90 НАСТАЙ ОЙН АНГИД “ИХ-ҮРИЙН ЖИЛ” ДЭЭР НЬ ЗОЧЛОВ

2021 оны 3-р сарын 7 өдөр

Ногоон навч саглагар мөчиртэй том, жижиг моддын дэргэдүүр бид өдөр бүр л өнгөрдөг. Нэг л мэдэхэд гоёмсог навчаа гөвж нүцгэрсэн харагдана. Энэ бүхэн энгийн мэт боловч үй түмэн нууцыг өөртөө агуулж байдаг гэлтэй. Баян-Уул сумын “Сум дундын ойн анги” бол энэ нууцыг бүтээгчдийн нэгээхэн хэсэг. Тиймээс бид ойг хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж байгаа энэхүү хамт олны зүг хүлгийн жолоо залж тэний нэг өдрийн ажлыг сурвалжлахаар замд гарлаа.
       Монголчууд бид хүүхэд төрүүлэх, ном бичих, мод тарихыг “дээдийн гурван буян” хэмээн эрт эдүгээс сүсэглэж ирсэн ард түмэн. Тиймээс нэг мод тарих нь нэг насны буян гэж байгаль эхээ хайрлан хамгаалах арга ухааныг сүсэг бишрэлээр дамжуулан үеийн үед өнөө бидэнд уламжлагдаж ирэв. Ногоон мод бол бидний биед нэн тэргүүнд хэрэгтэй зүйл болох цэвэр агаар, цэнгэг ус бэлэглэгч юм. Яагаад гэхээр, мод нь агаарын чийгшлийг нэмэгдүүлж хур тунадас унах нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас ой мод ихтэй газар бороо, цас орох нь элбэг. Мөн навчаараа нүүрс хүчлийн хийг авч бидэнд шаардлагатай хүчилтөрөгчийг ихээр ялгаруулж агаарыг цэвэрлэнэ. Харин манай аймгийн ой модны 80 хувийг Баян-Уул сум дангаар эзэмшдэг. Тэгвэл энэхүү 80 хувьтай дүйцэхүйц ой модыг найм ч хүрэхгүй хүн арчилж, тордож, хайрлан хамгаалж байна гэвэл та итгэх үү. Тус ойн анги нь “гарын таван хуруу” гэдэг шиг тавуулханаа л ажиллана. Гэсэн хэдий ч ажилдаа атгасан гар шиг нэг сэтгэлээр ханддаг болохоор тэдний ажлын бүтээмж үргэлж арвин.
        Биднийг Ойн ангийн дарга Г.Ганбаатар гэх идэр насны эр замд угтаж авлаа. Тэрээр ой модыг 26 дахь хавартаа хамгаалж үржүүлж буй нэгэн.  “Нутгийн брэнд” нэртэй цайны газар бид өглөөний ундаа уух зуураа даргатай хол ойрын сонин хачин хуучлав. Буриадууд хэзээний  ажилч хичээнгүй, хоол унд сайтай нь ширээн дээр илхэн. Нэрсний чанамал, гишүүгэний чанамал, зөөхий, тос, халуун цацаргана, шинэхэн барьсан талх цөм өрөөтэй.  Тэдний өөрсдийн гараар хийсэн эко бүтээгдэхүүн гэдэгт гол онцлог нь оршино. Нутгийн захын айлаар ороход л яг энэ жишгээр зочноо дайлж цайлна. Айл бүр л хашаандаа нарийн ногоо, жимсний мод тариалдаг аж. 
Баян-Уул сумын Сум дундын ойн анги нь 1931 онд Хэнтий аймгийн ойн аж ахуй тухайн үеийн тогтоолоор Дорнод, Хэнтий болон хоёр хуваагдаж  Ойн анги нэртэй шинээр байгуулагдаж байжээ. Анх байгуулагдахдаа дарга, ня-бо, эрхлэгч, ой хамгаалагч-байцаагч гэсэн дөрвөн хүний орон тоотой ажиллаж эхэлсэн байна. Тэдний ажлын үүрэг чиглэл байгалаа хайрлан хамгаалах, ан амьтныг өсгөн үржүүлэхэд голлон анхаарч байсан бол 1925 онд “Ой модыг ашиглах түр журам” гэж батлагдсанаар ойгоос мод ашиглахдаа  тодорхой хэмжээний татвар төлдөг журамд шилжив. Ингэж явсаар 1967 оноос “Ойн аж ахуй” болон өргөжин тэлж жилд дунджаар 30 орчим шоо метр хэрэгцээний мод, 46 мянган түлээ бэлтгэж аймгийн хөдөө аж ахуйн байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудын хэрэгцээнд нийлүүлдэг болов. Харин ойжуулалтын ажлыг 2007 он хүртэл тасралтгүй явуулан нийт 3419,7 га талбайг ойжуулжээ.

        “Эх-үрийн жил” гэж 7-8 жилд нэг удаа тохиодог хамгийн их хэмжээгээр үр хураадаг үеийг ийн нэрлэдэг аж. Энэ жил нарс модны “Эх үрийн жил” тул 7 тонн үр авлаа шүү дээ гэсээр Ганбаатар дарга ажлын байр руугаа биднийг замчлав.  Ойн ангийн хашаагаар ороод очиход тэрүүхэндээ цэмцгэр, даруухан хэдэн байшин хэдэн арван жилийн их ажлын үүх түүхийг өгүүлэх шиг. Баруун талын шинэвтэр дүнзэн байшинг 2019 онд конторын зориулалтаар барьсан гэх. Энд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахаас гадна. иргэдийг мэдээллээр хангаж ажлын төлөвлөгөөгөө ярилцах, хурал зөвлөгөөнөө хийнэ. Дотогш орвол урт зассан ширээн дээр байгалийн  модоор сийлбэрлэсэн янз бүрийн бэлэг дурсгалын зүйлийг дэлгэжээ. Одон тэмдгээ энгэртээ зүүсэн эмэгтэй, хэд хэдэн хүн биднийг хүлээсэн янзтай угтлаа. Тэд бол Ойн ангийн гэрийн модны цех гэж байхад 10 гаруй жил ажилласан “архагууд” болох С.Дамдинсүрэн, В.Жаргалбат нар байж таарав. Монгол гэрийн унь багана, хана, хаалга, тавилга гээд модоор хийж болох бүх зүйлийг тэд урлана. Хажуу хаалгыг татахад ширээний ард ногоон эрээн ажлын хувцсаар жигдэрсэн дөрвөн ажилтан тус тусын ажил үүргээ гүйцэтгэж сууна. Ганбаатар дарга манай “гарын таван хуруу” ажлын багийнхан гэж мишээл дүүрэн хэлээд өөрийн ажлын өрөөндөө оров. А.Оюунтөгс гэх монгол төрхтэй бүсгүй  Ойн инженерээр ажиллахаас гадна, архив бичиг хэргээ давхар хариуцана. Тэрээр 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд БОАЖЯ-ны “Жуух”-аар шагнагдсан чадварлаг ажилтан. Шинэхэн байрны хажуугийн намхан цагаан хуучны байшин нь 1965 онд баригдсан анхны контор. Харин одоо автомат тоног төхөөрөмж ажиллуулдаг гол цех болсон гэв. Тодруулбал, ойгоос түүж ирсэн боргоцойнуудаа цахилгаан хатаагчид хийж боргоцойг задалдаг байна. Нэг удаадаа 500 кг боргоцойг 6 цагийн дотор бүрэн хатаах хүчин чадалтай гэх. Энэ тоног төхөөрөмжөөр зөвхөн боргоцой гэлтгүй бүхий л төрлийн үр хатааж болдог аж. Өмнө нь боргоцой хатаах гар цех гэж байхад ээлж ээлжээр тогтмол галлан 100 кг боргоцойг 24 цагийн турш гараар эргүүлдэг байжээ. Түлээнд гарзтайгаас гадна цаг хугацааны хувьд ч ажиллагаа их шаарддаг байсан тухай тэд ярьж байлаа. Мөн боргоцойг бутлах, цэвэрлэх төхөөрөмжүүд нь тэдний ажлыг маш их хөнгөвчилж байгаад Оюунтөгс инженер урамтай буйгаа хэлэв.

          Үр гэдэг хадгалалтын нарийн горим шаардана. Халуун, хүйтэн нь тохироогүйн улмаас үй түмэн үр ашиг шимээ өгч чадалгүй үхнэ. Иймд саяхан Зүүн бүсийн үр хадгалах зоорьтой болжээ. Хамгийн залуухан ажилтан болох Б.Эрдэнэжаргал Ойн ангийн эрэгтэй инженер. Бойжилтын үр хадгалах автомат зоорь нь үрийн чанарыг муутгалгүй  3-5 жил хадгалж чаддагаас гадна халуун, хүйтнийг тохируулахад санаа зовох асуудалгүй болжээ. Одоо бол үр унтаж байгаа, дулаан болохоор гэсч навч нахиагаа дэлгэнэ. Соёолсон үрээ мод үржүүлгийн газартаа тарьдаг ажээ. Төдөлгүй жолооч Б.Борхүү “Ойн анги” гэсэн бичигтэй аарал пургонтойгоо ирж Мод үржүүлгийн газар руу бид хөдөллөө. Голдоо гүний худагтай, дөрвөн тийш тор татан хашаалсан том талбайн дэргэд ирэв. Энэхүү талбайд 2-3 настай тарьцуудыг суулгаж сайтар хучиж өвлийг өнтэй давах бэлтгэлийг сайтар базаажээ. Хавар тавдугаар сард хучилтаа авахаар 23 төрлийн мод “бэлэн” болох юм байна. Харин талбайн хойд талаар зулзаган модод салхинд найгаж харагдана. Нэг л өдөр энэ модод том саглагар болж зам харгуй, цэцэрлэгт хүрээлэн, ойд сүндэрлэнэ дээ. Нэг модыг ойролцоогоор 3 жил арчилж тортож өндийлгөдөг бол ойжуулахад 5 жил шаардлагатай. Нутгийн иргэд өөрсдийн хэрэгцээний  модоо авахдаа Ойн ангийн нягтлан Ц.Балжмаагаас мод олгох тусгай зөвшөөрөл бүхий “эрхийн бичиг”-ийг гардана.  Тэрээр 2021 онд Мод үржүүлгийн газрын хашааг блокоор бүтэн хашаалах, Мэдээллийн төвийн дотор тохижилтыг засварлах гэхчлэн тодорхой ажлуудыг төлөвлөснөө танилцуулав. Мөн Үр боловсруулах цахилгаан цех, Үрийн зоорьтой болсноор цөөхүүлээ ажилладаг бидэнд ажил хөнгөвчилсөн таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ. Өнөөгийн байдлаар тус ангийхан 50-150 га газрын ойжуулалт хийж 75-аас дээш хувьтайгаар чанарын өндөр үзүүлэлттэй хүлээлгэн өгчээ. Ойн ангийн хамт олон 1977, 1979 онуудад сумынхаа “Хархираа өндөр”- баруун талбайг бүрэн ойжуулжээ. Яг нэг, нэг метрийн зайтай эгнүүлэн тарьсан модод хүний гараар бүтсэнийг бэлхнээ илтгэнэ. “Сайны хажуугаар саар” гэгчээр хавар намрын улиралд түймэр мэр сэр гарч ойн нөөц багасаад байгаа тухай “Ойн тэргүүний ажилтан” Л.Нэргүй хуучлав. Тиймээс Ойн ангийн мэргэжилтнүүд ойг нөхөн сэргээх ажлыг жил бүр хийж иржээ. Тэрээр 1973 оноос эхлэн ойн аж ахуйд нарийн мужаанаар ажлын гараагаа эхэлж байжээ. Нэргүй өдгөө гавьяандаа гарсан ч одоо хэр нь хамт олондоо тусалж зөвлөдөг гэнэ. Нарс мод, “Өвөр-эрээн” компаниудад ойжуулалтын зөвлөхөөр ажиллаж байгаа тухайгаа тэр ярьсан. Ид залуу халуун насандаа энэ эмэгтэй мод үржүүлгийн зориулалтаар Наран булаг, Давааны ар гэх хоёр ч газар ойжуулалт хийсэн нь эдүгээ томоохон ой болжээ. Бүхэл бүтэн ой бүтээнэ гэдэг нөр их хөлс хүч.
 Баян-Уул суманд 21 Ойн нөхөрлөл ажилладаг ба  ойн сан бүхий газрыг эзэмшиж үйл ажиллагаагаа эрхэлнэ. Өнгөрсөн жил Ганбаатар дарга нөхөрлөлүүдийн холбооны үйл ажиллагааг дэмжиж орон нутгийн төсвийн хөрөнгөөр холбооны барилгыг ашиглалтад оруулсан нь нутгийн иргэдийн талархалыг хүлээжээ.   Энэ нь нөхөрлөлийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ гишүүдийн мод тарих, ойжуулалт хийх ажилд идэвх зүтгэлтэй оролцох оролцоог дэмжсэн үйл хэрэг болсон байна. Үүний нэгээхэн жишээ бол сумандаа 200 орчим мод тарьж арчилгаа тордлогыг нь сайн хийсний үр дүнд 70 хувьтай  ургасан байна. Одоо энэ модод байгалийнхаа жамаар бие дааж ургаж эхэлж. Баян-Уул суманд ойн мэргэжлийн ангиас гадна “Нарс мод”, “Өвөр-эрээн”, “Бавжбарс” компаниуд ажилладаг байна. Тэд жил бүр улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулалт хийнэ. “Өвөр эрээн” компани хамгийн их ойжуулалтын нөөцтэй гэж Ганбаатар дарга сайшаана билээ. Хамт олны ажлын бүтээмж нь удирдлагын зөв заавар чиглэл, тэнд ажиллагсдын эв нэгдэл, ажилдаа хандах чин сэтгэлээс харагддаг. Ирж байгаа урин хаврын дулаан илчийг энэхүү хамт олноос мэдрэх шиг санагдаж сэтгэл өег буцлаа.
Энэ жил 90 жилийнх нь ой тохиож байгаа Гомбосүрэнгийн Ганбаатар даргатай Ойн ангийн хамт олонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Т.Энхнаран 
 

  • Туяа
  • 330
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313