Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулагдсан Азийн ардын урлагийн их наадамд ӨМӨЗО-ы залуу уран бүтээлч Атгаа язгуур урлагийн чуулгын гоцлол төрөлд тэргүүн байранд шалгарч, Гран При шагнал хүрлээ. Энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн ардын урлагийн их наадамд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 1500 гаруй, Азийн 12 орноос 200 гаруй уран бүтээлчид ардын урлагийн гайхамшгийг үзүүлжээ. Тус наадам ардын дуу, үндэсний хөгжим, язгуур урлаг, зан үйл, ардын бүжиг зэрэг төрлөөр явагдсан юм. Гран При шагналын эзэн Атгаа 1985 онд ӨМӨЗО-ы Улаанхад хотын Хишигтэн хошуунд төрсөн. Олон улсын хөөмийн урлагийн нийгэмлэгийн гишүүн, ӨМӨЗО-ы хөөмийн урлагийн нийгэмлэгийн гишүүн юм. Одоо ӨМӨЗО-ы Улаанхадын дээд сургуульд хөөмийн багшаар ажиллаж байна.
Шинхуа нетээс, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан