Гомбожав аваргын барилдааны амжилт: Даншигт: -1838, 1841, 1857 онуудад үзүүрлэсэн -1816, 1830 онуудад тус бүр найм -1837 онд арслан цолтой зургаа -1842, 1848 онд аварга цолтой зургаа -1844, 1848 онуудад тус бүр тав давсан байна.
Арван засагт: -1838, 1839, 1843 онуудад 7-8 давж үзүүрлэсэн -1837 онд зургаа -1842 онд дөрөв -1854 онд гурав -1849 онд хоёр тус тус давсан байна. Гомбожав аварга нь хүн хүнээс хүдэр зузаан, бие цогцос сайхантай, ажилд сүрхий эр байжээ. Д.Гомбожав аварга нь цэрвүү барьцнаас эгэм тахим эсвэл тохой алгадан орж хоёр хөлийг нь давхар хамдаг. Дайрсан хүнийг тосгуулж цохидог, хав барьцнаас баруун зүүн тонгордог олон угсраа даацтай мэхтэй бөх байжээ.
Шигтгээ: Нэг. Д.Хүдэр нь 18 настайдаа хээр аргал түүж явахдаа бүдүүн шарыг өнхрүүлэн унагааж, босмогц нь барьж авч цээжийг нь өргөх зэргээр ноцолдож усан хулгана болтол нь тоглодог байжээ. Хоёр. Сан бэйсийн хошууны нутагт байсан пүүсийн данжаад: Долнуур явах аян зам зуурт Хүдэр аваргад хандаж: -Таныг их хүчтэй хүн гэдэг. Бяр хүчээ надад нэг харуулаач гэж гуйжээ. Хүдэр: Та миний хүчийг үзье гэсэн тул үзтүгэй хэмээн тэр том чулууг өргөж ургаа хадан дээр тавьжээ. Энэ чулуу нь үхрийн дайтай бөгөөд ямар ч хүн өргөх байтугай хөдөлгөж чадамгүй том юм. Данжаад, Хүдэрийн бяр чадлыг гайхан магтаж тэндээ буудаллажээ. Тэгээд чулуун дээр “Үүнийг Сан бэйсийн хошууны Хүдэр даян аварга Гомбо хэмээх хүн өргөж тавилаа. Ийм хүчтэн байсныг хожмын хүмүүс мэдтүгэй” гэсэн хятад бичиг сийлүүлжээ. Энэ нь Монголоос Долнуур явах замд мөнхрөн үлдсэн түүхтэй.
ОМБОЙН ГЭЛЭГСЭНГЭ АВАРГА
О.Гэлэгсэнгэ аварга Сэцэн хан аймаг Сан бэйсийн хошуу одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн /Хөгнө/ сумын Галын голын хавиар нутаглаж байсан байна.
О.Гэлэгсэнгэ аваргын барилдааны амжилт:
Даншигт: -1881 1884, 1890 онуудад түрүүлж -1876, 1879 онуудад үзүүрлэж -1880 онд ес давж -1893, 1899, 1904 онуудад тус бүр долоо давсан.
Арван засагт: -1875, 1877, 1879, 1880, 1881, 1882 онуудад түрүүлсэн -1836 онд үзүүрлэсэн -1837, 1838 онуудад тус бүр тав -1835 онд дөрөв -1842 онд 1 давж байв. Эндээс харахад олон жил дараалан Даншиг болон Арван засгийн наадмуудад амжилттай сайн барилдсан Монголын нэртэй аваргуудын нэг юм. О.Гэлэгсэнгэ аварга нь бөхийн барилдааны ур чадварыг гарамгай эзэмшсэн бөх байжээ.
Шигтгээ: О.Гэлэгсэнгэ аваргатай таарсан орсон буур, мөргөхөөр дайрсан бух бие бүтэн гарахад бэрхтэй байсан гэлцдэг. Тэр буур, бухыг өөрөөсөө их хүчтэй гэж бодож цочмог их хүчээо харьцахад аваргын хөдөлгөөнийг даахгүй бэртэж гэмтэх явдал гардаг байжээ. ОМБОЙН ДУГАР АВАРГА
О.Дугар аварга Сэцэн хан аймаг Сан бэйсийн хошуу одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн / Хөгнө/ сум Галын голын хавиар нутагладаг байжээ.
О.Дугар аваргын барилдааны амжилт:
Даншигт: -1883, 1886, 1888, 1891 онуудад түрүүлж -1900 онд дөрөвт үлдэж -1904 онд найм давсан -1906, 1907 онд долоо давсан -1901 онд тав давсан Арван засагт: -1887, 1888, 1889, 1894, 1897 онуудад түрүүлж -1884, 1890, 1901 онд тус бүр хоёр -1899 онд тав давсан. Одоо мэдэгдэж байгаа албан баримтаас үзвэл О.Дугар аварга нь 16 жилийн турш түрүүлсэн байна. О.Дугар аварга бөхийн хувьд аль ч талаас харахад өө хий байхгүй бөгөөд дөрвөн тал ноцолдолгоотой, тэнхээ маш ихтэй, бие бялдар сайхантай төв даруухан хүн байжээ. О.Дугар аваргын үндсэн мэх нь голдуу цэрвүү барьцнаас шувтарч дунгуйлдан унагаадаг байсан гэнэ. О.Дугар аваргын цол гуншин: .. “Улам нэмэх, өрнөн дэлгэрэх, манлайн баясгалант, машид гайхамшигт, тод сонин, тун ч гарамгай онц түрэмгий, бат суурьт, үнэн хүчит, саруул шаламгай, үлэмж хэтэрхий, хичээнгүй нягт, цог нэмэх, даяар үзэсгэлэнт, харилтгүй жавхлант, өнөд амгалант, идэвхт итгэлт, чин ачит улам өрнөх, аугаа зоригт, баатар ерөөлт, төв шударга, өнөт түвшин, бүхнээ дурсгалт, хуйрнан шуугих хотлоор баясгагч, төгс буянт, үнэн сүжигт далай даян, дархан дайчин идэр аварга”гэжээ.
Шигтгээ : Нэг. Нэгэн өдөр Аюур зайсан чөдөр зангидаж байтал явуулын бололтой нэг хархүү ороод иржээ. Цай идээ өгч энэ тэрхнийг ярьж байхын завсар хаа зорьж явааг нь асуутал: Дугар: -Даншиг наадамд очиж яваагаа хэлжээ. Тэгээд зангидсан чөдрөөс нь нэгийг аваад үзэж сууж гэнэ. Аюур:-/Тусгайлан хийсэн хамгийн бат бэх мундаг чөдөр байсан тул/: -За хөө ямар болсон байна даа гэж асуужээ. Дугар: -яах вэ дээ гэж их л голонгуй дуугарчээ. Аюур:-Чи долоон хошуу даншиг наадамд очих гэж яваа хүүхэд байна. Ер наадахаа нэг татаад үз л дээ гэж Дугар:-тасарчих байлгүй дээ гэж гэнэ Аюур:-Таст л даа хамаагүй, дийлдэг юм бол! Дугар:-Чөдрийг урдаа хөндийхөн барьж нэг ч их хүч гаргалгүй татаад амархан тасалчихжээ. Аюур зайсан гайхан:-за хүү минь алдар хэн билээ? -Миний нэр Дугар -Аль нутаг вэ?гэвэл -Сэцэн хан аймаг Сан бэйсийн хошуу Хөгнө хавиар нутагтай гэв гэнэ. Ийнхүү Дугарын нэр нутаг хошуунд түгэн тархаж эхэлжээ. Хоёр. Санбэйсийн бөхчүүд долоон хошуу наадамд бөөнөөрөө явдаг мөн нэг нь урьдчилан явж аргал түүж ус авчирдаг байжээ. Дугар аваргын ээлж болж түрүүлэн явж байтал худагт толгойгоороо унаж үхсэн үхрийг татан гаргахаар ноцолдож байгаа хүмүүстэй таарчээ. Тэргээр хүмүүсийн татаж гаргаж чадаагүй байсан тэр үхрийг Дугар аварга худгийн хашлага модны хамтаар суга татан гаргасанд тэдгээр хүмүүс гайхаж нэр алдрыг нь асуужээ. Дугар аварга тэнд байсан хүмүүсийн тоогоор 21 муу гэдэг хэмээн хариулсан учраас “ Хорин нэгэн ” муугийн худаг гэж тэр худгийг нэрлэдэг болсон гэж нутгийн ард түмний дунд тархжээ.
ЖАМЪЯН АВАРГА
Жамъян аваргань Сэцэн хан аймгийн Мин засгийн харъяат Ульхан харуулын орчмоор он удаан жил нутаглан амьдарч байжээ.
Жамъян аваргын барилдааны амжилт албан бус мэдээгээр
Даншигт: -1816 оны даншигт 1032 бөхөөс арван нэг давж түрүүлсэн -1813, 1817 онд үзүүрлэсэн -1821 онд ес давж шөвгийн дөрөвт үлдсэн -1824 онд долоо давж -1925, 1927 онд тав давж
Арван засагт: -1820, 1821, 1822, 1826, 1829 онуудад түрүүлж -1825 онд давж шөвгийн дөрөвт үлдсэн -1828 онд Зургаа -1829 онд хоёр давсан Жамъян аварга бага наснаасаа эхлэн үеийн залуустайгаа барилдаж ноцолдож Монгол бөхийн арга барилдлагааг өөрийн зөнгөөр сурсан “Мөрөндөө хажиг” хүн байжээ. Жамъян аварга хүч бяр их, цэрвүү барьцнаас хөдөлгөөн дундаа сайн суйлдаг, хав барьцнаас хүний шуудагт нэг л хүрвэл тогтохын аргагүй өргөөд дуртай газраа тавьдаг бөх байжээ.
Шигтгээ: Нэг. Өвлийн цагт ой хөвчөөр уулын модыг үндсээр нь булга татан таван алд урт, ёзоороороо тохой өргөн хоёр том модыг хоёр сугандаа тэврэн чирсээр ирж байхыг олон хүн харсан тул “халхын том наадам” –д барилдаж байвал зохих хүн гэж зөвлөжээ. Хоёр. Ульхан харуул орчмоор нутагтай тэрэгчин Лувсан сайн чанарын хус мод шилж ачаад хоёр үхэр тэрэг хөтлөн уулын ноёлох өндрөөс нам уруу орох эгц замаар модон дундуур явж байтал хоёр бүдүүвтэр хусны завсарт ачаатай тэрэг нь хоёр дугуй руугаа зоогдож гарч өгсөнгүй. Жамъяан хүү тааралдаж мориноосоо бууж мэнд усаа мэдэлцэж тэр хоёр хусны ёроолд өшиглөж нөгөө хөлөө ар тийш сайн тулж аваад гэнэт татаж орхисонд тэр хус ёзоороороо шажигнан хугарчээ. Ийнхүү тэнхээ чадалтайг нь Лувсан өвгөн хожим болтол нутаг хошууныхандаа ярьжээ.
ДАШДОНОЙ АРСЛАН
Дашдоной арслан Сэцэн хан аймгийн Да вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын Халх голын орчмоор нутагладаг байжээ. Дашдоной арслангийн барилдааны амжилт бүрэн бус мэдээгээр
Даншигт: -1881, 1890 онуудад үзүүрлэсэн -1893 онд ес давсан -1876, 1886, 1890 онуудад найм давжээ.
Арван засагт: -1875, 1883, 1886, 1888 онуудад үзүүрлэсэн -1874 онд дөрөв давж гуравт үлдсэн Дашдоной арслан гайхалтай сайхан дэвдэг, мэх бяр жигдэрсэн маш чадамгай сайн барилддаг бөх байжээ. Өөрийн нутгийн Халхын алдарт сайн бөхийн нэг Балсанлхүндэв арслангийн өмнөхөн барилдаж байсан байна. Энэ хоёр арслангийн нэр улс даяар мөнхөд дурсагдан үлдсэн билээ. Дашдоной арслангийн цол гуншин: “ Саруул шаламгай, тунч үзэсгэлэнт цог нэмэх, цогт дагуурсах, харилтгүй жавхлант, халх даяар маш гайхамшигт, манлай баясгалант, үнэн хүчит үнэн бөх үнэт лут, зохист гарамгай, онц түрэмгий, үзэмжит тод сайхан, өрнөн дэлгэрэх, их бэхт, хичээнгүй нягт, үнэхээр бишрэлт тодерөөлт улам шуугих, хуйрнан бадрах, суурьт хад төмөр итгэлт, ид бөх ялгуун буянт, өлзийт дэлгэрэнгүй, бас баярлах, идэрхэг ачит, магад сүжигт нэн сайжрах уудам ухаант тэнцэшгүй шилдэг, хурц идэр дэгжих, сүрт гарьд арслан ” хэмээжээ.
Шигтгээ: Нэг. Дашдоной арслан зодоглоод олон бөхийн дунд зогсож байгаа нь олон атан дундах цагаан буур мэт харагддаг байсан гэлцэнэ. Хоёр. Тэр үед Монголын баруун аймгийн мөргөлчид цаанадаж Богддоо мөргөе, наанадаж Зүүн аймгийн захын То Вангийн Дашдоной арслангийн дэвэхийг нэг харъя гэж ирдэг байсан гэдэг. Түүний дэвж гарах үед хоёр гарын үзүүр нь асрын дээгүүр гялалзаж харагддаг байсан гэж дурсан ярьдаг.