань өндрөөр үнэлсэн.
-Цар тахлын үед ажиллаж байгаа Цагдаагийн алба хаагчдын маань ажиллах орчин нөхцөл ямар байдаг юм бол?
-Цагдаагийн албан хаагчийн аюулгүй байдал, албан үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэх нь тухайн Цагдаагийн байгууллагын дарга, удирдлагаас ихээхэн шалтгаална. Энэ ажилд аймаг орон нутгийн удирдлага, Цагдаагийн төв байгууллагын удирдлагаас маш өндөр хэмжээнд анхаарал хандуулж ажиллаж ирлээ. Мөн сумдаас аймгийн төвүүд, аймгийн төвөөс Улаанбаатар хотыг чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул нэгдсэн зохион байгуулалтад оруулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хучилттай авто зам дагуу байнгын болон түр хяналтын цэгүүдийг өртөөчилсөн хэлбэрээр байрлуулж, аймаг руу нэвтрэх, гарах замын 11 цэгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчид эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, зөвлөгөө өгөхөд хамтран ажиллаж байна. Энд ажиллаж байгаа албан хаагчдын хоол хүнс, хувцас хэрэглэлийн аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халдварын голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдийг ажиглан тусгаарлах, тэдний аюулгүй байдал, хөл хөдөлгөөнд нь хяналт тавих, мөн тухайн халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийг гэрийн дэглэм ажиглалтад шилжүүлэхэд  хяналтад авах гэхчлэн үүргийг хүлээж ажиллаж байна. Мэдээж ажиллах орчин нөхцөл бидний хувьд чухал хэдий ч улс орон, аймаг орон нутгийнхаа өмнө тавигдсан зорилтыг ханган биелүүлэхэд бидэнд зовлон ярих эрх одоохондоо алга даа.
-Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хувьд хүндрэлтэй асуудал юу байв?
-Аймаг, сумын төвийг тойрсон постуудын тухайд барилга байгууламж мэдээж цөөхөн. Тийм болохоор тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тухайд нөхцөл байдалдаа тохируулж үүргээ гүйцэтгэсэн. Энэ нь ганц Цагдаагийн ажилтнууд ч биш, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Авто тээврийн газрынхан гээд бүгд ялгаагүй. Өвлийн хасах 30 хэмийн хүйтэнд машиндаа үүрэг гүйцэтгэх амаргүй.  Тийм болохоор тэднийгээ аль болох дааруулахгүйн тулд ядаж л машин тэргийг нь байнгын асаалттай байлгах зорилгоор бензин шатахууныг зохицуулахаас эхлээд ар араасаа асуудал гарч байсан ч аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна. Алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх  зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг 2 ээлжээр ажиллуулж, эргүүлээс буугаад шууд гэртээ харих, тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хамгаалалтаас буугаад гэртээ амрах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.
-Өнөөдрийг хүртэл коронавирусийн халдварыг аймагтаа алдахаас сэргийлж чадлаа. Цаашид халдварыг алдахгүй гэсэн баталгаа байхгүй. Тийм болохоор  тусгаарлах байр болон эмчилгээ үйлчилгээний бэлэн байдал хэр хангагдсан байдаг бол?
-Манай аймгийн хувьд бэлтгэл байдлаа бүрэн хангасан. Манай улс анх коронавирусийн халдварыг дотооддоо алдсан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн арга хэмжээ авч Дорнод аймгаа эрүүл, ногоон бүс байлгахыг эрмэлзэн ажилласан. Бусад аймгууд ажлаа дөнгөж эхэлж байхад бид аль хэдийн урьдчилсан байдлаар аймаг орон нутгийнхаа хэмжээнд дагаж мөрдөх журам зааврыг түрүүлж боловсруулж, удирдамжийн дагуу ажиллаж эхэлсэн. Ингэснээр Зүүн бүс нутагтаа төдийгүй улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц хэд хэдэн журмын төслийг боловсруулж батлан мөрдөж, ажиллаж байна. 
-Энэ хугацаанд тусгаарлалтын дүрэм журам зөрчсөн иргэд бий юу? 
-Аймгийн хэмжээнд Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын үед болон бусад хориглолт хязгаарлалт тогтоосон өдрүүдэд бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон журам, зааврыг зөрчсөн,  гэрийн ажиглалтанд байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, тодорхой заагдсан зам маршрутыг зөрчиж, хулгайн замаар орон нутаг руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн, хөл хорионы үед гадуур гарч сэлгүүцсэн зэрэг  67 зөрчлийг илрүүлж, 25 иргэнд Зөрчлийн тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуульд  заасны дагуу 10.1 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
-Өдөр шөнөгүй зүтгэж халуунд нь халж, хүйтэнд хөрч яваа цагдаагийн ажилтнуудын хувьд эрүүл мэндийн асуудал нэн түрүүнд тавигддаг болов уу? 
-Аймгийн Онцгой комиссоос тэргүүн шугаманд ажиллаж байгаа алба хаагч нарыг цар тахлаас урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай болон хувийн хамгаалах хэрэгсэл,  халдвар хамгааллын хувцас /нэг удаагийн комбинзон, нүдний шил, нүүрний болон амны хаалт, малгай, улавч, бээлий, гар ариутгагч/ зайнаас биеийн халуун хэмжигч, шүршигч /автомакс/ зэргийг бидэнд өгснийг хуваарийн дагуу тараан олгож байна. Мөн Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгждэг  “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдыг эрүүл чийрэг бие бялдартай байлгах, албан үүргээ гүйцэтгэхэд анхаарч, жил бүр ажиллагсдаа эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор С.Вандансүрэн захиралтай “Нью-Эндорфин” эмнэлэгтэй сүүлийн 3 жил хамтран ажиллаж ирлээ.  Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг,  шинжилгээнд хийсэн дүгнэлтийг үндэслэн бүлэглэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ЦЕГ-ын харьяа Сэргээн засах сувилал “Сүүж уул” амралтанд байгууллагынхаа 100 гаруй алба хаагчийг 20 гэр бүлтэй нь хамт хуваарийн дагуу 1 жилийн хугацаанд амраасан. Энэ тоо бол бусад аймаг, дүүрэгтэй харьцуулахад өндөр тоо. Мөн эмэгтэй албан хаагчдаа ч энэ хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нарийн үзлэг шинжилгээнд оруулж, зөвлөгөө өгүүлж, эмчилгээнд хамруулсан.
-Танайд эмэгтэй албан хаагч хэр олноор ажилладаг вэ, эдгээр хүмүүс постонд ажиллав уу?
-Манайх нийт 200 гаруй ажиллагсадтай, тэдний 15 нь эмэгтэй албан хаагч. Онцгой нөхцөлд тэднийгээ дайчилж ажиллуулах нь миний үүрэг. Эмэгтэй ажилтнуудын хувьд хээрийн нөхцөлд ажиллах нь хүнд ч, ард олныхоо төлөө тангараг өргөсөн хүмүүс болохоор ямар ч нөхцөлд эрчүүдтэй эн зэрэгцэн албан үүргээ нэр төртэй  гүйцэтгэж ирснийг энд онцлоё.
-Ковидын үеийн олон эерэг хандлагаас хамгийн тод мэдрэгдсэн зүйл таны  хувьд юу байна вэ?
-Энэ хүнд цаг үед манай ард иргэд төрийн албан хаагчдыг хайрлаж хүндэтгэдэг болох нь их тод мэдрэгдсэн. Постон дээр ажиллаж байгаа алба хаагчдад  энгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс өөрсдийн хэмжээнд сайхан сэтгэлийн үүднээс сайн дураараа туслалцаж, сэтгэлийн дэм хайрласаар байна. Халуун савтай хоол унд бариад ирэх асуудал бол энүүхэнд. Манай аймгийн аж ахуйн нэгж байгууллага, компани, хувь хүмүүсээс аймгийн Онцгой комисст хандаж ирүүлсэн  хандив туслалцаа мэдээж ирсэн байх. Энэ хүнд цаг үеийг хамтдаа зүрх сэтгэлээрээ нэг байж дэг журамтай, хувийн сахилга баттай туулж яваа Дорнод нутгийнхаа зон олонд маш ихээр талархаж байгаагаа сонины хуудсаар дамжуулан уламжилъя. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Энэ үгийн үнэ цэнийг хамгийн тод мэдэрч сууна даа.
-Гэмт хэргийн статистик мэдээний гол гол үзүүлэлтүүд эерэг гарсан нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?
-Гэмт хэргийн тоо, түүний улмаас учирсан хохирол мэдэгдэхүйц хувиар буурч байгаа нь төр засаг иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амар тайван нөхцөлд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, тэдний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл юм. Аливаа ажлыг эцсийн дүндээ хүн л хийдэг учраас өнөөдрийн энэ эерэг үр дүн манай цагдаагийн байгууллагын бүх шатны тасаг, хэсэг, удирдах ажилтнуудын ажлын зөв зохион байгуулалт, ажилтан, алба хаагчдын идэвх санаачлага, цаг наргүй нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын орон тоо хүн хүч Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тогтоосон норм нормативоос доогуур, ялангуяа орон нутагт хүрэлцээ муутай, алба хаагчдын ажлын ачаалал хэтийдсэн гэмээр их байгаа ч манай алба хаагчид ард олныхоо амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, тодорхой үр дүнд хүрч байна. Өнгөрсөн жил бид 13 орон тоог шинээр батлуулж, боловсон хүчнээ томилууллаа. Аймгийн дарга, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарт гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тухай бүр  танилцуулж ажилласны үр дүнд орон нутгийн төсвөөс 2020 онд 595.1 сая төгрөгийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ дашрамд аймгийн ИТХурлын дарга асан Л.Хишигтогтох, одоогийн дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нартаа хамт олныхоо өмнөөс баярлаж талархсанаа дахин илэрхийлж байна.
-Цагдаагийн газрын даргатай уулзаж байгаагийнх аймгийн Гэмт хэргийн нөхцөл байдлыг асуухгүй өнгөрч болохгүй байх, анхаарал татсан ямар хэргүүд байна вэ ?
-Цахим гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө цахимаар мэдээлэл авагчдын тоо 106 мянга байсан бол өнөөдөр Монгол улс цахим хаяг хэрэглэгчдийн тоогоор Ази тивдээ тэргүүлж эхэллээ. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр сошиал ашигладаг бол тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цагийг зарцуулж байна. Мэдээлэл технологийн дэвшил ийнхүү цаг тутамд хурдацтайгаар урагшилж буй энэ цаг үед компьютер, утаснаасаа ганцхан товч дараад л хүссэн бараа, үйлчилгээгээ өөр дээрээ авчирч чаддаг болсон. Өдөр тутмын амьдралын хэмнэл ийнхүү цахимжсан нь цаг хугацаа, зардал хэмнэж байгаа ч иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт санаа бодол бүхий хүмүүс олширч байна. Бас нэг анхаарал татсан асуудал бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна. Олон улсын судалгааны байгууллагуудаас зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч, эрсдэлд орж байгаа гол шалтгааны нэг нь “тээврийн хэрэгслийн хурд” хэтрүүлэлтээс болж байна гэж тогтоосон. Амьдралын өртөг өндөртэй орнуудад зам тээврийн ослоос шалтгаалсан үхэл 30 орчим хувийг эзэлж байхад бага буюу дунд түвшний орнуудад зам тээврийн ослын 50 орчим хувь нь хурд хэтрүүлснээс шалтгаалан үйлдэгдэж байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяны хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар тус тус буурсан хэдий ч аян дууссаны дараа энэ тоо буцаад өссөн. Энэ нь манай жолооч нарын өөрсдийн хариуцлага, хандлагын асуудалтай шууд холбоотой. 
-Дорнод аймаг мал хулгайлах гэмт хэргээр анхаарал татдаг аймгуудын нэг. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ямар ахиц гарч байна? 
-Аймгийн хэмжээнд анхаарал татаж, ихээр үйлдэгдэж байгаа Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн газраас санаачлан аймгийн ИТХ-аар батлуулсан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж ажиллалаа. Аймгийн Засаг даргаас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн  албан хэрэгцээнд “Mitsubishi L-200” маркийн автомашин, сумын хэсгийн төлөөлөгч бүрт сар болгон 100 литр шатахууны дэмжлэг үзүүлсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгсөн чухал ажил боллоо.  Орон нутгийн хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд явуулсан болон аймгийн Засаг даргын захирамжаар  нутаг дэвсгэртээ хэд хэдэн томоохон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласнаар энэ онд мал хулгайлах гэмт хэрэг 64 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 69-өөр буюу 51.8 хувь буурлаа. Онцлог заримаас нь дурдвал: “Малын хулгайн-Илрүүлэлт-2020” нэгдсэн арга хэмжээг 60 хоногийн хугацаанд зохион байгуулсны үр дүнд  2017 оноос хойш үйлдэгдээд илрээгүй байсан хэргүүдийг толгойлсон 8 бүлэг 50 гаруй холбогдогчтой этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан, иргэдийн 219 бод, 119 бог нийт 368 толгой малыг бэлчээрээс нядалж хулгайлж, 84 удаагийн үйлдлээр бусдад онц их хэмжээний хохирол учрууулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг тогтоож, шүүхээр шийдвэрлүүлсэн. Цаг үеийн байдлаас шалтгаалан хэрэгжүүлж амжаагүй олон ажил хүлээгдэж байна. Тухайлбал, Малчдын зөвлөгөөн, хилийн малын хулгай гэх мэт.
-Сар шинийн өдрүүдэд Цагдаагийн байгууллага сайн ажилласан үнэлгээг олон нийт өгч байсан. Цагдаа нарын харьцаа хандлага урьдахаас өөрчлөгдсөн санагддаг?
-Иргэд маань биднээс гарсан хэрэг болгоныг илрүүлж өг гэж шаардаж хүсдэггүй. Тэд ерөөсөө эелдэг зөөлөн харилцааг л хүсч байна шүү дээ. Иймээс би  хамт олондоо Хүний төлөө бай гэдэг ганцхан үгийг хэлдэг. Цагдаагийн алба хүний төлөө алба.
-Та удирдах албан тушаалд хэд дэх жилдээ ажиллаж байна? 
-Би Цагдаагийн байгууллагын босгыг алхаж орсоноос хойш олон сайхан дарга удирдлага, хамт олонтойгоо ижилдэн нөхөрлөж явсаар өнөөдөр 28 жил болжээ. Үүнээс сүүлийн 18 жил нь хөдөө орон нутгийн аймгуудын цагдаагийн газар хэлтсийн дарга, дэд дарга удирдах ажил хийж гүйцэтгэлээ. Хамт олноо зөв удирдан чиглүүлж, манлайлж ажиллана гэдэг бол их чухал.
-Та байгууллагадаа “Өрхийн тэргүүн”-ий үүргээ үнэхээр сайн гүйцэтгэж байгаа юм байна. Ар гэртээ энэ үүргээ хэр биелүүлж байна даа? Эмэгтэйчүүдийн баяр өнгөрөөд удаагүй байна. Эхнэрээ яаж баярлуулав?
-За даа, маруухан даа. Би өглөө 07.00 цагт ажил дээрээ ирнэ, орой хамгийн эртдээ 20.00 цагт харьдаг. Ингээд бодохоор ар гэртээ зориулах цаг зав үнэхээр хомс. Буян заяагаараа миний ажлын онцлогийг ойлгодог ханьтай учирсандаа баярлаж явдаг. Бурханаас заяасан гурван сайхан хүүхэдтэй. Том охин маань миний мэргэжлийг өвлөж Дотоод хэргийн Их сургуулийн оюутан. Хоёр бага нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна.  
 Мартын 8-наар мэдээж эхнэрээ баярлуулдаггүй эр хүн гэж хаа байхав. Гэр бүлийн  хэмжээнд ширээ засч эхнэрээ, охидуудаа хүлээж авнаа. Гэртээ ховор үзэгддэг хүн болохоор ажлаас эртхэн тарж очих нь ар гэрийнхэнд маань том “бэлэг” байдаг байж мэднэ. \инээнэ\ 
-Нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ?
-Нөхөрлөл гэдэг миний бодлоор итгэлцэл юм даа. Миний даргаар ажиллаж байсан генерал М.Ганболд “Итгэ, итгэвэл шалга” гэж үргэлж хэлдэг байлаа. Тиймээс хамт олон, алба хаагч нартаа халуун итгэлцэл, нөхөрлөлийн дунд үнэ цэнэтэй ажиллаж амьдраасай гэж хүсдэг. Итгэж байгаа юм чинь хааяа шалгаж байхад ер нь их гэмгүй шүү. Миний хувьд архи, тамхи  огт хэрэглэдэггүй. Энэ нь хамт олондоо үзүүлж буй бас нэгэн  манлайлал гэж ойлгодог. Спорттой нөхөрлөөд олон жил болжээ.Томилогдож очсон газар бүртээ хамт олноо эрүүл, чийрэг бие бялдартай хөдөлмөрийн хамт олон болгохыг зорьдог. Миний найз нөхөд гэвэл спортынхон эсвэл хир, хор нь арилсан  ахимаг  насны ах, эгч  нар байдаг ш дээ. /Инээв/ Монголын Цагдаагийн байгууллагад миний удирдлагад хамт ажиллаж байсан олон залуус  өндөр албан тушаалд дэвшиж, газар, хэлтэс тасгийн дарга болсон ч тэдэнтэйгээ одоо хүртэл ах дүүгийн сайхан харилцаатай явдаг. Энд бол бас л нөхөрлөлийн үнэ цэнэ.

Т.Ганзориг даргатай албан бусаар олонтоо уулзаж, ярьж хөөрч явжээ. Харин ярилцлагын ширээний ард анх удаа суув. Тэрээр боловсрол өндөр, багаасаа бэлтгэгдэж шат шатны сургуулиийг сүрхий дүнтэй дүүргэсэн нэгэн.  Багаас нь их рүү нь өгсөх замаар дэвшиж явсаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдож, гурван жилийнхээ өнгөн дээр “Цагдаагийн хурандаа” гэдэг эрхэм цолд хүрсэн.  Тэвчдэг, үүрэг хүлээдэг, цагаахан, бас элдвийн муу зуршилгүй, шуналгүй, хүнд тусархаг. Энэ бол түүний төлөвшил. Гуч шахам жил зүтгэсэн энэ сайхан албандаа, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нөхдөдөө, цагдаадаа халуу оргисон их хайртай. Цагдаагийн алба түүний хувьд итгэл үнэмшил, үнэт зүйл нь. Цагдаагийн байгууллагадаа ноён нуруу, нөмөр нөөлөг нь болж яваа эрхэм Хурандаа танд баярлалаа.

Б.Туяа
 

  • Туяа
  • 354
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313