2011 онд "Баян тэмээ" малчдын тэмээ үржүүлэх хоршоо анх байгуулагдаж 5 малчин өрхийг хоршооны гишүүн болж байв. Хоршооллын хүрээнд гацааныхаа амьжиргааны төвшин доогуур өрхтэй гэрээ байгуулан тэмээний тоо толгой үржүүлж байна. Галбар гацаанд тэмээчин Галсан "Би бие муутай, хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хүнд ажил хийж чадахгүй учраас хадлан бордооны үед хоршооны малчид их тус хүргэдэг. Эмнэлэгт хэвтэх зардал мөнгөний хүртэл тусламж үзүүлдэгт нь хоршооны малчиддаа талархдаг юм. Хоршоожилтын дэмжлэгээр 20 гаруй адуу, арваад үхэртэй боллоо" гэв. Малчид хоршоо байгуулж эхэлснээс хойш 260 гаруй толгой хос бөхөт тэмээтэй тус гацаа болжээ. Энэ жил сүүний гаралт өндөр шилдэг үүлдрийн ингийг худалдан авч тэжээн үржүүлэх суурин газрыг бүтээн байгуулав. Хоршооны дарга Бишрэлт " Шинэ барга зүүн хошууны ядууг тэтгэх албанаас ирүүлсэн 500 мянган төгрөгийн дэмжлэгээр 14 саалийн ингэ авч орлогоо нэмэгдүүллээ. Бид өрхийн орлого доогуур өрхийг дэмжих үүднээс энэ ажлыг эхлүүлсэн. Дараагийн алхам нь ингэний сүүг зах зээлд борлуулах юм. Энэ жил 80 гаруй ингэ ботголно, 70 гаруй ингэ саана. Ингээд бодоход өдөрт 100 литер сүү борлуулах юм" гэж ярьж байна. "Баян тэмээ" малчдын хоршоо нь тэмээний мах, сүү, хоормог зэргийг борлуулахаар ажиллаж байна. Цагаан идээний худалдааг онлайнаар борлуулж байгаа юм. Тэдний зах зээл хошуу аймаг гацаагаар зогсохгүй Бээжин,Шанхай, Жансүү, Тиянжин зэрэг газарт борлуулалт хийгдэж байна.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Го. Халиуна