Өдөр бүр “Монголиа” гэсэн үг, алга ташилтад огшиж явна

2019 оны 9-р сарын 12 өдөр
 Базаргарьдын РЭНЦЭНДОРЖ:\"\"\"\"Хилийн чанадад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа олон сайхан уран бүтээлчид байдаг. Тэгвэл тэдний нэг тэр тусмаа Дорнод нутгаараа овоглож Монгол циркийн гайхамшгийг бишрүүлж яваа Б.Рэнцэндоржийг “Дорнод зон” сэтгүүлийнхээ энэ удаагийн зочноор урьж цахим ярилцлага хийснээ уншигчиддаа сонирхуулъя.
-Сайн байна уу, сайхан зусаж байна уу?
- Сайхаан, сайхан зусаж байна уу. Дорнод нутгийн зон олныхоо амар мэндийг айлтгая аа.
- “Дорнод Монгол” циркийнхээ тухай бидэнд танилцуулаач?
- Миний хувьд багаасаа циркийн урлагт бие сэтгэлээ зориулж энэ сайхан урлагт 22 дахь жилдээ зүтгэж явна. Улсын циркэд арваад жил ажиллаж дараа нь АСА циркэд уран бүтээлээ үргэлжлүүлж байгаад 2016 онд “Дорнод Монгол” циркээ байгуулсан. Анх дөрвөн жүжигчинтэй циркээ байгуулж байлаа. Дорнод нутгийн унаган М.Онон, Х.ХасЭрдэнэ, Т.Отгонцэцэг нарын авъяаслаг дүү нартайгаа эхэлсэн. Тухайн үед Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын дарга А.Нансалмаа, хотын захирагч П.Мөнхтөр,Боловсролын газрын мэргэжилтэн Б.Мөнгөнтуул, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, Дорнод их сургуулийн захирал Э.Ундармаа гээд нутгийн олон ихэд дэмжиж байсныг энэ дашрамд дурдмаар байна. Ялангуяа хотын захирагч П.Мөнхтөр надад ихээхэн “ташуур” өгч байсан. “За Рэнцэндорж оо, чи одоо Дорнодын нэрийг гаргах залуу циркчдээ бэлдэх хэрэгтэй” хэмээн аминчлан захиснаар энэ циркийг байгуулах сэдэл санаа төрсөн. Одоо манай цирк 21 үндсэн жүжигчинтэйгээр уран бүтээлээ хийж Ази, Европын орнуудаар Монгол циркийн үзүүлбэр үзүүлж явна. Миний зорилго бол нутгийн хүүхдүүдээ дэлхийн тавцанд гаргаж улс эх орныхоо нэрийг өндөрт өргөх юм. Монгол хүний авъяас билэг дэлхийн хаана ч аль ч салбарт дутахгүй гэдэгт итгэж явдаг даа.
- Яг одоо хаанахын ямар улсад явна вэ?
- Одоо бид Туркийн Анталяа хотод тоглолтоо хийхээр ирээд байна. Дараа нь Шенгений орнуудаар аялан тоглох, намраас Дорнодчууддаа уран бүтээлээрээ бэлэг барихаар төлөвлөж байна.
- Уран бүтээлчид гэр орноосоо хол байх ямар байна. Хүндрэл бэрхшээл мэдээж тулгарна биз?
- Мэргэжилдээ дуртай, урлагт хайртай юм болохоор залуус минь хийж буй ажилдаа дуртай байдаг юм. Одоо чинь нийгэм хөгжчихсөн. Гар утас, интернэтээр гэр орныхонтойгоо хажуудаа байгаа юм шиг л харьцаж байна шүү дээ. Бидний зорилго нэг чигт байгаа болохоор аливааг хамтдаа даван туулж явна. \"\"\"\"- Олон улс орноор явахад хөрөнгө мөнгө мэдээж шаардагдана. Санхүүгээ яаж болгож байна. Ивээн тэтгэгч компани байгууллага байна уу, эсхүл бор зүрхээрээ болгож явна уу?
- Одоохондоо ёстой л бор зүрхээрээ явна даа. Гэхдээ бидний хийж буй үзүүлбэрүүд гайхалтай байж чадаж гэмээн урьж залах улс орон олддог юм аа. Онгоцны тийз, орон байрыг даах жишээтэй. Бидний уран бүтээл хэдий чинээ олон хүний сэтгэлд хүрч байна төдий чинээ эх орны нэр гарах учир манай хүүхдүүд, уран бүтээлчид маань үүнийг маш сайн ойлгодог нь надад бахархам байдаг шүү.
- Циркийнхээ үзүүлбэрүүдээс гадныхан биширдэг номеруудаа нэрлээч?
- Монгол циркийн уламжлалт номерууд тэр дундаа манай уран нугаралт бол гадныхныг ёстой “ангайлгадаг” шүү дээ. Манай үзүүлбэрүүдийн хувьд ихэнх нь хүнд талдаа орно. Бид хос ролик гэж шинэлэг үзүүлбэр гаргасан. Тэр маань үзэгчдэд ихэд таалагдаж байгаа. Дэлхийн том том тайзнаа эх орныхоо нэрийг дуудуулахаас илүү таашаал гэж хаа байхав. Ер нь бид бол өдөр бүр “Монголиа” гэх алга ташилтад огшиж явна даа.
- Хамтлагийн гишүүдийг чинь харж байхад хүүхдүүд голдуу юм. Хичээл сургуулиа яаж зохицуулдаг вэ?
- Тийм ээ. Циркийн урлаг өөрөө насны хязгаартай урлаг. Тиймээс багаасаа хичээллэдэг. Манай хүүхдүүд хичээл, даалгавраа онлайнаар аваад хийдэг. Багт маань Дорнод аймгийн нэг, найм,тав, Хан-Уул сургуулийн сурагчид байгаа. Бид гадагшаа гарахын өмнө аймаг сумынхаа үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ толилуулсан. Намар 11-р сарын алдад Дорнодод тоглолтоо хийнэ. Хүүхдүүдийн минь хүсэл зорилго, хөдөлмөрийг дэмжиж байдаг сургуулиудын захирлуудад талархаж явдгаа мөн хэлмээр байна.
-Та түрүүнд багаасаа энэ урлагт хөл тавьсан гэж хэлсэн. Анх циркчин болохоор шийдсэн үеэ дурсаач?
- Би чинь багадаа сургуулийнхаа шинэ жилээр жил бүр алиалагч болчихдог жаахан хошин талдаа хүүхэд байсан. Наймдугаар ангидаа аавтайгаа хот орж цирк үзээд л энэ урлагт татагдсан даа. Азаар тэр үед Хөгжим бүжгийн сургуулийн циркийн анги элсэлт авч байх таараад шалгуулж 700 хүүхдээс эхний хоёрт зогсож энэ сургуулийг авч байлаа. Анхны “А” заасан багш минь СТА Хатанбаатар, Монголын циркчдээс хамгийн анх агаарт гурав эргэсэн алдарт акробатчин Ё.Батболд, Улсын циркийн нэрт найруулагч Д.Зоригт нараар энэ урлагийн гайхамшгийг заалгаж байсандаа одоо ч бахархаж явдаг. Анхны гадаад тоглолт маань 2001 онд Тайваньд шидэлттэй акробат, дээсэн дунд үсрэлт, жонглёр зэрэгүзүүлбэр сонирхуулж байлаа. Түүнээс хойш гадаадын 20 гаруй оронд арваад төрлийн үзүүлбэр үзүүлжээ.
-Таны гэргий бас циркчин үү?
-Тийм ээ. Миний ханийг Н.Оюун гэдэг. Уран нугараач бүсгүй бий. Бид хамтдаа энэ циркээ босголцож, уран бүтээлээ туурвиж явна. Гэргий минь удам дамжсан уран нугараач. Бид хоёр хүүхэдтэй. Том нь ес, бага маань хоёр ойтой. Миний хувьд циркийн талаар удамшсан зүйлгүй ч урлагтай бол холбоотой өссөн. Ээж минь Ч.Ичинхорлоо гэж аймгийн театрын бүжигчин, аав минь Ж.Базаргарьд гэж насаараа тээврийн жолооч байсан хүн. Дорнод нутгийн уугуул хүмүүс.\"\"-Циркдээ “Дорнод Монгол” гэдэг нэрийг яагаад өгөх болов?
- Монгол циркийн урлаг дэлхийг бишрүүлж Дорнодын ирээдүй болсон таны, миний хүүхдүүд дэлхийг тойрно гэсэн бэлгэдлийг бодож өгсөн нэр л дээ.
- Сайхан бэлгэ дэмбэрэлтэй нэр байна. Цаашид хийх таны болоод танай хамт олны хүсэл зорилго юу вэ?
-Миний болоод бидний зорилго тун тодорхой тунгалаг. Дорнод нутагтаа өөрийн гэсэн томоохон цирк, циркийн сургууль байгуулж дэлхийн стандартад нийцсэн суурь баазтай, дэлхийд нэрд гарах уран бүтээлчдийг бэлдэх том зорилго өвөртөлж явна. Олон сайхан залуусын авъяасыг нээн хөгжүүлж Монголын болоод дэлхийн циркийн урлагт Дорнодын залуус өнгөнд нь явах тийм боломжийг бий болгох миний мөрөөдөл бас зорилго бий. Энэ жилээс очиж тоглосон улсуудынхаа циркчдийг урьж Монголдоо болон 21 аймгаар аялан тоглуулах юмсан гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Таны зорьж мөрөөдөж яваа бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч манай уншигчдад сонирхолтой яриа өрнүүлсэнд гүнээ талархая.
Н.Мөнхсайхан
\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 977
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313