БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтэн Цэндийн МӨНХЦАЦРАЛ
2019 оны эхний хагас жилийн байдлаар БНСУ-д ажиллаж, амьдарч, зорчиж буй 46,286 орчим Монгол иргэд байна гэсэн албаны тоон мэдээлэл бий. Энэ нь манай Чойбалсан хотын хүн амын тоотой адил гэвэл БНСУ-д нэг аймгийн талтай тэнцэх хүн ажиллаж амьдарч байна гэсэн үг. Бидний ах дүү хамаатан садан дундаас БНСУыг зорьж ажиллаагүй өрх гэр цөөн. “Дорнод Зон” сэтгүүл уншигч Танд мэдээд, сонсоод, уншаад авахад илүүдэхгүй нэгэн ярилцлагыг дэлгэж байна. Цэндийн Мөнхцацрал гэх Дорнод нутгийн бүсгүй Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харъяа БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төвд мэргэжилтнээр ажилладаг юм. 2005-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт Гадаад харилцааны асуудал хариуцан ажиллаж явсан тэрээр Солонгос улсад ч төрийн алба түшилцэж монгол иргэдийнхээ төлөө үүрэг хүлээж байна. Нутгийн бүсгүйг “Гадаадад суугаа Дорнодчууд” буландаа урьж ажил амьдралын зухаас ярилцлаа. Таалан болгооно уу.
- Сайн байна уу Цацрал эгчээ. Сайхан зусч байна уу. Ажил амьдрал нь тавтай юу? Та бид хоёрын ярилцлага эхэлж байна. Та өөрийгөө албан ёсоор танилцуулна уу?
- Сайн байна уу? Нутгийн ахан дүүс, ард иргэд Та бүхэн сайхан зусч байна уу? Намайг Цэндийн Мөнхцацрал гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. 1992 онд Н.Ф.Гастеллогийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгсөж, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд Хятад хэл судлаач багш, орчуулагч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд “Таван-Од” ХХК, ХТУГ, “Монгол мэдлэг” дээд сургууль, аймгийн Засаг Даргын Тамгын Газарт тус тус ажиллаж байсан.
- Та гадаад хэлэнд авьяастай юм аа даа. Хятад, орос, англи, Солонгос хэлтэй гэж сонссон. Таны ажил амьдралын зам мөрт гадаад хэл чухал байр суурь эзэлж байх шиг?
- Баярлалаа. Орос, Англи хэлийг гадарлана. Хятад хэлийг их сургуульд сурсан. Солонгос хэлийг ажлын хэрэгцээ, сонирхлоороо сурч байгаа. Арван жилийн сурагч байхаас л Орос хэлний хичээлд дуртай байлаа. 1992 онд арван жилийн сургуулиа төгсөөд Орос хэлний хичээлээрээ конкурсдсан. Тэр жил манай аймагт гадаад хэлний чиглэлээр МУИС-ийн Хятад хэлний анги, Гадаад хэлний дээд сургуулийн Орос, Англи, Герман хэлний анги гээд дөрвөн хуваарь ирсэн юм. Конкурсаар орос хэлний шалгалтанд 20 оноо авахаас 19 оноо авлаа. Тэгсэн Орос сургууль төгссөн хүүхдүүд бүгд 20 оноо авч, би 5-д жагссан болохоор нөгөө дөрвөн хуваариас авч чадахгүй нь гээд сэтгэлээр унасан. Дараа жил нь дахин конкурсдана гэх шиг юм бодож байтал ангийн багш Ч.Соль “Энэ бол эхний хичээлийн шалгалтын дүн. Цаана нь монгол хэл, нийгэм гэж хоёр хичээлийн шалгалт байна. Тэр хичээлүүдээ сайн өгөх хэрэгтэй” гэж зэмлэн зоригжуулсан нь надад итгэлийн ташуур өгсөн. Монгол хэл, нийгмийн шалгалтандаа сайн оноо авч гуравт зогсдог юм байна. Нэг хоёрт зогссон хүүхдүүд Гадаад хэлний дээд сургуулийн англи, герман хэлний ангийг сонгож миний мөрөөдөл биелж МУИС-ийн хятад хэлний ангийг сонгох боломж олдсон. Миний амьдралын хамгийн чухал үед тусалсан Соль багшдаа, намайгхэлний хичээлд дур сонирхолтой болгосон Сараннэмэх, Пүрэвжил, Оюун багш нартаа талархдаг. Надад ажил амьдралын гарааг эхлүүлэхэд суурь мэдлэг боловсролыг харамгүй олгосон нэгдүгээр сургуулийн багш нартаа, сургуульдаа үргэлж талархаж хүндэлж явдгаа танай сэтгүүлээр дамжуулж хэлье.
- Энэ бас аз шүү тээ ?
- Тэгэлгүүй яахав. Тэр үеийг дурсах их нандин байдаг. Азтай одтой байсан шиг санагдаж арван жилд байсан үеэ ярих дуртай. Багадаа нэг удаа Улаанбаатар хот орсон юм. Ээж бид хоёр МУИС-ийн 1-р байрны хажуугаар явж байтал ээж тэр байрыг заагаад “Аав нь энд сурч төгссөн” гэж хэлснээс хойш энэ л сургуульд сурах юм шүү гэж мөрөөдөж сэтгэлдээ төсөөлдөг байлаа. Ажил амьдралын чухал цаг мөч бүхэнд ээж минь зөвлөдөг, дэмждэг. Тэр л зарчмаараа орос хэлний хичээлээ давтахад үргэлж хажууд минь байж жагсааж бичсэн шинэ үгнүүдээс монголоор нь асууж би оросоор хариулна. Ээж Монгол өгүүлбэр хэлнэ, би орчуулж хэлнэ тэгэхээр ээж оноо тавина. Тэр үеийн орос хэлний зузаан толь бичиг авч өгөөд, үсэг үсгээр нь оруулга оруулан хайчлан ялгаж, үгээ шууд хайхад бэлэн болгон янзалж өгдөг байлаа. Ингэж ээж минь охиныхоо дуртай зүйлийг дэмжиж миний төлөө амьдралаа зориулж ирсэн. - Хятад хэлийг сонгосон нь сонирхолтой юмаа. 90-ээд оны эхээр хятад хэлний ажил мэргэжил ховор байсан тэр үед?
- Ардчилал эхлээд удаагүй байсан үе ш дээ. Манай улсын гадаад хамтын ажиллагаа тийм ч сайн хөгжөөгүй байсан. Хятад хэлтэй боловсон хүчин хэрэгтэй үгүйг, ажлын байр байх үгүйг хэлж мэдэхгүй үе байсан. Тэгтэл ээж минь Орос, Хятад улс бол манай улсын мөнхийн хөрш орнууд. Миний охин орос хэлээ илүү сайн болгохын зэрэгцээ урд хөршийнхөө хэлийг сурах юм бол, хэдэн жилийн дараа хэл, соёлыг судлах хэрэгцээ шаардлага бий болж, ажлын байр олдож л таарна. Чамайг төгсөхөд нийгэм улам хөгжиж, өөр болно. Болж өгвөл гадаад хэлийг ажил, амьдралынхаа хэрэгцээ болгон сурч, 5 хэлтэй болохыг бодоорой гэж захисан. Ээж минь охиныхоо төлөө ирээдүйг харж зөвлөсөн гэж боддог. Их сургуульд сурч байх үе манай улсын эдийн засгийн шилжилтийн үе байлаа. Миний ээж багш шүү дээ. Багш нарын цалин буухгүй ээ. Би сургуульдаа явах хугацаа болчихно. Миний аав биднийг бага байхад бурхан болсон. Ээж минь 5 хүүхдээ өсгөж, амьдралын бүх бэрхшээлийг ганцаараа үүрч ирсэн. Тийм хүнд хэцүү цаг үед урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л охиноо их сургуульд сургасан даа. Үр хүүхдүүд бидэндээ зориулсан ээжийнхээ энэ их ачийг үргэлж санаж, хариулах юмсан гэж боддог.
- Та цөөнгүй орноор явсан. Мэдлэг боловсролоо дээшлүүлсэн туршлагаасаа хуваалцахгүй юу...
- Аймгийн ЗДТГ-т байхдаа хоёр аймгийн харилцааны шугамаар ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургуульд Дэлгэрмаа, Төгсжаргал нарын хамт хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байсан. Үүний дараа Удирдлагын академид нийгмийн ухааны чиглэлээр суралцсан. Мөн ажиллаж байх хугацаандаа БНСУ-ын Пусан хотод байрлах Зүүн хойд Азийн Засаг захиргаадын холбооны хэрэг эрхлэх газар олон улсын байгууллагад 1 жил ажилласан. Энэ байгууллагад зарын дагуу материалаа явуулж, аймгийн удирдлага, хамт олон дэмжиж сургалтанд хамрагдсан нь азтай явдал болсон. Энэ байгууллага Орос, Хятад, Өмнөд, Хойд Солонгос, Япон гэсэн зүүн хойд Азийн 5 улсын орон нутгийн засаг захиргаанаас жил бүр нэг нэг төрийн албан хаагчийг гэрээгээр ажиллуулж, бизнес эдийн засгийн форум, гэр бүл, хүүхэд залуучуудын талаарх хурал, хүмүүнлэгийн асуудлын талаар чуулга зэргийг зохион байгуулдаг. Өнөөг хүртэл манай улсын нийслэл болон бүх аймгаас нэг нэг төлөөлөл жил жилээр ээлжлэн ажиллаж байна.
- Нутгаасаа хэзээ гарав?
- Жаргал зовлон ээлжилдэг хатуу амьдралд хоёр сайхан ах минь, хайртай ганц эгч минь 20112013 оны хугацаанд хорвоог орхиж, дээд тэнгэрт заларсан. бид уй гашууд автаж, хамт байсан газар бүхэнд санагдаж, үгүйлэгдэж байсан болохоор сэтгэлийн шаналалаа нимгэлэх гэж нутгаасаа нүүсэн юм. Улаанбаатар хотод очиж ажиллахыг хүссэн газартаа шалгалт өгсөн ч багахан оноо дутсан учир орж чадаагүй. Энэ цаг хугацааг ашиглаж бүх төрлийн сургалт, аялал жуулчлал, гадаадын их, дээд сургууль зуучлал зэрэг үйл ажиллагаа явуулдаг “ЭСА” ХХК байгуулж, ажлын байр түрээслэж, “Лэадэрс” сургалтын төв байгуулсан. Мөн өөрөө Сингапур улсад 3 сарын англи хэлний сургалтанд хамрагдаж, 2014 онд МУИС-ийн Кунзийн боловсролын төв дээр жил бүр явагддаг шалгалтанд орж, БНХАУ-ын Шаньдун их сургуульд 100 хувийн тэтгэлгээр магистрт суралцаад ирсэн. -Одоо Солонгос улсад ямар хотод амьдарч байна. Яаж Солонгос улсад ажиллаж амьдрах болов?
- Урд нь Солонгос улсад жил ажилласан хэлний мэдлэг хэрэг болсон. Миний хувьд гадаад хэлээрээ дагнаж ажиллахад дутагдалтай санагдаж, цаашид илүү судалж, илүү ихийг хийж бүтээх зорилгоор хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр 40 хувийн тэтэглэгээр БНСУ-ын Сүншил их сургуульд докторантурт суралцсан. Одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна.
-Одоо эрхэлж буй таны ажлын байр, онцлог, ажилдаа томилогдоод хэр удаж байгаа билээ?
- Манай төв анх 2011 онд байгуулагдсан. Төвийн дарга, 2 тасгийн дарга, 15 мэргэжилтэн ажилладаг. Монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, идэвх санаачилгатай, эв нэгдэлтэй, мэргэжлийн туршлагатай хамт олон бий. БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэддээ хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг зорилгоо болгон ажилладаг. Миний хувьд Хөдөлмөрийн гэрээний асуудал, ажил олголт, ахисан түвшний хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдоод 2 жил орчим болж байна. Манай нутгаас Б.Ганцэцэг гэж мундаг туршлагатай мэргэжилтэн бас ажилладаг. Хөдөлмөрийн гэрээний эрх зөрчигдөж буй иргэдийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, олгогдоогүй цалин хөлсний маргаан,
Үргэлжлэлийг “Дорнод зон” сэтгүүлээс уншина уу?