Уудам онлайн худалдааг 6 жил эрхэлжээ. Тэр цахим найзуудтайгаа онлайн худалдаа эрхлэхээс гадна амьдралын сонин хачин, гэр бүлийнхээ тухай ярилцдаг. Түүний цахим найзуудын хүрээ үнэхээр сонирхолтой. Тухайлбал Уудамыг аавдаа машин бэлэглэхийг нь харсан хүмүүс бахархаж байв. Тэрээр хагас жилийн дотор “Аян” нэртэй урлагийн сургалтын төв байгуулж, сурагч нараа бүртгэжээ. Бодсон зүйлээ ажил хэрэг болгодог зан Уудамын ажилдаа баримталдаг зарчим. Хүн гэдэг амьдралын их аянд эд юмс, хөрөнгө мөнгө, хүсэл мөрөөдлийнхөө төлөө цөхрөлтгүй зүтгэх ба энэ утга агуулгыг бэлгэдэн Уудам сургалтын төвөө “Аян” хэмээн нэрлэжээ. Аян сургалтын төв мэргэжлийн 4 багштай, хүүхэд багачуудад Морин хуур, Товшуур хөгжимд заахаас гадна, Монгол хэл, ур чадвар, хөтлөгчийн дугуйлан бий. Шинэ юм байгуулна гэдэг дотоод заслаас эхлэн хийх ажил их. Уудамыг сурвалжлагч, найруулагч, онлайн худалдаа эрхлэгч гээд ганц хоёрхон ажил мэргэжлээр тодорхойлох аргагүй. Уудам 2014 онд их сургуулиа төгсөж, Шинжиан, Түвд зэрэг улсад өөрийгөө нээн ажиллаж амьдарч байлаа. Тэр урт аяллаас эерэг бодол, шинэ ухаарал олж авсан гэдэг. Алс холын зам туулан үзэж харсан газар болгондоо орон нутгийн онцлогт тохирсон бараа таваар борлуулж, аяллын хэрэглээний мөнгөө олдог байв. “Олбогоо цоортол суусан мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр” гэдэгчлэн замын туршид тааралдсан ерөөлтэй учрал, ололт төөрөгдлөө тэр эргэцүүлэн дурсах дуртай. Гурван жилийн өмнө Уудам Хөлөн буйрын Өдрийн сонины хороонд сурвалжлагч найруулагчаар ажиллаж байлаа. Түүний “Аавуудын баярын өдөр”-т зориулсан сурвалжлагыг нь уншаад сэтгэл хөдөлж байснаа нуух юун. 2018 онд Уудам үрийнхээ зулайг үнэрлэж, охиндоо бичсэн шүлэг нь “Хөлөнбуйрын өдрийн сонин”-ны цахим хуудсанд цацагдахад ч нулимс унагаж байв би. Одоо цаг үед эмэгтэйчүүдийг сайн ээж, сайхан бүсгүй байхыг шаардахын хамт бие даасан ажил амжилттай эмэгтэй байхыг шаардаж байна. Гэвч маш олон эмэгтэйчүүд ажил уу,үр хүүхэд, гэр бүл үү гэдэг сонголт хийдэг. Уудам ч энэ сонголтоос зайлсхийж чадаагүй. Түүний нөхөр Ар гол тосгонд багшлахаар болж Уудам нөхрийнхөө ажлыг дэмжин гэр бүлээрээ хамтдаа байхаар мэрийж, өчүүхэн ч эргэлзэлгүйгээр сурвалжлагч, найруулагчийн ажлаа орхисон. Тэрээр ажилдаа хэчнээн дуртай байсан ч охиноо аавтай хамт өсгөхийг зорьсон юм. Одоо охин Гэгээн нь хоёр нас хүрчээ. Уудам нөхрийнхөө өвөл зуны амралтаар Орос, Солонгос, дотооддоо аялж, өнгөт ертөнцийн аливаа бүхнийг үрдээ биечлэн ойлгуулж, гэр бүлээрээ аз жаргалаар дүүрэн байна.
Хорвоод хүн өөдөөс нь урсан ирэх амьдралын аян замд өөр өөрийн хүсэл мөрөөдлийнхөө хойноос хөөцөлддөг жамтай. Зарим хүн тавтай тухтай амьдралаар өдөр болгоныг үддэг бол зарим нь хичээл зүтгэлээр бэрхшээлтэй бүхнийг давж өчүүхэн ч шантралгүй зүтгэнэ ...
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хасбагана, Хуньмэй, Цэнгэл