Хаврын урь орж хамаг бодис төлжих үеэр Оюунбилэгийн суурьт хурга ишиг майлалдан, тугал бяруу мөөрөлдөх нь хөдөө нутагт хөг аяс нэмнэ. Арав гаруйхан жилийн өмнө энэ айлын амьдрал нь ядуу дорой байсан бол одоо харин шаргуу хөдөлмөрийнхөө үр шимээр дэмжин дээшлэх амаа нэгэнт олжээ. Оюунбилэг бол Шинэ барга зүүн хошууны Цагаан балгасын Их уул гацааны залуу малчин юм. Тэрээр хар багаасаа ээжээсээ хагацаж, аав нь хөдөлмөрийн чадваргүй, хоёр жаахан дүүтэйгээ хүндхэн амьдралыг туулжээ. Түүнд сургуулиа дүүргэх ямар ч боломж байсангүй. Ар гэрээ авч явах, дүү нартаа түшиг тулгуур болох, аавыгаа асрах гээд гэрт орж эм болж, гадаа гарч эр болсоор хүнд амвдралын ард гарч чаджээ. Одоо Оюунбилэг ажилч хоёр гар, нутгийн ахмадуудын сургаалаар амьдралаа өөд нь татаж, дүү нараа хүний зэрэгт хүргэж, олон түмнийхээ дунд нэр хүндтэй нэгэн болж чаджээ. Арваад жилийн өмнө 120 хонь, арваад үхэртэй байсан бол бэл чадалдаа тохируулж амьдрлаа сайжруулж чадсанаар одоо 80 гаруй үхэр, 260 хоньтой болж, 200 м кв сууц, саравч, худаг ус, машин тэрэг гээд чинээлэг амьдралтай айл болжээ. Шинэ цаг үеийн хөгжил, шинэ өрсөлдөөнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ замыг сүвэгчлэн талынхаа үүлдэр угсааг сайжруулсанаар ашиг орлого нь 600 мянган юаньд хүрчээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл