Монгол бүжиг хамгийн төгс санагддаг

2019 оны 1-р сарын 15 өдөр
 \"\"

“Se” продакшны менежер, бүжигчин, “Монголиан энтертайнмент”-ийн бүжигчин “Amazingspinning jumping studio”-ийн багш Бадарчийн ЭРДЭНЭДУЛАМ


Бидний үеийнхэн түүнийг “Охидын вант”-ын Эрдэнэдулам гэдгээр нь илүү танина. Би л хувьдаа арван жилийн сурагч байхаасаа “Охидын вант” хамтлагийнхныг харж биширч, бүжгийг нь үзэх хачин дуртай байсан. Гоё бүжиглэдэг л гэж мэдэх түүнтэй нүүр тулж уулзаж байсангүй. Харин олон жилийн дараа сэтгүүлчийн хувиар танилцав. “Дорнод зон” сэтгүүл шинэ оны өмнөх дугаарын “Урлаг” буландаа Бадарчийн Эрдэнэдуламыг урьлаа. Тэр одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Түүнтэй улсынхаа нийслэлийн нэгэн сайхан кафед тухалж, бүжигт дурласан он жилүүдийнх нь тухай ярилцсан юм. Биедээ “цэцэг” ургуулж, түүнийгээ “арчлах” нандин хором мөчүүдэд л бүжгээс ялимгүй хол байснаас биш амьдралынхаа бүх цаг мөчид бүжгийн урлагтай салшгүй холбоотой байсан нь түүний амьдралаас харагдана.

\"\"

...Өдрийн ихэнхи цагийг бүжиглэж өнгөрүүлдэг гэжүү?

-Ер нь өдөртөө тогтмол 10 гаруй цагийн идэвхитэй дасгал хөдөлгөөн, бэлтгэлтэй байдаг. Жирийн өдрүүдэд ч спиннинг, жампинг студидээ багшлаад байнгын хөдөлгөөн дунд өдөр өнгөрнө дөө.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Герман хэлний ангийг төгссөн. Үргэлжлүүлээд сургуульдаа Боловсрол судлалын менежментээр магистр хамгаалсан. Сурч байх хугацаандаа хоёр ч хүүхэдтэй болоод амжлаа. Ер нь бодоод байх нь “Охидын вант”-ын таван охиноос СУИС-д элсэж орсон хүн байхгүй.

\"\"

-Таныг бүжиглэдэг гэдгээр нь эчнээ таньдаг хүмүүс СУИС-ийг л төгссөн байх гэж боддог. Гэтэл тэс өөр мэргэжилтэй юм?

-Намайг жаахан байхад “Хөгжим бүжгийн коллеж”-д элсүүлэх санал ирэхэд аав ээж зөвшөөрөөгүй. Сурагч байхдаа Хөгжимт драмын театрт гэрээт бүжигчнээр ажиллаж, хамтлагийнхаа бэлтгэлийг ч хийж, тэмцээн уралдаанд ч оролцдог байлаа. “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн олны хэсэгт ч тоглож үзсэн. Театраасаа цалин авна, нийгмийн даатгал ч төлчихдөг “сүрхий” хүүхэд байсан. Харин аав ээж маань бүжигт дуртай байсан ч гэсэн хичээлээ хэзээ ч хаях ёсгүй, онц сурах ёстой гэдэг байсан. Бүжгийн бэлтгэлтэй хичнээн оройтож ирсэн ч аав ээж минь гэрийн даалгавраа хий гэсэн хатуу зарчмаар хүмүүжүүлсэн. Багийн энэ бүгдийг амжуулаад сурчихсан учир бүжигчин биш өөр мэргэжил эзэмшинэ. Ажил мэргэжил, бүжиг хоёроо цуг авч явж чадна гэсэн итгэл байсан. Мэдээж надад СУИС-т сурах бодол байсан. Тухайн үед хүн бүхэн л бүжигчин байх хэцүү, амьжиргаагаа залгуулж чадахгүй гэдэг байлаа. Оюутан байхдаа анх “Se” продакшнд бүжигчин болж UBS-ийн гэрээт бүжигчнээр ажилладаг байв. Хошин урлагийн продакшнд ч бүжиглэж үзсэн. “Яг түүн шиг” шоуны сүүлийн улиралд бас бүжиглэсэн.

-Бүжигчин болох байж дээ гэсэн харуусал байдаггүй юм шиг ээ?

-Тийм шүү. Бүжиг бол миний хобби. Урлагийн ажил залуу насных шүү дээ. Одоо өөрөө бүжиглэнэ гэхээсээ илүү багшлах бодолтой. Мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөө бий. “Аmazing” студиэ өргөжүүлнэ. Ээжүүд, хүүхэдтэйгээ хамт бүжиг сурч болохуйц, ээжүүдийг дасгал сургуулилтаа хийж байхад хүүхдийг нь харах үйлчилгээ үзүүлэх гэх мэтээр ээж хүүхдэд зориулсан эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх ажлууд хийе гэж боддог...


Үргэлжлэл \"Дорнод зон\" сэтгүүлийн шинэ дугаарт...

Уншигч та бүхэн \"Дорнод зон\" сэтгүүлээ \"Ольхон\", \"EF\" супермаркетийн сүлжээ дэлгүүрүүдээс мөн \"Дорнод\" сонины редакциас авах боломжтой. 

\"\"

\"\"



  • Отгонтуяа
  • 1423
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313