Ерөнхий сайд зүүн бүсийн төмөр замын транстай танилцлаа

2019 оны 11-р сарын 15 өдөр
 \"\"     Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллалаа. Тэрээр Газрын тосны 19, 21 дүгээр талбайд ажиллаж 11 дүгээр сарын 8-ны өдөр Чойбалсан хотод ирсэн юм. Хамгийн түрүүнд аймгийн ЗДТГ-т төрийн албаны удирдах ажилтнуудтай уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулсан. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн болон хүний хөгжлийн индексийг тодорхойлдог дундаж наслалт, боловсролын хамрагдалтын байдал, хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал гэсэн үндсэн гурван үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Үүнээс гадна Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Газрын тосны компаниас жилд 200-300 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг хэр нь газрын тосны аж үйлдвэрлэл явагдаж байгаа орон нутагт нийгэм, соёлын төв байгуулах шаардлагатай талаар тулгамдаж буй зарим нэг асуудлыг хэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн удирдах ажилтнуудтай хийсэн уулзалт дээр 2019 оныг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, өгөв. Энэ хүрээнд хууль зөрчсөн, алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд чанартай, түргэн шуурхай, тэгш үйлчилж байхыг санууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллахдаа ДБЭХС ТөХК-ийн өргөтгөлийн барилгын ажлын шав тавих ёслолд оролцож, УБТЗ-ын Баянтүмэн тасгийн үйл ажиллагаатай танилцан, “Найрамдал” парк дахь Аврагчдын хөшөө, Тусгаар тогтнолын талбай дахь Маршал Чойбалсангийн морьт хөшөөнд цэцэг өргөсөн юм. Мөн өдрийн 11 цагт иргэдтэй уулзаж Дорнод аймагт ДБЭХС ТөХК-ийн өргөтгөлийг эхлүүлэх, Дорноговь аймагт барьж буй нефтийн үйлдвэрийн түүхий эдийг Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Газрын тосны 19,20 дугаар талбайгаас төмөр замаар татах уу, хоолойгоор татах уу гэдгийг Төмөр замын трансын дагуу явж танилцах хоёр гол асуудлаар ажиллаж байгаагаа хэлэв. Дорноговь аймаг дахь нефтийн үйлдвэрт Дорнодын Матад, Халхгол сумын Газрын тосны 19,20 дугаар талбайгаас түүхий эд төмөр замаар татвал Дорноговь аймгийн Алтанширээ сумаас Сүхбаатар, Хөөт, Матад, Нөмрөг гэсэн боомт бий болгож БНХАУ-руу гарах бол, энэ төмөр зам Эрээнцавын төмөр замтай холбогдон ОХУ-руу гарах юм. Мөн энэ төмөр замыг Бичигтийн боомттой холбон БНХАУ-руу гарах төмөр замын гарц нэмэгдэх ба дээрх гурван боомтыг бий болгосноор бараа таваар хүн тээвэр бий болж 10000 ажлын байр нэмэгдэх тухай Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх иргэдэд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант чиглэлийн төмөр замыг Баруун-Урт сумаар дайруулж барих нь Зүүн бүс төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг онцолж байна. Өнгөрөгч сард нээлтээ хийсэн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн 27 километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилчид өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулжээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ГТБҮ-ийн дэд бүтцийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Сайншанд-Алтанширээ чиглэлийн 27 километр төмөр зам нь Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгааг онцлов. Цаашид Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант чиглэлд төмөр зам барьснаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөөд зогсохгүй тус бүс нутагт орших 200 орчим ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны эдийн засгийг тэтгэж, олон мянган хүн ажлын байраар хангагдах боломжтой гэв. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын 32 дугаар тогтоолыг хавсралтаар баталж 2018.06.29-ний УИХ-ын 71 дүгээр тогтоолоор 2 дугаар үе шатанд барих төмөр зам 1000 километрээр нэмэгдсэн. Дээрх чиглэлийн төмөр зам нь Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн 17 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч, ОХУ руу төмөр замын нэг гарцтай байсан бол БНХАУ руу хоёр гарц шинээр нээгдэх юм.       Ерөнхий сайдын Дорнодод ажилласан нэг гол ажил болох Дорнод бүсийн эрчим хүчний систем 1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан. ДБЭХС-ыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрчээ. ДБЭХС-ыг 50 мвт-аар өргөтгөснөөр бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Гурваас дөрвөн засгийн газар дамнан яригдаж өнөөдөр ийнхүү шийдэгдэж ажил нь эхэлснийг Ерөнхий сайд онцлов. Дорнодчууд ч талархалтай байна. “ДБЭХС” ТӨХК-ийн өргөтгөлийг 18 сарын хугацаанд багтаан хийх ба шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх юм. БНХАУ-ын Хэвэй компани энэ төслийг дэлхийн жишигт нийцсэн, чанарын өндөр түвшинд, гэрээний хугацаанд нь багтаан барьж гүйцэтгэн хүлээлгэж өгнө гэлээ. Зүүн бүс нутагт барилгажилт, уул уурхай, газар тариалангийн томоохон хэрэглэгчид нэмэгдсэнээр “ДБЭХС” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцын ачаалал өссөн. Өвлийн их ачааллын үед бүх хүчин чадлаараа буюу 37-38МВТ-аар ажиллаж бүс нутгийн хэрэглэгчдийн хэрэглээг найдвартай хангахад хүндрэл үүсдэг. Тус цахилгаан станц 39 сум, багийн, 26300 гаруй айл өрх, 2200 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 15 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийн цахилгааныг өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах түгээх агаарын шугамаар хангаж байна. Монгол улсын Засгийн газраас Дорнод бүс нутгийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангах, байгалийн баялагийг олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлж байв. Иргэдтэй хийсэн уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж,иргэдийн асуултад хариуллаа.
\"\"
  • Отгонтуяа
  • 814
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313