“ДУГААР ТЭГ” романыг унших шалтгаан

2019 оны 5-р сарын 31 өдөр
 Лувсандоржийн Өлзийтөгс хэмээх цахим хуудаснаас албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв 
\"\".. Авлига бүрэн хүлээн зөвшөөрөгджээ. Парламентад мафийнхан шигджээ. Шоронд бол, зөвхөн халаасны хулгайчид л сууж, харин яамдад татвараас бултагсад нь заларч байдаг болж дээ. Манай улсад ёс журамтай хүмүүс нь БИ БИ СИ-д итгэдэггүйгээр барахгүй, иймэрхүү нэвтрүүлгүүдийг үздэг ч үгүй, харин зурагтын ид оргил цагаар цацдаг теле худалдаа, зар сурталчилгаа мэтийн хог новш ширтэж, ийм учраас л сонгууль болохоор адгийн шаарнуудад саналаа өгцгөөдөг юм. Цаашид ч тэгнэ...Энэ бол ДУГААР ТЭГ романы төгсгөлөөсөө хоёр дахь хуудасны мөрүүд. Танил байгаа биз?
Италийн зохиолч, семиотикч, урлагийн онолч, эсээч, постмодерн романы “эцэг” Умберто Экогийн нэгэн “хэцүү” роман монгол хэлээр ийн хэвлэгдээд удаагүй байна. Орчуулагч нь Пүрэвийн ЭНХТУЯА. Хэвлэн нийтлэгч нь ЧҮНДЖ хэвлэлийн газар. Экогийн роман монгол хэлнээ буусан анхны тохиолдол. Хэр баргийн орчуулагч зүрхлэн барьж авахааргүй хүндхэн агуулгатай, хэт өргөн сэдэвт романыг зориглон сонгож, ойлгомжтой сайхан хөрвүүлсэн Энхтуяадаа баяр хүргэж, талархая.
Номоос ахин эш татвал:
Сэтгүүлчид хоорондоо ярьж байна:
“Хэн нэгэн улс төрч хэдэн жилийн өмнө хурдны зам дээр хурд хэтрүүлсний улмаас торгуулсан тухай мэдээтэй сонины хайчилбар байна гэж үзье. Хажууд нь, тэр улс төрч өнгөрсөн зун залуу скаутуудын зуслан дээр очсон тухай хайчилбар бас наачихна. Мөн баяр наадам, бүжиг үдэшлэг дээр цугларсан олны дунд мэлтийж байгаа нэг зургийг нь тавиад эвлүүлчихнэ. Ингээд л… Танхай этгээд, үймээн самуун дэгдээгч, биеэ үнэлэгчдийн байраар сэлгүүцэгч, дээр нь бүр хөвгүүд сонирхдог гаж донтон ч байж магадгүйг итгэлтэй зарлачихаж болохоор байна шүү дээ. Энд худал хуурмаг ганц үг ч хавчуулаагүй…, үүнд л манай “хавтаст хэргийн” хүчин чадал оршино. Тэрхүү хавтаст хэрэг дотор ямар нэгэн маш чухал баримт байгаа тухай өнөөх улс төрчийн сонорт хүргэчихнэ. Мань нөхөр юу болохыг тааж чадахгүй ч ямар нэгэн гэмээ санаж л таарна, өөгүй хүн энэ ертөнцөд үгүй. Тэгээд л бэмбэгнэж өгнө дөө. Бид ч болзлоо тулгаж, тэрбугай ч дуулгавартай нь аргагүй хүлцэн, хүлээж авахаас өөр аргагүй болно гэсэн үг… Хэвлэлийн салбарт улс төрийг ингэж л хийдэг юм даа….
Иймэрхүү маягаар Ноён Коммендатор өөрийнхөө дургүй хүнийг номхруулж байх хөшүүрэгтэй болохоос лав татгалзахгүй байлгүй дээ.”
Коммендатор гэдэг нь уг сониныг үүсгэн байгуулж, хөрөнгөөр тэтгэж буй нууц ноёнтон юм. ЭЗЭН-дээ таалагдахын тулд шар сэтгүүлчид ийм арга заль сэдэж байна. Мэргэжлийн сэтгүүл зүй хэрэв бизнесчид, улс төрчдийн гарт орвол ямар хор уршигтайг энэ хэсгээс л гэхэд тод харж болохоор. Бас…
Монголын нийгмийг өнөөдөр сүүдэр мэт бүрхээд буй хар цуурхал, тулга тойрсон хов жив, шүүлтүүргүй мэдээ мэдээллийн балаг, уншсан, сонссон бүхэндээ итгэн хөөрцөглөгчдийн гэнэн байдал, ухамсар сэхээгүй “амьтанлаг” байдал… Фэйсбүүкийн хуурамч аккаунт хаягуудын ард яг л энэ номын зарим баатар сууж байгааг та ДУГААР ТЭГ-ээс олж харах болно.
Экогийн зохиол гэхдээ хэзээ ч өргөн олон нийтэд зориулагддаггүй гэлцэнэ. Тэрээр хэтэрхий хүнд, том сэдвүүдийг сонгон авч, өргөн хүрээнд далайцтай сэтгэн, зарим уншигчид “залхуутай” ч санагдаж мэдэх хэлбэрээр бичнэ. Ромын папыг юм уу Ватиканыг илт шууд ёгтлонгоо шашны далд асуудлуудыг хөндөж, түүхэн дэх зарим явдлыг бичихдээ тухайн хэргийг нэгэнт мэдэх хүмүүсийг хүртэл цочирдтол, өөр өнцгөөс гаргалгаа хийх юм.
“ЗӨВХӨН МЭДЭЭГЭЭР СОНИН БЭЛТГЭЖ ГАРГАДАГ Ч ЮМ БИШ, СОНИНУУД ӨӨРСДӨӨ БАС МЭДЭЭ ЗОХИОДОГ ЮМ.”
“ГҮТГЭЛГИЙН БАС НЭГЭН САЙН ТАЛ НЬ НЯЦААХ ЯМАР Ч АРГА БАЙДАГГҮЙ” гэх мэт сэрдхийм үгсийг та энэ номоос унших болно.
Шар хэвлэлийнхний бохир заль, сэтгүүлчдийн хүн чанаргүйдэл, ПИ АР-ын хар сэтгэлгээний тухай ахин эргэн бодоход хүргэснээрээ миний хувьд энэ ном үнэ цэнтэй байлаа.

ҮЙЛ ЯВДАЛ Л ХӨӨЖ УНШДАГ уншигчид бол энэ ном “ойлгомжгүй” санагдаж мэднэ. Гэвч оюун санааны хувьд ахиж дэвшихийг хүсдэг уншигчийн хувьд
УМБЕРТО ЭКО бол ШАТ билээ.
  • Отгонтуяа
  • 437
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313