Энэ удаагийн сурвалжлагаараа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог эмэгтэйчүүдийн төлөөлөл Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумын Бүрд бригадын Бодонгууд овгийн Раднаагийн Сэнжидмааг онцоллоо. Сэнжидмаа 1955 оны 8-р сарын 8-ны өдөр Балдоржийн хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүнийг мэдэх хүмүүс “Төмөр эмэгтэй” гэж нэрлэнэ. Ажлыг хатуу бэрх гэж шантралгүй ханцуй шамлан ордог зан, зориг тэвчээр нь ийн нэрлэхэд хүрсэн биз. Тэр нас хэвийсэн хэдий ч ажилд шалмаг хэвээр. Хөдөлмөрч зан бол хүмүүжил байдаг гэж үг бий. Түүний ажлыг хойш тавьдаггүй барьсан л бол дуусгадаг зан нь гэр бүлийн хүмүүжил юм. Аав ээж нь охиноо багаас нь ажилд хичээнгүй амьдралын хар бор ухаанд сургажээ. Далаад оны үед орон даяар бүтээн байгуулалт ид өрнөж байх цагт хөдөлгөөн өрнөж нэгдэл бригадад төмөр эмэгтэйчүүдийн дугуйлан байгуулагдаж байжээ. 1974 онд Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумын Бүрд бригадад Төмөр эмэгтэйчүүдийн дугуйлан байгуулагдсан байна. Хорь гаруй эмэгтэй тус эгнээнд нэгджээ. Сэнжидмаагийн тэргүүлж байсан төмөр эмэгтэйчүүдийн дугуйланд 12 настайгаас хорь гаруй насны эмэгтэйчүүд хамрагддаг байв. Төмөр эмэгтэйчүүдийн дугуйлан нэгэн үеийн “Хөдөлмөрийн баатар”-ууд байсан
гэхэд хилсдэхгүй. “Бүрд бригадын хүн ам олон. Би төмөр эмэгтэйчүүдийн дарга байлаа. Долгор эгч бригадын эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичиг, нягтлан бодогч, эмчийн ажлыг хийнэ. Ахмад үе минь л биднийг амьдралын туршлагаараа хөтөлж явсан даа.” хэмээн Сэнжидмаа дурсан ярина. Сэнжидмаа гуайн хажууд суух Долгор гуайн бөгтөр нуруу хүнд хэцүү бүхнээс шантарч байгаагүй, буурал үс нь туулсан амьдрал нь цагаан мөртэй байсныг илтгэх шиг. Тэрээр “Бид дугуйлангаараа Баянтохой тосгоны төвийн зүүн талд байх том чулуун онгоцон дээр малынхаа хамуу бөөсийг угаах гэж очдог байж билээ. Манай бригад 12 суурь хоньтой, нэг суурьд 1200 гаруй хонь бий. Хонио угаах гэж бараг хагас сар болно. Төмөр эмэгтэйчүүд ажилд шаламгай, нэг ажил бариад авсан бол гүрийж байгаад дуусгана. Ажлын голоос шантарна халширна гэж үгүй. Одоо надад тэр үед хөтөлж байсан ажлын тэмдэглэл бүгд бий, харахаар тухайн цаг үедээ очсон мэт бүх зүйл тод санагддаг” гэнэ. Данс тооцоо нийлүүлж явсан түүнд хуучин цагийг илтгэх бичиг баримт эмх цэгцтэй байх аж. Долгор гуай үргэлжлүүлэн. “Төмөр эмэгтэйчүүдийн дугуйлан үйлдвэрлэлийн шаардлагаар хаана ажиллах хүч хэрэгтэй байна тэр газарт очиж хүнд хүчир олон ажлыг нугалдаг байлаа. Хонь мал угаахаас эхлээд бэлчээрийн хашаа татах, гуу татах, мал хээлтүүлэх, чулуу гаргаж, чулуу ачиж зөөх, өвөл мөсөн дээр хулс хадах, бургас хадах, Монгол гэрийн бүрээс оёх, модны хальс шулах гээд бидний хийгээгүй ажил гэж үгүй” гээд ярихад эмэгтэйчүүдийнхээ дунд манлайлж явсан үе нь санагдаж нүдэнд нь гал асч нүүр нь гэрэлтэж байв. Долгор гуай Бүрд бригадын төмөр эмэгтэйчүүдийнхээ дунд явахдаа ийм л жавхаалаг байсан байхдаа гэж бодогдоно. Тэр үед Бүрд бригад 141 өрхийн 665 хүн амтай, үүний 258 нь хөдөлмөрийн насны иргэд байв. Үүнд монгол үндэстэн 384 хүн, хятад үндэстэн 27 хүн, Эвэнки үндэстэн 178 хүн, Дагуур үндэстэн 74 хүн, Орос үндэстэн 1 хүн байжээ. Бүрд бригад 18000 гаруй толгой малтай ч дотор зөвхөн үхэр нь 5000 гаруй толгой баян бригад байжээ. 1965 онд “Өвөрмонголд хамгийн олон үхэртэй бригад” –ын шагнал хүртэж байсан гэх. “Бүх сэтгэл бүх зоригоороо ард түмэндээ үйлчилсэн хүчтэй эмэгтэй Сэнжидмаа Бүрдийн төмөр эмэгтэйчүүлийн нэг билээ. Сэнжидмаа гуай 2004-2017 онд Баянтохой тосгоны төвд Буриад хувцасны дэлгүүр ажиллуулж 2017 оноос гэртээ хувцас оёж 2008 онд ӨМО-ны зэрэглэлийн биет бус соёлын өв тээгч болжээ. Мөн тус жилдээ Эвэнки үндэстний өөртөө засах хошууны намын хорооны Ухуулах хэлтэс, Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Утга урлагийн холбооноос түүнийг “ Эвэнки үндэстний өөртөө засах хошууны ардын гар урлаач” цолоор шагнасан байна. Түүнчлэн 2009 онд Оросын Агийн буриадын Улаан-Үүдэд болсон “ Хоёрдугаар торгон” зам хувцас заслын уралдаанд хоёрдугаар байранд орсон. Тэрээр өөрийгөө хөгжүүлж, залуучууддаа үндэсний өвийг сургаж сурталчилж явна.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Хасбагана,
Хуньмэй, Цэнгэл