ЭЭЖИЙНХЭЭ ДЭРГЭДЭЭС ХОЛДОЖ ХАНИЙНХАА НӨМӨРТ БАГТСАН

2019 оны 5-р сарын 31 өдөр
 \"\"-“Дорнод зон” олныхоо урилгыг хүлээж авсан Танд талархлаа илэрхийлье.
-Дорнод зоноороо нэрийдсэн, амьдралын гэрэл гэгээтэй талыг харуулдаг энэ сайхан сэтгүүлийн хүндтэй буланд урьсанд баяртай байна. Мартын өмнөхөн ярилцаж байгаа болохоор Дорнод нутгийнхаа сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүгдийн гоо үзэсгэлэн, цэцэн ухаан үргэлж гийж, үйлс бүхэн нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
- Билгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа эхэлж байгаад би ч бас баяртай байна.
-Өдөржин гүйж ажил төрлөө амжуулчихаад тухтайхан ярилцъя юу гээд чамайг зориод ирлээ.
-Бидний хувьд хоёр нийгмийн зааг үеийнхэн. Нийгмийн бужигнаанд хөлөө олох гэж бүгд л тэр үед эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн. Өөрийн тань хувьд төрийн байгууллагаас хувийн хэвшилд шууд хөл тавьсан түүх харагддаг.
- Би 1986 онд сургуулиа төгсөөд нөхрөө дагаад Дорнод аймагт ирсэн хүн шүү дээ. Яг тэр үе нийгмийн өөрчлөлтийн үетэй давхцдаг ч гурван жил хэртэй хоёулаа мэргэжлээрээ ажиллаж, нөхөр маань 10 жилийн нэгдүгээр сургуульд хими, биологийн багшаар, би Эвлэлийн Төв Хорооны томилолттой ирж аймгийн ХЗЭ-ийн хороонд ажилд орж байлаа. Тэр үед намын бодлогоор аль ч салбарт боловсон хүчнийг маш сайн бэлтгэдэг, сургадаг, мэргэшүүлдэг, хүмүүсээ чадавхижуулдаг байсан. Тэр жишгээр ажиллаад удаагүй байхдаа би Улс төрийн боловсролын академид мэргэжил дээшлүүлэх жилийн курст явж байлаа. Бодвол ажлын шалгуур үзүүлэлтийг харсан л байх. Эргээд бодоход тэр нь төрийн маш том зөв бодлого байсан санагддаг. Миний хувьд 1986-2003 он хүртэл төрд ажилласан.
-Эвлэлийн байгууллагаас Цагдаа руу орсон уу?
- Германд нэг жил суралцаад улс төрийн боловсролоо дээшлүүлээд ирсэн чинь Монголд ерэн оны ардчилсан хувьсгал өрнөж, нийгэм орвонгоороо эргээд Эвлэлийн байгууллага татан буугдчихсан, Пионерийн байгууллага “Хүүхдийн төлөө төв” нэртэй болчихсон байсан л даа. Тэгээд хүүхдийн байгууллагад 3 жил хэртэй ажилласан. Тэр үед олон нийтийн байгууллага байтугай үйлдвэр аж ахуйн олон том газар зах зээлийн шуурганд ширвэгдэж эхэлсэн. Манай байгууллага гэхэд бүтэн жилээр цалингаа тавьж чадахгүйд хүрч, эвлэлээс өрх тусгаарлахдаа өмч болгон авсан хивс дороож, хэдэн сандал ширээхнээ зарж борлуулж цалингаа тавьж, сүүлдээ Хажидсүрэн дарга маань бүр цөхөрч “алийн болгон та нарыг цалингүй ажиллуулах вэ дээ, боломжийн ажил төрөл олдвол миний хувьд татгалзах юмгүй шүү” гэдгээ хэлсэн л дээ. Тэгээд зарын дагуу Цагдаагийн байгууллагад ажилд орсон маань санамсаргүй гэнэтийн тохиол болсон.
\"\"-Цагдаагийн дүрэмт хувцастай, мөрдөс зүүсэн залуухан жавхалзсан бүсгүй явсныг тань би мэдэх юм?
-Нэгэнт удирдлагаас тийм боломжийг бидэнд олгосон болохоор хүн бүр дор бүрнээ л ажил эрэлхийлж байсан байх. Цагдаагийн байгууллагад боловсон хүчний ажилтан шалгаруулж авна, багшийн мэргэжилтэй, бичиг үсгийн өндөр чадвартай, төрд ажилласан туршлагатай гэхчлэн тодорхой шалгуур заасан нь тохирох юм шиг санагдаад очоод уулзсан нь шууд л тэнцсэн. Тэгээд цагдаад 3 жил хэртэй боловсон хүчнээр ажиллаж байгаад Паспортын хэлтэст шилжиж, нэг хэсэг “паспортын Сараа” нэртэй явсан ш тэ. Цагдаад ажиллаж байх хугацаандаа хуулийн мэргэжил дээшлүүлэх шалгалт шүүлгийг нь өгч ахлах дэслэгч цолтой Цагдаагийн жинхэнэ ажилтан болсон. Тэгж байтал 2000 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Иргэний бүртгэлийн ажил аймгийн Захиргааны хуулийн хэлтсийн мэдэлд шилжин ирсэн.
-Хүн гэдэг тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг хойно бидний яриа тун сонирхолтой өрнөж байна.
-Тэгээд 2000 онд улс даяар Иргэний үнэмлэх солилт эхлэхэд энэ ажлыг би яг гардан гүйцэтгэж голлох үүрэгтэй оролцсон. Үнэхээрийн нүсэр ажил байсан. Энэ их ажлын хажуугаар ар гэрийн ажлаа ч бас амжуулна. Үдийн ундны цагаар манайхан энд ч хоолны шинэ газар, тэнд ч хоолны шинэ газар нээгдэж гээд гарч одно, би чимээгүйхэн байж байгаад гүйхээрээ очиж хувийн дэлгүүрийн ажлаа цэгцлэчихээд гэрээс ажил хүрэх зам зуураа ходоодондоо жаахан юм хийчихээд явж байсан өдөр хоногууд олон.
-Эргээд бодоход тэр үе хүмүүст амьдрах бололцоо боломжийг олгосон “сорилтын” үе байсан санагддаг. Амьдралаа авч явахын төлөө хүн бүр хичээж, хөлөө олох нь олж, зарим нь ч хөл алдсан л байх?
-Тийм ш тэ. Тэр үед нөхөр маань багшийн ажлаасаа хөндийрч бусдын жишгээр хойшоо Орос руу наймаанд явж эхэлсэн. Олж ирсэн бараагаа зах дээр аваачиж хүнд өгч заруулна. Барааг нь тоолж, боож баглаж өгөхөөс эхлээд миний ажил мундахгүй. Оросоос авчирсан барааг бөөний үнээр авдаг хэд гурван хүн байсны нэг нь одоогийн “Өгөөж нарлаг тал” ХХК-ийн эзэн Чулуунханд байна. Тэдэнд ширхэгчлэн тоолж өгнө, хар данс хөтөлнө. Тэгж байтал удалгүй байшингийн булан тохойд ТҮЦ бий болж, тэр нь өргөжиж “Тохиролцооны дэлгүүр” нэртэй болсноор анхны хувийн дэлгүүрүүдийн үүд хаалга нээгдэж эхэлсэн.
-Борви бохисхийх завгүй хөдөлмөрлөсөн тэр үе залуу насны хамгийн дурсамжтай үе байх шүү?
-Нэг удаа нөхрийгөө Орос руу бараандаа явчихсан хойгуур ерөөсөө өөрсдөө дэлгүүртэй болоё гэдэг санаа гэнэт төрж манайх 12-р байрны гурван давхарт хоёр өрөө байранд амьдардаг байлаа. Өөрийнхөө байрыг 19-р байрны нэгдүгээр давхрын 3 өрөөтэй айлтай үнийн зөрүүг тохиролцон сольж, баруун талаас нь хаалга үүд гарган наад өрөөг нь дэлгүүр болгоод цаад 2 өрөөнд нь амьдарч эхэлсэн. Нөхрийгөө наймаанд явсан хойгуур би дур мэдэн шийдсэн хэрэг. Манай Дорнодынхон чинь эрт үеэсээ оросуудтай амьдарч оросын бараа таваар гэдэг бидний хувьд хэрэглээ болсон байсан. Гэтэл гэнэтхэн нэг өдөр оросууд нутаг буцаж орос бараа үгүйлэгдэж байсан тэр орон зайг мэдэрч, дэлгүүртээ дан орос бараа татах болсон. Орос бараа чанартай, амттай, аюулгүй, цэвэр үзэмжтэй их гоё шүү дээ.
-Тэгээд л хувийн дэлгүүрийн эзэн болчихов уу?
-Хувийн наймаагаа эхэлсэн ч төрийн ажлаасаа шууд хөндийрч чадахгүй, хоёул хоёулаа ажилгүй болчихож байгаа юм шиг санагдаад сэтгэл зүйн талаас бэлэн биш байсан. Ажлынхаа завсар чөлөөгөөр бүхнийг амжуулаад гурван жил хэртэй явсан. Нөхөр болохоор Оросоос бараагаа татаж авчирна, түүнийгээ дэлгүүртээ зарж борлуулаад сууна гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй, наад зах нь авьяас чадвар дутна. Сүхбаатар аймгийн нэг охиныг худалдагчаар авч ажиллуулсан нь тун чамбай сүрхий хүүхэд таарч, бүхнийг түүнд даатгаад хажууд нь хамжилцаад дэлгүүрээ нээснээс хойш 3 жилийн дараа төрийн ажлаасаа гарч дэлгүүртээ ажиллаж эхэлсэн.
                                                                                                                  Үргэлжлэлийг \"Дорнод зон\" сэтгүүлээс \"\"
  • Отгонтуяа
  • 636
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313