М.Пүрэвжав: Хамгийн жижиг нь л гэхэд 1.4 мм хэмжээтэй морь бий

2019 оны 3-р сарын 20 өдөр
 \"\"
\"Дорнод зон\" сэтгүүлийн 2018 оны I дүгээр улирлаас

Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн технологийн багш Мягмарын Пүрэвжавыг Дорнодынхон андахгүй ээ. Түүний сийлбэр, тэр дундаа бичил сийлбэр нь аймагт төдийгүй Монгол улсад дээгүүр үнэлэгдэх ховор нандин бүтээл. Түүний энэ ховор “Хобби”-г сэтгүүлдээ урихгүй байж яахан болох. Ийн бодсоор түүн рүү утас цохьсон нь “Аймгийн төрөлжсөн олимпиадад сурагчдаа бэлтгээд тун завгүй байна. Дараа 7 хоногт уулзья” гэв. Болзсон цагтаа түүнтэй уулзаж, урланд нь өдрийн хугас саатлаа.

- Аймгийн төрөлжсөн олимпиадад бэлтгээд завгүй яваа сураг дуулдсан. Хэр амжилт үзүүлэв?

- Шавь нар маань техникийн төрөлд бүгдэд ньтүрүүллээ. Ийм сайхан мэдээтэйгээр танай сэтгүүлийн уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Хүүхдүүд өөрсдөө усан завь, нисэх онгоц, машин бүтээж түүнийгээ уралдуулдаг юм. Би харин багшнарын олимпиадаасаа хоцорчихсоон.

- Улсын олимпиадаас технологийн багшийн төрөлд аймгаас анх удаа алтан медаль хүртсэн хүн та шүү дээ?

- Ер нь улсын олимпиадын технологийн төрөлд ур чадвараараа хөдөө орон нутгийнхан илүүрхдэг. Харин илтгэл, онол гээд хамтатгаж дүгнэхээр байр ухардаг талтай. Миний хувьд 2013 онд улсын уралдаанд ур чадвараараа хамгийн өндөр оноо авч түрүүлсэн. Аймагтаа бол 7 удаа түрүүлчихээд байна.

- Таны гарын эв дүй, ур чадвар өвөөгөөсөө өвлөсөн гэдэг байх аа?

- Өвөө минь мужаан хүн, аав ч бас гэрийнхээ эд хэрэглэлийг хийчихдэг хүн байсан. Би бага ангид байхаасаа дажгүй зурчихна, өвөөгөө дагаад модон сандал гэхчилэн жижиг сажиг зүйлийг хийчихдэг хүүхэд байсан юм. Тэр үед дугуйлан секц гэж байсангүй. Сонирхлоороо л зурна. Дүрслэх урлагийн багшаасаа их ч зүйл сурсан даа. Харин дунд ангид ороод технологийн Таавай багшаараа заалгаж олон эд хэрэглэл хийсэн. Хожим нь гарын дүйгээрээ хоолоо олж идэх, амин зуулгаа залгуулах тийм л хэрэгтэй юм заадаг мундаг багш байсан.

\"\"

- Анхны бие даасан бүтээл чинь юу байв?

- Хамгийн анх еэвэнгийн хэв хийж байсан. Бас хусуур сойз хийж бага сага орлого олдог байлаа. Намайг сурагч байхад 90-ээд оны зах зээлийн ороо бусгаа үе таарсан юм. Тэр үед хүмүүс сургууль соёл гэхээсээ илүү яаж амьжиргаагаа залгуулах вэ гэж бодож, эрвийх дэрвийхээрээ хөдөлж байсан үе шүү дээ. Дунд сургуулиа төгсөөд л хөдөө мал маллаж эхэлсэн. Ахтайгаа хамт байшингийн торх, төмөр замын дэр мод хийж аав ээждээ тус дэм болно. Ах бид хоёрын хийж байсан тавилга, хувцасны шүүгээ одоо ч хэрэглэгддэг.

- Мал маллаж байсан хүн гэнэт яагаад багш болохоор шийдэв. Тэр үед энэ шийдвэрийг гаргаагүй бол бид ингээд ярилцаад суухгүй л байсан болов уу?

- Хоёр жил гаруй хөдөө мал малласан юм. Хүнд “зарцлагдаад” байх шиг санагдсан юм болов уу даа. Багаасаа ажил төрөл хийж амтыг нь мэдэрсэн хүүхдүүд чинь хичээл сургууль гэхээсээ ажил хийхийг илүүтэйд үзнэ. Тийм болохоор хичээлийн хоцрогдол ихтэй. Түүнээсээ болоод өөрийгөө голж конкурс өгөлгүй явсаар нэг зориглоод өгсөн нь тэнцчихсэн. Тэгээд л Дорнод Монголын дээд сургууль буюу багшийн коллежийг Дүрслэх урлаг, технологийн багшаар төгссөн. Сонирхолтой дуртай зүйлдээ л хүн илүү чадварждаг гэж боддог шүү. Анх нэг бүтээл хийчихээд л хүн бүхэнд харуулаад ямар болж вэ гээд л тэврээд гүйдэг байлаа. Одоо бол хийдэг ажил гэсэн шиг додигор суудаг болж.

\"\"

- Бичил сийлбэрийг хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?

- 2004 оноос бичил сийлбэр хийж эхэлсэн. Богд хаанд улаанбуудайн дээр сийлсэн яст мэлхий бэлэглэж байсан, 1 см талбай дотор мянган заан багтаасан зэргийг түүхийн номноос олж уншаад бичил сийлбэр хийх санаа анх төрсөн. Тэгээд улаанбуудайн дээр яст мэлхий, заан сийлж, Дипломын ажлаа ч бичил сийлбэрээр хамгаалсан.

- Монголдоо хамгийн жижиг шатар бүтээж патент авч байсан санагдана?

- 2006 онд Оюуны өмчийн газарт хандаж “Монголын хамгийн жижиг шатар” бүтээсэн патент авсан. Миний хийсэн шатар бол яг Монгол шатар. Хүү нь 1.9 мм, бод нь 2.2 мм диаметртэй. Монгол ахуйг харуулсан шатар гэдгээрээ онцлог. Үхэр тэрэг, барс гэх мэт амьтад дүрслэсэн шатар бий.

\"\"

- Бичил сийлбэр гээд ярихлаар олон улсад гол төлөв харандаан дээр сийлдэг юм байна лээ. Харин модон дээр сийлсэн нь ховор байх?

- Харандааны сийлбэр янз бүрээрээ л байдаг. Харин модон дээр сийлсэнийг ер харж байгаагүй. Харандаа, мод хоёр дээр сийлэх арга нь өөр. Харандааг хусч сийлдэг болохоор нарийн дүр дүрслэл гарах боломжтой. Харин модыг бол хэрчиж тасалж хийнэ. Модон дээр бичил сийлбэр хийх нь харандаанаас илүү хүнд хэцүү. Сүүлийн үед нарийн технологиор пластик материалаар бичил сийлбэр хийдэг болсон байна лээ. Харин гар аргаар модон дээр бичил сийлбэр хийдэг хүн бараг байхгүй болов уу. Тэр ч утгаар ирэх 5 дугаар сард Манжуурт болох Дорнод аймгийн үзэсгэлэнд миний бүтээлийг дэлгэнэ гэсэн. Чойбалсан хотын 80 жилийн ойг тохиолдуулан Манжуур хотод үзэсгэлэн гаргах юм билээ.

- Модон сийлбэр ер нь Монгол арга ухаан байх тийм үү?

- Гадны улс орнуудад модон сийлбэр байдаг л даа. Харин битүү сийлбэрийн арга ухаан зөвхөнд Монголд л бий. Мод чинь амьтай зүйл шүү дээ. Хүнд судас гэж байдаг шиг модонд холтос, золом, долон, модлог гэж бий. Түүгээрээ үндэснээсээ шим тэжээл, усаа авна, фотосинтез явагдана. Модоор сийлбэр хийж байхад холтос золомны нүх таарах магадлалтай учраас модныхоо нягтыг сайн тооцоолж хийнэ. Сийлбэрийг ер нь нягт модоор хийвэл илүү нарийн ур хийц гарах боломжтой.

\"\"

- Улаанбуудай, зааны соёон дээр бичил сийлбэр хийж байсныг тань мэдэх юм. Өөр юун дээр сийлж байв?

- Навч, өндөг, улаанбуудай, мод, харандаа, зааны соёон дээр бичил сийлбэр хийсэн. Өндгөн дээрх сийлбэр Орост, навчных Хятадад элбэг.

- Урын санд нь хэдэн бүтээл байгаа вэ. Таны бүтээлээс Монгол ахуй нэвт харагдаж байна?

- Бичил сийлбэрийн бүтээл маань 40 хүрэх гэж байна. Хамгийн жижиг нь гэхэд 1.4 мм-тэй морь бий. “Буриадын их нүүдэл”, “Хотоог тэрэг”, тэмээ морь гээд л Монгол ахуй, аж байдлыг харуулсан бүтээл хийхийг зорьдог. Бид эх орныхоо ёс заншил, ард түмний ахуй амьдрал, аж байдлыг бүтээл туурвилдаа тусгаж, сурталчилж, хойч үедээ өвлүүлэх ёстой. Тэр ч утгаар олон ч удаа бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байлаа. Хүмүүс их гайхаж, сонирхож хүлээж авдаг. Буриад зон олны “Алтаргана” наадмын сийлбэрийн төрөлд 2014 онд түрүүлж байсан гээд амжилтууд их бий... 

\"\"
Үргэлжлэл бий...

  • Отгонтуяа
  • 2941
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313