Салхи сөрж хурд мэдрэх нь залуу насных

2019 оны 1-р сарын 16 өдөр

\"\"

Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Эрэнбаатарын ЖАВХЛАН

Олон хүнтэй ярилцаж байхдаа нэг зүйлийг ажиглахад хүн амьдралын зорилгоо хэдий чинээ эрт тодорхойлно төдий чинээ амжилтад хүрэх нь ойрхон байдаг юм шиг ээ. Тийм хүмүүсийн нэг төлөөлөл Э.Жавхлан. Түүний ярилцлагыгСалхи сөрж хурд мэдрэх нь залуу насных” гэж гарчиглах учир байсан. Э.Жавхлан өөрийгөө нийгмийн олон салбарт сорих дуртай хөдөлмөрч дайчин залуу юм. Өдий хүртэл явж ирсэн зам нь салхи сөрж хурдалсан гэлтэй. Түүнийг есдүгээр ангид байхад нь сургууль сургуулийн идэвхтэн сурагчдыг цуглуулж хүүхдийн төлөө төв дээр “Алтан гадас” нэртэй аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг байгуулсан гэнэ л дээ. Тус хүүхдийн зөвлөлд үе тэнгийнхэнтэйгээ бужигнаж санал бодлоо солилцож Хүүхдийн төлөө төвийн багш нараар удирдуулж байхдаа нийгмийн идэвх оролцоог олж авсан гэх.  Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд боловсрол эзэмшсэн тэрээр энэ байгууллагаас сурч мэдсэн зүйл минь өнөөг хүртэл намайг хөтөлж ирсэн. Амьдралынхаа хамгийн их зүйлийг сурч мэдсэн газартаа ажиллаж яваа минь үнэхээр том бахархал гэж хэлсэн юм. Хүн хүнийхээ л амьдралыг унших дуртай байдаг. Тэгвэл “Дорнод зон” сэтгүүлийн уншигч таныг Дорнодын нэгэн ажилсаг залуугийн сонирхолтой амьдралаар аялуулъя.   

....Та түрүүн төсөлд оролцож байхдаа нутагтаа очиж ажиллахаар шийдсэн гэлээ. Дэлхийд өрсөлдөх бодол төрөөгүй юу?

-       Би БНХАУ-ын Шанхай хотод таван жил амьдарч, мастерт суралцсан. Шанхай 22 сая хүн амтай, дэлхийн эдийн засгийн чөлөөт бүс, европжсон хятадын хамгийн өндөр зэрэглэлийн муж. Түүний дараа “Улс төрд шинэ манлайлал” төслийн хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотынөндөр барилгууд дунд, олон үндэсний царай зүстэй хүмүүстэй зэрэгцэн алхаж байхдаа Хятадын Шанхай хот Америкийн Нью-Йорк хот хоорондоо ялгаагүй юм байна гэж бодсон. Яагаад гэвэл тэнд байдаг л өндөр шилэн барилгууд, худалдааны төвүүд, үйлчилгээний газрууд, яарсан олон мянган хүн. Дэлхийн даяаршилд хөгжилтэй орны том хотууд адил болсон юм билээ. Хятадын Шанхай, Америкийн Нью-Йорк алинд нь ч суралцсан зарчмын хувьд ялгаагүй байж. Би дахин өөр орныг зорих хэрэггүй юм байна гэж өөртөө дүгнэсэн. Манай найзууд Дорноддоо очиж ажиллана гэхэд Жавхлан чи яах гэж байгаа юм бэ ? Чи дэлхийн өндөр хөгжилтэй хотод сурч боловсорч юун хөдөө ажиллах гээд гайхаж байсан. Харин би дэлхийн том улс гүрэнд амьдрах хүсэл алга. Би тэдний гоё ганганыг харсан үзсэн ойлгосон. Харин одоо сурч мэдсэнээ орон нутагтаа гаргана. Би тэндээс дахин сурч мэдэж хөгжмөөр байна гэсэн. Дорнодод ирээд жинхэнэ “А”-аас эхэлсэн. Энд намайг 10 жилийн ангийнхнаас өөр таних хүн байхгүй. “Дорнод гурил” компанид гурван сар маркетингийн менежер хийж Залуус хорооллын борлуулалтыг хариуцан ажилласан. Шанхайд сурдаг байхдаа spinningeer хичээллэдэг байсан. Түүнийгээ түшиглээд шилэн барилгад spinning нээж ажиллуулсан. Эхнэр Шанхайн боловсролын академи буюу хятад хэлний сургалт, орчуулгын ажлаа эрхэлсэн. Spinning ажиллуулж байхдаа ТВ6 телевизийн Болд-Эрдэнэ ахын саналаар “Дорнодын FB эрхмүүд” нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Ингээд олон хүнтэй танилцсан, ажил хэргийн харилцаатай болсон доо.    

-       Тэрний өмнө Америкт суралцаж үзэх юмсан, тэнд өөрийгөө сорих юмсан гэсэн бяцхан хүсэл байж ээ дээ?

-       Байлгүй яахав. “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцсон нэг гол шалтгаан минь тэр. Америкийн виз гаргуулаад тэнд нэг сар суралцах  асар том боломж гээд улайраад зүтгэсэн. Вашингтон бол яалтч үгүй АНУ-ын нийслэл юм билээ.  Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Засгийн газрын ордон, яамдуудын тогтолцоог нь хараад дуу алдаж байлаа. Вашингтонд Нью-Йорк шиг өндөр байшингууд байхгүй. Харандаан хөшөөнөөс өндөр барилга барьж болохгүй гэсэн хуультай юм билээ. Ийм л бодлогоор Ерөнхийлөгчийн цагаан ордон гэх мэт өөрсдийн дэлхийд гайхуулах зүйлсээ үнэ цэнэтэй байлгадаг юм байна. Түүнээс биш улс орны хөгжил гэдэг  өндөр байшин, өргөн гудамж, их хүн амаар хэмжигдэхгүй юм байна. Харин өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг юм байна гэдгийг харж авсан.   

\"\"

Сурахын хажуугаар гэр бүлээ авч явна гэдэг хүнд

-       Та ямар мэргэжилтэй вэ?

-       Би хуульч, сэтгэл зүйч мэргэжилтэй. Шанхайд байгууллагын удирдлагаар магистр хамгаалсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Их засаг их сургуулийн Олон улсын эрхзүйн ангид орсон. Нийгмийн идэвхтэй оюутайн байлаа. Их сургуулийн хоёрдугаар курсээс Гэр бүлийн хуульч болох зорилго тавьсан. Багш маань чи нэгэнт гэр бүлийн хуульч болохоор шийдсэн бол сэтгэл судлалаар сурах хэрэгтэй гэсэн. Гэр бүлийн хуульч шүүх дээр салж нийлж байгаа сэтгэлзүйн хямралд орсон олон хүнтэй таарна. Тиймээс сэтгэл судлалын мэдлэгтэй болох нь зүйтэй гэсэн. Багшийнхаа зөвлөснөөр хуульч мэргэжлээр сурч байхдаа сэтгэл судлалаар оройн ангид давхар суралцсан. Өглөө нь эрүүгийн, иргэний захиргааны эрхзүй үзнэ. Орой нь дээд мэдрэл, тархи, сэрэл мэдрэхүй гээд үзэхээр тархины ачаалал үнэхээр их байсан. Гэсэн ч өөрийгөө дайчилж жилийн зайтай хоёр их, дээд сургууль төгссөн. Өөрөө гэр бүлтэй үр хүүхэдтэй болсныхоо дараа мэргэжлээ гэр бүл салахад ашиглах биш гэр бүл салахаас сэргийлэхэд ашиглах хэрэгтэй гэдгийг ойлгосон.   

-       Мэргэжлээрээ ажилласан уу?

-       Сургуулиа төгсөөд удаагүй, “City nigth” сэтгүүлийн Гэр бүлийн сэтгэлзүйн зөвлөгөө буланг хөтөлдөг байлаа. Дараа нь “C1” телевизийн “Нохой хорь” ток шоуны хөтлөгч редактор болсон. “Нохой хорь” ток шоу нь гэр хорооллыг дахин төлөвлөх тухай иргэд болон төрийн байгууллагын төлөөллийг оролцуулж хэлэлцүүлдэг нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлгийг жил хэртэй хөтөлж Шанхайн тэтгэлэгт хамрагдаж сурахаар явсан. Шанхайд хоёр жил хэлний бэлтгэлд суралцсан. Хэлний бэлтгэлд сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж охинтой болж аав болсон доо.

-       Хятадад оюутнууд хичээлийн хажуугаар ажил хийх боломж байдаг уу? Сурахын хажуугаар гэр бүлээ бүлээ авч явах амаргүй байсан биз?

-        Эхнэр бид хоёр охиноо Монголд ирж төрүүлсэн. Хоёр сартай байхад нь буцаад Шанхай руу явсан. Би хэлний бэлтгэлээ төгсөөд магистрийн ангид ороогүй байсан учир эхнэрээ сургуульд нь сургаад өөрөө яг нэг жил охиноо харсан. Хятадад залуу хүн ажлаа л хийнэ. Хүүхдүүдийг нь өвөө эмээ нар нь харна. Байрныхаа гадаа өвөө, эмээ нартай ойр зуурыг ярьсан шиг охиноо салхилуулдаг байлаа. Хоёр дахь жилээс нь хоёр талын дүү нар охиныг минь харалцсан. Тэр хоёр бид хоёрт хичээлийнхээ хуваарийг гаргаад өгчихсөн. Хичээлээ тараад ирэхэд нь ямар ч чөлөө өгөхгүй бид хоёр зөрөөд л гүйнэ. Мэдээж сурахын хажуугаар гэр бүлээ авч явна гэдэг хүнд. Мөнгөтэй мөнгөгүй олон ч өдрүүд байсан. Нэг өдөр эхнэр оюутнууд цусаа өгч 300 юань авч байна. Би цусаа өгчхөөд мөнгөтэй болоод ирье гэж байна.Тухайн үед би гэртээ байсан учир оюутны бүртгэлгүй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй цусаа өгье гэсэн ч надаас авахгүй. Эхнэр сургуульдаа явж байсан учраас бүртгэлтэй, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан цусаа өгөх боломжтой. Тэр үед Монгол хүн хүний нутагт цусаа худалдаж мөнгөтэй болно гэж юу гэсэн үг юм бэ гээд маш их шаналсан. Эхнэр тоож байгаа ч юм алга. Нэг их юм бодохгүй цусаа өгөөд мөнгөтэй болчхоод ирье гээд гараад явсан. Охин минь долоон сартай.  Эхнэр нялх биетэй байгаа шүү дээ. Би цусаа өгөхөөр явсан эхнэрээрээ бахархаад, өрөвдөөд, өөрийгөө голоод сэтгэл зүйн асар хүнд байдалд үлдэж билээ. Азаар гадаад оюутнаас цус авахгүй гээд буцаад ирсэн \\инээв\\. Тэгж нэг сэтгэл онгойсон.        

-       Танай эхнэр ямар мэргэжилтэй вэ?

-       Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй. Хятад хэлний багш орчуулагч. Бид хоёр Шанхайд хятад хэлний сургалтын төв нээсэн. Сургалтынхаа төвд эхнэр мэргэжлийн багш нартай хамт ажиллана. Би маркетингийн ажлыг нь хийнэ. Шанхайн боловсролын академийг байгуулж Монголоос хямд зардлаар хүүхдүүд сургадаг болсон. Тийм ажил хийж гэр бүлийнхээ орлогыг бүрдүүлдэг байсан. Мөн тэнд Монгол оюутнуудын нийгэмлэгийг байгуулж хэрэг түвэгт орсон Монгол оюутнуудад тусладаг байсан.       

\"\"

  

-       Өнөөдрийг хүртэл чамайг хөтөлсөн зүйл тань?

-       Нийгмийн идэвх. Нийгмийн идэвхтэй зан чанар минь хаа ч явсан ажил төрөлтэй золгуулдаг. Нийгмийн идэхтэй байсан учраас багаар ажиллах, бусдыг сонсох, бусдыг удирдах зохион байгуулах, бусдад өөрийгөө ойлгуулах, ажил төлөвлөх чадвартай болсон. Энэ зан чанарыг хаанаас олж авсан бэ гэхээр сурагч байхад бидний үеийнхний нийгэмтэй харилцах хамгийн тааламжтай хэлбэр  FM  сонсох, азтай агшинд холбогдох, нэгэндээ дуу захиалах байсан. Наймдугаар ангид байхаасаа FM-ийн хөтлөгч болох юмсан гэж боддог байлаа. Есдүгээр ангид ороод удаагүй байсан чинь FM 104-өөр хөтлөгч сонгон шалгаруулж авна гээд зар явж байна. Хүсэж мөрөөдөж байсан амьтан чинь давхиад очно биз дээ. Очоод зар уншаад дуун дундуур тамгалаад шалгуулаад тэнцлээ. FM-ийн хөтлөгч болно гэхэд аав ээж минь татгалзсангүй. Тэр цагаас хойш хичээлээ тараад л FM дээр өнждөг болсон. Миний хоолой зургадугаар ангиас эхлээд баргил бүдүүн болчихсон юм. Би гэрийнхээ утсыг авахаар хүмүүс шууд аавыг байна гэж боддог. Ангийн хүүхдүүд залгаад ахаа Жавхаатай яръя гэнэ. Би байна гэхээр шууд утсаа тавьчихна. Бүдүүн хоолой минь намайг FM-ийн хөтлөгч болгосон байх аа. FM хөтөлдөг юм чинь янз бүрийн үйл ажиллагаа хөтөлж таараа гээд Хүүхдийн төлөө төвийн хүүхдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд хөтөлдөг байсан. Цаашлаад сургуулийн шинэ жил, Их сургуульд ороод оюутны шинэ жилийн хөтлөгч болсон. Хөтлөгч гэдэг чинь багш, сурагчидтай харьцана. Тэгж л нийгмийн идэвхтэй болж, нийгэмтэй харьцах харьцаа хандлага тогтоосон юм болов уу даа. 

-       Амьдралын зам үргэлж дардан байгаагүй биз дээ?

-       Хүний амьдралд зүгээр олддог зүйл гэж нэг ч үгүй. Аав минь бурхан болсны дараа ээж, дүү бид гурав таван буудалд айлын хашаанд эсгий гэрт амьдардаг байлаа. Нэг удаа дүүтэйгээ хамт усандаа явж байтал дүү ахаа энэ байдлаасаа яаж гарах вэ? Надад энэ амьдралаас гарч чадахгүй юм шиг санагдаж байна гэж билээ. Би айлын том хүү шүү дээ. Дүү минь тийм зүйл бодож, шаналж байхад би зүгээр сууж болохгүй. Тэр амьдралаас ямар нэгэн тийрэлт хийж л сугарахгүй бол болохгүй гэж бодогдсон. Тэр үед Шанхайн тэтгэлэг хөөцөлдөж суралцахаар явсан. Араасаа дүүгээ татсан. Дүү минь одоо Шанхай руу оюутнуудыг тэтгэлэг хөтөлбөрт зуучилдаг, хятад хэлний сургалтын төвөө ажиллуулж байгаа.


Үргэлжлэлийг \"Дорнод зон\" сэтгүүлийн шинэ дугаараас...

Уншигч та \"Дорнод зон\" сэтгүүлээ \"Ольхон\", \"EF\" супермаркетийн сүлжээ дэлгүүрүүдээс болон \"Дорнод сонин\"-ы редакциас худалдан авах боломжтой. 
  • Отгонтуяа
  • 804
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313