Тооллого бол түүхийн үнэт лавлагаа

2019 оны 12-р сарын 27 өдөр
 Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар\"\" “Дорнод” сонин он солигдох торгон мөчид оны онцлох үйл явдлуудыг нэрлэж албаны хүмүүсээс тодруулж байна. Энэ удаа Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатартай уулзлаа.
-Сайн байна уу? 2019 онд Монгол улс анх удаа байшин орон сууцаа тооллоо. Энэ бол жил бүр тохиохгүй томоохон ажил байх?
-Сайн байна уу? Танай сониноор дамжуулан нутгийн зон олондоо Шинэ жилийн мэнд хүргэж, эрүүл, энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс, хоршооллын байгууллагын орон сууцны фондын тооллогыг 1960 онд явуулсан. 2019 онд Монгол улс байшин орон сууцны тооллогыг бие даасан байдлаар газар зүйн орон зайн мэдээллийг ашиглаж хийж дууслаа. Тооллогыг бүсчлэн явуулж Зүүн бүсийн аймгууд 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд байшин, орон сууцны тооллогыг амжилттай зохион байгууллаа. Манай аймгийн Хүн ам байшин орон сууцны тооллогын урьдчилсан дүнгээр 15.6 мянган сууц тоологдсон. Үүнээс 12.2 мянган сууцанд хүн амьдарч байна. Гэрт 41.4 хувь, сууцны тусдаа байшинд 53.9 хувь, нийтийн зориулалттай орон сууцны байшин 1.9 хувь, бусад 2.8 хувьтай байна.
-Ирэх онд хүн ам орон сууцны тооллого болно. Энэ тухай мэдээлэл өгөөч?
-2020 оны Хүн ам, орон сууцны тооллого эхэлсэн гэж ойлгож болно. Иргэд цахимаар болон харъяа баг дээрээ бүртгүүлж, баталгаажуулах ажил явж байна. 2020 оны 1-р сарын 7-нд Дорнод аймагт баталгаажуулах ажлыг дуусгахаар аймгийн комиссын хуралдаанаас шийдвэр гарч сумдад чиглэл өгсөн. Дорнод аймгийн 24.5 мянга гаруй өрхийн мэдээлэл цахим санд бий. Аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оны 7-р сарын 22-ны өдрөөс эхлэн хүн ам, өрхийн мэдээллийн санг сумын хэмжээнд шинэчлэхийг үүрэг даалгаврыг болгон өгсөн. Улсын Их хурлын 76 тогтоолоор 2020 оны 1-р сарын 8-ны өдөр тооллогын товыг гэж тогтоосон. Тов хүртэлх хугацаанд иргэд өрхийнхөө мэдээллийг шалгаж баталгаажуулж болно. 2020 оны 1-р сарын 9-15-ныг хүртэлх хугацаанд нийт өрхийн 10 хувьд нь асуулга маягтаар уламжлалт аргаар дэлгэрэнгүй тоолно. Ингэж түүвэрчлэн өрх бүрээр орж тоолж, цахим бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийгдэнэ гэсэн үг. Асуулгыг өрхүүдээс дэлгэрэнгүй авч зарим үзүүлэлтийг тархаах зорилготой.
-Цахим бүртгэлээр тооллогын дүн гарна гэж ойлгож болох уу?
-Болно. Цахим бүртгэлийг боловсруулж, хянаж үр дүн нь гарна. Олон улсад хүн амынхаа тодорхой хувийг интернетээр тоолдог туршлага бий. Манай улсын хувьд 100 хувь хүн ам, өрхийн мэдээллийн санд тулгуурлан явуулна.Ингэхдээ гадаадад байгаа иргэдээ ч тоолно. Боловсруулалт хийж үр дүнгээ гаргахдаа яамд, газрын мэдээллийн сан болон уламжлалт аргаар тоолсон бүртгэлтэй бас тулгаж нягтлана.
Өөр аймаг, хотын иргэний үнэмлэхтэй иргэн Дорнод аймгийн тооллогонд яаж орох вэ?
-Харъяа баг дээрээ очоод бүртгүүлэх хэрэгтэй. 6 сараас дээш хугацаатай амьдарч, ажиллаж байгаа иргэн суурин хүн амаар бүртгүүлнэ.
-Хүн ам орон сууцны тооллого явагдах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Аливаа улс хүн амаа тоолсноор төлөвлөлт хийх, бодлого боловсруулах нэн хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр бүрддэг. Тухайлбал хэдэн хүн амтайгаа мэдэхгүй байж сургууль, эмнэлэг, ирээдүйн хүн амын төлөв, шинэ хот суурингийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлнэ гэж байхгүй. Ер нь бол хүн ам, орон сууцны тооллого явагдсанаар хүн ам зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлно. Тооллого бол түүхийн үнэт лавлагаа болдог гэдгийг иргэд ойлгож идэвхи санаачлагатай оролцох хэрэгтэй. Адаглаад л иргэн та хүн ам орон сууцны тооллогод хамрагдаж цахим мэдээллийн санд бүртгэгдсэнээр бүх л төрлийн бичиг баримтын лавлагааг авч болно шүү дээ. Тухайлбал хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт архиваас лавлагаа өгөхдөө ХАОСТ-ын цахим сангаас авч өгнө. Товын хугацаа дуусмагц ХАӨМСанг архивлаж, бүртгэх, баталгаажуулах ажил хаагдана.
-Баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.
-Туурга тусгаар Монгол улсын иргэн байх энэ үнэт зүйлийг мэдэрч ХАОСТ-ын талаар тодруулж байгаа танай сонины хамт олонд баярлалаа. Иргэд Та бүхэн 2020 оны 1 дүгээр сарын 7-ноос өмнө Хүн ам өрхийн мэдээллийн сангаа харъяа баг дээрээ очиж баталгаажуулан бүртгүүлээрэй.

  • Отгонтуяа
  • 1275
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313