“ЧИ МОНГОЛЫН АНХНЫ ГҮНИЙ УУРХАЙН ЭМЭГТЭЙ ӨРӨМЧИН БОЛЛОО” ГЭЖ ХЭЛСЭН

2021 оны 3-р сарын 14 өдөр

“В” ангиллын жолооны үнэмлэхнээс өөр техникийн мэдлэггүй 25 настай залуу бүсгүй яаж Монголын хамгийн анхны эмэгтэй Гүний уурхайн өрөмчин  болсон тухай Та бүхэнд хүргэх  болсондоо таатай байна.

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Сугарбаатарын Бүжин гэдэг. Би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Оюутолгой төсөлд хөндлөн нэвтрэлтийн Рэдфап ХХК-д гүний уурхайн өрмийн оператораар ажилладаг.  
-Оюутолгой гэдэг том айлтай анх амьдралын замаа холбосон түүхээ сөхөөч?
-Би 2003 онд  ШУТИС-ийг үйлдвэрлэлийн менежмент чиглэлээр төгсөж мэргэжил эзэмшсэн. Их сургуулиа дүүргэж ирээд “Хаан” банкны Дорнод аймаг дахь салбарт теллер, “Шүр” захын “Дорнод худалдаа” ХК-нд  нягтлан бодогчоор  ажилласан. 2007 онд Оюутолгой дөнгөж ажилтан авч эхлэх үед таньдаг эгч маань зөвлөж ажилд орох хүсэлтээ илгээн тэнцсэнээр Оюутолгойтой ажил амьдралаа холбосон доо. Одоогоос 14 жилийн өмнө намайг анх Оюутолгойд очиход 200 гаруй ажиллагсадтай, хэдэн эсгий гэр угтаж байсан бол одоо 20-30 мянган ажиллагсадтай цогц бүтээн байгуулалт босчээ. Миний анх хөл тавьсан Оюутолгой хаанаас хаа хүртэл ямар баялаг байна гээд хайж байсан бол одоо олсон баялгаа олборлож, баяжуулаад тээвэрлэж байна. Эргээд бодохоор цаг хугацаа үнэхээр хурдан юм.
-Анх очоод Оюутолгойд ямар ажил хийдэг байв?
-Би анх Оюутолгойн сургалтын албанд бичиг хэргийн ажилтнаар жил гаруй хугацаанд ажилласан.  Дараа нь аюулгүйн ажиллагааны сургалт хариуцсан сургагч багш болсон. Нэг ажлыг удаан хийх нь хөгжихгүй байгаа юм шиг санагдаж, өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн. Оюутолгойн давуу тал ажлын байран дээрээ сургалт явуулдаг. Манай улсад уурхайн тоног төхөөрөмж, машин техник хэрэгслийн сургалт гэж байхгүй шүү дээ. Оюутолгой компани  гаднын мэргэжилтнүүдийг урьж авчирч багшлуулж, дотоодын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг онцлогтой.  Гадаад мэргэжилтнүүд уурхайн машин техник, тоног төхөөрөмж дээр ажиллаж байгааг Монгол залуус дагаж харж үзэж суралцдаг. Ингээд ур чадварын шалгалт өгч мэргэжлийн үнэмлэх гардаж авдаг.  Би ч мөн ялгаагүй. Бүх л зүйлийг “А”-гаас нь эхэлсэн. Гүний уурхайд Монгол уурхайчнаа дагалдаж бетон зуурмагийн машин дээр ажилласан. Зуурмагийн машины жолооч байхдаа даргадаа “Өрмийн машин жолоодож үзмээр байна” гэсэн чинь зөвшөөрсөн. Газрын гадарга дээр сургалтын бүхээгт 200 цаг суралцаж, гүний уурхайд зургаан сар дагалдан хийсэн. Олон операторуудтай хамт ажилласан. Эрхмээ, Дайвэд Чойс багш нараасаа ихийг сурсан.  Сургалтаа дүүргээд шалгалтаа амжилттай өгч Гүний уурхайн өрмийн машины жолоочийн үнэмлэхийг гардаж авахад багш маань “Чи Монголын анхны Гүний уурхайн эмэгтэй өрөмчин боллоо” гэж хэлж билээ. Энэ үг надад асар том хариуцлага, бахархлыг төрүүлсэн. Миний барьдаг машины үйлдвэрлэсэн он хамгийн хөгшин нь 2012 оных. Энэ машин өөрөө сүүлийн үеийн техник учир надтай адил ажил мэргэжилтэй хүн манай улсад одоогоор байхгүй байх аа.
-Гүний уурхайн өрөмчин гэхээр юу хийх вэ, онцлог нь?
Оюутолгой ил, далд хоёр уурхайтай. Газрын гадаргатай ойр байгаа баялгийг хөрсийг нь хуулж дээрээс нь авдаг. Үүнийг бид мэднэ. Газрын гадаргаас хол байгааг нь доогуур хонгил үүсгэн доош урсгаж олборлодог. Одоо Оюутолгойн ил уурхайн ажил бараг дуусч байгаа. Гол үйл ажиллагаагаа гүний уурхайд төвлөрүүлж байна. Намайг анх Оюутолгойд очиход далд уурхайн босоо амны малтлага эхэлж байсан бол одоо гүний уурхайд нийт 50 км орчим хонгил гаргажээ. 2022 он гэхэд бид баялгаа олборлоход бэлэн болно гэж тооцож байгаа. Оюутолгойн гүний уурхайд агууламж өндөртэй орд бий гэж үздэг. Гүний уурхай гэж газрын гадаргаас эгц доошоо 1300 метр ухаад түүнээсээ тал тал тийшээ хөндлөн хонгил бий болгодог. Тэр олон тийшээ салбарласан хонгилуудыг өрөмддөг “Жамбо” гэдэг машиныг би барьдаг. “Жамбо” МТС нь урд талын өрөмнөөс арын бөгс хүртэл 18 метрын урттай том оврын машин. Таван метрийн өндөртэй, таван метрийн өргөнтэй хонгилд  өрмийн машин жолоодох нь маш өндөр ур чадвар шаардана. “Жамбо” үнэхээр ухаалаг машин. Гар утас шиг мэдрэгчтэй  дэлгэцтэй. Түүн дээр нь аль чиглэлд ямар хэмжээтэй өрөмдөх тохиргоог нь хийж өгнө.  “Жамбо” хөдөлгөөнд оролцохдоо дизелиэр явдаг. Зогсоод мянган вольтоор ажилладаг. 1000 вольттой залгах залгуур нь гэхэд 20 орчим кг хүнд. Эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүн өргөхөд ч чанга. Хүн тэгээд дуртай юмныхаа эв дүйг олдог юм билээ. Анх залгуураа арай гэж өргөж машиндаа залгадаг байсан бол одоо тоохоо больсон. Манай гүний уурхай гурван ээлжтэй. Ээлж болгон өрмийн 10 оператортай.
-Өөрийн тань ярианаас хаашаа яаж газар доор хонгил гаргахыг зааж өгдөг байх нь гэж ойлголоо?
-Аль зүгт ямар хэмжээтэй хонгил гаргах зааврыг уулын инженерүүд өгнө. Бид бол гүний уурхайгаас олборлох баялгийн замыг гаргаж өгч байна гэсэн үг. Оюутолгойн олборлох баялаг газрын гадаргаас 700 метрт бий гэж тооцоолдог. Газрын гадаргаас 700 метрын гүнд ухаж чигээрээ дайрч баялгаа олборлох юм бол  алхам бүрдээ тэсэлгээ хийж  илүү их зардал гардаг гэх юм билээ. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн төвшний, аюулгүй, хэмнэлттэй аргаар блокчлон олборлох аргыг хэрэглэж байна.  Энэ нь газрын гүнд орших баялгийнхаа доогуур өрөмдөж доошоо баялгаа урсгах замаар олборлоно гэсэн үг.
-Гүний уурхай гэдэг нь газар доорх байгууламж. Айдаг уу?  
-Гүний уурхай бол малгайн гэрлээс өөр гэгээгүй харанхуй орчин. Одоо айхаа больсон. Бид  бүсэндээ төмөр хайрцаг бүхий 2,5-3 кг жинтэй амь хамгаалах баг зүүдэг. Уурхайд аюул осол тохиолдвол энэ багийг зүүж 30 минут хүчилтөрөгчөөр хангагдах ёстой. Одоогоор Оюутолгойн гүний уурхайд амь хамгаалах багаа ашигласан тохиолдол гараагүй байна. Цаашид ч битгий гараасай гэж хүсдэг.  Уурхайн ажлын хувцас хүнд жинтэй. Бидний хоёр гутал нийлээд 5 кг орчим. Ингээд бодохоор ажлаа хийхдээ 10 орчим кг ачаа биедээ тээж явдаг гэсэн үг. Дээрээс нь тоос шороо, шавар устай нөхцөлд ажиллана. Гэхдээ би ажилдаа дуртай. Өөр ажил хийнэ гэж төсөөлөгддөггүй ш дээ.    
-Бага байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?
-Инженер. Тэр тусмаа автын инженер болохыг хүсдэг байсан. Бага насны мөрөөдөл минь одоогийн ажлаа сонгоход нөлөөлсөн байх. \инээв\
-Анх Оюутолгойд ажиллахад ямар хүндрэл байв?
-Оюутолгойн зааварлагч мэргэжилтнүүд нь гадаад хүмүүс байдаг. Анх очиход арван жилийн сургуулийн орос хэлний мэдлэгээс өөр гадаад хэл мэдэхгүй болохоор хэлний бэрхшээл байсан.  Гэсэн ч хүнд сурч чадахгүй зүйл гэж байдаггүй юм гэдгийг би энд ойлгосон.  Yes, No-өөс өөр англи үггүй би одоо орчуулгын багтайгаа хамтран уурхайн машин техникийн зааврыг орчуулдаг болсон. Манай улс хүнд оврын техник үйлдвэрлэдэггүй, гадаадаас Монгол заавартай машин техник ирэхгүй. Бүгд л англи хэл дээр зузаан гэгчийн заавартай ирнэ. Жирийн малчин монгол залуу Оюутолгойд ирээд дэлхийн хэл сурч, дэлхийн машин техник дээр ажиллаж, дэлхийн мэргэжилтэн болдог. Тэгэхээр хүн чадъя, мэдье суръя гэвэл болохгүй зүйл гэж байдаггүй юм билээ.  
- Ярилцсанд баярлалаа.

Бүжинтэй ярилцаж суухад тэрээр хамт олон, ажил мэргэжилдээ сэтгэл нэн хангалуун юм билээ. Оюутолгой ХХК эмэгтэйчүүдээ дэмжиж ягаан өнгөтэй өрмийн машин оруулж ирсэн гэж ярив. Тэр нүсэр том техниктйг мэдээж манай хүн, Дорнодын бүсгүй л жолоодно шүү дээ. Одоо тэрээр амаржиж  операторуудыг бэлтгэдэг багш болжээ.   Уурхайн талбарт эрчүүдээс дутахгүй хөдөлмөрлөж яваа тал нутгийн бүсгүй чамд амжилтын дээдийг хүсье.     

Б.Одмаа 
 

  • Туяа
  • 265
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313