Би 17 настайдаа төрж өссөн Хөлөнбуйр нутгаа орхин хүний газар эрдэм сурахаар мордсон юм. Энэ бол 1985 он. Гэрээсээ хол явж үзээгүй надад улсын нийслэл Бээжин хотыг зорих их л сайхан санагдаж эх нутгийн элгэн түмэндээ баяртай ч гэж хэлэлгүй явж билээ. Хэдэн жилийн дараа эргээд ирэхэд амьдралын минь хамгийн аз жаргалтай хүүхэд нас танил дотно хүмүүс баяртай гэж хэлэлгүй аль хэдийн холдон одсон байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр унасан газар угаасан ус гэдэг өдөр бүр очихыг хүсдэг өлгий байсныг мэддэг юм билээ. Их сургуульд хүмүүс надаас “ Та аль нутгийнх вэ?” гэж асуухад “ Өвөр монгол” гэхэд “Юугаар ирсэн бэ?” гэж сониучхан асууна. Би ч “Мориор ирлээ” гээд хошигнон хариулахад асуусан хүний нүд орой дээрээ гардагсан. Миний хариултад итгээд зарим нь “Хэдэн өдөр явав?” гэдаг байлаа. Тэрхэн хоромд би өөрийгөө холын хол нутгаас ирсэн юм байна гэдгийг мэдэх шиг. Тэртээ 1993 оныг би мартдаггүй юм. Тэр жил 25 настай хөдөө гэртээ харьж, хурим ухаантай дөхөм ёслолыг хийчихээд галт тэргээр Бээжин буцах боллоо. Галт тэрэг хөдлөх гэж байтал намайг үдэхээр яарч сандран гүйж байгаа ээжийгээ харсан. Сэтгэлээс нэг зүйл зулгаагаад үлдэх шиг болж “Би чинь одоо л өөрийнхөө гэсэн гэртэй болжээ. Төрсөн гэрээ орхиж байгаа юм байна. Эр өсч эсгий сунаад ид хав сууж ээжийгээ орхиод явдаг болж болж” гэж бодогдоход эр хүний нулимс далд биш ил урсдаг юм билээ. Намайг галт тэргэнд эхэр татан уйлахад эхнэр минь гайхсан.
Ээж минь ах бид хоёрыг ганцаараа хүн болгосон. Намайг гэрээсээ явах өдрийн үдийн хоолон дээр ээж гал тогоондоо ганцаараа нулимс унаган хоол хийж байсныг нь би харсан. Гэвч уйлж байгаагаа ээж надад мэдүүлэхгүй гэж чармайсан, би ч мэдээгүй юм шиг өнгөрсөн. “Ээжийгээ орхиод явах өнөдийн гэмээр хагацал байдаг” гэдэг үгийг номноос олж уншаад яг л тийм мэдрэмж төрдөг шүү гэж бодогдсон. 1998 оны үед юм. “Дорно дахины хөвгүүн” нэвтрүүлэгт ажиллаж байхдаа жүжигчин Сэчинговаа эгчийнд сурвалжлагаар очлоо. Тэднийд Өвөр монголчуудын бага цуглаан болов. Дуучин Тэнгэр төгөлдөр хуур тоглож “Би монгол хүн” дуугаа тоглоход Төвийн үндэстний дуу бүжгийн бүлгэмийн алдарт бүжигчин Одонгэрэл бүжиглэн, Сэчинговаа эгч түрж эрхгүй нутгаа санагдан төрсөн нутаг гэдэг хүнтэйгээ хүйн холбоотой гэдгийг мэдэрч билээ. Нутгаа санаад мэгшихэд тэнд байсан хүмүүс гайхсан ч үгүй, намайг тэврэн, мөрийг зөөлхөн алгадаж байв. Бид бшдээр бачуурч бухимдсандаа биш зүгээр л эв энгийн байдалд уужиртал туйлцгаасандаа. Элэг зүрхэнд эх нутаг минь байдгийг мэдсэн тэр өдрийг эргэцүүлэн санахад гайхалтай байдаг юм. Хүн хэдий хол явлаа ч гэсэн хаанаас эхэлсэн хаана төрж өссөнөө мартдаггүй.
Хөдөө нутагт нар жаргах нь морин хуур хөгжим эгшиглэх мэт. Уянга энэ эгшгийг би санан санан нутагтаа ирнэ. Энерги авч өөрийгөө цэнэглэх гэж тэр. Би Бээжин хотод 33 жил амьдарсан. Тэнд миний амьдрал, аз жаргал бий. Нутагдаа би арван долоохон жил амьдарсан. Тэнд миний амьсгал бий. Тэр 17 жил бол миний яс махны нэгээхэн хэсэг. Хүн намайг “Аль нутгийнх вэ?” гэхээр би “Хөлөнбуйр, Өвөрмонголынх” гэж бардам хэлдэг юм.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Го Халиуна