“ЯАРАЛГҮЙ” ТУСЛАМЖИЙН ТАСАГТ

2019 оны 4-р сарын 26 өдөр

\"\"

Гуравдугаар сарын 15-ны өдөр. “Дорнод” сонины редакцид ажил өрнөдгөөрөө өрнөнө. Үд нэлээн хэвийх үест “Дорнод зон” сэтгүүлийн ярилцлага авахаар явсан сэтгүүлч маань хөл дээрээ тогтож ядан орж ирэв. Толгой маналзаад, дотор эвгүйрхээд гэсээр арайхийн орж ирээд буйдан дээр хэвтээд өгсөн. Урьд нь ингэж байгаагүйболохоор жаахан амарчихвал зүгээр болчихно гэж бодсон хэрэг л дээ. Өчигдрөөс даралт нь ихэсч, даралтны эм уусан юм байж. Даралтны эм уусан хэр нь даралт нь тогтворжихгүй байгааг сонсоод бид түргэн дуудахаар шийдлээ. Гэтэл түргэн тусламжийн машин бидний нэрлэж заншсанаар “танк” руу таталт өгсөн нярайн дуудлагад явчихсан, ирэхээр нь л очно доо гэв. Түргэн тусламжийнхан бидэнд анхан шатны заавар зөвлөгөө өгч, түргэний машин иртэл тайван байлгаж, толгойг нь өндөрлөж хэвтүүлэх, босгохгүй байх, аспирины төрлийн эм байвал уулгаж байхыг зөвлөв. Энэ нь цус харвалтаас сэргийлдэг гэнэ. Тэгж байтал сэтгүүлч маань дотор давчдаад гээд гэнэт босоод ирэх нь тэр. Босож ирэхтэй нь зэрэгцээд гар нь татаж, амьсгал нь давхцав. Харвалт өгч болзошгүй нөхцөл байдалд бид удаан хүлээж тэвдэлгүй, яаралтай тусламжийн тасаг руу өөрсдөө очихоор шийдсэн.

Биднийг очиход 16 цаг дөнгөж өнгөрч байв. Яг ээлж солигдох үе. Дөнгөж ортол эмч нь яасан хүн билээ гэхэд нь “Бие нь эвгүйрхээд ухаан алдахаа шахсан” гэхэд “Яг тэгээд ухаан алдсан юм уу” гэж тавлав. Тэгснээ наанаа сууж бай гээд нэг хэсэг хүлээлгэсэн. “Харвачих вий” гэсэн айдастай бидэнд нэг хормын өмнө ч гэсэн үзүүлчих юм сан гэсэн тэвдэл, сандрал зэрэгцэн байсныг нуух юун. Төд удалгүй эмч “Дотрын эмчийг дуудаад энэ хүнийг үзүүл” гэж сувилагчдаа хэлж байгаа сонсогдсон. Хэсэг удсаны дараагаар эмч нь босоод ирэхээр одоо л үзэх гэж байна даа гэж бодтол гараад явчих нь тэр. Бид хүлээж ядахдаа “Эмч нь ирж байна уу, хэзээ үзэх вэ” гэж асуутал сувилагч нь “Бид эхлээд амин үзүүлэлтийг нь хянана. Тэгсний дараагаар эмч дуудах эсэхээ шийднэ” гэв. Тийм л учиртай юм байх гээд бас л хүлээлээ. Хүлээж, хүлээж аргаа барахдаа “Яасан бэ, үзэх болоогүй юу” гэтэл “Та нар ер нь яах гээд байгаа юм бэ” гээд сувилагчид нь загнуулах нь тэр. Яаралтай тусламжийн тасаг гэдэг цаг хугацаатай уралдаж, шаардлагатай үед өвчтнийг нарийн мэргэжлийн эмч рүү түргэн, шуурхай дамжуулж, хурдан шаламгай ажиллах ёстой биз дээ. Тиймийн учир л “яаралтай” тасаг гэж нэрлэдэг баймаар юм. Гэтэл биднийг очсоноос 15 минутын дараа амин үзүүлэлтүүдийг нь шалгаж, орон дээр хэвтүүлсэн. Үзэх эмч нь цагийн дараа ирсэн. Яг ээлж солигдох үес таарсныг мэдэж байсан ч арай л ийм “яаралгүй” хандаж болмооргүй санагдана. Тэнд “би дотрын эмч нь бишээ. Өөр тасгийн эмч, хамааралтай л өвчтөнөө үздэг юм. Танай хүнийг дотрын тасгийн эмч ирж үзнэ” гээд үйлчлүүлж байгаа хүнд тайлбарлаад өгөх эмч , сувилагч хэн ч алга. Яасан, байж бай,хүлээж бай, болоогүй байна, эмч нь ирээгүй гэж зандрах л хүмүүс олон юм.

Биднийг түргэн тусламжийн тасагт очиход осолд орсон юм уу нэг хүү орон дээр хэвтэж байсныг санаж байна. Төд удалгүй л дээшээ мэс заслын тасаг руу явуулна гээд орон дээр хэвтүүлээд гаргаж байгаа харагдсан. Дараахан нь мэс заслын тасгийн эмч үзээд“Манайтай хамааралгүй” гээд “Яаралтай тусламжийн тасаг”-т нь үлдээсэн. Тэгж хэд хэдэн эмч үзсэний эцэст хүүгийн бие улам л муудажам хамарт нь эмнэлгийн төхөөрөмж залгахад хүрлээ. Тэр болтол эмч нар ёо гэж орилох хүүг “дуугай бай яагаад байгаа юм , чамайг яаж үзэх юм” гэж загнах. Яаралтай тусламжийн тасаг ийм байж болох уу, та минь!!!

  • Отгонтуяа
  • 530
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313