Дорнод аймаг, ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуу буюу Алтан-Эмээл балгас олон жилийн найрсаг харилцаатай хөршүүд. Урлаг, боловсрол, худалдаа үйлчилгээ, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гээд олон салбарт хөрш хоёрын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж буй. Манай Дорнодынхон Алтан-Эмээл балгасынхныг андахгүй ээ. Тэр дарга, энэ найз сайн уу, ийнүү гээд төрөл төрөгсдөө асуух аятай төрийн албаныхан, худалдаа наймаа эрхлэгчид ялгаагүй түншүүд болцгоосон. Үүний нэгэн салаа мөчир болох “Дорнод медиа групп” ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Ухуулга сурталчилгааны хэлтэс хамтран ажиллаад 10 жилийг ардаа үджээ. Анхлан тус хэлтсийн орлогч дарга Баярт гэх эелдэг харьцаатай, дуу цөөтэй, дунд зэргийн нуруутай, нүдний шилтэй бор залуу ирж хоёр байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж байсан нь саяхан санагдавч энэ үйл хэрэг ӨМӨЗО-ны хэмжээнд Шинэ барга баруун хошууны нэрийг гаргасан ажил болтлоо өргөжин тэлсэн байна. “Дорнод медиа групп” ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны ухуулга сурталчилгааны хэлтсийн “Хэрлэн” хөтөлбөр хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж амжилттай хэрэгжиж байгаа нь үе үеийн ажил хариуцсан дарга нарын гавьяа юм. Энэ удаа бид “Хэрлэн” хөтөлбөрийн ажлаар 10 дахь жилдээ ӨМӨЗО-ыг зорилоо. Өглөөний 06 цагт бид хилийн зүг хөдлөв. Ажлын өдөр учир хилээр гарч орох хүн цөөн. Гэсэн ч албаныхан шалгаж нягталсаар. Бид өдрийн 14 цагт шууд Хайлаар хотыг зорилоо. Алтан-Эмээлийн урдуур Хэрлэн гол саваа халин мэлтэлзэнэ. Хэрлэн хөвөөг дагаад явж буй болохоор ар өврийн ялгаа үгүй өөрийн нутаг шиг санагдана. Энэ жил гол эхээсээ адгаа хүртэл үерлэжээ. Толь шиг замаар сум шиг хурдлах байх гэтэл албан ёсны авто тээврийн автобус тогтсон хурдаар товлосон цагаараа явах. Оройн 18 цагт Хайлаарт хүрч Шинэ барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны хэлтсийн дарга, орлогч нар биднийг хүлээж авав. Маргааш өглөө хаагуур сурвалжлага хийх, хэдэн цаг явах гээд ажил төрлөө ярьцгаан амарцгаалаа. Өглөөний цайн дээр түр саатъя. Өглөөний цай хэдий идэж уух асуудал боловч цаанаа асар ихашиг тустай. Өглөө өлөн гарах нь олон өвчлөлийн шалтгаан болдог гэх. Өнөөдөр бидний оюун ухаанам руугаа орж байгаа зүйлээ зохицуулж, захирч чадахгүй байхад дэлхий хиймэл оюун ухааны тухай ярьж байна. Монголчууд бид эртнээсуламжлагдан ирсэн хоол хүнсээ хэрэглэхээ больж өрнө дорнын идэж уухыг гайхан шагширч хамж шимж хэрэглэснээс ходоод гэдэсний зүй зохис алдагдаж бие эрхтний өвчлөл нэмэгдсэн. Ажлаар болон амин хувиар явж байхад Хятад оронд хүн зон нь өглөөний хоолонд илүүтэй ач холбогдол өгдөг. Зочид буудлын өглөөний цай ходоод гэдсэнд шингэцтэй, өл дааж, өдрийн турш ажиллах эрч, хүч өгдөг байна. Хүн өөрийн хүссэн хоолоо хүртэх хэмжээгээр хэрэглэх боломжтой. Өглөөний цайнд зочид буудалд буусан зочдоос гадна, ойр хавьд нь амьдардаг иргэд ч мөнгөө төлөөд цайлж суугаа харагддаг. Бид амин дэмээр ашиг тустай шар будааны зутан ууж суунгаа “манайд ийм өглөөний цай уух газар хэрэгтэй л байгаа юм даа, энэ соёлыг нэвтрүүлээсэй” гэж ярьцгаадаг юм. Өглөөний цайны дараа бид Хайлаарын Өдрийн сонин, сонин мэдээний алба, Алтан-Эмээлийн сонин мэдээний албаны сэтгүүлчидтэй хамтын сурвалжлагадаа гарлаа. Бидний ажил Эвэнки хошуунаас эхэлсэн. Эвэнки хошууны үүдэн дээр үндэсний хувцас өмсөж хадаг барьсан бүсгүйн хөшөө ирсэн зочдыг найрсаг угтаж мэндчилнэ. Бид явсаар хошууны захад Санхэ гурван голын адуу үржүүлгийн газар зочиллоо. Өвөрмонголын гурван голын адуу 100 гаруй жилийн түүхтэй. Гурван голын адуу Эвэнки хошууны нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний нэг юм. Санхэ адуу үржүүлгийн газарт 400 гаруй адуу нутагладаг ба биднийг очих үед бэлчээртээ гарсан байв. Тус үржүүлгийн газар адууныхаа үүлдэр угсааг сайжруулахаар ОХУ, Франц, Америк, Австрали улсаас сайн үүлдрийн гэрчилгээтэй адууг өндөр үнээр худалдан авч тээвэрлэн ирдэг. Гадаадаас авчирсан сайн үүлдрийн адуугаа гэмтэж бэртэхээс болгоомжилж гурван голын адуун сүрэгтэй бэлчээрт гаргадаггүй, гүү гишгүүлдэггүй юм байна. Зөвхөн зориулалтын өрөөнд үрийг нь авч хөлдөөн, гүн хөлдөөсөн үрээр гүүгээ хээлтүүлдэг гэх. Мөн сайн үүлдрийн адуунаас авсан хөлдөөсөн үрээ худалдаалдаг тухай ярьж байлаа. Малчид болон морин спорт сонирхогчид Санхэ адуу үржүүлгийн газраас адуу худалдан авдаг. Гурван голын адуу хурд хүчтэй, тэсвэр хатуужилтай. Хурдны болон махны аль ч чиглэлээр ашиглаж болох. Санхэ адуу үржүүлгийн газраас гараад бид хамт сурвалжлага хийж яваа нөхдөөсөө “Одоо хаашаа явах вэ” гэж асуулаа. “Үйлс бүтээх төв явна” гэнэ. Үйлс бүтээх төвийг бид хөдөлмөр зуучлах алба, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дэмжих төв, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих газар, сургалтын төв гээд янз бүрээр орчууллаа. Хамтын сурвалжлагын хөгжилтэй нэг агшин бол энэ. Бид зам зуур явахдаа ажил мэргэжил, нутаг орныхоо сонин хачиныг өөр хоорондоо ярьж хөөрөлдөхөд Өвөрмонголоос Монгол руу оновчтой орчуулах шаардлага гардаг. Яагаад гэвэл оновчтой орчуулга хийснээр ярилцаж байгаа зүйлийнхээ талаар бүрэн ойлголт авдаг учир ойлголцохгүйд хүрвэл дохио зангаагаа хүртэл ашиглана. Бид ингэж хөгжилдөж дотносож, нөхөрлөн ойртож бие биенийхээ хэл соёлоос харилцан суралцдаг юм. Ингээд бидний орчуулснаар Бизнес инкубатор төв буюу Эвэнки хошууны “Үйлс бүтээх төв”-д зочиллоо. Эвэнки хошууны “Үйлс бүтээх төв” орох хаалганаасаа сонирхол татав. Энд гоёл чимэглэл, гар урлал, арьсан эдлэл, уламжлалт үндэстэн ястны хувцас урлал гээд төрөл бүрийн бизнес эрхлэгчдийн дэлгүүр байна. “Үйлс бүтээх төв” гэдэг нь жижиг дунд үйлдвэрлэгчдийг бизнес эрхлэхэд нь дэмжиж бойжуулдаг газар юм билээ. Бидний орсон ихэнх дэлгүүр Эвэнки үндэсний уламжлалт дээл хувцас, гоёл чимэглэл, ахуйн хэрэглэлийн гар урлал зонхилж байв. Эвэнки үндэстэн цас мөсөн дунд амьдардаг ард түмэн байж. Эвэнкичууд маш их даарч, ядарч зүдрэхэд Наран хатан ижий гарч ирэн Эвэнкчүүдийн амьдралыг гэрэл гэгээтэй халуун дулаан болгосон тухай домог бий гэнэ. Тиймээс “Үйлс бүтээх төв”-ийн гар урлалын дэлгүүрүүдэд Эвэнкчүүдийн шүтээн болсон Наран хатан ижийг дүрсэлсэн гоёл чимэглэл их юм билээ. Булга суусар, үнэг туулайн болон таван хошуу малын арьс, шүр, чулуугаар хийсэн ээмэг, зүүлт, бугуйвч, малгай, дээл, бүс, хувцас, гутал зэрэг нь үнэхээр гоёмсог нүд хужирлаж сэтгэл баясгамаар. Энэ дэлгүүрийн эзэд нь “Соёлын биет бус өв тээгчид” байх ба “Соёлын биет бус өв тээгчдэд” улсаас жилдээ урамшуулал өгдөг юм байна. Мөн үйлдвэрлэл хийн бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлж сургалтад хамруулан байрны түрээсээс чөлөөлдөг гэнэ. Бид энд Эвэнки үндэсний гар урлалын гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээс гадна арьсан цүнхний дэлгүүртэй танилцлаа. Яг л худалдан авагчийнхаа нүдэн дээр дэлгүүрийн эзэн цүнхээ урлан сууна. Дэлгүүрийн эзэн залуугийн аав нь ах нь гараар цүнхурладаг ба цүнх урлах арга ухааныг гэр бүлээсээ уламжлан өвлөж авчээ. Нэг цүнхийг яаралтай бол нэгээс хоёр өдөрт, тааваараа бол гурваас дөрвөн өдөрт оёж дуусгадаг гэх. Хамгийн гоё нь энэ дэлгүүрт байгаа бүх цүнх өөр хоорондоо адилгүй дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ онцлогтой. Үйлчлүүлэгчид дэлгүүрт бэлэн зарагдаж байгаа цүнхнээс сонголтоо хийхээс гадна захиалж болно. Загвар хийцээсээ хамааран нэг арьсан цүнх 300- 1000 гаруй юанийн үнэ ханштай. Зөвхөн эднийх гэхэд ийм гар урлалын арьсан цүнхний гурван дэлгүүртэй. Найзтайгаа хамтран энэ бизнесийг эрхэлдэг. Өвөр монголчууд нүүдэлчин ард түмэн. Таван хошуу мал элбэг дэлбэг. Цүнхний дэлгүүр түүхий эдээ нутгаасаа бэлтгэдэг байх хэмээн асуутал үгүй гэнэ шүү. Австрали улсаас түүхий эдээ оруулж ирж Гуанжу хотод боловсруулдаг гэлээ. Энэ мэт үйл бүтээл өрнүүн дэлгэр газраар ороод гарлаа. Хийж бүтээе гэсэн хүн зоноо улс нь дэмжсэн шиг дэмжих юм. Хүн ард нь зүгээр суухгүй өнгийн шүрийг ч хэлхэж юмхнаар юм хийн орж гарсан улсыг хөөрхөн “саагаад” үлдэж байна. Хөдөлмөрлөж чадвал хөгжиж чадаж байгаагийн жишээ л юм даа. Үүний дараа бид Хайлаар тойргийн Монгол цэцэрлэгтэй танилцлаа. Өвөр монголчуудын нэг сайхан нь Монголчууд биднийг чин сэтгэлээсээ найрсгаар хүлээж авдаг явдал. Хайлаарын Монгол 430 хүүхэд сурч хүмүүждэг гурван давхар өргөө байна. Бидний аялсан өдөр гадаа дулаан нартай өдөр байсан. Цэцэрлэгийн хүүхдүүд гадаа тоглож наадна. Хойд талд нэг бүлгийн хүүхдүүд шуудайд орж үсрээд тэгснээ өнхрөөд өөртөө жижиг бөмбөгнүүдийг нааж цуглуулаад уралдаж байх юм. Урд талд хүүхдүүд томоо машины дугуйн дээр үсэрч бууж харагдана. Монгол дээл өмссөн хүүхдүүд хөөр баяртай тоглож наадан шаагилдана. Цэцэрлэг рүү орлоо. Мөн л хүүхдүүд ангидаа үсэрч харайсан уралдаж гүйсэн хөдөлгөөнтэй тоглоом тоглож л байх юм. Аймагтаа хааяа нэг цэцэрлэгээр ороход багш нар хүүхдүүдээ томоотой суулгасан чимээ анир бага байдагсан. Харин Хайлаар хүүхдүүд ангидаа ч гадаа ч багш нар нь дэмжээд хөтлөөд хүүхдүүд хашхиралдаад хөдөлгөөнтэй тоглоом тоглож байгаа нь сонирхолтой санагдлаа. Цэцэрлэг гурван наснаас хүүхдүүдээ авдаг гэнэ. Нэг анги 25-30 хүүхэдтэй гурван багштай. Ангиудынх нь зай талбай манай цэцэрлэгүүдтэй ойролцоо. Тоглож нааддаг өрөөндөө хүүхдүүд унтдаг бололтой хүүхдийн хуванцар намхан орыг өрөөнийхөө нэг буланд давхарлан хураажээ. Цэцэрлэгийнхээ гурван давхрыг үндэстэн ястны уламжлал гэр, ахуйн хэрэглэлээр тохижуулсан нь хүүхэд соёл уламжлалаасаа суралцах боломжийг бүрдүүлжээ. Цэцэрлэгийн тохижилт хүүхдийн сургалтад хэрэглэж буй тоглоом наадгай манай цэцэрлэгүүдтэй адил юм. Нэг давуу тал нь цэцэрлэгийн гадна зай талбай хангалттай том харагдав. Цэцэрлэгийн эрхлэгчийн ярьж буйгаар хүүхэд тоглох ёстой, тоглоомоор хүүхдийг амьдралын дадал хэвшилд сургаж хүмүүжүүлэх нь чухал гэнэ. Ийнхүү бид сайхан энерги цацарч, инээд хөөр бялхсан хүүхдийн ариухан өргөөнөөс гарч сурвалжлагаа цааш үргэлжлүүллээ.
Хайлаарт хаана л очсон зочид буудал, зоогийн газар, худалдааны төвийн үүдэнд “Иннэр Монголиа -2020” буюу “Өвөрмонгол-2020” бүх Хятадын 14 дэх удаагийн өвлийн спортын наадмын бэлгэ тэмдэг болсон буриад охинд Монгол хүүгийн зураг нүднээ тусах. Манай хамтын сурвалжлагын багийнхан “Иннэр Монголиа -2020” өвлийн спортын наадам болох Спорт цогцолборыг үзэхээр Хайлаараас холгүй гадагш гарлаа. Хайлаарын нисэх онгоцны буудлын хажууханд байх. Спорт цогцолборын барилга холоос харахад зэрэглээтэн буй уул шиг ч, дэлгэсэн хадаг шиг ч харагдах аж. Автобуснаас бууж спорт цогцолборын гадаа хөл тавиад энэ орны хүн зоны хөдөлмөрч хичээнгүй зан, аливаа зүйлийг бүтээн байгуулах авъяас чадварыг шагшссан. Энэ спорт цогцолбор гурван байгууламжаас бүрдэх ба голдоо бамбар асаах өндөр цамхагтай. Нэг байгууламж нь л 4900 м2 талбай бүхий. Тэшүүр, хоккей, уран гулгалтын спортын төрлүүд энэ спорт цогцолборт явагдана. Биднийг очиход Өвөрмонголын тамирчид бэлтгэлээ хийж байлаа. Бүх Хятадын 14 дэх удаагийн өвлийн спортын наадам бол 2022 оны өвлийн Олимпын сорилго бэлтгэл юм байна гэж ойлгогдсон. Энд Хятад улсын өвлийн спортын шилдгүүд хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар чансаагаа сорих нь. Хятад улс 2022 оны өвлийн Олимпийн бэлтгэлийг аль эрт эхлүүлжээ. 2016 онд бүх улс даяар шалгаруулалт явуулан ӨМӨЗО шалгарч 2017 оноос 2020 оны бүх Хятадын 14 дэх спортын наадмын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Ингэж хичээн зүтгэж байгаа улс орон дэлхий даяар нэрээ дуурсгахаас яалтай. Ийм сайхан нөхцөл боломжид бэлтгэгдэж буй тамирчид медаль зүүхээс ч яах билээ гэж бид өөр хоорондоо ярилцан энд тэнд зургаа татуулж дурсамжаа нэмээд хөдөллөө. “Иннэр Монголиа -2020” бүх Хятадын 14 дэх удаагийн өвлийн спортын наадам эхлэхэд 123 хоног үлдэв. Хятад улсын шилдгүүд бол дэлхийн шилдгүүд. Дэлхийн шилдгүүд цугларах өдрийг Өвөрмонголчууд хүлээж хоног тоолсоор. Энэ наадмын бэлгэ тэмдэг нь Монгол хүү Амар, Буриад охин Сайнаа. Амраа, Сайнаа хоёртой ахин уулзахын ерөөл тавин бид буцлаа.Жил бүрийн хамтын сурвалжлагаар шинэ газар үзэж, шинэ танил нэмж, шинэ үйл явдал өрнөж нүд нээж ухаан тэлдэг. Энэ нь бидний мэргэжлийн сайхан нь. Үзэг дэвтэр, дуу хураагчаа зэхээд, камераа үүрч, микропоноо тэврэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн Өвөрмонголын сэтгүүлчиддээ баярлалаа. Бид замд явахдаа, цайлж суухдаа,ажлаа хийхдээ бие биедээ санаа тавин ойртон нөхөрлөсөн. Та нартайгаа дахин уулзана аа. Б.Одмаа