Хорвоод усны дусал шиг адил хүмүүс ховор. Ихрүүд ч ялгагдана. Тэгтэл сурвалжлагч Тэргүүнийг ӨМ-ын алдарт дуучин Дэдмаатай эндүүрдэг нь үнэн. Тэргүүнтэй би түүний хөөрхөн охин Урьханаар дамжин танилцсан түүхтэй. Урьхан Хөлөн бага сургуулийн зургаадугаар ангийн сурагч, “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн найрал дууны бүлгэмийн гишүүн. Сурлага хичээлдээ сайн төдийгүй бөх барилдана, хөл бөмбөг тоглоно, тэшүүрээр гулгана. Тал бүрийн авьяастай сэргэлэн охины ээж нь ямар хүн байдаг юм бол гэсэн сонирхол намайг хөтөлсөн хэрэг. Урьханы ээж Тэргүүн дуучин, уран сайханч. 1973 онд Хорчин зүүн гарын хойд хошуунд аав ээждээ гэрэл гэгээ болон мэндэлжээ. Амьдралын гачигдлаас болж дунд сургуулиа төгсөж чадаагүй гэх. 1989 онд төрөл саднаа бараадаж Хөлөнбуйр нутагт шилжин суурьших болжээ. Тэргүүний аав, ах нар нь спортоор хичээллэхийн зэрэгцээ урлагт дуртай. Ээж нь дуулж, бүжиглэхдээ онцгой авъяастай нэгэн байжээ. Аав нь ная гарсан ч сайхан дуулдгаараа гайхагддаг төдийгүй хуур татаж, туйл хайлна. Ээж нь 73 насыг зооглож яваа ч тайзан дээр дуулж бүжиглээд гялалзана. Авьяаслаг гэр бүлд өсөж төрсөн Тэргүүн хар нялхаасаа алдарт дуучин Дэдмаагийн торгон хоолойн тансаг аяар бүүвэйлэгдэн өссөн болохоор дуучин болох хүсэл өвөрлөсөн байж ч мэднэ. Тэрээр 2005-2007 онд Дэдмаа урлагийн дээд сургуульд тусгай мэргэжлээр суралцаж, дуучин болох хүсэлдээ алхам ойртов. Тэргүүн дуучин Дэдмаатай зүс царай төстэй төдийгүй дууны өнгө аялгуу, хоолойн цар нь хүртэл адил. ӨМ-ын төв телевиз болон Бээжин, Хунан, Гириний телевизээр алдарт дуучин Дэдмаагийн “дүр”-ийг олонтоо бүтээж, дууг нь дуулж олны талархлыг хүртсээр ирсэн болохоор “Бяцхан” Дэдмаа гэж нэрлэгдэх болжээ. “Алдарт дуучин Дэдмаа багш бол урлагийн орлошгүй том од. Монгол түмэн, тал нутгийн маань омогшил. Би түүнийг багаасаа биширч өссөн болохоор Дэдмаа багштай төстэй гэж хэлүүлэхдээ ихэд олзуурахдаг. Монгол нутгийнхаа дуу хөгжмийг их урлагийн тайзнаа өндөрт өргөх нь миний ирээдүйн хүсэл мөрөөдөл” гэж Тэргүүн сэтгэл дүүрэн ярьж байлаа.
Хөлөнбуйрын Өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл