Таван зуун хонь ямаа, тавиад үхэр, дөчөөд адуу, таван тэмээ нь Залаатын уулын ар хөндийд таатай сайхан идээшилж, улаан тоосгон байшин, монгол гэр нь талын чимэг болж, малын хашаа хороо, пин саравч нь цэвэр цэмцгэр жигдэрсэн энэ тансаг тайван талын айл бол Хуучин барга хошууны Баруун үзүүр сумын Үзүүр гацааны малчин Наргилынх юм. Хорин тавтай Наргил ээжтэйгээ хамт амьдардаг. Аравдугаар ангид сурч байсан тэр жил гэнэтийн ослоор хайрт аавыгаа алдан ээжийнхээ ганц түшиг нь болсон тэрээр аавынхаа голомтыг залгуулж, малчин болсон гэх. Айлын ганц хүү боловч эрхээр биш бэрхээр өсөж, эрт томоожиж, шинэ эрин үеийн залуус шиг өдөр шөнөжин гар утаснаасаа салахгүй, эрээн бараан, тасархай ертөнцөөр хэсүүчилсэнгүй, аавынхаа өвлүүлж үлдээсэн зуу гаруй хонь, ямаа, арван хэдэн үхэр, хоёр тэмээгээ өсгөн үржүүлж амьдархуйн ухааныг эрэлхийлж явна. Ааваасаа дэндүү эрт хагацсан Наргилд ганц өмөг түшиг нь ээж нь. Нутгийнхан ард түмэн түүнд малч туршлага сургамжаа харамгүй хайрласны ачаар одоо тэр амьдралд гаршин, шинжлэх ухаанчаар таван хошуу малаа үржүүлэх итгэл хүсэлтэй шинэ үеийн шилдэг залуу малчны нэг болсон байна. Наргил Монгол эр хүний ёсоор үндэсний бөхөд зодоглож, хурдан морь уяна. Өнгөрсөн хэдэн жилийн ган гачигт өвс хадлан муу байснаар тэмээгээ илүү олон тоо толгойгоор өсгөж чадсангүй дээ түүний сэтгэл эмзэглэдэг гэх. Түүний ирээдүйн зорилго нь таван хошуу малаа тэгш сайхан өсгөх юм. Залуу наснаасаа амьдралын ухаанд суралцаж буй Наргилд үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болохыг ерөөж сурвалжлагаа өндөрлөе.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл