“Манай мал аж ахуйн соёл хэрэглээ бол дундаршгүй соёл юм. Уламжлалт энэ соёл албан өрөөнд биш, хөдөөгийн малчдын гарт байдаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн соёлоо бид хамгаалан хөгжүүлвэл зохино “ гэж Должин гуай сурвалжлагчид ярьсан нь тун ончтой үг юм. Шинэ барга зүүн хошууны Ганжуур сумын Баянтал гацаанд амьдардаг тэрээр 1958 онд Тарганнуураас аав ээжийгээ даган, хонь үхрээ тууж, Баянтал бригадыг зорьж ирсэн түүхтэй. Должингийн аав, ээж нь мал аж ахуйгаа өөрсдөө гардан эрхэлж ирсэн хичээнгүй малч удмын хүмүүс. Должин 1968 онд гацаандаа эх баригчаар ажиллаж, 1969 онд хань ижилтэй болж, үр хүүхдээ өсгөн, малын буянаар аж амьдралаа өөдрөг сайхнаар авч явна. “Бидний багад амьдрал дутуу гуцуухан, ахуйдаа эдэлж хэрэглэх бүх юмаа өөрсдийн гараар хийж бүтээнэ. Тухайлбал, бригад гэж байхад хамтын хүчээр эсгийгээ хийдэг байлаа. Хонь, хурганы ноосоо хайчилж, угааж цэвэрлэн савхдан, зулж тавиад гараар нумлаж, адуу, үхрийн арьсаар боож, бургас хулсаар хийсэн жираагаар ороогоод, хоёр үзүүрээр нь сүвэгч гарган морьтой чирдэг” байсан тухайгаа Должин гуай тайлбарлав. Эсгий ширмэлийг ширэхэд нааш цааш нүдлэн хатгах, ширсний ойр хатгалт, хөшиж хатгах гэхчлэн олон янз гэнэ. Монгол гэрийн бүрээс, хаяавч, аяга шанаганы сав, эмээлийн тохом, эсгий ширдэг, эсгий гутал зэрэг амьдралын хэргэлгээний бүх зүйлийг эсгийгээр урлана. Орчин үед аялал жуулчлалын салбар хөгжсөнтэй холбоотой бэлэг дурсгалын зориулалтаар эсгий ширмэл бүтээгдэхүүн олноор хийх болсон. Должин гуай өөрийн ур ухаанаар нэг зүү нэг утсаар хянамгай хатгаж, эсгий шармалын урлагийг уламжлан хөгжүүлж, нутгийн зон олныхоо хүндэтгэл хайрыг хүлээж явна. Уран хурууны увидсаар эсгий ширмэлийн соёлыг дэлгэрүүлж, үндэстнийхээ өв соёлд өөрийн гэсэн хөлс хүчээ урсгаж яваа түүнд талархахаас яалтай. Тэр 2014 онд Шинэ барга зүүн хошууны 30 шахам ахмад урчуудыг нэгтгэж “Ахмадуудын гавшгай дугуйлан”-г байгуулж эсгий шармал, арьсан урлал, цагаан идээ, дархан мужаан, оёдлын гэхчлэн төрөл бүрийн чиглэлээр захиалга авч, уламжлалт соёлоо түгээхийн сацуу өрхийн орлогоо нэмэгдүүлж ирэв. Должин түүний нөхдийн олон жилийн хичээл зүтгэлийг төрөөс үнэлж 2016 онд хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн эсгий шармалын өвлөн уламжлагчын яруу алдрыг хүртээжээ. Хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болсны хувьд тэрээр “Нүүдэл соёлын сургалт”, ”Эсгий ширмэлийн сургалт”-ыг үнэ төлбөргүйгээр, сурах хүсэлтэй малчид, оюутан залууст өөрийн мэддэг чаддаг зүйлээ харамгүй зааж уламжлуулж ирэв. Одоогоор түүний гарын шавь 300 хол давжээ. “Би хошууныхаа соёлын ордон, Ажил олгох товчооны урилгаар нутгийн зон олондоо боловсролын хичээл ордог, энэ хичээлийн зорилго нь залуу үеийнхэнд эсгий ширмэлийн тухай ойлголт өгч зааж сурган уламжлуулахыг хүссэн юм” хэмээн Должин гуай ярина. Үндэстний бүтээлч чадавхийг бүрэн гүйцэд илэрхийлж байдаг эсгий ширмэлийн урлалыг хамгаалах, уламжлах, хөгжүүлэх хүндтэй үүргийг хүлээж яваа Должин гуайн үйлс нь өөдрөг, өнөр жаргалаар дүүрэн байхыг ерөөе.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл