АХМАДУУДАА АЛЬ БОЛОХ АМЬДРАЛЫГ НЬ ИДЭВХТЭЙ БАЙЛГАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙГАА

2019 оны 10-р сарын 1 өдөр
 Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.МӨНХГЭРЭЛ\"\"Төр засаг ахмадууддаа ямар үйлчилгээ үзүүлж байгаа юм, ахмадуудад чиглэсэн хууль эрхзүйн орчин ямар байна, ахмадуудад зориулж юу хийж бүтээж байна гээд төрийн үйлчилгээ үзүүлж буй тус байгууллагаас асуух зүйл ахмадуудад их бий. “Дорнод сонин энэ удаа ахмадын баярын өдрийг тохиолдуулан Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргатай ярилцлаа. Асуултад тань хариулт болж чадах биз ээ.

-Жил бүрийн 10 дугаар сарын нэгнийг Ахмадын баяр болгон тэмдэглэдэг. Манай аймагт хэчнээн ахмад настан байна. Тэдний хууль эрхзүйн орчин яаж өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сүүлийн жилүүдэд манай Улсын хүн амын бүтцэд өөрчлөлт орж ахмад настны тоо нэмэгдсэн судалгаа бий. Ялангуяа тэтгэврийн насаа тогтоож байгаа ахмадын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд тэтгэврийн насны 7400 гаруй ахмад байна. Түүнээс төрийн тусгай буюу цэргийн насны тэтгэврийг оролцуулахгүй эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас гавьяаныхаа амралтыг эдэлсэн 6200-аад ахмад настан байна. Төрөөс ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, насан туршдаа хуримтлуулсан мэдлэгээ залуу хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн анхаарч байна. Манай аймгаас УИХ-д сонгогдсон Н.Номтойбаяр гишүүн Ахмад настны тухай хуулийг 2017 онд санаачлан шинээр батлуулсан. Тухайн үед ХНХЯ-ны сайдаар ажиллаж байсан. Энэ хууль өмнөх хуулиасаа ахмадуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгэм дундаа байх, бусдыг сайн сайханд хөтлөх, өөрийгөө хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх, өөртөө хуримтлал үүсгэх, амьдралаа идэвхтэй байлгах тал дээр нь илүү анхаарсан хууль болсноор онцлогтой. Манай аймгийн ахмадууд энэ хуулийн төслийг боловсруулахад хамгийн их идэвхтэй оролцсон. Энэ хуулийг дагаж нэлээд журам шинэчлэгдэн батлагдсан. Насны хишиг, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, ахмадын сан байгуулах, алдар цолтой ахмад настнуудад олгох нэмэгдэл зэрэг хөнгөлөлт тусламжууд олгогдож байна. Мөн Улсын чанартай амралт, сувиллын эрхтэй аймгийн хэмжээнд 3 газар шинээр байгуулагдлаа. Энэ нь ахмадуудад орон нутагтаа амарч, сувилуулах боломжийг хангаж өөр аймаг хот руу явах зардлыг хэмнэж байна гэсэн үг юм. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар “Ахмадын ачлал” хөтөлбөрийг 2017 онд аймгийн ИТХ-аар батлуулан жил бүр санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сум, багийн ахмадын хороо, хэсгүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, урлаг спортын уралдаан тэмцээнд оролцох боломжийг хангах, бусад аймгуудаас шинэ туршлага судлах зэрэг үйл ажллагааг санхүүжүүлж байна. Өнгөрсөн жил энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ил захидал”-ын уралдаан зарласан, Ахмадууд маань маш идэвхтэй оролцож 40 гаруй ил захидал ирснийг эмхтгэл болгож байна. Захидлаар дамжуулж залуучуудад ажил, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх, хөдөлмөрийн хүмүүжил төлөвшлийг олгоход чиглэгдсэн. Эмхтгэлээ гаргаад үр хүүхдүүдэд нь хүргүүлнэ. Мөн ахлах ангийн суралцагчдад болон залуучуудад уншуулах юм. Манай байгууллагын дэргэд ахмад настны чөлөөт цагийн төв үйл ажиллагаа явуулдаг. Энэ төвд ахмадууд өдөртөө очиж шатар, даам тоглож, бүжиглэхээс гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлж хийн дасгал хийх, хамт олонтой байх, мэдээ мэдээлэл авах боломж нөхцлийг бий болгон ажиллаж байна. Цаашид бүх насны зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн соён гэгээрүүлэх, хүний хөгжилд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.

- Ахмадын баяраар ахмадуудаа хэрхэн яаж баярлуулж байна?

-Манай аймагт 4000 гаруй нь ямар нэг албан байгууллагад харьяалагддаггүй харьяалалгүй ахмадууд байдаг. Энэ нь тэдний ажиллаж байсан албан байгууллага улс орны шилжилтийн үед хаалгаа барьж хувь компани аж ахуйн нэгж болсонтой холбоотой л доо. Нийгмийн халамжийн тухай хуулинд ямар нэг албан байгууллагад харьяалалгүй ахмад настнуудад жилд 2 удаа хүндэтгэл үзүүлэхээр тусгагдсан. Үүнд сар шинийн баяр болон 10 дугаар сарын 1-ний Ахмадын өдрийг тохиолдуулан нэг ахмадад арван мянган төгрөгийн үнэ бүхий гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлж байна. Хүндэтгэл үзүүлэх тухай журам 2013 онд батлагдсан. Тэр үед 10,0 төгрөгөөр багагүй хэмжээний зүйл авдаг байсан. Одоо жил ирэх тусам багассаар байна. Нэмэгдүүлэх талаар бид ХНХЯ-нд санал хүргүүлсэн. Эх орондоо ихийг хийж бүтээсэн азай буурлуудын хувьд энэ бол чамлалттай. Гэхдээ бид боломжиндоо тааруулан өнгөрсөн жилээс орон нутгийнхаа аж ахуйн нэгж, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж бэлгийн багц сонгох сонгон шалгаруулалтыг хийж ахмадуудынхаа бэлгийг бэлтгэдэг болсон. Өнгөрсөн жил “Бабуб” компанийн зөгийн балтай печень, “Хачирс” компанийн бичиг баримт хийх зориулалттай арьсан эдлэл зэргийг сонгосон. Ахмадуудынхаа бэлгэнд нийтлэг идэж уух юм, урд хөршөөс оруулж ирдэг хэрэгтэй хэрэггүй зүйл сонгохоосоо илүү жижиг ч гэсэн ахуй хэрэгцээнд нь нийцсэн зүйл бэлэглэхийг эрмэлзэж байгаа.

-Хэрлэн сумын дөрөвдүгээр баг буюу Хан-Уулын дөрөвдүгээр эгнээнд “Хүний хөгжлийн ордон” баригдаж байна. Хэзээ ашиглалтад орох вэ? Энд ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Хүний хөгжлийн ордон энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно. Н.Номтойбаяр гишүүний багцаас 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, дөрвөн давхар Хүний хөгжлийн төв орон нутагт, Дорнод аймагт анх удаа барьж байна. Монгол улсын нийгмийн халамжийн бодлого хүнээ хөгжүүлэх тал дээр анхаарч байгаагийн нэг илрэл нь энэ юм. Энэ байгууламжийн нэг давхар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, сурч боловсрох зориулалттай. Хоёр давхарт нь нийгмийн халамжийн нэг цэгийн үйлчилгээ байрлана. Гуравдугаар давхарт нь Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтнүүд сууна. Дөрөвдүгээр давхарт ахмад настан, залуучуудын байгууллага байхаар төлөвлөсөн. Аймгийн Хөдөлмөр нийгмийн халамж хариуцсан мэргэжилтнүүд яагаад хүний хөгжлийн ордонд ажил үүргээ гүйцэтгэх болж байгаа юм гэж хүмүүс асуух байх. Нэгд, бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, залуусын төрийн бус байгууллагуудаар тэр том байшингийн урсгал зардлыг төлөх боломжгүй шүү дээ. Хоёрт, манай газар зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн асуудлыг хариуцаж ойр ажилладаг учир нэг дор байрлавал төрийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрэхэд хялбар болно. Хүний хөгжлийн ордон дотроо урлагийн танхим, дэргэдээ спорт заалтай. Нийгмийн хамгааллын төрийн бодлого зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгэмд идэвхтэй амьдрах нөхцөл боломжийг бий болгох хэрэгтэй гэж үздэг. Халамж хүссэн олон иргэн байдаг. Тэднийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах нь хамгийн чухал. Энэ ч үүднээс энэхүү барилгыг хүний хөгжил рүү чиглэсэн стандарт шаардлагыг хангасан байхаар төлөвлөсөн юм. Саяхан манай улсад Ази номхон далайн бүс нутгуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган боллоо л доо. Үүнээс харж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудыг хамт олонд суурилж нийгэмшүүлэх чиглэлийг барьж ажиллах нь зүйтэй гэж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дахин нэг барилга 2020 онд барихаар төлөвлөгдсөн. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, сэргээн засах сувилал, эмчилгээний зориулалтаар баригдах барилга юм.

-Дорнод аймаг ахмадын асрамжийн шинэ газартай боллоо. Энэ газарт хэдэн хүн байдаг юм. Яагаад гуравдугаар багийн нутагт барьсан юм. Ямар ахмадууд асрамжийн газар байх ёстой юм гээд иргэд мэдэхийг хүсч байгаа олон асуулт байна. Өнөөдөр яг энэ асуудлыг хариуцаж байгаа хүний хувьд бидэнд тайлбар өгөөч?

-За, хүмүүсийн ярьж дадсанаар ахмадын асрамжийн газар буюу манай Ахмад настны асрамж үйлчилгээний төв маань Зүүн бүсийн статустай. Дорнод аймаг дахь зүүн бүсийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв нэртэй. Хэнтий, Сүхбаатар аймгаас ахмадууд ирдэг гэсэн үг. Өмнө нь Ахмад настны асрамж үйлчилгээний төв БОЭТ-ийн зүүн талд хуучин барилгад байсан. Мэргэжлийн хяналтын газраас тус барилгыг хоёр ч удаа нурах магадлалтай, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Үүнээс үүдээд аймгийн удирдлагууд, манай байгууллагын зүгээс харьяа шатны дээд газартаа шинэ барилгатай болох хүсэлт тавьж асуудал шийдэгдлээ. Ахмад настны асрамж үйлчилгээний төв 30 хүний асаргаа үйлчилгээний зориулалттай, 450м2 байр. Одоо манай төвд 19 ахмад байна. Бид есдүгээр сарын дундуур буюу сарын өмнө шинэ байрандаа нүүж орсон. Анх очихдоо биднийг хол авч ирлээ гээд ахмадууд дурамжхан байсныг юуг нь нуух вэ. Асрамж үйлчилгээний төвөө ашиглалтад орохоос өмнө бид ахмадуудаа шинэ байшинд нь авч ирж өдрийн хоол идэж, гадна нь мод тарьсан. “Сайхан байшин байна” гээд сэтгэлд нь хүрсэн. Нүүж орсон дариу эхний нэг хоёр хоногтоо тэд нар маань таньж мэдэхгүй айлд очихоор хүнд ямар байдаг билээ яг л түүн шиг, хүнийрхээд юмаа бөөгнүүлж тавьчхаад, цомцойж суусан хүмүүс байлаа. Долоо хоноход дассан. Ахмадууд минь яг л хүүхэд шиг хөөрхөн шүү дээ. Би ч өөрөө эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд. Манайхан хуучин байрандаа байхдаа өөрсдийнхөө өрөөнд хооллож тэр болгон олноороо хамт байдаггүй байсан. Шинэ байрандаа ороод хоолны зааландаа хооллож, хоорондоо ярилцаж явж чадахгүй нэгнийгээ тэргэнд түрж хөдөлгөөнд орж нийгэмшиж байгаа. Энэ жил манай асрамж үйлчилгээний төвд Койка ОУ-ын байгууллагын 62 настай мэргэжилтэн ажиллаж байгаа. Хүний хүслэн болсон тэдэнд маань Япон мэргэжилтний зааж байгаа дасгал, асаргаа сувилгаа нь тун таалагдаж байгаа. Гадаад хүн болохоор сониучирхан үгэнд нь маш сайн орно. Япон мэргэжилтэн Монгол хэл мэддэг болохоор үл ойлголцол гардаггүй.

-Иргэдийн дунд ахмадуудыг яагаад алслагдсан газар аваачив гэсэн шүүмжлэл байна л даа?

-Шинэ барилга бариулах хөрөнгийн эс үүсвэрээ шийдүүлэхээр хүсэлтээ аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт уламжилсэн. Хөрөнгийн эх үүсвэрийг гаргахад газрын асуудлаа хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой байдаг. Бид аймгийнхаа ГХБХБГ-ынхантай уулзаж Ахмад настны асрамж үйлчилгээний төв барих гэж байна бидэнд нэг га газар хэрэгтэй гэхэд, Чойбалсан хотын Ерөнхий төлөвлөгөө баруун тал руугаа чиглэсэн. Гуравдугаар багт Мянган айлын орон сууц, “Дорнод” дээд сургуулийн оюутны цогцолбор хотхон баригдахаар төлөвлөгдөж төвийн дулаан бохирын шугам татах ажил явагдаж байна. Гуравдугаар багийн хойгуур газар шийдэх боломжтой гэсэн. Кадастрын зургаас харахад тэр хавиар битүү айлууд. Бид арай гэж нэг га газар Ахмад настны асрамж үйлчилгээний төв барихад зориулж авсан. Түүнчлэн Ахмад настны асрамж үйлчилгээний төв олон улсын стандарт шаардлагаараа хотын төвөөс зайдуу, нийгмийн янз бүрийн ачаалал авахгүй, ахмадын ая тухтай байдлыг эрхэмлэсэн, агаар сайтай, тайван орчин байх ёстой юм билээ. Энэ Ахмадын асрамж үйлчилгээний төвд байгаа ахмадууд залуу сайхан насандаа эх орондоо эр бяр, эрдэм чадал, хүч хөдөлмөрөө зориулж явсан хүмүүс. Нөхцөл боломжийг нь бүрдүүлбэл тэдэнд чадахгүй, мэдэхгүй зүйл үгүй. Бид энэ хүмүүсийг таатай амьдруулах ёстой. Цаашдаа хашаан дотроо хүнсний ногооны хүлэмж барих, Монгол уламжлалаа дагаж саалийн үнээтэй болох, монгол гэрт цагаан сараа угтдаг байхаар төлөвлөж байгаа. Энд хүний амьдрал үргэлжилж байгаа учраас ахмадуудаа аль болох амьдралд нь идэвхтэй байлгах хэрэгтэй гэж боддог. Ахмадын асрамж үйлчилгээний газар гэхээр өрөөндөө холхисон уйтгартай орчин байх учиргүй. Тэд бол нэг гэр бүл. Хүн гэр бүлдээ ямар идэвхтэй, аз жаргалтай байдаг билээ тийм л орчинг бид бүрдүүлнэ.

-Ахмадуудыг ямар шалгуураар Асрамж үйлчилгээний төвд авч байна?

-Манай байгууллагад зүүн гурван аймгаас Ахмад настны асрамж үйлчилгээний төвд амьдрах хүсэлтэй ахмадууд өөрийн хүсэлтийг ирүүлдэг. Хамгийн гол шаардлага нь тэжээн тэтгэх хүнгүй нь тогтоогдсон ахмадуудад аймгийн Засаг даргын захирамж гарч асрамж үйлчилгээний төвд ирдэг. Сүүлийн жилүүдэд үр хүүхэдтэй хэр нь ээж, аавыгаа асарч тойлохгүй, хаяад явчихсан ганцаараа амьдардаг ахмадууд бий болсон. Гэтэл тэр хүний үр хүүхэд нь амьд сэрүүн, хорих ангид хоригдоогүй учир тэжээн тэтгэх хүнтэй гэж үздэг. Мөн, хүнд өвчтэй хавдартай ахмадуудыг асрамж үйлчилгээний төвд авах журамгүй. Учир тэд цаг минут тутамд хүний асаргаанд байж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг учир Ахмад настны асрамж үйлчилгээний төвд амьдрах боломжгүй.

-Ахмад настныг асаргаа сувилгаа амралтад явуулах зардал мөнгө хүрэлцээтэй байдаг уу?

-Манай аймагт 7000 гаруй ахмад настан байдгийн 10 хувь нь л амралт сувилалд хамрагдах боломжоор хязгаарласан эрх бидэнд ирдэг. Бусад 21 аймагт ч мөн адил. Нийгмийн хамгааллын хуулинд болохоор хүсэлтээ гаргасан ахмад сувилалд амрах ёстой гэж заасан учир ахмадууд өөрсдөө хүсэлт гаргах хэрэгтэй. Бүх аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэргэд ахмад настны амралт бий. Энд хөнгөлөлт эдлээд амрах боломжтой. 2018 оноос эхлэн Буйр, Чух нуур, Дорнод амралтын газарт ахмад настнууд хөнгөлөлттэй амрах боломжтой болсон. Өмнө жилүүдэд орон нутагт амралт сувиллын газар байхгүйгээс манай ахмадууд Улаанбаатар хот бусад аймгийн сувилалд амардаг байсан бол одоо энэ мөнгөний урсгалыг аймагтаа үлдээх боломж бүрдсэн. Буйр, Чух нуур, Угтамын амралтын газрууд ХНХЯ-аас зарласан төсөлд оролцож эрх авснаар ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах боломжтой болсон. Нийгмийн халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах гол санаа нь энэ. Өмнө нь халамж тусдаа, хөдөлмөрийн асуудал тус тусдаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байсан. Одоо бол уялдаа холбоотой халамжаас хөдөлмөрт гэдэг бодлого хэрэгжиж байна.

-Хоёулаа төр засгийн үйлчилгээг авч байгаа ахмадуудын талаар, төр ахмадууддаа хэрхэн яаж үйлчилж байгаа талаар ярилцлаа. Ярилцлагынхаа төгсгөлд гэртээ сууж байгаа, нийгэмд идэвхтэй оролцдоггүй ахмадууддаа зориулж юу хэлэх вэ?

-Манай ахмадын чөлөөт цагийн төвөөр байнга үйлчлүүлдэг, хамт олны дунд явдаг, амралт сувилал, төсөл хөтөлбөрт хамрагддаг ахмадууд бий. Гэтэл гэртээ ач зээгээ хардаг, хаана юу болж байна гээд гарч орж явдаггүй ахмадууд бий. Тэгвэл төр таныг хамт олонтой байх, бусдыг болон өөрийгөө хөгжүүлэх, амьдралаас эрч хүч авах тийм олон олон боломжоор хангаж байна. Тухайлбал манайд зөвлөн туслах үйлчилгээ гэж бий. Энэ нь та өөрийн ажил мэргэжил, сурч мэдсэнээ бусдад зааж сургаад хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой. Зөвхөн төр засгийг харахгүйгээр идэвхтэй ажилладаг ахмадын байгууллагууд байна. Баян-Уул, Халхгол, Хэрлэн сумын ахмадын хороод маш идэвхтэй ажилладаг. Ахмадууд Та бүхэн бидний бахархал, үнэ цэнэ юм шүү. Та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэндийг хүргэе. Та нар маань эрүүл энх байж урт удаан наслаарай.

                                                                                                                                           Б.ОДМАА
  • Отгонтуяа
  • 1546
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313