ӨРХИЙН САРЫН ОРЛОГО ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ГҮЙЦЭХЭЭРГҮЙ БОЛЛОО

2019 оны 7-р сарын 4 өдөр
 \"\"Цалин буусан саяхны өдөр худалдааны төв орж ахуйн хэрэгцээний ойр зуурын юмаа цуглууллаа. Тооцоогоо хийсэн нь 84000 төгрөг. Гэртээ ирээд баримтаа нягталлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нийгээрээ өсчээ. Энэ хэрийн мөнгөөр авъя гэснээ авч уут дүүрдэг байсан цаг саяхан биш үү. Дээрх худалдан авалтаас юу бодогдсон бэ гэхээр хүний амин хэрэгцээ хойно хүнсний гол нэрийн зүйлээ л тасалдуулахгүй байхаас биш элдэв “тансаглал”-д цалин хүрэхээргүй болсон байна. Тансаглал гээд байгаа нь хөөрхий дөө, талхан дээрээ цөцгийн тос, жимсний чанамалхан хачирлах төдий л хэрэг шүү дээ. Өрхийн сарын орлогын өсөлт үнийн өсөлтийг гүйцэхээргүй болсныг Улсын статистик ч баталчихлаа.Өнгөрөгч долоо хоногт Аймгийн статистикийн хэлтсээс гол нэрийн барааны үнийн өөрчлөлтийг танилцуулав.
Үхрийн мах 5-р сарын 22 ны байдлаар оны эхнээс 25-40 хувь өссөн дүнтэй гарчээ. Энэ бол цаасан дээрх тоо. Энэ тоо амьдрал дээрх бодит үнээс ямагт зөрүүтэй явж ирсэн. Хэд хоногийн өмнө УИХ-ын нэг гишүүн кг мах 10 мянган төгрөгийн үнэтэй гэж хэлснийхээ төлөө олны эгдүү дүргүйцлийг төрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг “балбуулаад” авсан. Тэр эрхэм лав махны захаар яваагүй нь ойлгомжтой, цаасан дээрх тоонд хууртагдчихгүй юу. Жишээ нь 2019 оны 5-р сарын 22 ны байдлаар манай аймагт нэг кг махны үнэ 8000-13000 төгрөгийн үнэтэй гэсэн мэдээллийг сонссон бүх хүн шогширсон. Энэ үед кг махны үнэ хэдүйн 16000-17000 төгрөгт хүрсэн байсан. Мах худалдан борлуулагчдын ярих нь лангуун дээр тавьж амжилгүй байтал Хятадууд өндөр үнээр цохьж аваад хот руу тэвш тэвшээр ачуулах болсон гэнэ. Дорнод аймгийн хувьд гурилын үйлдвэртэй болохоор гурилын үнийн өсөлт харьцангуй гайгүй байх болов уу. Саяхны сонинд нийтлэлч Баабар “мах үнэд орлоо гэхээсээ төгрөгийн ханш уналаа” гэсэн. Энэ нийтлэлд дэвшүүлсэн нэг санаа нь мах бэлтгэгчид хавар тухайн жинд хүрсэн махыг худалдаанд гаргах юм бол ийм тийм аргаар дэмжинэ, малчид амьдын жин нь төд хүрсэн хонь, үхрийг хавар авчирч өгөх юм бол шууд зах зээлийн үнээр авах баталгааг гаргана гэх мэтээр арай өөрийг бодож сэтгээч гэсэн утгатай зүйлийг бичсэн байна лээ. Өлгөөд авбал болох л санаа шиг санагдсан.
Аймаг дотооддоо нэг бодлого барихгүй бол махны үнэ талийгаад, олдоц нь хумигдаад ард олны амьдрал ч хэцүүдэх нь байна шүү.

  • Отгонтуяа
  • 475
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313