Өвөрмонголын Ардын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдлаа. Хөх хотод 11-р сарын 1-7-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тэмцээнд 50 гаруй урлагийн байгууллагын бүжигчид 100 гаруй бүтээлээр өрсөлджээ. Энэхүү тэмцээнд барга охин Толийн бүжиглэсэн “Хүүхэн хутагт” бүжиг хос алтан медаль хүртлээ. Толь охин Шинэ барга зүүн хошууны Галбар сумын Баян уул гацааных, 2014 онд Үндэстний их сургуулийг бүжигчнээр төгсөж одоо Өвөрмонголын Үндэстний урлагийн жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн бүлгэмийн бүжигчнээр ажиллаж байгаа юм. Толь охины бүжиглэсэн “Хүүхэн хутагт” бүжгийг Эвэнки хошууны Шинэхэн баруун сумын холбоо гацааны Өвөрмонголын үндэсний урлаг жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн бүлгэмийн бүжигчин, улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин Цэрэндулам найруулан удирдсан. Цэрэндулам тус бүжгээ барга ардын дуу “Баян баргын манаа” дууны хөгжим дээр дэглэсэн ба ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэйн дүрийг гаргажээ. Хүүхэн хутагтын дүр харахад эрэгтэй боловч дотоод сэтгэл нь эмэгтэй хүний өрөвч, зөөлөн, энэрэнгүй чанарыг харуулах ба ард олныхоо төлөө хатуу чанга зорьмог байж чадах бүсгүй хүнийг илэрхийлдэг байна. Барга нутагт 20 дугаар зууны тавиад оноос өмнө Хүүхэн хутагтын дуу буюу “Бор бор бялзуухай” дууг ардууд дуулж ирсэн нь эдүгээ “Баян баргын манаа “ хэмээн нэрлэх болжээ. Ийнхүү энэ оны өнгөрсөн тавдугаар сард бүтээгдсэн “Хүүхэн хутагт ” бүжиг дэглээчдээ болон бүжигчиндээ Өвөрмонголын Ардын бүжгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хос алтан медалийг зүүлгэлээ.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хасбагана, Хуньмэй, Цэнгэл