Эсгийгээр урласан зөөврийн компьютерийн уут, IPAD-ын цүнх, үзэгний сав худалдан авагчдын сонирхлыг ихэд татна. Өвөрмонголын биет бус соёлын өвийн Цагаан сард зориулсан ээлжит үзэсгэлэнгийн үеэр эсгий урлаач Эрдэнэчимэгийн бүтээл олны анхаарлыг ийнхүү татаж байв. Эрдэнэчимэг Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны уугуул. Жаахан байхаасаа ээжийгээ дагаж эсгийгээр ур хийх арга ухаанд суралцжээ. Гуч гаруй жил өнгөрсөн ч тэрээр тасралтгүй суралцаж, эсгий урлалыг шинэлэг санаагаар баяжуулан, өнөө цагт тохирсон эд хэрэглэл, урлал, бүтээлүүд туурвисаар байна. Монгол үндэстний уламжлалт эсгий урлалд хээ угалз олон байдгаараа онцлог. Эсгий урлаач Эрдэнэчимэг бүтээлээ хээ угалзаар чимэглэхээс гадна Монгол бичиг, зүйр цэцэн үг ч урлана. Оо энгэсэгийн сав, таван хошуу малын хэлбэртэй үзэгний сав, цүнх зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн урладаг нь эрэлт ихтэй байдаг гэнэ лээ.
Эрдэнэчимэг багш мэргэжилтэй. Багын дур сонирхлоо мэргэжилтэйгээ уялдуулан 2010 онд эсгий урлалыг сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт оруулсан гавьяатай хүн. Сурагчдадаа үндэсний өв соёлыг танин мэдүүлэхийг зорьж, сурч мэдэхэд нь дөхөм болгох зорилгоор “Эсгий урлал” нэртэй гарын авлага ч хэвлүүлжээ. Мөн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, улсын болон аймгийн хэмжээний тэмцээн уралдаанд бэлтгэн багагүй амжилт үзүүлсэн байна. Эрдэнэчимэг ирээдүйд эсгий, эсгий урлалыг олонд түгээж, Монгол үндэстний эсгий урлалыг дэлхийн тавцанд гаргах дэврүүн хүсэл тэмүүлэлтэй хөдөлмөрлөж явна.
Баярт, Цэнгэл, Саруул