2018 оны Дорнод аймгийн Онцлох 9 үйл явдал

2018 оны 12-р сарын 30 өдөр
\"\"

\"Дорнод медиа групп\" 2018 оны Дорнод аймгийн Онцлох 9 үйл явдлыг танилцуулж байна.

Улсын аварга малчныд ингэ ихэрлэлээ


\"\"

Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт үеэс сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. 2018 он Дорнодчуудад бэлгэ дэмбэрэлтэй, үр өгөөжтэй байсныг Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байсан Улсын аварга малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс ихэр цагаан ботго төрсөн ховор аз тохиол илтгэнэ.
Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байгаа аж. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог гэнэ. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.

Дорнод аймгийн өрсөлдөх чадвар ахижээ


\"\"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан дүгнэж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон судлахад Дорнод аймаг улсад 4 дүгээрт эрэмбэлэгдэв. 2017 онд дээрх үзүүлэлтээр 8 дугаарт жагсан байсан бол ийн ахихад эдийн засгийн өсөлт, зээл авах боломж, чанаргүй зээлийн тоо буурсан, банкны салбарын актив өссөн зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж албаныхан тодотгож байв.
Дээрх судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу болон сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн, тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг аж.

80 мянгуулаа боллоо


\"\"

Дорнодчууд 80 мянга дахь иргэнээ 5 дугаар сарын 10-ны өдөр буюу хаврын адаг сарын шинийн 25-нд өлгийдөн авсан юм. Монголчууд хүү төрвөл хил манах хүүтэй боллоо, охин төрвөл гал манах охинтой боллоо хэмээн бэлгэшээдэг ард түмэн. Тэгвэл 80 мянга дахь иргэн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн малчин Б.Мягмар, Д.Эрдэнэсувд нарын хүү байв. Хүү 80 мянга дахь иргэн болсноос гадна 2018 оны Дорнод аймгийн 700 дахь хүүхэд, мөн ээждээ дархан бэр цолыг дагуулан төржээ. Энэ өдөр аймгийн Төрөх тасагт 10 хүүхэд мэндэлснийг 80 мянга дахь иргэний үе чацуутнаар бүртгэсэн юм. Сонирхуулахад, манай аймгийн 80 мянга дахь иргэн болон 80001 дэх иргэн Сэргэлэн сумынх байжээ.

Шилдэг аймгаар шалгарав


\"\"

Дорнод аймгийн амжилтын буухиаг үргэлжлүүлэн “Шилдэг аймаг”-аар шалгарсан мэдээг Дорнод нутгийнхан зургаадугаар сард сонссон юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр,үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгаран Дорнод аймаг шилдгүүдийн нэгээр тодорсон юм.
Шилдгүүдийг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн сэтгэл ханамж, нийгмийн хөгжлийн үзүүлэлт зэрэг 11 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулсан байна. Засгийн газар 2017 онд эдийн засгийг сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа дууссан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдийг халамжлах, сахилга, хариуцлага, дэг журмыг хангах зорилт тавин ажилласан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулах үеэр онцлов. Мөн Хөлөнбуйр сум “Шилдэг сум”-аар шалгарч 100 сая төгрөгөөр шагнуулсаныг уншигч та санаж байгаа биз.

Театрынхан “Гэгээн муза”-д цойлов


\"\"

Дорнодын театрын уран бүтээлчид “Гэгээн муза” олон улсын театрын 14 дүгээр их наадмаас найман төрөлд шилдгээр шалгарч, “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ Гран-при хүртсэн. Энэхүү жүжиг нь шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг тайзны зураач, шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацад тэргүүлсэн юм. Тухайлбал, Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын найруулагч, жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиогчоос гадна хүүхдийн жүжгийн шилдэг найруулагчаар “Гэгээн муза”-г хүртсэн байна. Тэрээр “Театрынхаа 70 жилийн ойгоор энэ шагналаараа театртаа бэлэг барьж байгаадаа маш их баяртай байна. Марал, Мичид, Эрхэс гурван хөөрхөн үрсээ харж энэ жүжгээ бичсэн” гэсэн юм.

Чойбалсан хотын 80 жилийн ой болов


\"\"

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын иргэд баатарлаг түүхтэй 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн хүрээнд маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хотын тугийг цэнгүүлж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулсан юм. Ойн баярыг найрамдалт хотуудын иргэдийн дундах параспортын тэмцээнээр эхлүүлсэн нь ч учиртай байв. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр хотын удирдлага цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх тал дээр онцгой анхаарах учир түүхт ойгоо параспортын тэмцээнээр эхлүүлсэн. Түүнчлэн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид түүхт ойдоо зориулан Хэрлэн голын хөвөөнд Соёмбот хөшөө босгосон. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ойн хурын үеэр хэлсэн үгэндээ “Дорнодчуудын итгэлийг хүлээн сонгогдсоны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлийн хүрээнд Чойбалсан хотыг хотын статустай болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа” гэдгээ дуулгасан нь баярыг чимсэн үйл явдлуудын нэг байв. 

Уул уурхайн сайдад чичлүүлсэн нь


\"\"

“Петрочайна Дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хор хѳнѳѳл учруулсан нь батлагдсан учраас Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн газрын тосны тээвэрлэлтийг 2017 онд анх түдгэлзүүлсэн. Тухайн үед 10 гаруй хоног шороон замаар газрын тос тээвэрлэлтийг нь түдгэлзүүлснээр Дорнод аймаг, АМГТГ, “Петрочайна Дачин тамсаг” компани гурван талт “Санамж бичиг” байгуулсан юм. “Санамж бичиг”-ийн хэрэгжилт хангалтгүй, авто зам баригдаагүй, гүний усыг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг шалтгааныг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнгөрсөн 9 дүгээр сарын 24-нд захирамж гарган “Петрочайна Дачин тамсаг” компанийн шороон замаар газрын тос тээвэрлэлтийг дахин түдгэлзүүлсэн. Дээрх шийдвэрийг уул уурхайн сөрөг нѳлѳѳг бие сэтгэлээрээ мэдэрч буй нутгийн иргэд дэмжиж байсан ч Улсын нийслэлээс буруутгасан үгс цухалзаж байв. Тухайлбал, Д.Сумъяабазар сайд УУХҮЯ-аас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр “Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гаргасан нь улс төржсөн шийдвэр. Тэд нараас болж ѳдѳрт 770 сая тѳгрѳг алдаж байна” гэсэн нь Дорнодынхны дургүйг хүргэж, шуугиан дэгдээгээд авсан юм.

Орон нутагтаа ашигтайгаар хэлцэв


\"\"

“М.Бадамсүрэнгээс болж ѳдѳрт 770 сая тѳгрѳг алдаж байна” гэсэн сүржин гарчигтай мэдээ цацагдаж, цахим сүлжээнд шуугиан дэгдсэний маргааш буюу 10 дугаар сарын 26-ны баасан гаригт Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяраар ахлуулсан албаны хүмүүс Дорнод аймагт ирсэн нь дахин “Санамж бичиг” байгуулах зорилготой байв. Гэхдээ ѳнгѳрсѳн жилд байгуулсан санамж бичигт саналын зѳрүүтэй зүйлүүд бийг зѳвшилцѳж дахин байгуулах, газрын тосны тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэхээр ирсэн тухайгаа тайлбарлав. Дорнод аймгийн удирдлагуудын зүгээс бусад уулзалтуудтай нэгэн адил хурлын танхимд хэвлэл мэдээллийнхний өмнө нээлттэй хэлэлцье гэсэн ч Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн яамныхан зөвшөөрөхгүй нэг хэсэг болов. Тэд Засаг даргын албан өрөөнд тусгайлан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан ч эцэстээ хурлын танхимд нээлттэй уулзахыг арга буюу зөвшөөрсөн юм. Үйл явдал ийн өрнөсний талууд зөвшилцөж, орон нутагтаа ашигтайгаар хэлцэл хийж чадсан.

Өвөрмөц тогтоц бүхий агуй олдов


\"\"

Дашбалбар сумын \"Чух\" багийн нутаг Унамхай модод гэдэг газраас байгалийн өвөрмөц тогтоц бүхий агуй олдсон. Урьд өмнө судлагдаагүй, нутгийнхан ч мэддэггүй байсан уг агуйг тус багийн малчин анх олж сумын удирдлагуудад мэдэгдсэнээр Аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж, урьдчилсан байдлаар тандалт судалгаа хийсэн юм. Гаднаас нь харахад 1 метр орчим тойрогтой жижиг нүх гэмээр боловч 15 давхар байшинтай дүйцэхүйц буюу 50 метр орчим гүнтэй, том хад чулуу ихтэй, жонш, цахиур маягийн чулуулаг тогтоцтой, дороо гүн цэнгэг нуур бүхий өвөрмөц тогтоцтой агуй ажээ. Тэр нуур нь 6 метр гүнтэй байсан төдийгүй илүү гүнзгий байх магадлалтай гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа юм. Агуй руу ороход бэрх, цавчим ангал, хад чулуу ихтэй учраас хүн, мал амьтан орлоо гэхэд гарч чадахааргүй аж.
Энэхүү агуйг цаашид хамгаалалтад авч мэргэжлийн байгууллагуудаар судлуулахаар болжээ. Одоогийн байдлаар усны болон чулуулгийн дээжийг шинжилгээнд явуулсан төдийгүй нарийн судалгаа ирэх оноос эхэлнэ.
  • Отгонтуяа
  • 1002
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313