Эмэгтэй хүний сэтгэлийн гоо үзэсгэлэн амьдралыг илүү аз жаргалтай болгодог

2019 оны 5-р сарын 31 өдөр
 Дорнод аймгийн “Голомт” банкны захирал Лхажавын НАРАНГЭРЭЛ:

\"\"

Дорнодын бүсгүйчүүд дундаас урлаг соёл, улс төр, бизнесийн талбарт амжилт гаргаж нутгийнхаа нэрийн хуудас болж яваа олон сайхан хүүхнүүд бий. “Дорнод зон” сэтгүүл эдгээр сайхан бүсгүйчүүдийн тухай цувралыг уншигч та бүхэндээ хүргэсээр байгаа. Энэ удаад бид “Голомт” банкны Дорнод аймаг дахь салбарын захирал Л.Нарангэрэлийг та бүхэнтэй уулзуулж байна. Энэ гялалзсан, жавхаалаг эмэгтэйг хэн ч харсан таван хүүхдийн ээж, томоохон банкны захирал гэж төсөөлөхөөргүй, харин урлагийн хүн гэж бодмоор. Юутай ч олныг үл нуршин Л.Нарангэрэлийн ертөнцөөр аялцгаая.


...     - Таны ажлын нэг өдрийг зураглавал?
Миний ажлын өдөр бүр ямар ч завгүй өнгөрдөг. Өрөөгөөр хүн их орж гарна. Би бусдыг сайн сонсож, чин сэтгэлээсээ хандаж зөвлөхийг хичээдэг. Хүмүүс таньтай уулзахаар эрч хүчтэй боллоо, цэнэглэгдлээ л гэдэг. Би бүх юм бодлоос үүдэлтэй гэдэгт үнэхээр итгэдэг. Хүн зөв бодолтой, зөв үгтэй, зөв үйлдэлтэй л амьдрах ёстой. Тэгээд харилцаа. Харилцаанаас бүх зүйл шалтгаална. Би ямар ч хүнтэй яг ижил түвшинд чин үнэнээсээ л харилцдаг. Энэ миний зарчим, бас суурь хүмүүжил маань. Үүдэнд өндөг зараад зогсож байгаа эгчийг өрөөндөө урьж оруулаад амар мэндийг нь эрээд, амьдрал ахуй, ашиг орлогыг нь сонирхоход гаднаасаа ядруухан харагдах ч цаанаа үр хүүхдүүдээ их сургуульд сургасан, гэр бүл болгоод өрх тусгаарласан, байр орон сууц авч өгсөн гэх мэт асар их баялгийг бүтээсэн хүн байх жишээтэй.
Архи үнэртүүлсэн хүн манай банканд надтай таарвал би өрөөндөө оруулаад яагаад архи уув, хэдэн төгрөгөөр архи уув гээд санхүүтэй нь холбож, ар гэрийн аз жаргалтай нь холбоод яриа өрнүүлдэг юм. Архи уусан хүнд банк үйлчлэхгүй. Өөрийг нь санхүүгийн эрсдэлээс хамгаалж байгаа гэдгийг ойлгуулдаг. Хүнтэй хүний ёсоор харьцах ёстой. Гаднаасаа ганган сайхан хувцасласан ч дотор санаа нь өөдгүй хүмүүс танигддаг. Харин ажлын муухан хувцастай ч үнэн ариун сэтгэлтэй хүн үнэхээр гоё харагддаг.
- Өөрийн тань явуулдаг сургалт, гэр бүл, хүүхдүүд, сонирхол, хобби гээд асуух зүйл мөн ч их байна даа.
Өнөөдөр зав гаргасан юм чинь асуух юмаа асуу л даа.
- “Санхүүгийн боловсрол” олгох сургалтаас эхлэх үү?
Хүмүүст санхүүгийн боловсрол ямар их хэрэгтэй байгааг банканд ажиллаж эхэлсэн үеэсээ л мэдэрсэн гэхэд болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам санхүүгийн боловсролоос л эхэлнэ шүү дээ. Энэ тухай багагүй зүйл уншиж судалж, илтгэл бэлтгэж нутагтаа нэлээд хүмүүст санхүүгийн сургалт орсон. 2015 онд манай Ө.Ганзориг захирал гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байхдаа наран ургах зүг хэмээн бэлэгшээж манай салбарын 10 жилийн ойн баяраар Дорнодод ирж ажилласан юм. Ойн арга хэмжээнд оролцогчдод би “Санхүүгийн боловсрол” илтгэлээ тавилаа. Ганзориг захирал ихэд тоож та зөвхөн “Голомт” банканд биш Монгол хүн бүхэнд хэрэгтэй илтгэл тавилаа. Таныг ер нь “од” болгоно. Илтгэлийг тань Улаанбаатарт очиж тавиулна гэсэн л дээ. Тэгээд хотод очиж үзэгчгүй танхимд сургалтаа хийж бичлэг болгосон чинь нэг л санаанд хүрээгүй. Үзэгчидтэй хийе гэж санал тавиад дахин Улаанбаатарт очиж ШУТИС-ийн оюутнуудад үзэгчидтэй сургалтаа хийсэн бичлэг маань одоо ч гэсэн Edu.golomtbank.com сайтад байгаа. Дараа нь банкныхаа ерөнхий захиралтай хамт Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Хуримтлал ба иргэдийн оролцоо” үндэсний чуулганд илтгэл тавьсан юм байна. Ер нь 2009 оноос хойш 12000 гаруй хүнд “Санхүүгийн боловсрол” олгох сургалтаа хүргэсэн байна лээ. Хүмүүс ч их сонирхож ач холбогдлыг нь мэдэрч таны сургалтаас санаа авч, мэдлэг олж хуримтлалтай болсон, санхүүгийн хувьд бие даасан, баярлалаа гэж хэлцгээдэг юм.
\"\"- Та таван хүүхдийн ээж хүн. Бас банкны захирал. Энэ их ажлын хажуугаар 12000 хүнд сургалт явуулсан байна. Хэдийд, яаж амжуулдаг байна аа?
Сэтгэл, зүтгэл байхад амжуулна шүү дээ. Цаг бол маш үнэтэй. Цагаа зөв төлөвлөж амьдралынхаа алхам бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр тооцож явах юм бол хүн аугаа их боломжийг өөртөө агуулдаг гэж би боддог. Эмэгтэй хүнд бурхан илүү их ачаа даах, тэвчээр заах хүч чадал, ухаан, өнгө үзэмжийг хайрласан болов уу. Цаг хугацаа хомсхон санагддагийг нуухгүй. Тэгээд ч хийх ёстойгоо хийж хайр, итгэлээр дүүрэн явахад цаг бас амархан өнгөрдөг. Манай хүүхдүүд хоорондоо насны хол зайтай төрсөн л дөө. Энэ ч бас манай гэр бүлийн нэг менежмент гэх үү дээ. Нэг нь гараас гарч өөрийгөө хянахтай болсон хойно дүүг нь тэврүүлэх хэрэгтэй гэж боддог юм. Адаглаад дүүгээ шоглоод байхгүй, атаархаад ээжийгээ булаалдаад байхгүй, харин ч дүүгээ энхрийлээд хөөрхөн байдаг юм. Манай бага хүү одоо ойндоо хүрэх гэж байна. Орой ажлаас тараад гэртээ ирэхэд хөөрхөн үрсээ хараад бөөн аз жаргалд умбана шүү дээ. Хүнд үр хүүхдээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Тэгээд хэдэн хүүхдийнхээ ирээдүйн төлөө яваа гэж бодохоор хамаг л ядаргаа зүдэргээ хийссэн мэт алга болдог. Өвдөх, үхэх эрх ч байхгүй мэт санагддаг. Хүн бүхэн л тэгдэг байх даа.\"\"- Танай гэр бүлийн хүнийг зав чөлөө муутай, олны ажилд дараастай явдгийг нь муухан мэдэх юм байна. Нөхөр нь хуульч хүн бил үү?
Манай нөхөр Б.Хүрэлсүх хуульч мэргэжилтэй, өмгөөллийн “Шийдэл консалтинг” ХХН-ийг үүсгэн байгуулж өмгөөлөгчөөр ажилладаг. Чингисийн хар сүлдийг манаж, тахиж явсан удмын хүү юм. Манай хүн цагдаагийн эдийн засгийн төлөөлөгч,тасгийн дарга, татварын хуулийн зөвлөх, аймгийн Хуулийн хэлтсийн дарга, Чойбалсан хотын орлогч зэрэг орон нутгийн хариуцлагатай ажил хийж явсан Дорнод нутгийн залуу. Монголд анх удаа Тахарын алба байгуулагдахад Зүүн бүсийн Тахарын тойргийн даргаар томилогдон ажиллаж байсан бэлтгэл хурандаа хүн. Энэ жил гурав дахь сургуулиа дүүргэж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын үед 9-р ангид байхдаа “Ардчилал” сонин тараагаад гүйж явсан хүүхэд байсан гэдэг юм. Улс төрчдөөс илүүтэй утга зохиолын анд нөхөд олонтой, яруу найрагт сэтгэлтэй, тулхтай, түшигтэй эр хүн бол миний хань байгаа юм. Би ч гэсэн Хүрлээгээ дагаад яруу найрагч, зохиолчидтой их ойр дотно болж нөхөрлөсөн хүн. Сод яруу найрагч Т.Содномнамжил агсан, найрагч Б.Тайван, одоо МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай гээд олон яруу найрагчид хот хөдөөгүй л манайд ирцгээж би юу байгаагаараа дайлж цайлж хонон өнжин саатацгааж сайхан андууд, ахан дүүс болоод явж байна. Эрээнцавын эвдрээгүй их найрагч Данзангийн Нямсүрэн ахыг манайхан гэр бүлээрээ хүндэлж биширч явдаг айл. Д.Нямсүрэн ах маань миний ханьд хайртай, 2 сэлмээ бэлэглэж хариуд нь манай хүн гар буу, винтов буугаа дурсгаж явсан дотно ах дүү хоёр. Олон сайхан дүү нарынх нь нэг, бараг комиссар нь шахуу явсан гэдэг. Хүрлээ маань 2009 онд найрагч ахынхаа гэрэлт хөшөөг нь Эрээнцав нутагт нь босгуулж ахан дүүгийн нандин сэтгэлээ илэрхийлж дээлтэй ахаа санан дурсаж явдаг нэгэн. Д.Нямсүрэн ахын надад зориулж бичсэн “Нарангэрэл” гэдэг шүлэг “Миний шүлгийн хүүхнүүд” номонд нь бий. Бид хэд гэр бүлээрээ Д.Нямсүрэн ахынд очоод амарч байх цагт Д.Нямсүрэн ах дүүдээ нэг шүлэг бичиж өгнө гэж хэлээд бичиж өгсөн шүлэг. Азтай байгаа биз. Аа тийм мартах гэж байна. Манай хань чинь бас шүлэгтэй. Анд Т.Содномнамжилынх нь бичиж өгсөн “Эх орон” гэж хачин гоё шүлэг байдаг юм. Та нар сонссон ч байж магадгүй. Хүрлээ сэтгэл нь хөдлөхөөрөө тэр шүлгээ уншиж сайхан андаа дурсахын гуниг, харуусалд автан суухыг нь харах өрөвдмөөр байдаг юм. Эрчүүдийн сайхан нөхөрлөл хүүхнүүд биднийг хаврын их ус шиг хамаад хөвүүлээд аваад явчих юм байна шүү дээ.
- Тэр ч тийм л дээ. Ээж аавынхаа тухай энэ ярилцлагын эхэнд л товч дурссан. Хүүхдүүдийнхээ талаар хамгийн бага нь нэг ойтой гэхээс өөр юм дуугарсангүй.
Миний ээж их нямбай, бас хатуу чанд хүн байгаа юм. Дөнгөж сургууль төгсөөд ирчихсэн ажилд ороод удаагүй байсан үе. Нэг өдөр ээж минь за хоёулаа тооцоо нийлнээ гэж байна. Юун тооцоо гэж бодтол нэг дэвтэр гаргаж ирээд жирийтэл бичсэн тоо харуулж чамайг сургууль төгсгөж хоолонд залгуулах гэж аав ээж 2 нь ийм их мөнгө зарцуулсан байна. Чи хариуг нь барьж одоо өрөө төл гэж хэлдэг юм. Үнэн юм чинь яалтай билээ. Аав ээжийн ачлал, буяныг санаж хүний гар харахааргүй, тэнхлүүн, хангалуун байлгахыг хэрэндээ л хичээж явна. Аав ээж 2 минь дажгүй ээ. Одоогоор Улаанбаатарт амьдарч байгаа. Манай хүүхдүүдийн том нь их сургуулиа төгссөн. Хоёр ч оюутантай. Хоёр бага маань сургууль, цэцэрлэгийн албатай. Эмээ өвөөгийн хараа хяналт, хайр халамжинд умбасан ач зээ нар ч тэр хавьд нэгээр тогтохгүй бий.
- Ээж болж анхны хүүхдээ төрүүлсэн дурсамж мэдээж мартагдаагүй биз ээ?...
                                                                                                                      ярилцлагыг \"Дорнод зон\" сэтгүүлээс \"\"

  • Отгонтуяа
  • 1823
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313