XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон “Нохой” жилийн аймгийн 9 алдартан тодруулах санал асуулгад Дорнодчууд идэвхитэй оролцлоо. Нийтдээ 600 гаруй уншигч сонины хайчилбараа ирүүлсэн бол онлайн санал асуулгад 800 гаруй хүн оролцсон юм. Редакц, уншигчдын төлөөлөл багтсан 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс санал асуулгын дүнг нэгтгэн Шороон “Нохой” жилийн аймгийн алдартнаа тодрууллаа.
2018 онд ажил үйлсээрээ улс, аймагтаа манлайлсан алдартнуудаа танилцуулж байна.
“Итгэл-Ивээлт” эмнэлгийн Ерөнхий эмч Мөнхтамгын Мөнхбаатар
Дорнод нутгийнхаа зон олны эрүүл энхийн манаанд зүтгэж яваа Мөнхбаатар эмчид Дорнодчууд хамгийн их санал өгч, Нохой жилийн 9 алдартны нэгээр тодрууллаа. Шороон нохой жилд төр засаг түүнийг өндрөөр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан бол тал нутгийнхан нь түүнийг 9 алдартны нэг хэмээн өргөмжилж байна.
М.Мөнхбаатар эмч өнгөрсөн 10 жилийн хугацаанд 54 мянган хүнд эхо шинжилгээ хийж, есөн мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчлэн сувилснаар өвчтнүүдийн эдгэрэлт 95 хувь хүрчээ. Урьдчилан сэргийлэх үзлэгийг санаачлан зохион байгуулж, жил бүр 25 байгууллагын мянга гаруй ажиллагсдыг тогтмол үзлэг оношлогоонд хамруулж байна. Түүнчлэн, АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелес, Бэй Ареахотын 300 гаруй Монголчуудыг ЭХО оношлогоонд хамруулан зөвлөгөө өгч, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг барьдаг. “Итгэл ивээлт” эмнэлгийн хамт олон үүрэгт ажлаа гойд сайн гүйцэтгэхээс гадна нийгмийн хариуцлагаа ч дээд түвшинд ухамсарлаr эмзэг бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй тогтмол үзлэг оношлогоонд хамруулж, хэвтүүлэн эмчилдэгбайна. Сард 5 хүн, жилдээ 60 гаруй эмзэг бүлгийнхнийг сувилдаг гэж тооцвол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 600 гаруй иргэний эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийжээ.
Нутгийн зон олныхоо Эрүүл энхийн манаанд зогсож буй цагаан нөмрөгтэй баатруудын нэг, эмч Танд сайн сайхны дээдийг хүсье.
Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга Алтангэрэлийн Нарангэрэл
Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг дарга А.Нарангэрэлийг Дорнод нутгийнхан 9 алдартны нэгээр тодрууллаа. Түүнийг онлайн санал асуулгад “Ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, жинхэнэ удирдагч” хэмээн онцолсон сэтгэгдлүүд олон байсныг дуулгахад таатай байна. А.Нарангэрэл дарга 2003 оноос хойш 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж, 16 жилийн хугацаанд сумынхаа ИТХ-д дөрвөн удаа сонгогдож иргэдийн итгэлийг хүлээж байна.
А.Нарангэрэлийн удирдаж буй тус багийн ажлын алба сумынхаа хэмжээнд 2005, 2006, 2007 онд 1, 2, 3 дугаар байранд шалгарч, 2006 онд Чойбалсан хот, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, сумын ИТХ-аас зарласан “Хог хаягдалгүй гэр хороолол” уралдаанд тэргүүн байр, цом өргөмжлөл, 2007 онд аймаг, сум, хот, суурины тохижилт болзолт уралдаанд тэргүүн байр, 2007 онд аймгийн хэмжээнд зарласан “Баг-2007” болзолт уралдаанд тэргүүн байранд шалгарсан гээд ажил үйлсээрээ үлгэр дууриал болсон баг юм.
Тэрээр 3 дугаар багийн Засаг дарга болохоосоо өмнө эрүүл мэндийн салбарт 12 ажиллаж, эмнэлгийн салбарын боловсон хүчний асуудлыг хариуцан ажиллаж эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, эрүүл мэндийн ажилтны ажлын хариуцлага, сахилгыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан ажилтан. Түүнийг ажиллаж байх хугацаанд эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй холбоотой иргэдийн гомдол, санал 80 хувиар буурч байв. Хөдөлмөрч, хичээнгүй зан чанараараа хүн зоныхоо итгэлийг хүлээсэн Танд нийт уншигчдынхаа өмнөөс дахин баяр хүргэе.
МУЗН-ийн Онцгой гишүүн Повдоржийн Аминзүрх
Сэргэлэн сумын хоёрдугаар багийн малчин П.Аминзүрх “Тийн унжлагат” хэмээх Шороон нохойн жилийн 9 алдартны нэгээр тодорлоо. П.Аминзүрхийхээс хүний хөл тасардаггүй гэж нутгийнхан нь ярина. “Хүний хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ” гэж бодож явдаг түүнд “Тулсан цагт Зүрхээ минь л тусална даа” гээд давхиад ирдэг найз нөхөд, садан төрлүүд олон. Тэр одоогийн байдлаар 5 айлыг малжуулж, өөрийн гэсэн хөрөнгөтэй болгожээ.
П.Аминзүрх хүмүүнлэгийн үйлсэд гар татдаггүйгээс гадна сум орныхоо хөгжил цэцэглэлд ч томоохон хувь нэмэр оруулж яваа. Сумынхаа соёлын төв, хүн эмнэлэг, мал эмнэлэг, үржлийн тасагт нийтдээ 10 гаруй сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, 2016 онд түймэрт өртсөн сумынхаа айл өрхөд гурван сая төгрөгийг хандивласан байна. Харин Аймгийн Улаан загалмайн хороонд жил бүр тогтмол 4-5 сая төгрөг хандивладаг хандивлагч гишүүн юм. Хүмүүнлэгийн үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг Дорнодын ард түмэн дүгнэж саналаа харамгүй хайрлажээ.
Ариун цагаан үйлс нь улам дэлгэрэг.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Рагчаагийн Оюунжаргал
Дорнод аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Оюунжаргалыг “Дорнод” сонины уншигчид Нохой жилийн 9 алдартны нэгээр тодрууллаа. Р.Оюунжаргал нь Монгол Улсын барилгын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, хянан шалгах, барилгын норм нормативыг хангахад 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан төрийн алба хаагч юм. 2018 онд Барилга хөгжлийн төвийн “Оны шилдэг инженер” медалиар шагнуулсан шилдэг ажилтан. Р.Оюунжаргал 2009-2018 онд Дорнод аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 36510.1 сая төгрөгийн 54 барилга угсралтын болон засварын ажлуудад захиалагчийн хяналт тавьж, зөвлөмж зааварчилгаа өгч ажилласан байна. Барилгын салбарт оруулсан түүний хувь нэмрийг нь Дорнодчууд ийн үнэлжээ. “Дорнод” сонин нийт уншигчдынхаа өмнөөс талын хотын өнгө төрх, бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж буй Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
МУЗН-ийн Онцгой гишүүн Дамдинсүрэнгийн Эрдэнэсайхан
МУЗН-ийн Онцгой гишүүн, Гурванзагал сумын малчин Д.Эрдэнэсайханыг Дорнодчууд Шороон Нохой жилийн 9 алдартнаар шалгарууллаа. Гурванзагал сумын уяачдын холбооны дэд Тэргүүн түүнийг нутгийнхан нь ихэд хүндэлдэг гэх. Арга ч үгүй биз дээ, ажилч хичээнгүй зан чанар, нийгмийн идэвхи, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр, малч ухаан гээд бүхий л талаараа сум орноо түүчээлж яваа нэгэн. Тэрээр улаанзагалмайн нийгэмлэгт сүүлийн таван жил хандив тусламжийг өгч байна. Энэ багахан хугацаанд олон хүнд тус дэм болж МУЗН-ийн Энэрэл алтан медаль, “Нигүүлсэнгүй үйлстэн-Манлай малчин” тэмдгээр шагнуулж байв. Өнгөрсөн онд сумынхаа залуу малчинд дөрвөн ханатай өргөө цагаан гэр бэлэглэж, өрх тусгаарлахад нь тусалсан бол гурван залуу өрхийг малжуулжээ. Түүнчлэн, сум орон нутгийнхаа түүхэн ой, арга хэмжээ, үйл явдалд мөнгөн хандив өргөдөг байна. Мөн аймгийн Улаанзагалмайн хороонд жил бүр 20 хонь, 1 үхэр хандивлаж МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсаар ирсэн.
Сэтгэлийн дэм хэрэгтэй хэн бүхэнд энэрлийн гараа сунган тусладаг таны сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай.
МУСТ, АБТА МУ-ын ТЭРГҮҮЛЭХ БАГШ Норовхүүгийн АЛТАНЦЭЦЭГ
Монгол Улсын Тэргүүлэх багш, Хэрлэн сумын наймдугаар цэцэрлэгийн эрхлэгч, “Дорнын бүжиг” клубын багш Н.Алтанцэцэг Дорнод аймгийн 9 алдартны нэгээр тодорчээ. Тэрээр онлайн санал хураалтад хамгийн их санал авч, хийсэн бүтээснээ зүй ёсоор үнэлүүллээ. Түүний байгуулсан “Дорнын бүжиг” клубын ууган гишүүдээс Олон улсын хэмжээний мастер 4, спортын мастер 3 төрөн гарчээ. Тус клубын суралцагч Д.Мөнхзул 2018 оны 12 дугаар сард БНХАУ-ын Шинжин хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах Латин бүжгийн тэмцээнд хагас финалд шалгарсан амжилттай нохой жилийг үдэж байна.
Өнгөрсөн онд Б.Алтанцэцэг нь Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан илтгэлийн уралдаанд дэд байранд шалгарч, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Шилдгүүдийг шалгаруулах наадмаас “Хүүхдийн дотны анд” өргөмжлөл хүртсэн юм.
“Дорнын бүжиг” клуб 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 8 мянга гаруй хүүхдийг үйл ажиллагаандаа хамруулан 3 мянга гаруй хүүхэд бүжгийн спортоор хичээллэж, улсын чанартай тэмцээнийг аймагтаа хоёр удаа амжилттай зохион байгуулсан юм. Хүүхэд багачуудыг бүжгийн урлагт хөтөлж, гоо зүй, эрүүл мэндийн боловсрол олгож буй түүний амжилтыг дурдахад таатай байна. “Дорнын бүжиг” клуб нь Аймгийн хүүхдийн “Цасан угалз” наадмын бүжгийн тоглолтыг 10 жил дараалан бие даан зохион байгуулж, 90 гаруй шинэ уран бүтээлийг уг наадамд зориулан толилуулж хоёр мянга гаруй хүүхэд хамруулдаг .
Хүүхэд шуугисан их өргөөний эзэн танд гэгээн сайхны дээдийг хүсье.
Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад Нармандахын Эрдэнэ
Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салааны харуулын дарга, ахмад Н.Эрдэнэ “Дорнод” сонины уншигчдын саналаар аймгийн 9 алдартны нэгээр тодорлоо. Ахмад Н.Эрдэнэ өнгөрч буй шороон нохой жилд марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний хошой аварга, Цагдаагийн газрын Тэргүүний алба хаагч, Дотоодын цэргийн штабын Хөдөлмөрийн Тэргүүний алба хаагчаар шалгарсан амжилт үзүүлжээ.
Тэрээр 2015 онд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн офицероор томилогдон ажиллаж байгаад 2017 онд Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салаанд харуулын даргаар томилогджээ. Ард иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй төрийн цагдаа аймгийнхаа 9 алдартны нэгээр тодорсонд манай уншигчид талархалтай байна. Төрийн тусгай чиг үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа Ахмад Н.Эрдэнэ танд ажлын амжилт хүсье. Мөн Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамт олонд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдийг манлайлж, 2018 оны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр 84,3 оноо авч, улсын хэмжээнд дэд байр шалгарсанд нь “Дорнод” сонины уншигчдын өмнөөс баяр хүргэж байна.
Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Нэргүйн Өлзиймаа
Дорнод аймгийн боловсролын салбар сүүлийн таван жилийн турш улсад манлайлж байна. Энэ амжилтаа бататгаж, сайн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд ажилч хичээнгүй багш, мэргэжилтнүүдийн хувь нэмэр их ээ. Аймгийн 9 алдартны нэгээр боловсролын салбараас нэр дэвшсэн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Н.Өлзиймаа тодорлоо.
Н.Өлзиймаа багшийн бэлтгэсэн шавь нараас сүүлийн 5 жилд Олон улсын Кенгуру математикийн уралдаанаас 25 шавь нь медалийн зэрэгт, давхардсан тоогоор 28 сурагч дипломын зэрэгт хүртжээ. Бага ангийн 1200 гаруй сурагчыг унших, зөв бичих чадварт сургаж, аймаг, сургуулийн хэмжээний илтгэл, цахим хичээлийн уралдаанд амжилттай оролцсон, 4 кабинет тохижуулж, гэрчилгээжүүлсэн гээд түүний хийж хэрэгжүүлсэн ажил их. Н.Өлзиймаа 1984 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг Бага ангийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш 35 дахь жилдээ мэргэжилдээ эзэн болж, салбараа манлайлан ажиллаж байна.
“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэгчлэн эх орны ирээдүй бяцхан үрсийг сургах үйлсэд манлайлж буй багш танд шавь нарынх нь өмнөөс эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.
Аймгийн Хөгжимт драмын театрын дарга Лхүндэвийн Наранхүү
“Алтан гадас” одонт Хөгжимт драмын театр өнгөрөгч онд уран бүтээлийн олз омог дүүрэн байсныг уншигч та бүхэн бэлхнээ санаж байгаа. Дорнод нутгийн ард түмэн аймгийнхаа театрын уран бүтээлчдийн ажлыг үнэлж Л.Наранхүү даргыг санал нэгтэйгээр 9 алдартнаар тодрууллаа.
Тэрээр Хөгжимт драмын театрын даргаар ажилласан цагаас мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, уран бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлийн урын санг баяжуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр олон талт ажлуудыг санаачлан, удирдан зохион байгуулж, холбогдох яам, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран хийж гүйцэтгэж, үр дүнд хүрсэн. Дорнод аймгийн ХДТ 2018 онд Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд Б.Цэрэннадмидын зохиол, УГЗ Ч.Найдандоржийн найруулсан “Манлайбаатар” хөгжимт драмын жүжиг, МУСТА Б.Мөнх-Амьдралын зохиол, найруулга “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээр оролцож, 10 номинацид өрсөлдсөнөөс 8 цомын эзэд болж шилдгийн шилдэг ГРАНПРИ шагналыг хүртсэн амжилт үзүүлсэн. МУ-ын БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбооноос хамтран ороннутгийн театруудын дунд зохион байгуулсан “Шилдэг бүтээл-2018” улсын уралдааны зүүн бүсийн шалгаруулалтанд Э.Оюуны зохиол “Хайр” жүжгээр амжилттай оролцож, жүжигчин Т. Халиунсор шилдэг эмэгтэй дүр, Ө.Ариунбаатар шилдэг хөгжмийн зохиолч, Г.Гантуяа шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн гээд ганзага дүүрэн жил өнгөрлөө.
“Алтан гадас” одон шигээ гялалзаж яваа Хөгжимт драмын театрын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.