АР ГЭР, АМИН ХУВИЙН АСУУДЛАА ХААЛГАНЫ ЦААНА ГҮВЭЭД ОРЖ ИР ГЭЖ ХЭЛДЭГ

2019 оны 9-р сарын 12 өдөр

НУТГИЙН НҮНЖИГ БУЛАН: ДОЛЖИНСҮРЭНГИЙН ЭНХЦЭЦЭГ\"\"


Дорнодод “толгой” хэдэн бизнесмен хүүхнүүд бий. Тэдэн дунд “Мянган сарнай”-н гэдгээр анх олонд танигдаж, одоо бол “Монос”-оор овоглох болсон Должинсүрэнгийн Энхцэцэгийг “Нутгийн нүнжиг” булангийнхаа хойморт заллаа. Энгийн намтар, эгэл жирийн амьдрал түүнийх. Энхцэцэгийн дотоод сэтгэлийн ертөнцөөр хамтдаа аялахыг урья.
-Миний хувьд анх удаа Эм зүйч мэргэжилтэй хүнтэй ярилцах гэж байна. Мэргэжил сонголтоос яриагаа эхлэх үү?

-Юун түрүүн “Дорнод зон” сэтгүүлийн уншигчдадаа сэтгүүл дэлгэгдэн гар дээр нь очих тэр гэгээн өдрийн мэндийг хүргэе. Мэргэжил сонголтоос бидний яриа эхлэх нь. Амьдрал тэр чигээрээ сонголт байдаг. Миний хувьд мэргэжлээ сонгосон маань санаандгүй тохиол байсан ч, хожмоо бодоход амьдралын маань хувь төөрөг байж гэж дотроо сүсэглэж явдаг. Би 1980 онд аравдугаар ангиа төгсч, Анагаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангид элсэн орж, сургуулиа төгсөөд нутагтаа хуваарилагдан ирж Чулуунхороот сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Удалгүй нөхрөө дагаж Булган суманд шилжин очиж эмийн сангийн эрхлэгчээр тасралтгүй 15 жил ажиллаад яг Эм зүйч гэдэг дээд мэргэжлийг хожуухан эзэмшсэн хүн шүү дээ.
-Найзуудаараа сууж байхад чиний яриаг сонсох нээ аравдугаар ангиа төгсөөд хуваарь сонголтоо өөрийнхөөрөө биш хөндлөнгийн хэн нэгний заавар зөвлөгөөг дагаж гэж ойлгосон?
-Чиний ойлголт зөв зөв. Хуваарь сонгохдоо хүүхдүүд аав ээж, ах эгч хэн нэгнийг дагуулж ордог шүү дээ. \\Хоолой нь хэсэг зангирав\\ Миний хувьд маргааш Элсэлтийн шалгалт эхлэнэ гэж байхад группээ сольж физик суурьтай орж онооны жагсаалтаар дээд сургуулийн хуваарийн яг дээгүүр таслагдсан. Тэгээд гадаадын техникумын хуваарь авна, арьс шир юм уу, гоо заслаар суралцана, давхар хэлтэй болоод ирнэ гэх шиг юм бодож орсон. Ороод очтол тэр олон хуваариас чухам алийг нь сонгохоо мэдэхгүй, гаднаас нь ажсан хүнд гав ганцаараа бүлтэгнээд өрөвдмөөр харагдсан байх. Тэнд сууж байсан комиссынхноос намхан нуруутай, нүдэнд дулаахан, нас тогтсон эрэгтэй хүн над руу дөхөж ирснээ “Миний дүү, ямар хуваарь сонгох гэж байна” гэж асуусан. Би гадаадын техникум гэсэнд “Чи бүтэн өнчин хүүхэд үү” гэж байна. Тийм ээ гэвэл “Чи Анагаахын дунд сургуулийн эм найруулагчийн ангийг сонговол ямар вэ, эмэгтэй хүнд их гоё ажил мэргэжил” гэхлээр нь ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүйгээр шууд тэр хүний саналыг дагасан. Энэ хуваарь тэр жил ердөө ганц л ирсэн байсан.

-Тэр хүн чинь хэн гэж ярьдаг билээ?

-Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Бадарч гэж хүн байсныг хожим мэдсэн л дээ. “Төрөхийн” Алтаа эмчийн аав шүү дээ. Хэдийгээр мэргэжил сонголт дээр өөрийн дур сонирхлоо дагаагүй ч энэ хүн миний амьдралын босгыг зөв алхуулж өгч дээ гэж хувь заяандаа залбирч явдаг юм.
- Сургуулиа төгсөөд шууд аймагтаа ирсэн үү?
- Би Анагаахын дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд Анагаахын дээдэд орно гэсэн гэгээн сайхан мөрөөдөлтэй очсон. Сургуулиа төгсөхөд ангийн багш маань “Хөдөө яваад хэрэггүй ээ. Чамайг би Анагаахын дээдэд лаборантаар ажилд оруулаад өгье. Нутагтаа очиход чамайг гэх аав ээж, ах дүү байгаа биш, цааш сураад эм зүйч мэргэжилтэй болоод ав. Чамайг л дээд боловсролтой болгочихвол миний санаа амрах гээд байна” гээд их ч ятгасан даа, хөөрхий минь.

-Багшийнхаа үгэнд оролгүй яагаад “зөрүүдлэв”?

-Манай хүн бид хоёр чинь есдүгээр ангиасаа үерхэж, намайг сургуулиа төгсөхөд Энхболд 0132-р ангид цэргийн алба хааж байсан юм. Залуу улс болсон хойно уулзахсан гэж яарсан хэрэг биз. Багшдаа “Хөдөө хоёр жил ажиллаад конкурс өгөөд эргээд ирнэ ээ” гэж хэлчихээд наашаа гараад шидчихсэн \\инээнэ\\. Тэгээд Чулуунхороот суманд томилогдож тэнд Эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байтал Энхболд ч цэргээс халагдлаа, Булган сумандаа сумын нарийн бичгийн даргаар ажиллах болж бидний хамтын амьдрал эндээс эхэлсэн түүхтэй. Удалгүй хүүхэдтэй боллоо, юун нөгөө конкурс.

-Аймгийн төв бараадсан нь хэзээ юм бэ?

-Сүүлд шүү дээ. Эр нөхөр маань сургуулийн захирал, сумын нарийн бичиг, сумын хурлын дарга, сумын Засаг дарга гээд зэрэг дэв дээшлээд, би сумын эмийн сангийн эрхлэгч ажилтай. Хадмууд маань нутаг усандаа нэр хүндтэй, тулхтай сайхан хүмүүс байсан. Сумандаа сайхан амьдраад ер нь болоод байна гэж боддог байсан. Тэгсэн нь нэг удаа эмээ авах гэж хот орлоо. Чи танина даа манай аймгийн ХАА-н банкны захирал байсан Батбаярын эхнэр Тогосоог. Сургууль дээр нь очлоо, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль. Найзыгаа хүлээх зуур ханын самбар дээрх зарыг сонирхтол нягтлан, менежментийн ангид элсэлт авна гэнэ. Дэргэд нь шалгалтанд бэлдэх тестийн ном зарж байна, нэгийг худалдаад авчихлаа. Тогосоогоо гараад ирэхээр нь би ер нь танай сургуульд шалгалт өгөөд үзье гэсэн нь тэгээч гэж байна.

-Хэдэн он бэ?

-1999 он. Тэгээд шалгалт өгсөн нь 350 гаруй хүнээс дээрээсээ 7-д жагсчихаж. Тестийн номоо нэг удаа л эргүүлээд орсон болохоор нүдэндээ ч итгээгүй. Би уг нь уншсан, харсанаа шууд тогтоочихдог л доо.

-Яг зах зээлийн нийгэмд шилжих үе. Бидний хэнд маань ямар ч мэдлэг туршлага байгаагүй. Зогсолтгүй хөдөлмөрлөж л байвал амжилтад хүрнэ гээд зүтгэцгээсэн. Харин чиний хувьд сүйхээлээд сургууль төгсөөд давхар мэргэжил эзэмшээд амжиж шүү дээ?
- Энэ сургуульд сурсанаар миний тархи оюун, бодол санаа, амьдралд их эргэлтийг авчирсан гэж боддог. Маркетинг, менежмент, зах зээлийн мэдрэмж гээд гоё гоё хичээл орно, сонирхолтой чиг. Заалгасан зүйлээ амьдрал дээр буулгаад үзлээ. Манай Булган сум 2000 шахам хүн амтай. Ердөө 50 кмын цаана аймгийн төв. Тэнд 50 шахам мянган хүн амьдардаг. Ингээд бодохоор би зах зээлээ бодож сонголтоо хийх нь зөв юм байна. Хүүхдүүд маань ч дунд сургуулиа төгсөх нь ойртож байна. Аймгийн төв бараадаад аптек нээе, үндсэн мэргэжлээ “чулуу” болгоё гэж бодсон л доо. Эхлээд нэг найзтайгаа хамтарч аптек байгуулаад хэсэг ажилласан. Удалгүй ер нь биеэ даагаад компани байгуулъя гэж зориглоод өөрөөсөө гадна Д. Оюунчимэг гэх хүн чанар, хүнлэг сэтгэлтэй ганц ажилтантайгаар аптекаа нээж байлаа.
-22-ын аптек уу?
-Тийм тийм. Хэдэн малаа арилжиж бизнесээ өргөжүүлж эхэлсэн. Орцоороо ордог байсныг гадагш нь хаалга гаргаад, хаягаа томруулж, эмийн зах зээлээ судласан. Энэ бүхэнд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд сурсан мэдсэн зүйл маань маш их хэрэг болсон. Бурмаа гэж мундаг багшаар маркетинг менежментийн ухааныг заалгасанаа азтай тохиол гэж боддог. Хожим багш маань манай аймагт ирж амьдрал ахуйтай минь танилцсан.

-“Монос”-той хэзээ холбогдов?
-Эмийн зах зээлийг судалж байхдаа “Монос”-той хэрхэн яаж хамтарч ажиллах талаар арга эрэлхийлсэн. Би ХҮДС-д сурч байхдаа “Монос”-ын Эрдэнэчимэгтэй уулзаж гэрээт борлуулагч болох саналаа хэлсэн нь хотод үл хөдлөх барьцаа хөрөнгөтэй байхыг шаардахаар нь тэгсхээд орхичихсон юм. Тэгээд яахав, “Мянган сарнай” ХХК-иа байгуулж, ёстой л гэр бүлээрээ зүтгэцгээсэн дээ. Ингэж ажиллаж байхдаа их төлөв “Монос”-оос эм татна. Цаад санаа нь зах зээлд хэдүйн хөлөө олчихсон энэ том компанийн хараанд өртөх л гэж мэрийгээд байгаа хэрэг шүү дээ.
-Уучлаарай, яриаг тань тасалчихлаа. “Мянган сарнай” гэдэг нэрийг хэн, юуны учир өгсөн юм бэ?

-Тэр үед компанид нэр өгнө гэдэг тун хэцүү даваа байсан. Эмийн орц найрлагад ордог бүхий л ургамал, жимс цэцэгний нэрийг гүйцээсэн, нэг нэр олоод очдог, давхардаад буцдаг. Тухайн үед “Гурван зуун сарнай” Солонгосын олон ангит кино гардаг байлаа. Тэгсэн нь Энхболд чи ер нь “Гурван зуун сарнай” гээд өгчих гэнэ. Тэгээд микро автобусанд суугаад явж байтал “Миний хайртын төрсөн өдрөөр Мянган сарнай дэлбээлнэ” гээд дуу явахаар нь гоё санагдаад “Мянган сарнай” гэсэн нэр өгье гээд тэр өдрөө татвар дээр ирсэн нь ашгүй давхардаагүй. Би өөрөө цэцгэнд, тэр дундаа сарнайд их дуртай. Тал дүүрэн өнгө өнгийн цэцгэн дунд сууж байна, мянга мянган сарнай бэлгэнд авч байна гэж сэтгэлдээ төсөөлж хааяахан романтиклана аа, бас.\\инээнэ\\
- “Монос”-ынхоо талаар үргэлжлүүлэх үү?
- Тэгээд “Монос”-ын 15 жилийн ойгоор борлуулалтаараа дээгүүр давхиж Бээжин аялах эрхийн бичгээр шагнуулсан.

-Өнгөрсөн он жилүүдэд унаж боссон янз бүрийн цаг хугацааг туулсан байж таараа, сонирхолтой яриа дэлгээч.

-Бизнесээ анх хөл дээр нь босгох гэж чардайж зүтгэсэн он жилүүд бий бий. Гэлээ гэхдээ хэзээ ч халирч шантраагүй ээ. Эмээ өөрөө найруулна, өөрөө зарна, захиална, шил, шалаа өөрөө л угаана. Тэгсэн нь нэг өдөр манай эмийн санд гаднын бололтой 4 залуу орж ирж өөрсдийгөө “Монос”-оос явж байна гэж танилцууллаа. Том шагналыг нь гардаж гадаадаар аяласан хүнд “Монос” гэхээр сэтгэлд ойр сонсогдоно биз дээ. Цай цүй болж яриа хөөрөө дэлгэлээ. Тэд өөр ажлаар яваа ч “Монос” бөөний төвийн салбарыг манай аймагт байгуулах санаатай “Мянган сарнай” ХХК-ийг судалж явсан юм билээ. Тэгээд 2007 оны 5 дугаар сарын 14 нд “Монос”-ын салбарыг нээсэн нь бидний хувьд урагш нэг том алхам болсон.

-Хүүхнүүд голдуу өрсөлддөг салбарт өөрийгөө авч явна гэдэг амаргүй байх шүү. Тийм болохоор “чимээгүйхэн” амьдраад байна уу гэж хардаг.
-“Монос”-ын салбарыг нээсэн эхний жилүүдэд сэтгэл зүйн хувьд тийм ч амар байгаагүй ээ. Яагаад гэхээр, бусад эмийн сангуудад эмийн нэр төрөл цөөн, үнэ хэт өндөр байсан үе. Тийм болохоор бөөний салбар байгуулаад ирэхээр зах зээлийн өрсөлдөөний зарчим гэдгийг мэдэхгүй тэдний зүгээс намайг эмээ бөөний үнээр зарж борлуулаад байна гэсэн утгатай бичиг тоот шидлээд түүнийх нь мөрөөр хяналт шалгалт тасрахгүй. Нэг хэсэгтээ амар тайван байлгаагүй ч миний хувьд номыг нь заалгаж, ногоотой шөлийг нь уусан болохоор өөрийнхөөрөө ажлаа үргэлжлүүлсээр байсан. Харин ард иргэдийн хувьд хямд үнэ гэдэг мэдээж таатай, үйлчлүүлэгчид маань ам сайтай, тэднийхээ халуун дулаан үг, сэтгэлийн дэмээр тэр үеийг давж гарсан. Цөөн хэдхэн хүнд энэ байдал таалагдаагүй ч орон нутагт эмийн үнийг зохих түвшинд нь аваачиж чадсан нь миний гавьяа гэх үү дээ. Удалгүй хоёр дахь салбараа нээж, гурав дахь, дөрөв дэх гээд одоо 4 салбартай болоод байна. Ажил зөв голдрилоор яваад байхаар аандаа хүмүүс төвлөрөл ихтэй газарт ажлын байр, талбай санал болгоно. Тэгээд ч “Монос”-ын эм чанартай, баталгаатай, үнийн хувьд боломжийн болохоор өвгөд хөгшид настнууд надад талархалтай хандаж, идээ цагаа, хоол унд өөрт юу л байна бариад гүйгээд ирэх нь үнэхээр хөөрхөн.
-Гэр бүлүүдийг харж байхад янз бүр байдаг л даа. Эр хүн өрх гэрээ авч явах ёстой ч гэдэг юм уу, эсэхүл хэн чаддаг нь чадах зүйлээ хийж амьдрах нь зөв гэдэг. Энэ тал дээр?
-Манай гэр бүлийн хувьд чаддаг чаддагаа л хийнэ. Энхболд санхүүгээ барина, орлого зарлагаа тооцно. Тушаал шийдвэр гаргахаас эхлээд бичиг цаасны бүхий л ажлыг нугална.

\"\"

  • Отгонтуяа
  • 437
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313