МАЛЧИН ЗАЯА

2020 оны 12-р сарын 15 өдөр

        Өвлийн эх Эвэнки нутаг гайхалтай дулаан байна. Орсон цас хэсэг хайлаад, өвсний үзүүр шаргалтан, хөдөө тал нутаг шаргал өнгөөр алтрана. Сэтгүүлч Тэнүүн талын дунд суналзан харагдах малчин айлын өвөлжөөнд хүрэхэд хашаа дүүрэн үхэр идээшилж байв. Энэ бол Эвэнки үндэсний өөртөө засах хошууны Хуй сумын Улаан туг гацааны Эвэнки малчин Залсаннямаагийнх.  Залсаннямын гэргий Содномсүрэн ухаан чадвар хосолсон ажилсаг барга бүсгүй. Бид гэрт нь ороход Содномсүрэн өвөлжөөнийхөө гэрийг дулаалахаар бүрээсээ оёж байв. “Манайх хэд хоногоос хонио Арун хошуунд нутаг шилжүүлнэ. Тэгээд энэ хэдэн өдөр бэлтгэл ажил гээд ажил ихтэй л байна” гэв. Эднийх бэлчээр, тэжээл, зардал зэрэг олон зүйлээ бодож, энэ өвөл өнгөрсөн жил шиг 2000 гаруй толгой хонио нутаг шилжүүлэн өвөлжүүлэхээр болсон гэх. Залсанням гэж ажилч хөдөлмөрч хоёр гараан түшиж өөдлөн дээшилсэн малчин юм. Ойрын хэдэн жил эдний үйлдвэрлэлийн хүрээ хэмжээ нь өргөсөж, орлого нь нэмэгдэж чинээлэгжжээ. Өрхийн орлого нь нэмэгдэхийн зэрэгцээ айл саахалтынхныгаа дагуулан хөдөлмөрлөж ойр холдоо магтагдаж явна.  Залсаннямаа Содномсүрэн хоёр 1995 онд хуримаа хийж хэдхэн малтай борхон амьдралтай байсан. Ажилч хүний амьдрал өөд гэдгээр амьдралаа өөд нь татжээ. Содномсүрэн: “Тэр үед бид нэг жин ноос нэг төгрөг, нэг хурга нэг төгрөгөөр 1000 гаруй хонь хайчилж амьдралдаа нэмэрлэж байлаа. Намар айлын өвс тэжээлийг хадаж, ачина.  Тэр үед одоогийнх шиг техникжээгүй, өвсөө түлхэж овоолон, овоолсон өвсөө нэг нэг сэрээдэж трактортоо ачина. Мөнгө олох амар биш шүү” гэж өнгөрснөө дурсан ярина. Бор хоногийг арай гэж өнгөрүүлж байхад Залсаннямын аав, ээж нь  ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ахынх нь  эхнэр 2002 онд хүнд өвчнөөр өөд болж гурван хүүхэд нь өнчин хоцров. Залсаннямаа амьдралын хатуу зовлон, хүнд бэрхийн өмнө  зориг мохоогүй, гурван өнчин дүүгээ дэргэдээ авч өсгөхөөр зориг шулуудав.  Хэлбэл үг, гишгэвэл газар эр хүний гүндүүгүй зантай Залсаннямаа том гэр бүлийнхээ түшиг тулгуур нь болж амьдралаа өөд нь татсан. 2017 оны эхээр 60 гаруй толгой үхэр, 500 гаруй хонь, зуугаад адуутай болжээ.  Гэргий Содномсүрэн нь ч ажилсаг ухаантай сэргэлэн бүсгүй. Гэрийн дотор гадна ажлыг төвхнүүлж амжина. Хэдэн жилийн өмнө Ян нуурын дэнж дээр малчин айл аялал жуулчлалын бааз ажлуулах болсноор хонио борлуулан малын үр агшаа дээшлүүлэхийн сацуу үнээ сааж цагаан идээ боловсруулан борлуулж, 2016 онд 100 мянган юань орлого олжээ. Үхэр хонио зарснаа нэмбэл ерөнхий орлого нь 200 мянган юань давжээ. Тэд мал маллах аргаа шинэчлэн хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэн  2010 онд 5 малчин айлтай хамтдаа Хуй сумын Еэнь аж ахуйн тусгай хоршоог байгуулж, шинэчлэлт өөрчлөлт хийснээр одоо болтол хоршоондоо 2000 гаруй хонь, 300 гаруй үхэртэй болж, Залсаннямын жилийн орлого таван зуун мянган юаньд хүрчээ. Залсаннямаа уламжлалт мал аж ахуйгаас одоогийн мал аж ахуй тийш хувиргах шаардлагад зохицуулан, малынхаа үүлдрийг сайжруулах чанар чансааг дээшлүүлэх зорилгоор 2017 оноос эхэлж, Хөлөнбуйр богино сүүлт хонь үржүүлж, богино сүүлт хонины төл малын ашиг шимийг гүйцэт ашиглан орлогоо нэмэгдүүлж байна.  Залсаннямаа: “Ойрын хэдэн жил голдуу богино сүүлт хонио үржүүлж, эр хургаа хуц болгох хуцны тусгай талбайтай болсон. Хуц хурганаас үнэтэй. Манай нутгийн бүдүүн сүүлт хонины уураг нь сүүлэндээ бий. Богино сүүлт хонины уураг биед нь шингэдэг учраас мах нь илүү  жин дарна” гэх. Хоршоо хөгжихийг дагалдан 2017 онд хошууны ядууг тэтгэх төрийн бодлогын дагуу 2сая юань өгч, Хуй сумын Рашаан нуур, Цагаан нуур, Улаан туг, Шугуйт дөрвөн гацааны 90 дансалж, карталсан ядуу хүнд хэцүү өрх бүрт өгөв. Тэд тус бэлэн мөнгөөр махны үхэр худалдан авч тэжээн, жил бүр орлогоосоо 200 мянган юань гаргаж, ядуу хүнд хэцүү амьдралтай өрхүүдэд мөн тусалж байна.   Энэ жил гуравдахь удаагаа ашигаа хувиарлаж байгаа юм.  Залсаннямаа: “Энэ жил манай хоршооны орлого сайн. Бид хоршоонд нэгдсэн ядуу малчдад ашиг орлогоо хувиарлаж байгаадаа баяртай байна. Хойшид үргэлжлүүлэн хичээнэ” гэлээ.  Ажил үйлсийг хөдөлмөрөөр,  аж амьдралыг ухаанаар гэгчээр  Залсаннямаа Содномсүрэн хоёр тоонот гэрт толгой холбож амьдарсан хорь гаруй жилийн турш хайрын үнэн итгэлийн хүчинд жаргалтай хосын амьдралаар үйлс нь өнгөжин дэвжиж байна. Энэхүү жилүүдэд тэр хоёр 2015 онд Залсаннямаа хотын зэрэглэлийн хөдөлмөрийн тэргүүний ажилтан.  2020 онд ӨМО-ны зэрэглэлийн хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар шалгарав. Бас Хөлөнбуйр хотын үндэсний бүлгэмдэл дэвшилтийн тэргүүний хувь хүн, “Боловсон гэр бүл”-ийн алдрыг хүртжээ. Содномсүрэн: “ Одоо нийгэм хөгжөөд хотчилсон малчин олон болсон. Гэвч би нутагдаа таван хошуу малаа харан баясаж, хөдөө талдаа шинэ цагийнн малчин болох дуртай. Ийм амьдралыг эдэлж явахдаа сэтгэл хангалуун байна” гэв.  Залсаннямаа Содномсүрэнгийн  хүч хөдөлмөр, оюун ухаанаараа цогцолсон тансаг амьдрал  эдлэхдээ малчин заяандаа олзуурхаж явна.

Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл

  • Туяа
  • 439
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313