РЕНТГЕН АППАРАТ ШИНЭЧЛЭГДЭНЭ

2019 оны 10-р сарын 1 өдөр

Зүүн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн захирал Д.ДОЛЖИН:\"\"
-Хүний амьдралд хэзээч мартагддаггүй нэг зүйл бол ач тус юм гэдгийг бид бүхэн харлаа. Тэр юу вэ гэвэл, тэртээ 1939, 1945 оны дайны жилүүд болон дайны дараах жилүүдэд Дорнод аймгийн эмнэлгийн байгууллагын ард түмэндээ хүргэсэн ач тусыг нэхэн алдаршуулж Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнасан. Энэ түүхэн үйл явдлын сайхан мэдээгээр хоёул ярилцлагаа эхэлье?
- Тэгэлгүй яахав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 150 дугаар зарлиг гарч 2019 оны есдүгээр сарын 02-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Байгалмаа болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж манай хамт олонд Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслолын ажиллагаа болсон. Бид бүхэн энэхүү одонг сэтгэл догдлон хүлээж авлаа. Учир нь одоо цаг үед БОЭТ-д ажиллаж байгаа хүн бүхэнд түүхэн их гавьяаг хойч үедээ өвлүүлэх үүрэг ногдлоо гэж ойлгож байна. Дорнод аймгийн БОЭТ 93 жилийн түүхтэй. Цэргийн гавьяаны одонг эх орны батлан хамгаалах болон тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог шагнал. Бидний олж мэдсэнээр Батлан хамгаалах Яамны эмнэлэг, Цэргийн госпитал, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг л Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байснаас иргэний эмнэлгийн байгууллагад энэхүү нэр хүндтэй одонг олгосон тохиолдол байхгүй юм билээ. 1939, 1945 оны дайны жилүүдэд манай аймгийн эмнэлэг шиг түүхэн гавьяаны үүрэг гүйцэтгэсэн эмнэлгийн байгууллага өөр аймагт байхгүй.
-Түүнчлэн дайны дараах жилүүдэд дайны хор уршгийг арилгах ажилд Баянтүмэний төв больницын оруулсан хувь нэмэр их гэх юм билээ?
- Дорнодын БОЭТ 80 жилийн өмнө Баянтүмэний төв больниц нэртэй байсан. Дайны жилүүдэд Баянтүмэний төв больницын сувилагч нар дайны халуун цэгт болон эмнэлэгтээ шархадсан цэрэг дайчдыг эмчлэх, сувилах, асрах дараагийн шатны эмнэлэгт илгээх зэрэг ажлыг Баянтүмэний төв госпиталтай хамтран хийдэг байжээ. Дайны дараа бөөсөн хижиг тараах, худаг ус хордуулснаас үүдэлтэй янз бүрийн өвчнөөр цэрэг дайчдаас гадна жирийн ард иргэд ихээр өвчилж байсныг манай эмч сувилагч нар эмчилж байжээ. Ингээд бодохоор Баянтүмэний төв больниц дайны хор уршгийг арилгах улс орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд 10 гаруй жил зүтгэсэн байдаг юм. Эх орныхоо зүүн хязгаарын эрүүл энхийн манаанд зогсож байсан цагаан нөмрөгтэй дайчид болох Баянтүмэний төв больницэд ажиллаж байсан хүмүүс маань 1960,1970,1980-аад оны үед гавьяаныхаа амралтад сууж энх тунх амьдарч байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм билээ. Бид 2016 онд БОЭТ-ийн 90 жилийн ойгоороо “Эрүүл энхийн жаргал оршоосон 90 жил” гэж ном бүтээсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Хэрээ, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан С.Вандансүрэн, Монголын анагаах ухааны түүх судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Анагаах ухааны доктор Л. Энхбаатар нар энэ номыг бүтээхдээ архиваас түүхийн баримтуудыг цуглуулан судлаж, сэргээн 1939,1945 оны дайн түүнд оролцсон эмнэлгийн байгууллага, ажилчдыг номын нэг бүлэг болгон оруулсан. Үүнд дайны жилүүдэд жирийн эмч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг эрстэй хамт мөр зэрэгцэн хэрхэн зүтгэж явсныг маш тодорхой бичсэн бий. Ингээд Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Дорнодын БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажиллагсдын эх орондоо оруулсан эрт цагийн болон энх цагт ч ард иргэддээ чанартай тусламж үзүүлж байгаа хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлэн Цэргийн гавьяаны одонгоор шагнасан явдалд бид бүхэн баярлаж бахдаж байна.
-“Цол дагаж бяр нэмнэ” гэдэг шиг. Одон авсан огшоосон мэдээтэй зэрэгцээд БОЭТ томографын аппарат шинээр дахин суурилууллаа. Энэ бол Дорнодын ард түмэнд хүргэх баярт мэдээ мөнөөсөө мөн. Томографын шинэ аппаратаараа иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна?
-Монгол улсын 21 аймгийн эмнэлгүүдээс анх удаа 2006 онд Дорнодын БОЭТ томографын аппаратаар оношилж эхэлсэн. Тухайн үед Европын холбооноос манай эмнэлгийг загвар БОЭТ болгох төсөл Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж бид томографын аппараттай болж байлаа. Эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэхийн хэрээр эмч нарын чадвар ахиж бид Брюсселийн их сургуультай холбогдож оношилгоо шинжилгээнийхээ дүгнэлтийг зөвлөлддөг байсан. Харин 2016 оны тавдугаар сараас томографын аппарат ажиллахаа больж гурван жил гаруй томографын оношилгоо тасалдсан. 2006 онд анх авсан томографын аппарат 2014 оноос доголдож 140 гаруй сая төгрөгөөр удаа дараагийн засвар үйлчилгээ хийж эцэст нь аймгийн Засаг даргатай зөвлөлдөж шаардлага хангахгүй байгаа аппаратаа хөрөнгө мөнгө зарж дахин дахин засварлаж алдаг оног хэрэглэснээс шинэ аппараттай болох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Техник технологи өдөр өдрөөр шинэчлэгдэж байхад хуучинтайгаа зууралдалгүй шинэтэй больё, байгаагаа илүү сайжруулья гэж зорьсон. Ингээд бид есдүгээр сарын 02-ны өдөр Цэргийн гавьяаны одон зүүсэн өдрөө томографын аппарат дахин шинээр суурилуулсан нээлтээ хийсэн. Томографын аппаратаа хүлээж авсан дариудаа суурилуулсан инженерүүдтэйгээ хамт тестийн оношилгоо хийж аппаратынхаа ажиллагааг шалгадаг. Бид тестийн оношилгоогоороо дөрвөн настай хүүхдийн тархины судасны гаж хөгжлийг оношилсон. Охиныг томографын аппаратанд ороогүй байхад нь өвчнийх нь шинж тэмдгээр тархины бүрхүүлийн цочролтой гэж таамаглаж байснаас бат ноттой хэлж мэдэхгүй байлаа. Есдүгээр сарын нэгэнд томографаар охины өвчний оношийг тодруулж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү 13а маягтаар явуулсан. Есдүгээр сарын 16-ны өдөр тасгаар тойрч байхад нөгөө охин аавтайгаа Улаанбаатар яваад ирчихсэн хүүхдийн тасагт хэвтэж байхад нь ярилцахад, бидний тавьсан онош Улаанбаатарт үзүүлсэн оноштой яг таарч, 10 дугаар сар гаргаад гадаадаас ирэх эмч нартай 10 гаруй сая төгрөгийн хагалгаанд орохоор болсон гэнэ. Охиныхоо өвчнийг эрт зөв оношлуулсандаа аав нь баярлаж байна билээ. Хоёрт, манай эмнэлэгт 10 гаруй хоногийн өмнө гэмтсэн гэсэн өгүүлэмжтэй толгойны өвдөлттэй хүн хэвтэж байгаад ухаан санаа нь будангуйрсан. Ингээд томографад харуулахад гэмтлийн улмаас тархины бүрхүүлийн дор цус хуралт бий болж нэмэгдсээр ухаан санаанд нөлөөлсөн байсан. Тухайн хүнийг оношилсны дараа манай мэс заслын эмч нар яаралтай хагалгаа хийж нөгөө өвчтөн маань хоёр хоногийн дараа хэвийн байдалдаа орсон .
-Томографынхаа аппаратны хүчин чадлыг өмнөхөөс нь нэмэгдүүлсэн үү?
-Тэгэлгүй яахав. Өмнө нь бид секундэд дөрөв зүсэлт хийж оношилдог аппараттай байсан. Одоо 16 зүсэлтийн аппараттай болсон. 16 зүсэлттэй аппарат бага байна 32,64 зүсэлттэй аппарат авахгүй яасан юм гэх хүн байна л даа. Манай томографын аппаратын хүчин чадал БОЭТ-д хангалттай. Бид тусламж үзүүлэх хүн амын тоо, томографын аппаратны хүчин чадлыг бүрэн ашиглах байдал, алдагдалгүй ажиллах ашиглалтын зардал зэргийг тооцоход 16 зүсэлттэй аппарат төдийлөн хоцрогдохооргүй гэж үзэж байгаа.
-БОЭТ өнөөдөр ямар хүчин чадлаар иргэддээ үйлчилж байна?
-Энэ жил аймгийн эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг эрчимжүүлэх ажлыг нэвтрүүлэх жил болгон зарласан. Технологи гэдэг зөвхөн шинэ тоног төхөөрөмж биш, эмчилгээнд ашиглаж буй арга, аргачлал, шийдэл ч шинэ технологид багтдаг. Бид Засгийн газар, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн Яам, аймаг орон нутгийн дэмжлэгийг авч эмнэлэгтээ технологийн шинэчлэл хийж байна. Зорилтот жилийн хүрээнд энэ оны хоёрдугаар сард улсын төсвийн санхүүжилтээр вакум хагалгааны өрөөтэй болсон. Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг л вакум хагалгааны өрөөтэй, Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв саявтархан л вакум хагалгааны өрөөтэй болсон байх жишээтэй. Үүний дараа хөдөө орон нутгийн улсын эмнэлгүүдээс манай эмнэлэг анхдагч нь боллоо. 600 сая төгрөгийн үнэтэй вакум хагалгааны өрөөний төхөөрөмж нь хагалгааны өрөөний бохирдлыг соруулж гадагшлуулах, хүчилтөрөгч, чийгшлээр хангах, агаарын сэлгэлцэл хийж, өрөөг ариутган ариун орчин бүрдүүлдэг. Вакум хагалгааны өрөөнд хагалгаа хийгдсэнээр хагалгааны дараах хүндрэл үгүй болно. Өөрөөр хэлбэл шарх бохирдолгүй хурдан эдгэх давуу талтай. Хоёрт, бид энэ онд тархины судасны эмгэгийг оношлох аппаратыг нэвтрүүлсэн. Мэдрэлийн тодорхой оношгүй хэр нь толгой нь өвддөг хүмүүс байдаг шүү дээ. Тийм зовиур өвчтэй хүмүүст тархины судасны бичлэг хийгдсэнээр онош тодорхой болдог. Одоо бид тархины гадна талын судсыг оношилж байна. Дараа жил энэ аппаратандаа нэмэлт датчик суурилуулж тархины дотор талын судасны бичлэг хийдэг болно.
- Хагалгааны вакум өрөөтэй болсноор өмнө нь хийгддэг байсан хагалгаанаас өөр төрлийн хагалгаа хийх боломж бүрдэх үү?
-Бидэнд технологийн шинэчлэлээ дагаад мэс заслын тусламжийнхаа цар хүрээг өргөжүүлэх, улсын нийслэлд хийгддэг өндөр өртөгтэй хагалгааг орон нутагтаа хийх шаардлага урган гарч байна. Тухайлбал Өнгөрсөн жил зүүн бүсээс 60 гаруй хүн өвдөгний үе солиулах хагалгаа хийлгэхээр Улаанбаатар хотыг зорьжээ. Тэгэхээр бид өвдөгний болон бусад үе солих, тархи, нурууны гэмтлийн хагалгааг хийх талаар эмч нараа бэлдэж байгаа. Хагалгааны тусламж үйлчилгээ өндөр өртөгтэй байдаг. Иргэдэд санхүүгийн бэрхшээл тулгардаг. Улсын томоохон эмнэлгүүдэд бол өндөр өртөгтэй хагалгаа хийхэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хөнгөлөлтийг манай аймагт эдлэх боломж байна уу гэдгийг судалж хүлээж байна. Ирэх 11-р сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтарч орон нутагтаа эхний том хагалгааг хийхээр төлөвлөсөн. Гуравт, ахимаг насны эрчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл их байж Улаанбаатар хотод хагалгаанд ордог байсан. Энэ жилээс бид түрүү булчирхайн мэс заслыг орон нутагтаа хийдэг боллоо. Бид энэ оны сүүлээр улсын төсвийн санхүүжилтээр бөөр шээсний замын дурангийн мэс заслын хагалгааг хийхээ төлөвлөж байна. Вакум хагалгааны өрөөтэй болсноор маань манай эмч нар улам тэмүүлэлтэй ажиллаж байгаа.
-Манай эмнэлэг 21 аймгаас анх удаа орон нутагт дурангийн хагалгаа хийж байсан байх аа?
- Манай эмнэлэг анх удаа орон нутагт дурангийн хагалгаа хийснээс хойш 11 жил өнгөрчээ. Одоо бусад аймгууд ихэвчлэн чулуутай цөсны хүүдийн хагалгааг дурангаар хийдэг бол манай эмнэлэг ходоод тайрах, ивэрхий нөхөх, мухар олгой авах хагалгаануудыг дурангаар хийж байна. Түүнчлэн нулимсны сүвийг хамрын хөндийтэй холбох хагалгааг энэ жил шинээр хийж эхэлсэн. Манай эмнэлэг өнөөдрийг хүртэл 1994 онд суурилуулсан аналоги рентген зургийн аппаратаар өвчтнүүдээ оношилж байгаа. Энэ хуучин аппаратаар зураг бүдэг гардаг, рентген туяа цацах магадлалтай болж хэрэгцээ шаардлагыг хангахаа больсон. Тиймээс бид УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэгтэй улсын төсөвт 250 сая төгрөг суулгасан. Тун удахгүй дижитал рентген зураг авдаг, хардаг аппараттай болно.\"\"- Ясны хугарал, гэмтэл, хүүхдийн цээж бүгдийг хардаг рентген аппарат мөн үү?
-Мөн байлгүй яахав. Одоо суурилагдах энэ рентген аппарат зураг авдаг, хардаг хосолмол үйлдэлтэй.
-Хүйтний улирал эхлэлээ. Хүүхдийн ханиад томуу ихэсч, Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгддэг. Энэ тал дээр ямар ажил хийж байна?
-Жил бүрийн 10 дугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд томуугийн өвчлөл ихэсч хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь нэмэгддэг. Томуу бол амьсгалын замын өвчин. Томуугаар өвдлөө гэхэд чих, хамар, хоолой гээд амьсгалын замын эрхтнүүд өвчилдөг. Өнөөдөр хүүхдийн тасагт хэвтэж байгаа болон, хүлээн авахаар үзүүлж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь чих, хамар, хоолойн өвчин хавсарсан байдаг. Энэ байдлыг аймгийн Засаг дарга олж харж, санаачлан хүүхдийн чих, хамар, хоолойн кабинетыг хүүхдийн тасгийн дэргэд шинээр байгуулж өгөхөөр болсон. Энэ жилийн манай эмнэлэгт хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг нь хүүхдийн тасаг, хүүхдийн хүлээн авахын дэргэд хүүхдийн чих, хамар, хоолойн кабинетыг шинээр байгуулахаар болсон. Шинэ кабинетын засварын ажил хийгдэж байна. 10 дугаар сарын дундуур ашиглалтад орно. Хүүхэд, том хүнгүй зүүн амбульторийн чих, хамар хоолойн эмчийн өрөөний үүдэнд дараалалд зогсдог. Хэцүү байдаг. Хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэж байгаа ээж, аавууд хүүхдийнхээ хоолойг утуулна, эсвэл гүйлсэн булчирхайн идээг нь цэвэрлүүлнэ, чихийг нь үзүүлнэ, чихэнд нь эмчилгээ хийлгэнэ гээд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдээ тэврээд нимгэн, хөнгөн хувцастай амбультор руу явах болдог. Хүүхдийн чих, хамар, хоолойн кабинет байгуулагдсанаар энэ бүх асуудлыг шийдэх боломжтой болсонд эмч нар бид төдийгүй, эцэг эхчүүд баяртай байгаа байх.
-Эмнэлгийн байгууллагыг тойрсон иргэдийн гомдол их байдаг. Хэдэн жилийн өмнө БОЭТ дугаар тарааж дугаараараа цаг товлож эмчид үзүүлдэг болоход иргэд бухимдаж байсан. Сүүлийн жилүүдэд энэ асуудал цэгцрэх шиг энэ тухай иргэдийн гомдоллох нь багасжээ. Гэтэл эмч, эмнэлгийн ажиллагсдын харьцаа хандлагад гомдоллох нь байсаар байна?
-Өнөөдөр зүүн БОЭТ-өөр өдөрт 600 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэж байна. Иргэд цаг товлох үйлчилгээг авч хэвшжээ. Өөрийн биеэр ирж цаг товлох үйлчилгээ авахаас гадна 70582299 гэсэн дугаараар БОЭТ-ийн төв корпусын бүх тасаг болон дотор, эмэгтэйчүүд, хүүхдийн тасагт цаг товлож үйлчлүүлж байна. 70582277 гэсэн утсаар зүүн амбульторийн чих хамар, хоолой, сэргээн засах эмчилгээ, шүд, эрүү нүүрний эмнэлгийн үзлэгийн үйлчилгээг авахаар цаг товлож байна. БОЭТ-өөр үйлчлүүлж буй иргэн цаг товлох үйлчилгээ авсны дараа тухайн хүний нэр үзүүлэх эмчид нь цахим хэлбэрээр хүрдэг. Эмчдээ үзүүлсний дараа шинжилгээ хийлгэх шаардлагатай бол мөн цахимаар шижилгээний лабораторт тухайн хүний нэр эмчийн компьютерт очдог болсон. Үнэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, хэнд хаашаа хандахаа мэдэхгүй байгаа иргэд 70582211 утсанд хандаж БОЭТ-тэй холбоотой санал, хүсэлт, гомдол, талархлаа уламжилж болно. Манай байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын харьцаа, хандлага, дутагдлаас болоод иргэн Танд хүндрэл учирсан бол удирдлагын зүгээс шийдэж өгнө. Бид жил бүр эмч, өвчтөн хоёрын хүндлэл, итгэлцэл, ойлголцлыг сайжруулъя гэсэн уриаг дэвшүүлж ажилладаг. Иргэнд үйлчилж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд бид хүндлэлтэй, ойлголцолтой, итгэлтэй үйлчилгээ үзүүлбэл үйлчлүүлж буй иргэн хүндэлж, ойлгож, итгэж харьцах нандин холбоо үүсэх ёстой гэж боддог. Манай эмнэлэгт “Эрүүл мэндийн ил тод үйлчилгээ” гэсэн төсөл хэрэгжиж байна. Энэ нь ямар төсөл вэ? гэхээр Нэгд, Өвтөн хэзээ, хаана, ямар эмчид үзүүлэх цаг, өдрөө өөрөө сонгох боломжтой болно. Хоёрт, эмчид үзүүлэх гээд хүлээгээд сууж буй өвчтөн тухайн үзүүлэх эмчийн өрөөний гадна талд байрлуулсан дэлгэцээр хэн гэдэг эмч, ямар цагийн хуваариар өвчтөнд үйлчилж байгаа болон би хэдэн цагт үйлчлүүлэх миний өмнө хэдэн хүн байгааг харах боломжтой болно. Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй, илүү нээлттэй, ил тод болгох үүднээс үзлэгийн өрөөний үүднүүдэд дэлгэц суурилуулсан. Тэгэхээр иргэд эмчийн өрөөний хаалгыг байн байн татаж яарч сандрах, өмнүүр нь хэн нэгэн дайрч орох болов уу гэсэн хардлага сэрдлэг байхгүй болно гэсэн үг, харин та үйлчлүүлэхээр цаг товлосон бол цагтаа ирж үйлчлүүлдэг байгаарай. Бид иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Хүн хаана ажиллаж амьдарч байна тэнд хүний эмч зайлшгүй байх ёстой. Эмч хүн цаг хугацаа, орон зайг үл хамааран эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлж байдаг. Бид зарим нэгнийг баярлуулж байхад зарим нэгэн гомдол тээж үлддэг нь үнэн. Өвдөж зовсон хүн уур бухимдалгүй байна гэж юу байхав . Нэг өвчтөнд 15 минут зарцуулж байгаа эмч өвчтөний биеийн байдлыг үзэхийн хажуугаар уур бухимдлыг дарах хэцүү. Тийм бухимдалтай хүмүүс нэг хоёр цагийн дараа ярилцаж ойлголцож тайвшрах нь бий. Тиймээс манай эмч, эмнэлгийн байгууллагын онцлог журам дүрмийг ойлгож үйлчлүүлэгч Та ч мөн адил хүндлэлтэй ойлголцолтойгоор итгэж харьцан үйлчлүүлээрэй.
-Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар иргэд түргэн шуурхай үйлчилгээг авч чадаж байна уу?
-Зарим хүн эмнэлэгт гүйж орж ирээд үзүүлээд гарах юм шиг санаж бухимддаг. Үнэхээр иргэн та цаг товлох үйлчилгээг хүлээх боломжгүй хурцаар өвдсөн бол Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт ирж үйлчлүүлж болно. Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт үйлчилж байгаа өвчтөнийг эрэмбэлэн ангилах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг юм. Иргэн танд үйлчилж буй сувилагч өвчтөний амин үзүүлэлтийг үзсэний дараа улаан эрэмбэ буюу 2-5 минутад, шар эрэмбэ буюу 10 минут, ногоон эрэмбэ буюу 30-60 минутад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 120 минутын дараа гэрт нь буцаах хүртэл өвчтөнийг эрэмбэлж тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Иргэд үүнийг мэдэхгүй, намайг үзэхгүй удлаа гэдэг яриа гаргадаг. Гэтэл Танд үйлчилж буй сувилагч өвчтөнүүдээ эрэмбэлээд хүлээлгэж байдгийг ойлгох хэрэгтэй. Амьсгал зүрх судасны систем хямарч, ухаангүй байдалтай, амьсгал хаагдаж боогдсон, бачуурсан тохиолдолд улаан эрэмбийн түргэн тусламжийн үйлчилгээ буюу эмч сувилагч 2-5 минутын дотор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Дээрх шинж тэмдэг танд илрээгүй бол та шар ногоон эрэмбэд багтаж гэж ойлгоод хүлээцтэй хандаарай. Бид энэ жил хүлээн авах тасгийг заалны зохион байгуулалттай болгож өвчтөнийг сувилагч эмчийн хажууд ажиглах боломж бүрдүүлсэн. Яаралтай түргэн тусламжийн тасгийг иргэдэд илүү хүртээмжтэй үйлчлэх талаар зохион байгуулалтын ажил хийж л байна.
-Дээр үеэсээ Дорнодын эмнэлэг чадварлаг мэргэжлийн эмч нараар улсдаа гайхагддаг байсан . Энэ залгамж халаа үргэлжилж байгаа юу?
-Дорнодын эмнэлэг үүсэн байгуулагдсан цагаасаа л орос даргатай, орос мэргэжлийн эмч нар ажиллаж чадвар туршлагаа Монгол эмч, эмнэлгийн ажиллагсдад зааж сургаж уламжлуулж ирсэн. Монголын анагаахын шинжлэх ухаан Оросын анагаахын шинжлэх ухаанд тулгуурлан хөгжиж өдий хүрчээ. Тэр “алтан” үеийн эмч нарын туршлага, ур чадвар, залгамж халаа нь одоо ч тасраагүй үргэлжилсээр байна. Манай эмнэлэг олон чадвартай залуу эмчтэй. Залуу эмч нар гадаад хэл эзэмшиж, түүндээ тулгуурлан мэдлэг чадвараа дээшлүүлж, судалгаа шинжилгээний ажил хийж, туршлагаа зузааруулж байна. Мэдээллийн эрин зуунд эмч хүн цаг үетэйгээ хөл нийлүүлж хөгжүүлэх чадваржуулах шаардлага зайлшгүй гарч байдаг болохоор эмнэлгийн зүгээс хөгжилтэй улс орнуудын эмнэлгийн байгууллагуудтай танилцуулах эмч нарынх нь ур чадвараас суралцах ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн.
-Хүн эрүүл байна гэдэг юунаас голлож хамаарах вэ?
-Хүн эрүүл аж төрөх үндсийн 75 хувь нь амьдралын хэв маяг, хоол унд, ажил амралтаа зохицуулахаас шалтгаалдаг. 10 орчим хувь нь удамшлын өвчин эмгэг нөлөөлдөг. Үлдсэн 15 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хамаардаг. Тэгэхээр таны эрүүл мэнд таны гарт байна. Иргэн та аль болох өвдөхгүй байж, өвчнөө хүндрүүлэхгүй байхад анхаараарай.
-БОЭТ-ийн бахархал юу вэ?
-Би өглөө бүр ажилдаа ирэхдээ тэртээ 1971 онд ашиглалтад орж үеийн үед өнгө төрхөө, чанар чансаагаа алдаагүй сүндэрлэж байгаа эмнэлгийнхээ шар байшин түүний орчинг хараад, мөн энд ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийнхээ эмч ажилтнуудаараа, хамт олноороо маш их бахархдаг. БОЭТ-ийн үе үеийн эмч эмнэлгийн ажилтнууд энэ эмнэлгийн бахархал юм шүү. Манай хамт олон эв нэгдэлтэй, туршлагатай, чадвартай, тэмүүлэлтэй, хүчирхэг хамт олон. Зөв явах юм бол эмч хүнийг дээдэлдэггүй хүн гэж үгүй. Сувилагчийг таньдаггүй хүн гэж үгүй. Тиймээс бид үйлчлүүлэгчээ дээдэлсэн, өндөр чадавхитай эмнэлэг болохын төлөө ажиллаж байна.
                                                                                                                                                                     Б.ОДМАА\"\"







  • Отгонтуяа
  • 1412
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313