20. Амьдралдаа хэр ханамжтай явдаг вэ?
Тун ханамжтай.
21. Шүүдрийн дуслаар цай чанавал ээжийнхээ ачийг хариулна гэдэг?
Эхийн ачийг хариулж барахгүй ээ. Эх хүн нөгөө ертөнц рүү явж байхдаа хүртэл үрийнхээ төлөө сэтгэл зовсоор байдаг. Гэхдээ эх хүн өөрөө сэтгэлийг минь л зовоохгүй байвал ачийг маань хариулж байгаа нь тэр гэж боддог гэсэн. Тэр нь хүртэл үрийнхээ төлөө гээд бодохоор эх хүн бол үнэхээр агуу.
22. Амьдралыг хүндхэн ачаатай зүйрлэвэл тэр ачааг хаахна хавьдаа өргөж явна?
Цээж хавьдаа л болов уу даа.
23. Зургийн хуучин цомгоо хэзээ үзэв?
Өнгөрөгч цагаан сараар.
24. Гэр бүлээс гадуур харьцааг юу гэж үздэг вэ?
Амьдрал тааж мэдэхийн аргагүй ч гэлээ гэр бүлээ эрхэм нандинд үзэх хэрэгтэй. Тухайн хүний асуудал болохоор буруу, зөв гэж цэцэрхэх нь илүүц биз.
25. Эмэгтэй хүн болжээ гэж бодвол юу хиймээр санагдах бол?
Эх хүн болоод хүүхдээ хөхүүлж, бүүвэйн дуу аялаж суухын жаргалыг бие сэтгэлээрээ мэдэрмээр байна. Дэргэдээс нь хараад суухад үнэхээр үзэсгэлэн төгс, дүүрэн жаргал мэдрэгддэг. Энгэрээс нь цагаан сүү асгардаг үрийнхээ төлөө үргэлж санаа зовдог, үйлийн цагаан үртэй хүмүүс юм даа.
26. Хэрвээ Та Ерөнхийлөгч байсан бол?
Бодож байгаагүй юм байна. Ерөнхийлөгч бол Монгол улсын бүх иргэдээс сонгогддог ганц албан тушаал. Нөгөө талаас ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тэгэхээр эв нэгдэл гэдэг үнэт зүйлсэд л тулгуурлах байх.
27. Мартагдашгүй дурсамжтай өдрүүд гэвэл?
Би дунд ангид байхдаа нэлээн хөдөлгөөнтэй, хааяа хичээл номоо ч тасалдаг хүүхэд байсан. Есдүгээр ангид ороход ангийн багш маань сурлага сайтай нэг охинд намайг даалгаж өгдөг юм. Нэгэн удаа хичээлээ давтаж суугаад надад тригонометрийн үндсэн адилтгалыг хэлдэг юм. Үндсэн адилтгалыг үгүйсгэх гэж шаралхаж суугаад ойлгож авснаас хойш хичээлдээ дур сонирхолтой болж 10 дугаар ангиа Онц сайн дүнтэй төгссөн. Намайг ухааруулж, зөв залж чиглүүлсэн тэр охин одоо миний хань, миний “шар хүүхэн” маань шүү дээ.
28. Амалсандаа хүрдэг үү?
Хичээнэ ээ.
29. Таныг тодорхойлох ганц үг?
Нэг зангаараа.
30. Үнэн, худал хоёрын хооронд 4 хуруу зай байдаг гэх юм?
Нүд, чих хоёрын хооронд дөрвөн хуруу зай байдаг ч харсан болгон үнэн биш сонссон болгон худал биш.
31. Хүн өөдөөс чинь хараад улаан цайм худлаа яриад байвал та яадаг вэ?
Яахав дээ, ярьж л байг. Дараа нь ичихгүй л бол.
32. Таны бахархал?
Эцэг эх, гэр бүл
33. Ямар кино үздэг вэ?
Адал явдалт тал руугаа.
34. Шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?
Бодит бол авна аа. Цэргийн алба хаасан хүний чанар юм болов уу даа.
35. Эзэнгүй арал руу явах боллоо гэхэд хамгийн түрүүн ямар гурван зүйл авч явах вэ?
Нэгэнт сонголттой юм чинь тэр гурван зүйлийн нэг нь дэлхий өөрөө байж болох уу. За болохгүй бол нэгд намайг түших гэр бүл, хоёрт намайг дэмжих найз нөхөд, гуравт намайг хурцлах найз нөхөд. Эзэнгүй арлыг эзэнтэй, адал явдалтай болгоё л доо. Хүмүүс байгаа цагт юуг ч бүтээж юуг ч давж гарна. Ганцаараа юутай ч байгаад нэмэргүй.
36. Хайртай, уучлаарай, салъя гэсэн 3 үгийг хэлэхэд аль нь хэцүү вэ?
Мэдээж салъя.
37. Амьдралд тохиолдсон хэцүү үеэ яаж туулсан бэ?
Цаг хугацаа бүхний шалгуур шүү дээ. Нэг л өдөр бүх зүйл болоод өнгөрсөн байна. Тэгээд ч биднээс илүү бэрхшээлтэй хүнд хэцүү зүйлтэй учирч байгаа хүмүүс зөндөө л байна.
38. Таны эрхэлж буй ажил албаны босго хэр өндөр вэ?
Шинэ хуулиар төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн ангилал буюу хэлтэс, агентлагийн даргаар 4 жил ажилласан туршлагатай байх гээд олон заалт бий. Гэтэл амьдрал дээр төрийн захиргааны ажлаас гадна эрхзүйч, эдийн засагч цаашлаад инженер, багш, эмч бүүр сантехникийн мэдлэгтэй байх шаардлага тулгардаг. Тэгэхээр босго нэлээн өндөрт орно.
39. Санамсаргүй байдлаар нэлээн их хэмжээний мөнгө оллоо гэж бодоход юунд зарцуулах вэ?
Үхтэл үр харам. Үр хүүхэддээ л зориулна. Хүмүүс шиг гоё гоё зүйл хэлэхгүй ээ.
40. Таны уншсанаар хамгийн романтик дурлал?
Ярилцлагыг \"Дорнод зон\" сэтгүүлээс