Хөлөнбуйр хотын Утга урлагийн холбооны орлогч тэргүүлэгч Бо.БүрэнХөлөнбуйр хотын Утга урлагийн холбооны орлогч тэргүүлэгч, зохиолч, яруу найрагч, орчуулагч Бо Бүрэн Монгол үндэсний орчин үеийн утга зохиолын тавцанд өндөр байр суурь эзлэж буй хүн юм. Түүний “Хөлөнбуйрын шүлгийн сонгомол”, “Хөлөнбуйрын дууны сонгомол” бүтээл нь Хятад, Монгол хэлээр олон зуун хувь хэвлэгджээ. Бо. Бүрэнг ахмад багш нар нь хичээнгүй оролдлоготой, Монголын уран зохиолын санд тоос суухгүй содон бүтээлүүдээ нэмэрлэсэн хүн хэмээн онцолдог. Үндэснийхээ хэл соёлын төлөө шантрашгүй зүтгэж тэсвэр тэвчээр, сэтгэл зүрхээ зориулж яваа энэ эрхэмтэй ярилцахаар зориг шулуудан ажлын нь өрөөний хаалгыг тогшихдоо бэргэсхийснээ нуух юун. Бо.Бүрэн 1984 онд ӨМ-ын Үндэстний багшийн дээд сургуулийг төгсөж, Хөлөнбуйрын радио хорооноос ажлын гараагаа эхэлжээ. Тэр цагаас зохиолын дууны үг бичихийн сацуу сонин мэдээний өдөр тутмын ажлыг эрхэлж байв. Наяад оны үед зам харилцаа, унаа хөсөг одоотой адилгүй хүндхэн нөхцөлтэй байсан ч бэрхийг гэтлэн хөдөө сууринд ойр ойрхон бууж, амьдралын гүнд орж сурвалжлага бэлтгэхийг чухалчилдаг байжээ. Энэ бүхнээ эргэж бодон эргэцүүлж суухдаа хичнээн их хүчээл зүтгэл гаргаж, унд хоол, унтах нойроо умартан зүтгэж байснаа санадаг. 1989 онд гуч хүрээгүй Бо. Бүрэн Хөлөнбуйрын Радио хорооны Монгол хэлний утга урлагийн хэлтсийн орлогч эрхлэгчийн тушаалд дэвшин, соёл урлагийн ажилд гавшгайлав. Тэр үед хэдийгээр утга зохиолын найруулагч болсон байсан ч дуу хөгжмийн талд мэдлэг ойлголт дутмаг нь хариуцсан ажилд нь бэрхшээл учруулж байсан болохоор Хөлөнбуйр дээд сургуулийн Зоа Хунь Шиа хийгээд алдарт хөгжмийн зохиолч Сайнцогт нарт гурван жилийн хугацаатай шавь орж дуу хөгжмийн онолын мэдлэгтэй болоод авчээ. Бо.Бүрэн ажлын зав чөлөөгөөрөө шүлэг зохиолоо туурвиж, өнгөрсөн хориод жилд нийт 200 гаруй дууны үг бичжээ. Тэрээр “Дууны нэр дөхөм авсаархан, товч ойлгомжтой, гоо урлаг байх хэрэгтэй. Түүнийг хүний нүдтэй жишиж болно. Нүд бол хүний сэтгэлийн толь юм. Бид нүдээрээ биесээ таньж ойлгож, тухайн хүний дотоод сэтгэлийн ертөнцийг олж хардаг. Орчин цагт хүмүүс дуу хөгжмийг зөвхөн сонорын сэрлээр дамжиж сонирхохын сацуу хэрэгцээ шаардлага нь улам бүр өндөрсөж дүр, зураг, дүрслэлийг дагалдуулахыг чухалтайд үзэх болсон” гэж тэрээр ярьж байлаа. Өнөөдөр бол түүхийн үргэлжлэл. Нэг үндэстэн түүхээ мартвал гэгээн саруул ирээдүйгээ алдах болно. Бо.Бүрэн багаасаа түүхэн уран зохиолыг шимтэн уншиж сонирхох болсон. Ялангуяа Чингис хааны тухай ном зохиолыг илүүтэй уншиж судалжээ.Тэрээр дууны үг, жүжгийн зохиолын содон бүтээлээрээ түүхт хүн, түүхэн явдлыг амилуулан уншигч түмэндээ толилуулсан нэгэн юм.
1997 онд Бо.Бүрэнгийн бусадтай хамтран найруулсан “Инжинаш” радио жүжиг нь Хөлөнбуйрын Радио хороогоор дамжиж нэвтэрсэнээр өргөн олон сонсогч түмний халуун талархлыг хүртжээ. Уг бүтээлээ амилуулахын тулд 1996 онд сар шахам чөлөө авч, Ванчинбал, Малчинхүү, Инжинаш зэрэг нэрт хүмүүсийг өлгийдөн авсан “ Дундад улсын ардын урлагийн нутаг” хэмээгдсэн Лёнин мужийн Цао Янь Шианы Бэй Пияо балгасанд хүрч, тухайн нутаг орны түүх соёл, байгаль ахуй, үндэстэн ястны ахуй амьдралыг нарийн судалж сурвалжилжээ. Ингэснээр “Нэгэн давхар асар”, “Улаанаа уйлах танхим”, “ Хөх судар” зэрэг аварга бүтээлийн эзэн, арван есдүгээр зууны монгол үндэстний алдарт зохиолч Инжинашийн дүр Дундад улсын утга зохиолын түүхэнд ч нөлөө тусгал үзүүлсэн нь Бо. Бүрэнгийн бийрийн увидас гэлтэй. “Хөлөнбуйр” сэтгүүл 2019 оны анхны дугаартаа Бо.Бүрэнгийн арван нэгэн бүлэгт жүжгийн зохиол “Өлүн Үжин”-г нийтэлж уншигч түмний хүртээл болгожээ. Өлүн Үжин бол Монгол үндэстний түүхэн дэх аугаа их хүн төдийгүй Хөлөнбуйрын тал нутгаас гарсан содон эмэгтэй баатар юм. Тухайн үед Өлүн эх байхгүй байсан бол Тэмүүжин Чингис хаан болно гэдэг нь ч эргэлзээтэй байсан байж ч магад, Өлөн эхийн уужуу сэтгэл, эрэмгий зан, их эеийг эрхэмлэгч чанар, өөрийгөө хүчирхэгжүүлэх үзэл санаа нь тэнгэрлэг хөвгүүн Чингис хаанд нөлөөлжээ. Бо.Бүрэн сүүлийн хэдэн жил алба ажил гэж улайран бийр атгах чөлөө зав багатай байсан ч өнгөрөгч 2018 он түүний хувьд өрнүүн ажлын жил болж, сүүлийн тав зургаан жил сэтгэлдээ тээж явсан “Өлүн Үжин” радио жүжгийн зохиолоо бичиж эхэлсэн байна. Жүжгийн зохиол бичих сэдэл олон жилийн өмнөөс төрж түүхэн ном, бичиг материал цуглуулж Өлүн эхийн амьдран байсан нутаг усаар явж ахмад багш, эрдэмтэн судлаачдаас энэ түүхэн хүний тухай олон зүйлийг асууж тодруулж авчээ. Үндэстний түүх соёлоо жүжгийн хэлбэрт оруулж, дуу хөгжим хавсарган радио, телевиз гэхчлэн мэдээллийн олон хэлбэрийг ашиглан аль болох өргөн түмэнд хүртээмжтэй хүргэхийг зорьжээ. Түүхийн энэ бүтээлээ олон арван жил хадгалах, үнэ цэнийг нь унагахгүй байх талыг бодолцон уг жүжгийн зохиолоо роман болгож хэвлэлд бэлтгэхээр зэхэж байна.
Бо.Бүрэн 1990 онд Хөлөнбуйр аймгийн анхдугаар удаагийн уртын дууны чуулганыг санаачлан зохион байгуулав. Энэ үйл ажилланааны зардлыг тэрээр өөрөө босгосон хэрэг. ШБЗХ-ны мянгаас дээш толгой малтай чинээлэг өрх бүрт хүрч чуулганы зорилго, алс хэтийн ач холбогдол зэргийг нарийн ухуулан тайлбарлаж, малчдаас бэл мөнгөний дэмжлэг хүссэнээр Уртын дууны анхдугаар удаагийн чуулган тун амжилттай болж өндөрлөжээ.Бо.Бүрэн ъБаян баргын адуун даллага” ажлыг зохион байгуулахдаа Хөлөнбуйрын зуугаас дээш адуутай өрх айлыг бүртгэн сурвалжилж, адуу малжихаар дамжин малчдын орлогыг нэмэгдүүлэх, адуун соёлын талаар ухуулан сурталчилж, энэ үеэр арван шилдэг адуучныг шагнан урамшуулжээ. Бо.Бүрэн “Мөнгөн цагаан Хөлөнбуйр” малчдын соёл урлагийн найрыг таван удаа, “Хөлөнбуйр хотын морин хуурын найр”-г гурвантаа, “Хөлөнбуйр хотын яруу найргийн наадам” -ыг таван удаа, Орчин, Эвэнки, Дагуур цөөн тоот үндэстний бийрийн цуглааныг арваад удаа зохион байгуулжээ. Үүнээс гадна тэрээр “ Сэлжияахан Шинэхэн” буриад дуу бүжгийн найрыг санаачилсанаар нэгэнт уламжлалт ажил болсон байна. Бо.Бүрэн бусад нөхдийн хамт хагас жилийн дотор Хөлөнбуйрын олон нутгаар явж, олон ч хүнтэй уулзаж Хөлөнбуйрын Барга, Буриад, Өөлд, Эвэнки, Дагуур, Орчон зэрэг үндэстэн ястнуудын 2000 гаруй ардын дууг цуглуулан эмхэтгэжээ. Тэрээр “Ардын дуу бол үндэстний соёл урлагийн их үнэт өв эрдэнийн сан мөн. Ард түмэн бол аугаа их урлагчид, ард түмнээс илүү их урлагчин гэж байхгүй. Бид багахан амжилтандаа омогорхож бардамнаж болохгүй ээ. Даруу хичээнгүйгээр ардын урлагчдаас суралцах ёстой. Бидний нутаг бол бид бүхний оршин тогтнох голомт төдийгүй аливаа соёл урлагийн шимт хөрс болно. Энэ шимт хөрснөөс урлагийн шилдэг бүтээл урган цэцэглэдэг. Хэрвээ бид нутгаа алдвал нуураасаа салсан галуу болох төдий. Бид бүхэн Бүх Хятадын удирдагч Ши Жин Пиний дурдсан монгол морины зориг санааг бадруулж байгаль ахуйгаа хамгаалан, нутаг усаа амь биеэ шигээ хайрлавал зохино” хэмээн сэтгэл догдлон өгүүлж суулаа. Жирим аймгийн Хүрээ хошуунд нутагтай. Яруу найрагч, зохиолч, Үндэстний Их сургуулийн Утга зохиолын аспирант, эрхлэн найруулагч цолтой.
Одоо Хөлөнбуйр хотын Утга урлагийн холбооны орлогч тэргүүлэгч, БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн, БНХАУ-ын дуу хөгжмийн эвлэлийн гишүүн, ӨМ-ын орчуулагчдын эвлэлийн орлогчтэргүүлэгч, ӨМ-ын Соёл, кино телевизийн нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч.Бүтээл: ууган найраг “Аавын минь хайртай нутаг”. Түүнээс хойш 20 иод жилийн хугацаанд 100-гаад бүтээлээ орон, аймгийн сонин сэтгүүлд нийтлүүлсэн. 1986 онд анхны дууны хуурцаг нь “Дорнын цэцэг” нэртэй хэвлэгджээ. 1989 онд “Цай сүлэх” дуу нь ӨМӨЗО-ноос зарласан дууны шүлгийн уралдаанд хоёрдугаар байрын шагнал хүртэж, “Дорнын цэцэг” дууны үг нь БНХАУ-ын Залуучуудын дууны “Алтан эргийн цуурай” шинэ хүн шинэ бүтээлийн нэрэмжит шагналт уралдааны алтан медалийг хүртэж, 2013 онд “Алунгуа эх” дуугаараа ӨМО-ны Утга урлагийн үүдэн бүтээлийн “Сарнаа” шагналыг гардаж байсан.Радио жүжиг “Инжинаш” болон теле жүжиг “Тэнгэрлэг нутаг” нь ӨМО-ны “Тав нэг инженерги”-ийн\\ кино, жүжиг, ший жүжиг, ном, онолын зохиол\\ шагналыг хоёр удаа гардаж, “Нар эртэлсэн нутаг” кино жүжиг нь 2014 оны шилдэг зохиолын хамгийн эхэнд жагсаж, ӨМӨЗО-ны “Сонин мэдээний 10 шилдэг ажилтан”-ы нэгээр шалгарч, 2015 онд Хөлөнбуйр хотын “Чадвартан цол” хүртсэн.Таван жилийн цаг хугацаанд үргэлжлэн бүтээсэн “Ухаант эх- Өөлүн” хэмээх жүжиг нь ӨМО-ны түүхэн хүрд чухал сэдвийн бүтээлд багтаж, одоо ӨМ-ын кино үйлдвэр болон Ордосын радио товчоо хувилан тарааж, олны хүртээл болгохоор зэхэж байна.
Хөлөнбуйр Өдрийн сонин,ШББХ Хуньмэй, Хасбагана,Цэнгэл, Урьхан