“Үйлэнд уран, үгэнд цэцэн” монгол бүсгүйчүүдийн нэг болох Туяа бол Шинэ барга баруун хошууны Далай сумын Рашаан гацааны жирийн нэгэн малчин бүсгүй. Уран гар, уужуу ухаанаараа аж амьдралаа босгож яваа түүнийг нутгийн зон олон нь андахгүй. Туяа Далай сумын Бүрд гацааны Гочид халтай Түвшин болон Бадмаагийн ууган охин болон мэндэлж бага балчраасаа ээжийгээ дагаж оёдол үйлэнд сурч, утас зүү нийлүүлж, уран гарын увидсаар гайхуулж ухаанаа сэлбэж явна. Тэрээр арван хэдтэйгээсээ нутаг усныхныхаа хурим найрын хувцас, чимэглэлийг оёж хэдийнэ дөрвөн 10 жилийг үджээ. Түүнийг зорих хүний хөл тасрахгүй. Жилийн дөрвөн улиралд захиалгад дарагдаж өөрийнхөөрөө амьдралын өнгийг зурж явна. Туяа шинэ зүйл оролдож сонин содон зүйлийг анзаарч байнга суралцах дуртай. Орчин цагт мэдээлэл авч, үзэж харах зүйл олширч хүн хичээвэл өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх боломж нь бий болжээ. Туяа интернетээс харсан үзсэнээ шохоорхон дуурайж, нойр хоолоо утартан улайрна. Өөрийнхөө сурсан оёдлын мэргэжилдээ түшиглэн, эсгий ширмэл хийхийг бие дааж сурч Шилийн гол аймагт хэд хэдэн удаа сургалтад хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлжээ. 2018 онд Шинэ барга баруун хошууны “ Соёл болон байгалийн өвийн өдөр”-ийн уламжлалт гар урлал уралдаанд гуравдугаар байр эзэлсэн нь анх эсгий урлалыг хийж байгаа түүнд ихээхэн урам хайрласан гэдэг. Туяа монголчууд бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эсгий соёлоо нутаг орондоо хөгжүүлж, үр хойчдоо сургах нь өөрийн үүрэг хэмээн ойлгож зүтгэж яваа юм. Тэрээр “Одоо үед эсгий урлал, эсгий ширмэл хийдэг хүн цөөрсөн. Энэ нандин өв соёлоо олон залууст өвлүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эсгий оёдлын ангийг нээсэн” гэх. Хүүхэд залуусыг уламжлалт соёлд ойртуулахад эсгий урлалын анги чухал үүрэгтэй юм. Эсгий бол Монголын брэнд. Дэлхий биднийг “Эсгий туургатан” хэмээн нэрийдэж эрт үеэс бид амьдрах өргөө гэрээ, эдэлж хэрэглэх эд зүйлээ эсгийгээр урлаж ирсэн. Монгол гэрийн туурга бүрээс, ширдэг дэвсгэр, таарфаг сав зэрэг эд хэрэгсэл бүгд л эсгий байсан. Туяагийн урлан бүтээсэн эсгий ширмэл, эсгий урлалын бүтээлд монгол гэр, Түнхийн гол, өлгөмөл зураг, монгол гутал, шатрын хөлөг, хүүхэлдэй бүтээл нь өөрийн гэсэн өнгө төрхтэй хэлбэр хийц нь олон янз. Түүний бүтээлүүд нь амьд, цэвэр байгалийн шинж чанарыг хадгалсан, өвөрмөц онцлогийг илтгэсэн нь олны сонирхлыг татахуйц. Эсгий ширмэл бүтээлийг шинжихдээ түрүүлж тухайн урлалын ар талын оёдлыг анзаардаг. Тиймээс Туяа ар, өвөр талыг адилхан сайхан урлахыг эрмэлздэг гэх тэрээр эсгий урлалын бүтээлээрээ өрхийн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй, олон уралдаанд оролцож, хэд хэдэн үзэсгэлэн гаргаж олон нийтэд танигдсан. Тэрээр 2018 онд Дорнод аймаг Чойбалсан хотноо болсон барга түмний “Баргажин” наадмын оёдолчдын уралдаанд “Уран бүсгүйн” медаль хүртжээ. Мөн тухайн жилдээ Хөлөнбуйр хотод зохиогдсон “Хайрын хэлхээ” хүүхдийн хувцас загварын анхдугаар тэмцээнээс “ Содон бүсгүй” медаль хүртжээ. Энэ амьдралд хүсэл тэмүүллээрээ жигүүрлэн үйл урлаж яваа Туяа чөлөөт цагаараа дуу хөгжим сонирхоно. Алтан-Эмээлийн “Хэрлэн нийгэм тойрог”-т ятга тоглож сурч, үе тэнгийн бүсгүйчүүдтэйгээ хөгжилдөнө. Туяа сэтгэлээ ийн хөглөхийн учир дөч гаруй жил оёдол үйл мэтгэн биеэ чилтэл суусан гэхэд ядарч зүдэрсэн шинж үгүй. Эрхэмсэг намбалаг даруу төлөв, үзэсгэлэнгээ хадгалсаар явна. Уламжлалт өв соёлоо хөгжүүлэх хойч үедээ өвлүүлэхийн төлөө тэр цаг нартай уралдан завгүй ажиллана. Хөлөнбуйр өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан