“Урьд шөнө би хар дарж зүүдэллээ
Ийм аймаар зүүд хорь наслахдаа зүүдэлсэнгүй”.
Зүүдэндээ би галзуурч байна гэнэ. Хагас дутуу мэддэг байсан гадаад хэлнүүдээс алийг нь ч мэдэхгүй байв. Гадаад үгний оронд Монгол хэлнийхээ уламжлалт үг хэллэгүүдийг мэддэг болсон байх юм. Нэг үгээр хэлэхэд өнгөрсөн үеэс ирсэн хүн лугаа л. Хэсэг зуур зурагт үзэхдээ юу ч ойлгохгүй байгаадаа гайхшран сууж байтал эгч дуудаж “Хоёулаа таксинд суугаад “Метро малл” орж шоппинг хийе” гэв.
“Ээ бурхан минь” юундаа суугаад хаашаа явна гэчих нь энэ вэ. Юу ч ойлгосонгүй учир “Яг яаж, ямар замаар явах билээ” хэмээн лавлахад “Бээжингийн гудамжаар уруудаад л Номадсын хойно байдаг шдээ” гэх нь тэр. Такси гээчид суугаадахлаа. Яриа хөөрөөтэй жолооч эмэгтэй биднийг эелдэгхэн угтаж, эгчтэй хөөрөлдөж байх зуур би яагаад гадаад үг ойлгохгүй байгаагаа тунгаах гэж тархиа гашилган суув. Гэтэл жолооч эгч ”Хүүе ээ, нээрэн өчигдөр, цай чанаж байхад аав гэрт хүрээд ирлээ. Цайныхаа дээжийг аав, нөхөр хоёрынхоо алинд нь өгөхөө мэдэхгүй бүр сандарч орхисон шүү” хэмээгээд инээлээ.
Энэ үгийг сонсоод би өөрөө ч мэдэлгүй уурсан :
-“Будаг улаан цайг бум түм самраад, өрөм шаргал цайг үй түм самраад, ууган дээжийг нь Алтай, Хангайдаа өргөөд, удаахи дээжийг нь аав ээждээ өргөөд, гутгаар дээжийг нь үнэнч ханьдаа өргөөд, дөтгөөрийг нь өөрөө хүртээд суудаг юм” ёс заншлаа мэдэхгүй яасан задарсан тархи вэ чи гээд хэлчихэв. Ингэж хэлсэндээ өөрөө ч гайхан сандрахдаа амаа дарлаа.
Тэгтэл таксины эгч над руу айхтар муухай харснаа:
-“Чи чинь яасан айхавтар хүүхэд вэ, ах захаа ч мэддэггүй” гээд уурсав.
Би хариуд нь “Та юунд бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзэж, өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ вэ” гэхэд эгч хажуунаас намайг нудран цэхэлзсэнээ “Дүү минь, чиний мэдрэл зүгээр биз дээ” гэх нь тэр. Такси гэгчээс буутал утас дуугарлаа. Найз маань залгаж байна
-Hi (Хаая) юу байна?
-Хаая гэнэ үү. Юу хаах юм бэ?
-Тоглоод байгаа юм уу даа, Маргааш маникур, педикурт орох уу?
-Юун манин хүүр, пэдгэр хүүр вэ?
-Өө чи... гээд утсаа таслачихав.
Эгч намайг сүрхий сэжиглэнгүй харж, нэг л биш байгааг минь хэлж дэлгүүрээр хэсч явлаа. Гэтэл гэнэт толгой эргэн дотор харанхуйлаад явчихав. Би ухаан алджээ. Нэг сэрэхнээ эмнэлгийн орон дээр хэвтэж байх юм.
Ухаан алдахаасаа өмнө юу болсон эсэхийг санах гэж оролдлоо. “Би эгчтэйгээ дэлгүүр хэсч явсан. Гэнэт нэг үг нүдэнд хүчтэй туссан. “Хүүхдийн арьсан гутал” “Хүүхдийн арьсан гутал” Хүүхдийн арьсаар гутал хийлээ гэж үү. Толгой хүчтэй өвдөж, сэрэхийг хичээн байтал эгч, эмч хоёрын яриа холдож ойртоод л.
Эгч: -Эмч ээ манай дүү хүний яриаг “орон гаран” ойлгодог болчихлоо. Зүгээр ярьж байгаа хүний өмнөөс уурлаж уцаарлаж дэмий нэг цэцэрхээд л. Монголоороо яриад байхад чинь “Та нар Монголоороо яриач” гээд л уурлаад.
Эмч -“Яах аргагүй сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдэг илэрч эхэлж байна. Одоогоор манай эмнэлгийн өвчтний тоо маш өндөр, хэвтүүлэх ямар ч боломжгүй байна. Тийм болохоор дүүгээ гэрээр эмчлэх хэрэгтэй. Эм тариа олдоц муутай, өндөр үнэтэй. Та нар шиг өндөр боловсролтой, өндөр цалинтай хүмүүст олдох байх аа” гэж байна. Тэдний яриаг сонсоод би өөрийн эрхгүй эмнэлгийн шал тачигнатал хөхрөх нь тэр. “Тоог өндөр намаар хэмждэг болоо юу, үнийг бас өндөр, нам гэж ярьдаг болсон юм уу. Эгч бид хоёр намхан нуруутай шүү дээ. Ер нь Монголчууд намханд орно” гэж хашгирлаа. Эмч эгч рүү хандсанаа “Танай дүүгийн биеийн байдал маш хүнд байна. Сэтгэцийн эмгэг болох нь тогтоогдлоо. Даруй “Шар хад” явах хэрэгтэй” гэв.
Шар хадны галзуугийн тасаг. “Хэлний хэнээт тасаг”. Өвчтөн №1
Сувилагч эмэгтэй надад хандан “Манай тасгийн анхны өвчтөн болж байгаад тань баяр хүргэе. Таны эрүүл үү эмгэг өвчтэй юу гэдгийг одоо шалгана аа. Танд гурван дуу сонсгоно. Та тэр гурван дууны утгыг бидэнд ярьж өгөх юм . Ингэж чадвал та эмнэлгээс гарч болно” гээд инээмсэглэв.
Эхний дуу: “Чамайг би явсны дараа хичнээн ихээр хайрлав даа”. (Ээ лус савдаг минь. Хэн нь явчих ваа бүү мэд)
Хоёр дахь дуу: “Би намайг зүйрлэдэг гэрэл цацарсан гэгээн хүнтэй” (Буянаараа болог)
Гурав дахь дуу: “Why you хориглох me Та нар know me” (Ална тална гэсэн ч ойлгохгүй юм байна) Шууд л би галзуу гэж оношлогдох нь тэр шүү.
Шар хадны галзуугийн тасаг. Хэлний хэнээт өвчтөн №1-ийг хэвийн болгох ганц арга бол зурагт үзүүлэх. Монголоор ярьж байна гэхэд хэцүүхэн бүх нэвтрүүлгийг би үзэх ёстой.
Зурагтаар Ерөнхийлөгч ярьж байна аа. “Эх хэлээ шинэчлэн хөгжүүлж, универсаль болгох төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ нь манай улсын нийгэм, эдийн засагт ихээхэн ашиг авчрах юм. Төслийн хүрээнд бид Монгол хэлийг дэлхийн хамгийн их яригддаг хэл болох англи, хятад хэлтэй урвалд оруулан эрлийзжүүлэх юм. Энэ нь англи хүн манай хэлийг ойлгохоор, бид Хятад хэлийг ойлгохоор болгоно гэсэн үг юм. Гудамжны хаяг, самбарууд гадаадаар байгаа нь төслийн ажилд маш дөхөм болохоор байна. Монгол хэлний өгүүлбэрзүйн бүтэц англи хэлний өгүүлбэрзүйн бүтэцтэй урвалд ороод эхэлчихсэн байгаа тул манай төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бид итгэж байна”. Ерөнхийлөгчийн энэ төслийг Монгол даяар хөхиүлэн дэмжиж, ард иргэд маш баяртай байгааг зурагтаар харуулж байлаа. Гэтэл хажуунаас эмч “Сонсов уу, галзуу №1. Монгол хэл шинэчлэгдэж байна, улам сайхан болж байна. Гэтэл чам шиг ийм мулгуу хүмүүсээс болж хурд саараад байгаа юм. Энэ бол шинэчлэл, шинэчлэл, шинэчлэл аахахахаах” чихэнд яхир инээд цуурайтсаар би сэрэв. Хамаг хөлс асгарчихсан, айсан амьтан орон дээрээ хэвтэж байлаа. Мэддэг гадаад үгнүүдээ хэлж үзлээ. “Чадаж байна шүү”. Би галзуу биш юм байна.
Өөрийн биш ухамсраар, Монгол биш сэтгэлгээгээр тунгааж нэг үзлээ. Нээрээ хөгжөөд байгаа юм байна. Олон зүйл хөгжжээ. Эх хэлнийхээ бахархам сайхан “дэвшил”-ээс өгүүлэхэд нүдний самсаа шархирч, хамраас нулимс гарахгүй байхын аргагүй ээ.
Монголчууд бидний шимтэн үздэг , хөтлөгчид сайнд тооцогддог “Universe Best Song” нэвтрүүлгийн хүрээн дэх Монгол хэлнийхээ дэвшлээс өгүүлье. Хөтлөгч Гантулга нэгэн оролцогчид хандан “Чамд амжилт хүсье. Чи их гоё дуулах байх. Би чамайг specially сонсоно.” гэж байх юм. “Би чамайг онцгойлон сонсоно” гэж хэлэхийн оронд гадаад үг хавчуулан тун аялгуулаг хэлж байгаа нь энэ. Энэ мэт Монгол хэлнийхээ яруу сонсголонг улам баяжуулан гадаад үг Монгол үг хоёрыг хольж хэрэглэснээр завсрын хэл ч үүсэх боломж бүрдээд байгаа билээ. Мөн хөтлөгч Одгэрэл ”Ямар дуулсан бэ?” “Сандарч байна уу?” гэж асуухын оронд “Дуулалт ямар байв?” “ Сандралтай байна уу?” гэх жишээний Идэвхтэй үг буюу үйл үгийг ингэж хасч хэлсэн нь “залхуу” Монголчуудын чихэнд сайхан сонсогдох болсон байна.
Өөр нэг сайхан мэдээ хэлэхэд “хийх” гэдэг үгийг Монгол хэлний цорын ганц үйл үг болгох ажил хэрэгжиж эхэллээ. Үүний үр дүнд “нүүр будна” гэхийг “нүүр будалт хийнэ”, “алхлаа” гэхийн оронд “алхалт хийлээ” гэж ярьж бичих боллоо. Шинэчлэлийг дагаж бичвэрээ дуусгая. Би энэхүү өгүүллийнхээ бичилтийг хийж байхдаа буйдан дээр суулт хийж, тэр дашрамд модтой чихэрний идэлт хийж , зурагтаар дуртай дуучин маань дуулалт хийж, би сонсолт хийж, олон зүйл дээр амжуулалт хийж байлаа.
Э.ОТГОНТУЯА