ТАЙЗАА ЗҮҮДЭЛЖ САНАСАН

2019 оны 5-р сарын 31 өдөр
 \"\"Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын театрын жүжигчин Сүхбаатарын МӨНХТӨР:Манай театрынхан энэ оны уран бүтээлээ “Лир ван” жүжгээр даацтайхан эхлүүлээд авлаа. Аугаа У.Шекспирийн бүтээлийг Дорнодын үзэгч, шүүмжлэгчид ихэд олзуурхаж, жүжигчдийнхээ өсөлт дэвшлийг сайшааж байгаа харагдсан. “Дорнод зон” сэтгүүл энэ удаагийн дугаартаа “Лир ван”-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Сүхбаатарын Мөнхтөрийг онцлов.

-Дэлхийн сонгодог бүтээлийг манай аймгийнхан шимтэн үзлээ. Жүжигчдээ ч бас магтаж сайшааж байна. “Лир ван”-гийн дүрийг бүтээсэн таны бодлыг сонсоё?
-Надад ахадсан дэндүү том дүр. Их ч сүрдэж, эмээж байсан. Тийм болохоор өөртэйгөө их ажилласан, чадах хэмжээндээ л үзэгчдэд хүргэсэн гэж бодож байна. Намайг тойрч тоглосон Т.Халиунсор, Э.Батболд, хөгжимчин Б.Дөлгөөн нар дүрээ маш сайн бүтээж, намайг чиглүүлж өгсөн.
-“Лир ван”-гийн ойлгуулах гэсэн санаа, хэлэх гэсэн үгийг үзэгчид хэр хүлээж авсан гэж уран бүтээлчид дүгнэж байгаа вэ?
-Театрын урлаг бүхий л цаг үед хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байгаа. Сонгодог жүжиг гэдэг нийгмийг сэхээрүүлэгч. “Лир ван”-гийн хэлэх гэсэн санаа нь ил. Тэр олон зуун жилийн өмнө бичигдсэн хэр нь яг л өнөөгийн нийгмийн байдлыг харуулсан байдаг. Би жүжгийн дараа хэд хэдэн үзэгчтэй уулзсан. Найз нөхөд, танилуудаасаа ч манай жүжгийг үзсэн үү, утга санаа нь ойлгомжтой байсан уу гэж асуусан. Драмын жүжиг анх удаа үзсэн найз маань хүртэл өндөр сэтгэгдэлтэй, дараагийн жүжиг хэзээ тавигдах вэ гэж асууж байсан. Театрын байнгын үзэгч найз маань яг энэ жүжгийг онцолмоор санагдсанаа хэлж байсан. Уран бүтээлчид бидэнд үзэгчдийн алга ташилт дүн тавьчихдаг юм. \"\"-Жүжигчин болох нь багын мөрөөдөл байв уу?
-Багаасаа хүсч мөрөөдсөн үү гэвэл үгүй юм аа. Манай аав, ээж Хилийн цэргийн хүмүүс. Миний хүүхэд насны дурсамж дурдатгал бүгд хил дээр өнгөрсөн. Хичээлдээ явах гэж л аймгийн төвд ирнэ үү гэхээс бусад үед нь үргэлж дархан хилийн “манаанд”. Хилийн амьдралд ч хайртай. Би таван эгч, хоёр ах, нэг дүүтэй, айлын отгон хүү. Цэргийн хүн болно л гэж боддог байлаа. Арван жилээ төгсөөд цэрэгт явна, цэргээс ирээд Цэргийн сургуульд сурна гэж боддог байсан.
-Гэтэл юу урлаг руу хөтлөв өө?
-Энхбазар гээд хар багаасаа хамтдаа шороо идэж өссөн найз маань намайг урлагт хөтөлсөн. Аав ээжүүд маань хамт ажилладаг, үй зайгүй хоёр найз байхгүй юу. Арван жилд ч хамт сурч байлаа. Бид хоёр “авьяастны” гэгддэг 12 дугаар сургуулийг төгссөн. Найз маань их авьяастай, идэвхитэй, харин надад овойж оцойсон зүйл байсангүй. Базараа жүжгийн дугуйланд явдаг байсан. Тэгээд жүжигчин мэргэжлийг сонгож, ур чадварын шалгалт өгөхдөө намайг “чи чадна аа” гэж ятгасаар байгаад дагуулж явсан.
-Таныг урлаг руу хөтөлсөн хүн найз чинь байх нь. Өөрт тань урлагийн ямар өгөгдөл байгааг мэдэж л дээ?
-Бид хоёр 14 жил хамт сурсан байдаг юм. Би жигтэйхэн ичимхий хүүхэд байсан. Базараа болохоор алиа хошин зантай. Найзууд юм хойно, байнга л цуг байна. Тэгээд Базараатай хамт алиална, хүүхэд шоглоно, ангийнхаа охидуудыг инээлгэнэ. Их л элдэвтэй нөхдүүд байсан шиг байгаа юм. Тийм болохоор найз маань намайг өөртэйгөө адилхан урлагийн хүн болно гэж бодсон байх. Тухайн үед ур чадварын шалгалтад дуу хоолойны өнгө шалгана, дуу дуулуулна, шүлэг уншуулна, анхаарлын шалгалт авна. Тэнцэнэ гэж ер бодоогүй. Тухайн үедээ шалгалт өгөх дургүй байсан ч яагаад ч юм шүлэг, этюд бэлдчихсэн байсан. СТА Г.Гантуяа эгч дээр ирээд монологи, шүлэг авсан ч сүйдтэй бэлдэж чадаагүй. Энэ дашрамд, Г.Гантуяа эгчдээ болон түүний хань найруулагч Б.Мангалжав ахдаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Хэлнэ дээ гэж явсаар өдийг хүрч. \"\"-Хүү нь гэнэт жүжигчин болох замыг сонгоход аав, ээж нь хэрхэн хүлээж авч байв?
-Аав, ээж маань юу ч хэлээгүй. Оюутан болж анх удаа Улаанбаатарт очиж байлаа. 2001 онд Кино урлагийн дээд сургуульд Ардын жүжигчин П.Цэрэндагва багшийн ангид хуваарилагдаж байсан юм. Анх очиход хот газар сайхан санагдаад хичээлдээ ч урам зоригтой явж байлаа. Гэтэл өвөл боллоо, гэр хороололд амьдарч үзээгүй, өлсөж сураагүй хүн чинь шантрах маягтай боллоо. Яг л шантрахын даваан дээр мөн л найз маань “Хоёулаа зорьсондоо хамт хүрнэ” гээд намайг хурцалж байсан.
-Театрт анх хөл тавьж байсан үеэ дурсаач?
-2006 онд ирж байсан. Театр маань хуучин байрандаа баруунтаа байлаа шүү дээ. Харсаар байтал нэг давхар байшин руу орсон хэр нь “Танай даргын өрөө хэдэн давхарт вэ” гэж жижүүрээс асууж хөглөж билээ. Жижүүр ч намайг цаашлуулаад “Хоёр давхарт” гээд явуулчихсан. Тэгээд л хоёр давхраа баахан эрж билээ. Тэгж даргыгаа олж очоод уулзахад их сайхан хүлээж авсан. 2006 оны гуравдугаар сарын 23-нд ажилдаа орж байсан юм. Арав гаруй жил болчихжээ. Сахилгагүй зангаасаа болж хоёр гурван жил завсардсан.\"\"-Яг энэ тухай асуух гээд хэлж түвдэхгүй л байлаа?
-Ажлаасаа халагдчихаад тайзаа зөндөө санасан. Бүр зүүдэлдэг байсан. Тайзан дээр тоглож байна гээд л зүүдэлнэ. Их ч харамссан даа. Хааяа театраараа орж гарахад манай драм ангийнхан, найзууд маань “Ажилдаа буцаад ор л доо. Чи тайзан дээр л байх ёстой хүн” гэдэг байсан. Өнгөрсөн онд театрын маань 70 жилийн ой болсон доо. Тэр үед нэг шулуудаад дарга руугаа орсон юм. Би 60 жилийн ойн тоглолтод оролцож байсан, 70 жилийн ойд театрынхантай нэг баг болоод оръё гэсэн. Ойгоороо хамт олонтойгоо байхыг хүссэн. Л.Наранхүү дарга маань ч их сайхан хүлээж авсан. Ойн тоглолтоор Манлайбаатар Ж.Дамдинсүрэн жүжгийг тоглосон доо. Тэгэхэд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуай ирж чадахааргүй болж Манлайбаатарын дүрд тоглох завшаан надад олдсон. Түүний дараа Ардын жүжигчин Э.Оюуны “Хайр” жүжигт гол дүрд тоглосон. “Лир ван”-д ч тоглолоо. Мэргэжлээрээ ажиллахгүй хоёр гурван жил завсардаж орж ирээд 3 сарын хугацаанд 3 гол дүр бүтээсэн байна. Үүнийг ховор тохиох аз гэж ихэд талархаж байгаа. Сонгодог жүжиг гэдэг үг үсэггүй цээжлэхгүй бол утга нь алдагдах гээд хэцүү. Тийм болохоор өдөр шөнө, өглөө оройгүй өөртэйгөө ажилласан. Лир ванд бэлдэж байх үед эгчийнхээ хүүтэй хамт унтдаг байсан юм. Өглөө сэрэнгүүт “Ах аа та шөнө ганцаараа яриад байсан, Тийм ээ” гэнэ.
                                                                                                            Ярилцлагыг \"Дорнод зон\" сэтгүүлээс \"\"
  • Отгонтуяа
  • 582
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313