Дорнод аймгийн Улаан загалмайн хороо ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд нүдний болор суулгах “Гэгээн зам” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 56 иргэний нүдний болор солих хагалгаа ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл хотод 3 өдрийн турш үргэлжиллээ. Нэг хүнд 15-20 минутын турш хагалгаа хийгдэж нэг өдөр гам барин хэвтрийн дэглэм сахиснаар дараагийн үзлэгт орж хараа дээшилсэн эсэхээ шалгуулснаар тухайн өвчтөний эмчилгээ дуусна. Хагалгаанд орсон иргэдийн нүдний боолтыг авах төслийн албан ёсны нээлт 4-р сарын 11-ний өдөр болсон юм. Нээлтийн ёслолд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шиао Линь, Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Ван Пан, Эрүүл Мэндийн Яамны холбогдох албан тушаалтнууд болон Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд зэрэг албаны төлөөлөгчид оролцлоо. Харааны бэрхшээлтэй болсон олон арван иргэдэд ертөнцийг харах гэрэл гэгээ бэлэглэж байгаа энэхүү хүмүүнлэгийн үйлс нь 5 жилийн хугацаанд үргэлжилнэ. Төслийн нээлтийн ажиллагаанд оролцсон төлөөлөгчид Алтан-Эмээл хошууны Улаан загалмайн хороо болон “Гэгээн зам” төслийн хэрэгжилт үйл явцтай танилцав. Уг төслөөр таван жилийн хугацаанд нүдний болрын цайралттай 500 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийхээр төлөвлөж байна.